Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙГ 13 АЖ АХУЙН НЭГЖ ХУУЛЬ БУСААР АШИГЛАЖЭЭ


Засгийн газраас иргэдээ ажилтай орлоготой байлгахын тулд төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ирсэн. Тухайлбал, 2012-2014 онд “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаас зээл олголоо. Мөн  2013-2014 онд “Чингис”  бондын хөрөнгөөр хөнгөн үйлдвэрийн салбарын арьс шир, ноос ноолуур, оёдол оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжив. Бас  2013 онд Засгийн газрын 250 дугаар тогтоолоор эх үүсвэр нь батлагдсан ерөнхий  боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасыг дэмжих зорилгоор 23 тэрбум төгрөгийг олгосон. Гэвч дүрэмт хувцас оёх төсөл хэрэгжилт муу, хяналт тааруу, зээлийн сангийн мөнгө хаана хэнд очиж байгаа нь тодорхой бус байдаг хэмээн шүүмжлэлд өртдөг. Иймээс Аж үйлдвэрийн яам  Засгийн газраас олгож байгаа хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хяналт судалгаа хийсэн байна. Хяналтаар оёдол оёмол бүтээгдэхүүний салбарын эргэн төлөлт хамгийн муу гэсэн дүн гарчээ.
Өнгөрсөн  сарын 27-ны өдрийн байдлаар 4.3 тэрбум төгрөгийн эргэн төлөлттэй байсан бол зээлийн эргэн төлөлт, зээлийн хүү, алданги зээлийн үлдэгдэл 20.1 тэрбум төгрөгт хүрсэн аж.  
Харин аж ахуйн нэгжүүдийн зээлийн эргэн төлөлтийг сонирхвол таван зээлдэгч авсан зээлээ бүрэн төлж, нэг нь 70 хувийг төлсөн байгаа юм. Мөн дөрвөн зээлдэгч 25-30 хувийн, гурван зээлдэгч нь 2-10 хувийг нь төлөөд байна. Гэтэл дөрвөн зээлдэгч нэг ч төгрөгийн зээл төлөөгүй нь  илэрчээ. Иймээс холбогдох хууль хяналтын байгууллага болон шүүхэд дээрх байгууллагуудыг өгөөд байгаа аж. Тухайлбал, таван аж ахуйн нэгжийг шүүхэд өгөөд байгаа бол энэ долоо хоногт найман аж  ахуйн нэгжийг шүүхэд шилжүүлэхээр болсон гэнэ.  Хөнгөн үйлдвэрийн салбарын арьс шир, ноос ноолуур, оёдол оёмол бүтээгдэхүүний 108 төслийг санхүүжүүлж уг  төсөлд 178.2 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Мөн 2012-2014 онд “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаас 1572 төслийг санхүүжүүлсэн.  Үүнд нийт 241.4 тэрбум төгрөгийн зээлийг олгосон аж.
Түүнчлэн “Сум хөгжүүлэх сан”-гаас 13 мянга 198 иргэн аж ахуйн нэгжид 75.9 тэрбум төгрөгийн зээлийг гаргаад байгаа гэнэ. Харин сурагчдын дүрэмт хувцасыг оёход 23 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Нийт 1449 төслийн 95.9 хувь нь хэвийн 4,1 хувь буюу 61 төсөл хангалтгүй хэрэгжилттэй гэсэн дүн гарчээ. Хөнгөлөлттэй зээлийг зориулалтын бус зүйлд зарцуулсан, зээл авсан боловч үйл ажиллагаагаа явуулаагүй, хяналт шалгалт хийхээр ажлын байран дээр нь очиход эзгүй эсвэл бүртгүүлсэн хаяг дээрээ байхгүй зэрэг зөрчилтэй байжээ.
Хөнгөн үйлдвэрийн салбарын 99 төсөлд мониторинг хийж 94.7 хувь нь хэвийн, таван төсөл хангалтгүй гэсэн үнэлгээ авчээ. Зээл авсан байдлыг орон нутгаар нь авч үзвэл 82.4 хувь нь нийслэлд үлдсэн 18.2 орон нутагт үйл ажиллагаа явуулж  байсан гэнэ. Харин салбар тус бүрээр нь авч үзвэл 63.3 хувь нь ноос ноолуурын салбарт, 38.4 арьс шир, 1.8 хувь нь оёдол болон оёмол бүтээгдэхүүний салбар байжээ.
Мөн дээрх хяналт шалгалтаар хамгийн сайн ажиллаж байгаа арван аж ахуйн нэгж болон хамгийн муу үзүүлэлттэй  аж ахуйн нэгжийг нэрлэлээ.

Д.БАТТОГТОХ: БУРУУ АШИГЛАСАН ЗЭЭЛИЙГ ЦУЦАЛЖ ШҮҮХЭД ӨГНӨ
Уг асуудалтай холбогдуулан  Аж үйлдвэрийн яамны стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

-Хөнгөлөлттэй  зээлийн үр дүнг хэрхэн ямар шал­гуу­раар дүгнэж байгаа вэ?

-Жижиг дунд үйлдвэрийн 1380 төсөл дээр хяналт шинжилгээ хийсэн. Үүнд 196 тэрбум төгрөгийн зээл өгсөн. Үүнээс 95.9 хувь нь хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр төслийн үр өгөөжийг бид эдийн засагт үзүүлэх нөлөөллийг  нь тооцон гаргадаг.  Үр дүн сайн байсан. Нийт 5478 шинэ ажлын байр  бий болгож 5529 ажлын байрыг хадгалж үлдлээ. Үлдсэн 4.1 хувь нь хэрэгжилт тааруу,  зээлийг зориулалтын бусаар ашигласан үйлдвэр нь зогссон явдал гарлаа. Энэ төслүүдийг  дахин судалж  зарчмыг нь  арилжааны зээл рүү шилжүүлэх арга хэмжээ авна. Ер нь хэвийн бус гээд байгаа нийт зээлийн  85 хувийг зориулалтын бусаар ашигласан байна. Тиймээс бид зээлийг нь төлүүлэх,  үндсэн чиглэлээр нь ашиглуулах,  эс бөгөөс хариуцлага тооцно гэсэн байр суурьтай байгаа.

-Цаашдаа яамны зүгээс хөн­гөлөлттэй зээл олгохдоо ямар бодлого баримтлах вэ?

-Өмнөх жилүүдэд жи­жиг дунд үйлдвэрлэлийн сал­барт ажлын байрыг хэр бий болгож байгаагаар нь дүгнэдэг байсан. Харин  энэ жилээс дэвшилтэт технологи, эдийн засгийн өгөөж нь хэр байгаа зэргийг харж зээл олгох болно. 419.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээ­лийг  өнгөрсөн гурван жи­лийн хугацаанд гарсан байна. Үүнээс нийт төслийн 95.9 хувь хэвийн амжилттай үргэлжилж байгаа учир энэ зээл дотоодын үндэсний үйлдвэр эрхлэгчдийн суурь баазыг бэхжүүлэхэд чухал түлхэц  болсон  гэдэг нь харагдаж байна.

-Төслийн үйл ажиллагаа хангалтгүй гэсэн үнэлгээ авсан аж ахуйн нэгжүүдэд  ямар арга хэмжээ авах бол?


-Нэгдүгээрт авсан зээ­лээ зориулалтын бусаар ашигласан  аж ахуйн нэгжийн зээлийг цуцална. Тэгээд  арилжааны зээл рүү шилжүүлэх арга хэмжээ авна. Үйл ажиллагаа явуулаагүй буюу хаалгаа барьсан аж ахуйн нэгжүүдийг банктай хамтарсан байдлаар хяналт шалгалт хийж арилжааны зээл рүү эсвэл хууль хяналтын байгууллагад шилжүүлэх эсэхийг шийдэх юм. Мөн манай ажлын хэсгээс очиход бүртгүүлсэн хаяг дээрээ байгаагүй иргэн аж ахуйн нэгжүүдэд дахин хяналт шинжилгээ хийж үр дүнг нь гаргана. Есөн дүүрэг 21 аймгийг хамарсан энэ хяналт шалгалтынхаа дүнг ирэх жил дахин тодорхой  үе шаттайгаар зохион байгуулж хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилтийг үр дүнтэй эдийн засагт өгөөжтэй байлгах тал дээр анхаарч ажиллана.

-Хөнгөлөлттэй зээлийг танил талаараа дамжуулан авах   тохиолдол нэлээд гардаг. Иймээс энд холбог­дож байгаа  төрийн албан хаагчдад ямар хариуцлага тооцох вэ?

-“Жижиг дунд үйлдвэрийг хөгжжүүлэх сан”-гаас олгож байгаа зээлд хяналт тавих журам гэж бий. Харин “Сум хөгжүүлэх сан”-гийн мөнгийг тухайн сумаас төслийнх нь  сонгон шалгаруулалтыг хий­гээд хяналтыг сумын ИТХ тавьдаг. Өнөөдрийн байдлаар зээл авч өгөөд хувь авсан гэ­сэн төрийн албан хаагч илрээгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан