Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Батцэцэг: Сурагчийн дүрэмт хувцаснаас болоод үйлдвэрүүд алдагдал хүлээсэн

Оёдлын 13 үйлдвэрийг төрөөс олгосон хөнгөлөлттэй зээлийг зориулалтын бусаар зарцуулсан хэмээн шүүхэд шилжүүлээд байгаа. Эдгээр үйлдвэрүүд ямар шалтгаанаар зээлээ зориулалтын бусаар ашиглах болсон талаар Аж үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн салбарын ахлах мэргэжилтэн Б.Батцэцэгтэй  ярилцлаа.

-Оёдлын үйлдвэрүүдийг ямар учраас төрөөс олгосон хөнгөлөлттэй зээлийг зориулалын бусаар зарцуулсан гэж үзэж байгаа вэ. Өөр зүйлд зарцуулах болсон шалтгаан нь?

-Сурагчдын дүрэмт хувцсыг нийлүүлэх зорилгоор Засгийн газраас 23 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Гэхдээ тухайн аж ахуйн нэгжүүдийг шууд зээлийг зориулалтын дагуу зарцуулаагүй гэж үзэх үндэслэл байхгүй. Учир нь, бүгд зориулалтын дагуу утсаа ээрэх нь ээрээд, сүлжмэлээ хийгээд сурагчдын дүрэмт хувцас  оёсон. Гол нь борлуулалтыг тооцож үзээгүйгээс алдагдал хүлээсэн. Тооцоогоо буруу хийж өөрсдийн хүсэн хүлээсэн үр дүнд хүрч чадахгүй болоод үйл ажиллагаагаа зогсоосон аж ахуйн нэгжүүд ч  байна.

-Анхнаасаа борлуулалтаа тооцох ёстой байсан юм биш үү?  

-Сөрөг сурталчилгаа их явсан. Дээр нь гаднаас хуурамч хувцас орж ирсэн. Мөн боловсролын газар, сургуулийн захиргаа үйлдвэрлэгчтэй хийсэн гурван талт гэрээгээ дүгнэхгүй их хэмжээний захиалга өгөөд тэр захиалсан тоогоор нь үйлдвэрлэгч нар бүтээгдэхүүнээ аваачаад өгөхөөр авдаггүй. Үүнээс болоод үйлдвэрлэгчид алдагдал хүлээж байна. Сурагчдын дүрэмт хувцасыг өөр бусад хэлбэрээр борлуулж болохгүй. Зөвхөн дунд сургуулийн сурагч нарт зориулсан байдаг шүү дээ. Тэгээд өнөө хувцаснуудаа хадгалаад л байж байгаа. Нэг ёсондоо 2015 оны хичээлийн шинэ жилийг хүлээгээд  хүлээлэлтийн байдалд шилжсэн гэсэн үг. Харин манайхаас төрөөс олгож байгаа эргэлтийн мөнгө ингээд байж болохгүй. Иймээс хаана хариуцлага алдсаныг үзье гээд шүүхэд шилжүүлсэн. Үүнээс биш шууд өөр зүйлд зарцуулсан юм байхгүй.  Мөн зарим тохиолдолд зээлээр орон нутагт хувцасаа өгсөн. Одоо хэр нь мөнгө нь орж ирээгүй. Иймэрхүү дүр зураг бий.

-Үйлдвэрлэгч нар сурагчдыг дүрэмт хувцасаар хангахын тулд энэ салбарт хөл тавиад алдагдал хүлээлээ. Тэднийг  дахин хөл дээр нь босгох боломж байна уу?

-Энэ дотор сурагчийн дүрэмт хувцаснаас болоод үйл ажиллагаагаа зогсоогоод хаалгаа барьсан аж ахуйн нэгж байхгүй. Бүгд л ямар нэгэн хэмжээгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Сурагчийн дүрэмт хувцас гэсэн зориулалтын дагуу хувцсаа хийсэн ч хажуугаар нь өөрсдийн эрхэлдэг үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гэхдээ энэ үйл ажиллагаа зарим аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг гэхээсээ илүү ачаа болсон зүйл бий. Гэсэн ч Засгийн газраас нэгэнт зээл олгоод түүнийг хэрэглээд хугацаа нь хэтэрсэн учир хуулийн дагуу арга хэмжээ авч байгаа гэж ойлгож болно. 

-Үйлдвэрүүдийн борлуулалтын асуудлыг шийдчих юм бол эргээд хэвийн үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ гэсэн. Яамны зүгээс борлуулалтын тал дээр туслах ямар нэгэн гарц бий юу?

-Бид БСШУЯ-наас мэдээ авахад нийт хүүхдүүдийн 70 гаруй хувь нь сурагчийн дүрэмт хувцасаар хангагдсан гэсэн.  Нөгөө талаар хүүхдүүд үйлдвэрлэгч нарын хийсэн хувцсыг өмч байна уу эсвэл Эрээнээс орж ирсэн чанар муу дүрэмт хувцсыг өмсч байна уу гэдгийг БСШУЯ-тай хамтран шалгана. Боловсролын байгууллагууд нэгэнт төрөөс дэмжээд зээл олгоод үйлдвэрлүүлсэн хувцсыг борлуулахад дэмжлэг болгон хамтран ажиллъя гээд уулзалт зөвлөлгөөн хийгээд явж байна. Энэ жил бүтээгдэхүүнүүдийг нь шахаж борлуулах тал дээр дэмжлэг үзүүлж ажиллана.

-Эрээнээс дуураймал чанар муутай сурагчийн дүрэмт хувцас орж ирж үйлдвэрлэгч нарын бизнесийг хаасан гээд байгаа. Ер нь, гаднаас сурагчийн дүрэмт хувцас оруулж ирэхийг зогсоож болдоггүй юм уу?

-Манай улсад үйлдвэрлэж байгаа сурагчийн дүрэмт хувцастай адил хувцас оруулж ирэхийг шууд хориглосон хууль байхгүй. Гэхдээ ижил төстэй хувцсыг оруулж ирэхэд нь хяналт тавьж өгөөч ээ гэж Гаалийн ерөнхий газар руу хэлсэн. Дүрэмт хувцсыг ихэнхдээ хяналтаас гадуур бага хэмжээгээр зөөж байна. Тиймээс их хэмжээгээр контейнерээр орж ирэхгүй байгаа учир хяналтад орохгүй шууд орж ирж байна гэсэн үг. Иймээс Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо Улаанбаатар хотын гаальтай хамтран Эрээнд очиж ажилласан. Ингэхэд Эрээний зах дээр дүүрэн дуураймал сурагчийн дүрэмт хувцас байсан. Хэдийг авах вэ. Шөнөдөө оёод өгнө гээд л байж байсан. Үүнийг ганц үйлдвэрлэгч, яам зогсоож дийлэхгүй байна.

-Үнийн хувьд дуураймал хувцас хямд болохоор эцэг эхчүүд хямдыг нь бодож дуураймлыг нь сонгоод байна уу?


-Яг адил үнээр зардаг. Иргэд бүр толгой нь эргэсэн. Аль нь хуурамч, аль нь манайд үйлдвэрлэсэн гэдгийг ялгадаггүй. Сайн харах юм бол “Өэлүн минж” гээд шар хаягтай байхад хөх хаяг хадсан байх жишээтэй.  Мөн манай үйлдвэрлэгч нарын хаягийг хэрэглэдэг. Гэтэл иргэд дуураймал бүтээгдэхүүнүүдийг нь худалдан авдаг. Дараа нь чанарын хувьд доголдолтой бөөсрөөд байна гэдэг. Яг ижил хоёр хувцасыг хүүхдүүд өмслөө гэхэд хоёр хоноход нэг нь бөөсрөөд эхэлдэг. Гэтэл нөгөө зориулалтын дагуу БНСУ-д даавууг нь үйлдвэрлээд дотооддоо оёсон хувцасыг 2013 оноос эхлээд өнөөг хүртэл өмсч байхад зүгээр л байгаа. Зарим эцэг эхчүүд дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн үнэхээр чанартай  байна гэж хэлдэг.
Өнгө, загвар, дизайн бүгд адил байгаа нь хүндрэл учруулж байгаа. Үүнд, БСШУЯ болон сургуулиуд хариуцлагататай хандах хэрэгтэй. Одоо манай оёдолын үйлдвэрүүдийн агуулахад 16 тэрбум төгрөгийн бараа хэвтэж байна. Үйлдвэрлэгч нар бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд дараа нь борлуулалт руу орохоор алдаа гараад байна уу даа гэж харж байна.

-Сурагчийн дүрэмт хувцасыг албан ёсоор долоон компани нийлүүлж байгаа. Зах зээлийг нь чөлөөлж өгөөд бусад оёдлын компаниудыг өрсөлдүүлэх боломж бий юу?

-Энд зөвхөн долоон компани гэж ойлгож болохгүй. Ноосны гэхэд хялгас ялгахаас авхуулаад ээрэх хүртэл олон компани ордог. Сүлжмэл хийхэд 38, оёдлын гэхэд толгой долоон компаниас гадна туслан гүйцэтгэгч 30 гаруй компани бий. 100 гаруй үйлдвэр борлуулалтаа хийгээд өрсөлдөөд явснаас, нөгөө долоо найман компани нь борлуулалт руугаа анхаараад чанарыг нь томоохон компаниуд хариуцна гэсэн төслийн дагуу явсан ажил. Гэхдээ энэ ажил хоёр гурван жил  сунжирдаг нь борлуулалтаас шалтгаалсан хэрэг. Саяхан  Чингис бондын хөрөнгөнөөс  “Влуэ скай” ХХК “Эрдэнэт хивс” гэх мэт компани тоног төхөөрөмж аваад дотооддоо даавуу үйлдвэрлэх боломжтой болсон. Энэ жил шинээр нэгдүгээр ангид орж байгаа 60 мянган хүүхдийн дүрэмт хувцасны даавууг дотооддоо үйлдвэрлэнэ.
Одоо бол бидэнд оёод бэлтгэчихсэн үлдэгдэл хувцаснуудыг борлуулах нь хамгийн чухал асуудал болоод байна.

-Манай улсын хөнгөн үйлдвэрийн салбарт юуг анхаарах хэрэгтэй байна вэ?

-Ноос ноолуурын салбарын 46 үйлдвэр дээр хяналт шалгалт хийхэд хоёр үйлдвэр үйл ажиллагаа явуулаагүй байсан. Энэ хоёр үйлдвэр гэхэд тоног төхөөрөмжөө худалдаад авсан хэрнээ борлуулалт байхгүйгээс үйл ажиллагаа нь зогссон байсан. Ингээд 46 үйлдвэрээс 44 нь хэвийн үйл ажиллагаатай байсан. Зарим сайн үйлдвэрүүд компьютер удирдлагатай машиныг гурван ээлжээр ажиллуулаад гадаад улс оронтой бүтээгдэхүүний гэрээ хийгээд сайн ажиллаж байна. Сайн ч үйлдвэр байна муу нь ч бас байна гэсэн үг. Хамгийн гол нь үйлдвэрүүдийн дотоод зохион байгуулалт менежмент чухал.

0 Сэтгэгдэл
Hujaad hiilgeed aguulahdaa hadgalsan baraanuud,tatvar,ajillasan uildver tsalin ed naraa bugdiig huuramch burduulsan shilmel zagvariiin Oyunatsetseg gej aihtar avgai bgaa daa
Хамгийн их уншсан