Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН-ЫН БҮЛЭГТ АСУУГДСАН ЕРӨНХИЙ САЙДЫГ “ШУДАРГА ЁС” ЭВСЭЛ БАЙЦААНА


Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгойн асуудлаар, УИХ-ын дарга З.Энхболд Хөшигтийн хөндийд баригдаж буй шинэ нисэх онгоцны буудлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанд мэдээлэл өгсөн байна. Тэднийг мэдээлэл өгсний дараа тус бүлэг дээрх хоёр асуудлын хүрээнд байр сууриа нэгтгэсэн талаар бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар мэдээлэл хийлээ. Харин УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эсвэл хуваарийн дагуу хуралдаж, Оюутолгойтой холбоотой асуудлаар өнөөдөр дахин цуглаж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс мэдээлэл сонсох шийдэлд хүрч. Мөн тус бүлгийн хоёр гишүүн Ерөнхий сайдыг огцруулах О.Баасанхүүгийн санаачилгад нэгдэж, гарын үсэг зурсан талаар мэдээлэл байна. Харин УИХ дахь МАН-ын бүлэг өчигдрийн хуралдаан дээр хэлэлцсэн асуудлын талаар өнөөдөр байр сууриа илэрхийлэхээр боллоо.

Б.Гарамгайбаатар: Тавантолгойд эрчим хүчний цахилгаан станц байгуулах ажлыг түргэвчлэх шаардлагатай байгаа

“Өнгөрөгч баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Дубайд хийсэн айлчлалынхаа талаар тодорхой мэдээлэл өгсөн. Дубайд зурсан төлөвлөгөө үндсэн таван чиглэлээр хийгдсэн байна. Нэгдүгээрт, Хайлшийн рояалти болох хоёр хувийг Рио Тинто авдаг байсныг зогсоолоо. Хоёрдугаарт, Татварын ерөнхий газраас тогтоосон татварын торгуулийн 30 сая ам.долларыг Оюутолгой төлөх шийдвэр гаргасан байна. Гуравдугаарт, борлуулалтын орлогын таван хувийг Монгол Улсын Засгийн газарт өгөхөөр боллоо. Өмнө хийсэн бүх борлуулалтын  орлогоо ирээдүйд хийх ажлын таван хувьтай нийлүүлж өгөхөөр ярилцсан. Дөрөвдүгээрт, менежментийн зургаан хувийн асуудал байгаа. Үүнийг далд уурхайд гурван хувь болгон өөрчилсөн. Энэ талаар хоёр тал бүрэн ойлголцлоо. Тавдугаарт, Цахилгааны эх үүсвэрийг Монгол Улсаас авах талаар мөн хоёр тал ярилцаад бүрэн ойлголцсон гэсэн тайлбар өгсөн. Тавантолгойд эрчим хүчний цахилгаан станц байгуулах ажлыг түргэвчлэх шаардлагатай байгаа. Энэ ажлыг М.Энхсайхан сайдад даалгасан гэж Ерөнхий сайд албан ёсоор хэлсэн.
Мөн Айлчлалын үеэр Арабын томоохон компаниудтай хэлэлцээр хийсний үр дүнд Монголоос нэг сая орчим толгой малыг махны чиглэлийн бүтээгдэхүүн болгон гаргахаар зарчмын хувьд тохирсон байна. Арабууд "Халал" хэмээх мах удаан хугацаагаар хадгалах шинэлэг технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Энэ төслөө Шинэ Зеландад хэрэгжүүлээд байгаа. Монголд хэрэгжүүлэх санал тавьсан байна. Монгол Улс эхний ээлжид  нэг сая толгой малын мах савлан экспортлох шаардлагатай байгаа. Улсын хэмжээнд нийт 60 сая толгой мал тоологдож байгаа тул цаашид 10 сая хүртэл толгой малын махыг энэ технологиор савлаж экспортлохоор төлөвлөж байгаа гэдгийг Ерөнхий сайд танилцуулсан. Мөн УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн долоо хоногт Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажилтай танилцсан талаар мэдээлэл өгч, нисэх буудлыг түшиглэн казино байгуулах, оффшор буюу чөлөөт бүс байгуулах талаар саналаа хэллээ. Бүлгийн гишүүд энэ талаар харилцан санал солилцож, Дубайн нисэх онгоцны буудал дээр байдаг шиг тийм чөлөөт бүсийг Монголд байгуулбал илүү үр ашигтай байж болохыг онцолсон юм. Дубайн чөлөөт бүст зочилдог нийт жуулчдын 60-70 хувь нь хятад хүмүүс байдаг юм байна. Тэгэхээр тийшээ 6-8 цаг нисч, чөлөөт бүст очиж байхаар нэг цаг 30 минутын дотор Монголд орж ирээд, Хөшигийн хөндий дэх чөлөөт бүст үйл ажиллагаагаа явуулаад гарч болох юм” гэлээ.

Ж.Батзандан: Элгээ тэврээд хэвтэж болохгүй

Эдийн засаг хүндэрлээ гээд элгээ тэврээд хэвтэж болохгүй. Илүү их ажиллах ёстой. Иймээс бид гурван ажлын хэсэг байгуулсан. Ажилгүйдлийг шийдвэрлэх ажлын хэсгийн тухайд 2012-2016 оны хооронд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан томоохон төсөл хөтөлбөрүүдээ даруйхан эхлүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрлээ. Тухайлбал, “Цахилгаан-торгоны зам” төсөл байгаа. Энэ төслийн Техник эдийн засгийн үзүүлэлт нь хийгдээд дуусч байна. Ази, АСЕМ-ийн улс орнууд руу цахилгаан экспортлох чиглэл гаргаж байна. Үүнийг манай бүлэг дэмжиж байгаа. Мөн Нүүрс шингэрүүлэх төслийн талаар судалсан. Монгол Улс бензин, шатах, тослох түүхий эдийн хувьд гаднаас хараат байгаа. Манайд 150 сая тонн нөөцтэй хүрэн нүүрсийг боловсруулан шингэрүүлэх замаар дотоодын хэрэгцээгээ хангахын дээр гадагшаа экспортлох боломж байна, үүнийг ашиглах хэрэгтэй гэж үзлээ. Шинэ төмөр замын бодлого гэж бий. Тавантолгойгоос зүүн тийш хөндлөн чиглэлд төмөр зам тавих төслийн санхүүжилт Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын даргын айлчлалын үр дүнд шийдэгдэж байгааг дуулгахад таатай байна.
Мөн 2012 оны Ардчилсан намын мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор байгуулах, өөрөөр хэлбэл, коксжсон нүүрс, төмрийн хүдэр, жонш гурвыг нийлүүлээд ган үйлдвэрлэх томоохон цогцолбор байгуулах асуудал олон жил яригдсан. Ардчилсан намын бүлэг өнөөдөр энэ асуудлыг хэлэлцээд ямар ч байсан уг төслийг эхлүүлэхэд анхаарлаа хандуулахаар шийдвэрлэлээ. Арьс ширний аж үйлдвэр, “Шинэ яармаг” гэх мэт томоохон төслүүд энэ зун хэрэгжиж эхэлнэ. Ажилгүйдлийг шийдвэрлэж байж л Монгол Улс хөгжинө. Тиймээс Ардчилсан нам ажилгүй нэг ч монгол хүн байхгүй болгох зорилт тавин ажиллаж байна. Ажлын хэсэг судалгаагаа хийж байна, Засгийн газарт чиглэл өгч байна. Миний бие Ажилгүйдлийг шийдвэрлэх ажлын хэсгийн ахлагчийн хувьд томоохон төслүүдийг урагшлуулахад анхаарал тавьж ажиллана. Бүлэг болон УИХ, Засгийн газрын дэмжлэгтэйгээр томоохон төслүүдийг хөдөлгөнө гэдгээ албан ёсоор илэрхийлье” гэсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан