Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Намууд: Хаалга цонхоо хаа, цаана чинь залуучууд ....

МАН-ын партизануудыг 1921 оноос, АН-ын партизануудыг 1991 оноос хойш тооцож болно. Тухайн үед шинэчлэл хүсч байсан залуучууд өдгөө хий хуй нь гарчихсан улс төрийн өндөр албан тушаалд байгаа бол зарим нь гавьяаныхаа амралтыг эдэлж, хэн нэг улстөрч, нам эвсэл, томоохон компанийн ард зөвлөхөөр ажиллаж байна. Зарим нэгийг нь эс тооцвол, духан дээрээ ганц нүдгүй ч тэд гурван бээрийн цаадахыг харж чаддаг хашир улстөрчид болцгоосон. Гэвч тэднийг  албан тушаалын суудал дээрээ "муми" болохоос нь өмнө түлхэн унагаах шинэчлэлийн салхи гээч нь үлээв. Монголчуудын хувьд 70 жил нэг намын тогтолцоонд байхдаа ганцхан удаа ардчиллын салхинд сэвэлзэж байсан ард түмэн. Түүнээс хойш өөрсдийгөө салхи гэж нэрлэсэн залуучуудын хэн нь ч ард түмнийг өдөөж, хуйруулж байсангүй. Учир нь тэдэнд хүсэл зориг байгаа гэхээс илүүтэй нэг удаагийн тэмцлээр албан тушаал, эрх  мэдэлд хүрэх сонирхол давамгайлж харагддаг.
Сануулбал, АН-ын гал тогоог Н.Алтанхуяг ахалж байх үед тус намын гишүүн шинэ жигүүр үүсгэн Үндэсний зөвлөлдөх хороо (ҮЗХ)-г хуралдуулъя гэж хэсэг бужигнуулсан. Эцэстээ, хүсээд байсан шинэчлэлдээ хүрч чадалгүй, даль жигүүрээ хумьсан нь мөн л сандал ширээний хуваарилалттай холбоотой байв. Үгүй гэвэл, тус жигүүрийг толгойлж байсан УИХ-ын гишүүн асан А.Мурат Эрээн, Хөлөнбуйр дахь Консулын газрын даргаар, жигүүрийн Ерөнхий зохицуулагчийн үүргийг гарамгай гүйцэтгэж байсан Х.Ганболд “Гашуун сухайтын төмөр зам” компанид даргын үүргийг гүйцэтгэж байна. Тэдний тэмцлээс хойш АН өөрчлөгдсөн үү, гэвэл үгүй. Харин албан тушаалд очоод жигүүрээ хумьсан нь тэдний намаа шинэчилье гэсэн хүсэл зорилготой хэрхэн уяалдаж байна вэ.
Үүнээс гадна, МАН-ын Шинэчлэлийн хороо байгаа байхгүй нь мэдэгдэхгүй сураг алдарсан. Тус Хорооны Бодлогын зөвлөлийн даргаар ажиллаж байсан Т.Аюурсайхан хорооны ажлыг удирдаж, 21 аймгаар МАН-ын гишүүдийн санал бодлыг сонссон гээд нэг хэсэгтээ намын даргынхаа чихийг халууцуулсан. Харин иргэдээс авсан санал шүүмжлэлийг намынхаа 27 дугаар Их хурлын үеэр намын даргадаа дайсан гэдгээс өөр зүйл Т.Аюурсайхан хэлээгүй. Одоо нэгэнт, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилогдсон учраас Шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөл гэх сайн дурын албан тушаалаа мартаж, намынхаа эсрэг ажиллах нүүргүй болсон тэр ирэх оны сонгуульд Чингэлтэй дүүргээс хүч үзэж магадгүй. Энэ мэт шинэчлэл хүссэн залуучууд албан тушаалаар ам руугаа алгадуулж, шат ахидаг нь эрх мэдэлд хүрэх шантааж шиг л харагдаад байгаа юм.

Гэтэл сүүлийн үед МАН-ын ч, АН-ын ч ялгаагүй залуучууд намынхаа удирдлагуудаас цонх, хаалгаа нээж, салхи оруулахыг шаардаж байна. Бүр АН-ын залуучууд намынхаа 25 жилийн ойн баярын хурлын үеэр уриа лоозон барьж, намынхаа эсрэг дуугарсан нь нялх Сэнгүмүүд хэзээ мөдгүй хаалга цөмлөөд орж ирэх болсныг илтгэж байна. Хэдийгээр ардчилсан нийгэмд уриа лоозон барих нь дэндүү хэвийн үзэгдэл ч туулж өнгөрүүлсэн 25 жилийнхээ түүхэн ойг тэмдэглэж байгаа өөрийн намын үе, үеийн гишүүдэд хүндэтгэлгүй хандаж, олны нүдэн дээр бүдүүлэг аашилсан нь улстөрч хүнд байх зан чанар биш юм. Ялангуяа, хал үзэж, халуун чулуу долоож үзээгүй намын залуучууд хэт улстөржиж хуучинсаг аргаар улс төрд орох болсон нь шинэчлэл мэт харагдахгүй биз. Саяхан, АН-ын дарга З.Энхболд ярилцлага өгөхдөө “Ялагдсан нь ялсан хүндээ баяр хүргээд явдаг болохоос суулт зарлаж явдаггүй л юм билээ. Ийм улс төрийн соёл манай намд аяндаа төлөвшинө. Эхний юм болохоор будилаантай юм шиг харагдаж байж магадгүй. Бид хаалга, цонхоо нээж шинэ сайн хүмүүс орж ирэх замыг засах ажлаас ухрахгүй” гэж байр сууриа илэрхийлсэн. Түүнээс гадна, хаалга цонхоо нээ гэсэн залуучуудын талаар ч зарим нэг хатуухан үгийг хэлсэн байдаг. Түүний ярьснаар бол шинэчлэл хүссэн залуучууд дунд өөрийгөө дараагийн УИХ-ын гишүүн гээд бат итгэчихсэн яваа нөхөр бий гэнэ. Бүр сонгосон тойрог нь Д.Ганбат Х.Баттулга гэсэн хашир улстөрчдийн хүч үздэг талбар. Үүнийг сонссон З.Энхболд дарга “Чамд боломж байхгүй ээ” гээд л явуулчихсан юм шиг байгаа юм. Гэхдээ асуудал ингээд дууссангүй. Хэсэг хугацаанд чимээгүй байсан тэд өчигдөр АН-ын ээлжит бус Их хурлыг ирэх сард яаралтай хуралдуулж, намын үндсэн дүрмийг шинэчлэх шаардлагыг АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөнөөс намын удирдлагууддаа хүргүүлж. Ер нь, сүүлийн үед нам нь байргүй юм шиг, гишүүд нь амгүй юм шиг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан зөрчилддөг  болсон нь энэ шинэчлэлийн яах аргагүй нэг хэсэг болчихож. Уг нь, намынхаа даргатайгаа эсвэл удирдах зөвлөлтэйгөө уулзаж ярилцаад, хэл амаа ойлголцож алга дарам цаасаа гардуулчихаж болох л асуудал. Гэвч “Эв нэгдэл ус аагаар мэт дутагдаж байна. Төрийн түшээ биш төрийн түгжээ боллоо. Засгийн газрын тэргүүн УИХ-ын даргатайгаа ойлголцохоо болилоо” зэргээр намдаа гэхээс илүү олон нийтэд хандан мэдэгдэл гаргах нь олшров.

МАН-ын залуучуудын хувьд ч ялгаагүй. Тус намын дэргэдэх залуучуудын байгууллага болох НАМЗХ-ны Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийн суудалд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр санаархан хэсэг түнжин хагарсан явдал бий. Арай ядан холбооныхоо долдугаар хурлаа хуралдуулсан тулдаа л Л.Оюун-Эрдэнэ суудалдаа үлдэж, түүнийг эзгүй хооронд орлогчоор нь Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн томилогдсон. Гэвч Л.Оюун-Эрдэнийг байхгүй хооронд Г.Тэмүүлэн нь аймаг орон нутгийн хурлыг өөрт ашигтайгаар зохион байгуулахыг завдах зэргээр өмнө нь үүссэн маргааныг даамжрууллаа гэж холбооны гишүүд нь буруутгаж, Уул уурхайн яамны гадна уриа лоозон болсон. Бас ч гэж АН-ын бодвол том намын байртай тэдэнд үүссэн асуудлаа эвийн аргаар намын байрандаа шийдэх ухаан байсангүй. Эсвэл хүссэнгүй. Юутай ч уриа лоозон болж улстөржсөн юмдаг. Жагсаал цуглаанаар улс төрд ордог, түүнийг нь залуучууд сохроор даган дуурайдаг гинжин хэлхээ тасрахгүй бололтой. Ялангуяа шинэчлэл хүсч байгаа шинэ үеийн залуус гудманд хаясан хогийг хүртэл улстөржүүлж чаддаг болсон нь харамсалтай.
Гэхдээ улс төрд хүч үзэхийг хүсч байгаа залуу бүр тэдэн шиг биш. Хамгийн сүүлд гэхэд л Монголын залуучуудын нэгдсэн нам (ИЗНН-д нэгдсэн) өөрсдийн намын байрыг будаж тохижуулаад, “Бид харьцангуй залуу улс төрийн хүчин учраас ирэх УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй. Орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, өөрсдийгөө баталсны дараа тэр тухай бодож болох” талаар хэлсэн байна лээ. Мөн тэд Засгийн газар, УИХ-ыг өнөөдрийг хүртэл шүүмжилж, олон танигдах гэж яарсангүй. Магадгүй тэд хэлсэндээ хүрч хэдэн жилийн дараа хий, хуйгаа гаргаад төр түшилцэхээр ирвэл би хувьдаа саналаа өгнө.

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан