Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НАМУУДЫГ ТӨСВӨӨС САНХҮҮЖҮҮЛНЭ, ХАРИН ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛЛА

Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл УИХ-ын гишүүдийн шүүлтүүрээр ороход үндсэндээ бэлэн болсон. УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл дээр ажиллаж байна. Эдгээр хуулийн төсөл хоорондоо уялдаж батлагдах ёстойг УИХ-ын гишүүд, улс төр судлаачид хэлдэг. УИХ дахь АН, МАН, “Шударга ёс” эвслийн бүлэг сонгуулийн тогтолцоонд санал нэгдээгүй учраас хуулийн төсөл эцсийн байдлаар бэлэн болоогүй байгаа. Сонгуулийн санхүүжилтийн асуудал ч үүнтэй зэрэгцэн чухал сэдэв болон яригдаж эхэлсэн. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Сонгогчдын боловсрол төвтэй хамтран “Сонгуулийн санхүүжилтийн шинэчлэл” хэлэлцүүлэг зохион байгууллаа. УИХ-ын гишүүд, улс төрийн намын төлөөлөл, төрийн бус байгууллагууд, улс төр судлаачид хэлэлцүүлэгт оролцож, санхүүжилтийн асуудлыг тойруулан ярилцсан юм.

Хэлэлцүүлгийн эхэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Сонгуулийн санхүүжилт бол чухал асуудал.
Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулж дуусч байгаа. Хамгийн бага зардлаар сонгууль зохион байгуулах, төрөөс ямар хэлбэрээр санхүүжилт хийх, намууд тайлангаа хэрхэн ил тод мэдээлэх, улс төрийн намууд шилэн данстай болох зэрэг зохицуулалт оруулах шаардлага бий” гэдгийг онцоллоо.
 
Сонгуулийн ерөнхий хорооныхон хариуцлага тооцдог эрх хүсэв

Сонгуулийн ерөнхий хорооны хувьд сонгуулийн үед санхүүжилттэй холбоотой ямар асуудал, бэрхшээл учирдгаа тайлбарласан юм. Санхүүжилтэд шинэчлэлт зайлшгүй хэрэгтэй байгааг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ хяналтыг сайн хийх ёстойг сануулав. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн дараа тайлан аваад сууж байдаг биш түүнийг нягтлан шалгаж, зөрчил гарвал хариуцлага тооцдог эрхтэй байх хэрэгтэйгээ хэллээ.
Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн “Нэр дэвшигч сонгуулийн хороонд бүртгүүлсний дараа зардлын сан байгуулж, данс нээдэг. Үүний хугацааг өөрчилж, арай өмнөөс буюу зургаан сар, нэг жилийн өмнө дансаа нээж, зардлын сан байгуулахаар зохицуулах нь зүйтэй болов уу. Тэгэхээр хандив өгөх боломжгүй субъектээс санхүүжилт өгөх юм бол түүнийг нь улсын орлого болгож авах гэх мэт арга хэмжээ авах боломж бүрдэнэ. Бэлэн мөнгөөр хандив авахыг хориглодог ч хүлээлгэх хариуцлыг нь хуульд тодорхой зааж өгөөгүй. Түүнээс гадна Сонгуулийн ерөнхий хороо санхүүжилтийн тайланг хянаж үзэх хугацааг тогтоох нь зөв. 2008 онд сонгуульд оролцсон хоёр нам санхүүгийн тайлангаа өгөөгүй. Тайлангаа өгөөгүй учир 2009 оны нөхөн сонгуулиар нэр дэвших эрхийг нь хязгаарласан. Гэтэл Үндсэн хуулийн цэцэд хандаж, түүнийг нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Тэгэхээр хариуцлагаа илүү тодорхой тусгахгүй бол энэ мэт асуудал гарч байгааг анхаарах хэрэгтэй. Банкнаас зардлаа тайлагнахыг хүсэхэд харилцагч, үйлчлүүлэгчийн хувийн нууц хэмээдэг. БНСУ-ын сонгуулийн төв байгууллага нь эрх үүрэг, хариуцлага тодорхой гэдгээрээ олон улсад жишиг болдог. Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооны зарим ажилтан улсын байцаагчийн эрхтэй болох шаардлагатай. Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны 16 ажилтан дээр тодорхой тооны хүмүүс нэмж, байцаагчийн статустай болгоод санхүүжилтээ хянаад явах хэрэгтэй” хэмээн саналаа уламжиллаа.

МАН, АН, МАХН авлигад автжээ

Авлигатай тэмцэх газраас жилд 4-5 удаа судалгаа хийж үзээд улс төрийн авлига өргөн цар хүрээтэй байна хэмээн дүгнэжээ. Сонгуулийн санхүүжилт буруугаар эргэх юм бол авлига болж хувирдаг гэнэ. Энэ онд хийсэн судалгаануудаас харахад улс төрд авлига түгээмэл буюу 3,58 хувь гэж гарчээ. Авлигын индексээр 1-5 хувь хүртэл үнэлдэг байна. 2008 онд энэ нь 4,09 хувь байсан гэхээр төдий л өөрчлөгдөөгүй гэсэн үг аж. Сүүлийн нэг жилийн хугацаанд Монгол Ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам хамгийн их авлигад автсан гэсэн судалгаа гарчээ. Өндөр түвшний авлигын хэлбэр нь улс төр бизнесийн бүлэглэл нэгдсэн хэмээн энэ хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа. Өндөр түвшний авлигын гол шалтгааныг албан тушаалын томилгоо, намын болон сонгуулийн санхүүжилтийн механизм, улс төрийн хүрээн дэх бизнесийн бүлэглэлүүдийн ашиг сонирхлын зөрчил гэж үзэж буйгаа Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны ахлах мэргэжилтэн Ц.Шинэбаяр мэдээлэлдээ дурдав.

“Сонгуулийн үед санхүүжилтийн тайлан авъя”

Харин Сонгогчдын боловсрол төвийн гүйцэтгэх захирал С.Одонтуяа “Сонгуулийн мөнгөн бус хандивыг хэрхэн тооцох зохицуулалт хуульд байхгүй. Сонгуулийн зардлын тайланг санал хураалт явуулснаас 30 хоногийн дараа Сонгуулийн ерөнхий хороонд өгч, түүнийг нь 45 хоногийн дараа нийтэд мэдээлдэг. Улсын төсвийн санхүүжилтийн эх үүсвэрээс 1,5 тэрбум төгрөг ашигласан байдаг. Сонгуулийн хуульд зөрчлийг торгууль төлөх байдлаар зохицуулсан. Хамгийн ихдээ нэг сая төгрөгөөр торгох хариуцлага ногдуулдаг. Нэр дэвшигчээс сонгуулийн зардлын дээд хязгаарыг тогтоож өгөөгүй. Ингэснээр нэр дэвшигч зардлынхаа 90 гаруй хувийг хувиасаа гаргаж байгаа тохиолдол бий. Сүүлийн үед улс төрийн намууд сонгуулиар мөнгө босгодог болчихсон. 2008 онд санхүүжилтийн 30 хувь нь хандив байсан бол 2012 онд 60 хувь болж өссөн. Хандивлагчдын цаана ихэвчлэн бизнесийн бүлэглэл байх магадлал өндөр. Санхүүжилтийг хянадаг субъект нь Сонгуулийн ерөнхий хороо ч одоогийн бүтэц нь бас хангалттай биш. Сонгуулийн санхүүжилтээ тайлагнадаг ч мэдээлэл нь үнэн бодитой эсэхийг хянах боломжгүй байна. Кампанит ажлын үеэр тайлан авч, хэн ямар санхүүжилт хийснийг хянадаг байх хэрэгтэй” гэх мэтчлэн судалгаанд тулгуурлан  гаргасан санал дүгнэлтээ хэлсэн юм.

Р.Бурмаа: Санхүүжилтээ зориулалтаар нь зарцуулаагүй бол намыг татан буулгах хүртэл хариуцлага тооцно

Сонгуулийн нэгдсэн хуулийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Р.Бурмаагаас хуулийн төслийг хэзээ өргөн барихыг тодруулав. Нам, эвслийн бүлгүүд сонгуулийн тогтолцоонд саналаа нэгтгээгүй, орон нутгийн сонгууль, УИХ-ын сонгуулийг нэг өдөр явуулахад байр суурь зөрөлдсөн хэмээн тайлбарлалаа. АН 28:48 буюу 2012 онд ашигласан холимог тогтолцоо, МАН жижиг 76 тойрог, “Шударга ёс” эвсэл улс нэг тойрог гэж үзэн нэр дэвшигчдийг жагсаалтаар сонгох хувилбарыг баримталж байгаа билээ. Хэрэв тэд аль нэг тогтолцоог сонгохоор тохиролцож чадах юм бол хуулийн төслийн бусад бүх заалтыг нэг бүрчлэн нягтлан ажиллаж дууссан гэнэ. Харин улс төрийн намуудын санхүүжилтийн асуудлыг хэрхэн хуулийн төсөлд тусгаж байгааг УИХ-ын гишүүн Р.Бурмаа “Улс төрийн намуудад сонгуулийн дараа авсан суудлын тоогоор улсын төсвөөс санхүүжилт өгдөг. Тэгэхдээ зориулалтыг нь хэлдэггүй учраас юунд хэрхэн зарцуулсныг эргээд тайлагнадаггүй. Ихээхэн хэмжээний хандив авсан хүмүүстээ эргээд албан тушаал, эрх мэдэл, тендерээр хариу барьдаг. Үүнийг таслан зогсоохын тулд улсын төсвөөс мөнгө өгч байгаа бол зориулалт, хяналт нь тодорхой, эргээд тайлагнадаг байх ёстой гэж байгаа. Улстөрчдийг сургаж, бэлтгэх,  намууд бодлого боловсруулахад нь улс төсвөөс санхүүжилт хэмээн өгнө. Үүнийг намуудын боловсон хүчнүүдийг улсын төсөв уншиж чаддаг байх, бүх салбарыг мэддэг, мэргэжил мэдлэгийн хувьд тэнцэхүйц хүмүүс байх ёстой гэсэн үүднээс санхүүжүүлж болох юм. Мөн улс төрийн намууд өмнө нь ямар амлалт өгч, түүнийгээ хэрхэн биелүүлсэн зэргээр архив бүрдүүлж, судлаачид, оюутнууд, сэтгүүлчдэд нээлттэй байлгана. Иргэдэд улс төрийн боловсролыг өгөхөд улс төрийн намууд тодорхой үүрэгтэй ажиллаж ёстой юм. Эдгээр үйл ажиллагааг нь улс төрийн сангаар дамжуулан өгдөг байх нь зүйтэй хэмээн хуулийн төсөлд тусгаж саналаа бэлтгэж байгаа. Хэрэв зориулалтаар нь санхүүжилтээ зарцуулаагүй бол эргээд шаардаж, торгууль ногдуулж, дараагийн удаагийн санхүүжилтийг хааж, бүр болохгүй бол тухайн намыг татан буулгах хэмжээнд хариуцлага ярьж болно. Улс төрийн санхүүжилт эзэн, зорилго, хариуцлага нь тодорхой байж үйлчлэх учиртай. Сонгуулийн хууль болон Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн сангийн тухай хууль маш чухал. Улс төрийн сангийн тухай хууль бол авлигыг бууруулах, ил тод нээлттэй үйл ажиллагаа явуулахад ихээхэн хувь нэмрээ оруулна.
УИХ-д суудал аваагүй, 4-5 хувьдаа хүрээгүй ч гэсэн улс төрийн намуудад бодлого боловсруулах, боловсон хүчнээ бэлтгэх, бодлогоо таниулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн санхүүжилт байх нь зөв гэж үзсэн. Парламентад суудалгүй намуудад тэгш боломж үзүүлэх үүднээс хэд хэдэн заалт орсон. Сонгуулиас өмнө хандивын зардал гаргахгүйгээр дансаа нээж болох, нэр дэвшүүлэх, самбараа байршуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах зэрэгт тэгш боломж олгох хуулийн зохицуулалт хийсэн” гэж тайлбарлалаа.
2012 оны сонгуульд УИХ-д 544 хүн, орон нутгийн сонгуульд 20 мянга гаруй хүн нэр дэвшиж, нийтдээ 35,67 тэрбум төгрөг зарцуулсан гэдэг баримт бий. Сонгуулийн санхүүжилт жилээс жилд нэмэгдэж байгаа учраас тодорхой хэмжээнд хумих бодлого баримталж, хуулийн төсөлд аль болох зардал бага гарах зохицуулалт хийж буй юм. Харин Сонгуулийн хуулийн төслийг УИХ-д өргөн барьсны дараа л санхүүжилтийг хэрхэн зохицуулахаар тусгасныг харах боломж бүрдэнэ.

0 Сэтгэгдэл
ах дүү хамаатан садангаараа нийлээд нам байгуулаад тэгээд татварын мөнгөөр санхүүжээд сайхан л санаа байна.энэ зун ургийн баяр хийхдээ ураг төрлөөрөө нийлээд 2000-3000 хүтүүс цуглуулаад нам байгуулнаа хөө.
Хамгийн их уншсан