Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эмч нарынхаар бол хүүхдээ авч гарахгүй, эрх баригчдынхаар бол баярлуулна

Нийслэлийн долоон дүүрэг, 17 аймагт Улаанбурхан өвчний 4705 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа талаар ЭМСЯ-ны шуурхай удирдлагын төвөөс мэдээлсэн. Улаанбурхан өвчний тархалт хуурай өвсөнд гал гарсантай адил хурдан түгж байхад Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хаяанд ирчихлээ. Гэтэл эрүүл мэндийн байгууллагууд зөрүүтэй мэдээлэл өгч байгаагаас эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн баярлуулах учраа олохгүй байна.

Хүүхдээ гадуур авч гарахгүй байх сэрэмжлүүлэг

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс улаанбурхан өвчний тархалт буурахгүй байгаа учраас олон улсын хүүхдийн эрхийн өдөр хүүхдүүдээ гадуур дагуулж гарахгүй байх сэрэмжлүүлэг уншигчдад маань хүргүүлсэн. Улаанбурхан өвчин нь агаар дуслын замаар дамжин халдварладаг. Уг нь 2011 оноос хойш бүртгэгдээгүй улаанбурхан өвчний шижигтэй тохиолдол өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд анхлан бүртгэгдсэн. Гэтэл гуравхан сарын дотор энэ тоо 4705 болтлоо өсч, шат шатны эмнэлэгүүд ачаалалтай ажиллаж байна. Үүнээс харахад улаанбурхан хаалганы гадаа ирчихсэн орж ирэх цагаа л хүлээн зогсож байгаатай адил. Тиймээс аль болох олон нийтийн газраар бага насны хүүхдээ дагуулж явахгүй байх болон хувийн ариун цэврийг нь сахиулж байх үүрэг эцэг эхчүүдэд ногдож байна.

Сэтгэл хоёрдуулсан зөвлөмж

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх асуудлыг хэлэлцэж хөтөлбөр болон төсөв мөнгийг нь эцэслэн шийдвэрлэсэн. Ингэхдээ томоохон талбай, үзвэр үйлчилгээний байгууллагуудад нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Гэхдээ ихэвчлэн задгай талбайд баярын арга хэмжээг зохион байгуулах санал удирдлагын зөвлөлийн гишүүдээс гарсан. Учир нь улаанбурхан өвчний тархалттай уялдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан зөвлөмжид баяр ёслолын арга хэмжээг аль болох задгай талбайд зохион байгуулах ёстой хэмээн дурджээ.
Гэтэл дээр Эрүүл мэндийн хүрээлэнгээс хүүхдээ гадуур авч гарч болохгүй хэмээн сэрэмжлүүлэг хүргүүлсэн байхад Нийслэлийн эрүүл мэндийн газраас гадна талбайн арга хэмжээнд оролцож болно хэмээн зөвлөмж гаргасан. Энэ нь эцэг эхчүүдийг төөрөгдөлд оруулж байгаа юм.
Уг нь Нийслэлийн эрүүл мэндийн газраас өмнө нь нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахгүй, дүүрэг бүр арга хэмжээ зохион байгуулах нь хүн амын нягтаршилыг багасгана хэмээн ярьж байсан. Гэтэл одоо гадна талбайн арга хэмжээнд улаанбурхан өвчний тархалт байхгүй хэмээн мэдээлж байгаа нь хэлсэн ярьснаа амархан мартаж санадаг будлиу эмгэнтэй адил аж. Ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэг хүлээсэн газар нь мэдээлэлээ тогтмол өгч, нарийн зааварчилгааг нийтэд хүргэх нь өвчний тархалтыг бууруулах сайн талтай байж болмоор.

Хөрөнгө мөнгөгүй байж заавал хүчиндэх хэрэг байна уу

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хүүхдийн баяр” арга хэмжээг Чингис хааны нэрэмжит талбайд хийхээр болсон. Ингэхдээ 11:00-14:00 хооронд 1500 уран бүтээлч хүүхдийн тоглолтоыг зохион байгуулах юм. Тиймээс хүүхдийн баяр арга хэмжээнд зориулан 144 сая 600 мянган төгрөг төсөвлөжээ. Үүнийг баярын арга хэмжээний зохион байгуулалтад зарцуулахаас гадна, асран хамгаалагчгүй, эмзэг бүлгийн, ял эдлэж байгаа хүүхдүүдэд гарын бэлэг өгөхөд зарцуулах юм. Энэ мөнгийг хэрхэн бүрдүүлж байгаа талаар Засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл “Энэ жилийн хувьд аудит болон өөр олон шалтгаанаас үүдэн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргах боломжгүй гэж үзсэн. Иймээс төсвийн байгууллагаар ажил үйлчилгээ үзүүлсний гэдэг ангилалд оруулж төсөв гаргасан” хэмээн ярьсан. Үнэхээр төсөв мөнгө хүрэлцээ муутай байгаа юм бол гурван цагийн арга хэмжээний зардлаа хэмнэчихсэн бол гэсэн бодол төрөв. Учир нь эцэг эхчүүд улаанбурхан өвчин задгай талбайд халдварладаггүй гэсэн ташаа мэдээлэлтэйгээр баярынх нь өдөр хүүхдээ дагуулан төв талбайг зорих нь гарцаагүй. Нэгэнт төв талбайд морилсон болохоор гуравхан цагийн арга хэмжээг үзэж сонирхоод харих нь юу л бол. Үүнийг дагаад нөгөө л хэрэгтэй хэрэггүй бараа таваар, хоол хүнсний худалдаа бий болно. Цаашлаад гарах үр дүнг нь тааж хэлэх аргагүй.
Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ авч салхинд гарах зэргээр хувь хувьдаа баярлуулах нь хамгийн зөв алхам болж байна. Хүүхэд гэдэг гэнэн цайлган учраас аав, ээжийнхээ хайранд өлгийдүүлж, дуртай амттанаа идвэл тэдний баяр. Тиймээс олны хөлийн газар дагуулж өвчний эрсдэл дундуур хүүхдээ ядрааж явах шаардлагагүй л болов уу.

Вакцинжуулах хугацаагаа сунгахгүй биз

Улсын хэмжээнд зургаан сартайгаас зургаан настай хүүхдүүдийг энэ сарын 15-25 ны хооронд вакцинжуулалтад хамруулсан. Ингэхдээ улсын хэмжээнд 238280 хүүхдэд улаанбурхан өвчний вакцинийг тарьсан байна. Энэ нь зургаан сартайгаас зургаан настай хүүхдүүдийн тал хувьд ч хүрэхгүй тоо. Гэтэл улсын хэмжээнд энэ өвчнөөр нас харгалзахгүй өвчилж байна. Энэ удаа хамгийн анх оюутан залуу өвдөж, түүнээс халдвар дамжсан. Тиймээс вакцины хугацааг сунгаж, илүү олон хүүхдэд хийх шаардлагатай байгаа юм.

Байдал ийм байхад нийслэлийн эрүүл мэндийн газар, нийслэлийн эрх баригчид өөр хоорондоо зөрүүтэй мэдээлэл өгч, нэг нь хүүхдээ гадуур авч гарахгүй бай гэж байхадп нөгөөдүүл нь өдий төдий хөрөнгө зараад баяр ёслол зохион байгулна хүүхэд багачуудаа авчир гээд байгаа нь ямар учиртай юм бол.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан