Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Сайханбилэг: Оюутолгой одоо Засгийн газрын, улс төрийн асуудал биш

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын нэгдсэн Эмират улсад хийсэн ажлын айлчлалаа өндөрлөөд өчигдөр эх орондоо ирлээ. Тэрээр ирсэн даруйдаа Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд ажлын айлчлалын үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн даваа гарагт Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт болон санхүүжилтийн төлөвлөгөөнд талууд гарын үсэг зурж, үүнийг дагаад эдийн засгийн зарим эерэг нөлөөлөл гарч эхлээд байгаа.

Мэдээллийн эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Дубайд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын болон санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсан нь нэг талын таатай далим боллоо. АНУ-ын Нью-Иорк, Сингапурын дараа ордог эдийн засгийн том төв Дубай хот. Энд Оюутолгой төсөл үргэлжлэх шийдвэр гарсан нь дэлхий дахинд хурдан хугацаанд тархаж, эерэг мэдээлэл өгөхөд дөхөм боллоо. Ерөнхий сайд гэрээнд гарын үсэг зураагүйг хэлэх хэрэгтэй. Далд уурхайг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд холбогдох компанийн төлөөлөл гарын үсэг зурсан юм. Өнөөдрөөс эхлээд Оюутолгой Засгийн газрын, улс төрийн асуудал биш. Оюутолгой одооноос эдийн засгийн, компани хоорондын асуудал боллоо. Улстөрчид Оюутолгойд хутгалдах шаардлагагүй, орхих хэрэгтэй, өөрөө үрэлжлүүлж ажиллах хэрэгтэй болсон. Оюутолгойн төлөвлөгөөнд зурсны дараа Монгол Улсын Засгийн газрын бондын хувь хэмжээ, үнэлгээ, Хөгжлийн банкны болон бусад бондын хүүд эерэг огцом өсөлт гарч, үзүүлэлтүүд сайжирсан. Бид 2-3 жил энэ өсөлтийг хүсч байлаа. Энэ далд уурхайг эхлүүлсэн явдал Монгол Улсын эрх ашигт бүрэн нийцсэн зүйл боллоо” гэж онцоллоо.  
2009 оны ТЭЗҮ-ийн хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэтэрсэн асуудлыг хэлэлцээрийн үеэр ярилцаад 1,2 тэрбум ам.долларын хэтрэлт болох удирдлагын зардлын төлбөрийг төлж, бусдыг төлөхгүй байхаар тохиролцжээ. Удирдлагын менежментийн зардлыг 6 хувь гэж тогтоосныг далд уурхайн бүтээн байгуулалтын долоон жилийн хугацаанд 3 хувь болгохоор шийдсэн байна. Талууд тус бүр хоёр хүнийн бүрэлдэхүүнтэй, Монголын талаас ахалсан ажлын хэсэг байгуулж бүх зардлыг хянахаар болж. Монголын тал төслийн өгөөжийн 53 хувийг авах зарчим өмнө нь ямар нэг байдлаар баримт бичигт тусгаагүй байсныг төлөвлөгөөнд тусгажээ. Энэ 53 хувийг талууд хэлэлцээрийн үед 54,9 хувь болгож чадсан байна. Татварын асуудлаар арбитрын шүүхэд хандах гэж байснаа зогсоож 30 сая ам.долларын татвараа аваад, өөр ямар нэг асуудал маргаангүйгээр эцэслэсэн гэлээ. Өнөөдөр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт болон санхүүжилтийн төлөвлөгөөг монгол хэл дээр орчуулсан албан ёсны хувилбарыг нийтэд мэдээлэх юм байна.

Ингээд сэтгүүлчдийн асуултад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хариулснаас хүргэе. 

-Бүтээн байгуулалтад 14 компаниас хөрөнгө босгохдоо Оюутолгойг барьцаанд тавина гэсэн мэдээлэл яваад байгаа. Мөн Оюу толгойн асуудлыг яагаад гадаад шийдэв?

-Эхний асуудал 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээгээ шийдэгдсэн зүйл. Хоёрдугаарт, ямар нэг байдлаар нуугдаж, хулгайгаар гэрээ хийсэн асуудал байхгүй. Өмнөговь аймаг, Улаанбаатар хот, Лондон хот, Сингапур, Дубайд гээд сүүлийн гурван сарын хугацаанд маш эрчимтэйгээр хэлэлцээр явуулсан. Дубайд хэлэлцээр явуулж байхад ч гэсэн дуусгаж чадах уу гэдэг асуудал байсан. Энэ хэлэлцээрээр бүх асуудлаа тохирч чадсан учраас Ерөнхий сайдын хувьд төлөвлөгөөнд гарын үсэг зурах нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан юм. Монголын талаас “Эрдэнэс Оюутолгой” компани нөгөө талаас “Туркиз хилл”, “Рио тинто”, “Оюутолгой” компанийн захирлууд гарын үсэг зурсан.

-Австрали дахь санхүүжилтээ “Рио тинто” зогсоосон. “Рио тинто”-д Оюутолгойг санхүүжүүлэх боломж ямархуу байгаа юм бол?


-Ер нь хөрөнгө оруулалтын 4,2 тэрбум ам.доллар нь дэлхийн 14 банкаар дамжиж босох ёстой. Хамгийн гол тоглогч болсон хоёр том банк Оюутолгой төслийг үргэлжлүүлж санхүүжүүлэх боломжтойгоо илэрхийлсэн. Бусад нь ч гэсэн ямар ч эргэлзээгүй оролцоно гэж итгэж байгаа.

-Оюутолгойн борлуулалтын мөнгө Монголоор дамжих уу?

-Хэлэлцээрийн үед үүнийг байнга хөндөж ирсэн. Нөгөө талаас 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээгээр энэ асуудал нээлттэй хэвээрээ. Өнгөрсөн хугацаанд юу болсон гэхээр Монголын тал нөгөө талдаа хэлэхгүйгээр Төсвийн хуульдаа шинэ орлого тавьдаг, татварын байцаагчид 2-3 удаа очиж дансыг нь шууд хааж байсан учир бидний хооронд итгэлцэл алга гэсэн. Одоо бид нэг завинд суусан гэдгээ хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Бизнесийн жирийн үйл явцын дунд итгэлцэл нэмэгдэж байгаа учраас Монгол Улсын санхүү эдийн засгийн судсаар Оюутолгойн мөнгө гүйх бол цаг хугацааны л асуудал. Тиймээс цаашдаа бид нэг зорилготой явахаа ойлгох нь хамгийн чухал.

-УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ төлөвлөгөөнд Сангийн сайд гарын үсэг зурж баталгаажуулах ёстой гэсэн тухайд?

-УИХ-ын гишүүд ч юм уу, улстөрчдөд хамаатай асуудал биш. Бизнесийн харилцаа, компани хоорондын асуудлуудаа, том төслүүдээ улстөржүүлсээр байвал бид хэзээ ч тамын тогооноос гарахгүй. Ганбаатар гишүүн асуудал биш зүгээр процесс ярьж байгаа бол Сангийн сайд гарын үсэг зурснаар батлагдана гэсэн зүйл огт байхгүй. Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт өсч сайжрахыг Ганбаатар гишүүн, Монгол Улсын жирийн иргэн ч хүсч байгаа. Монгол Улс эндээс хожно. Ерөнхий сайд, Засгийн газрын хувьд асуудлуудаа шийдээд явна. Засгийн газар асуудлуудаа шийдээд байгаа нь зарим хүнд онцгүй харагдаж байж магадгүй. Гэхдээ бид улс орныхоо төлөө шаардлагатай шийдвэрээ гаргаад явна. Оюутолгой хөдөлнө гэдэг зөвхөн нэг төслийн тухай биш. Монгол Улсын эдийн засаг тэр чигээрээ хөдөлнө гэсэн үг. 2011 оны үеийн эдийн засгийн байдал шиг эерэг нөлөө үзүүлж сэргэнэ гэдэт итгэж байгаа. Үүний төлөө Засгийн газар ажиллах болно. 

0 Сэтгэгдэл
ajildaa oroh bolomj olgosn es daa bayarlalaa
Хамгийн их уншсан