Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жолооч нар аа, хувийн компаниар оношлуулбал техникийн үзлэгт дахиад л орно


Бид унаж буй төмөр хүлгийнхээ эрүүл мэндийг жилд нэг удаа үзүүлэх ёстой. Урд нь жил бүрийн эхнээс зургадугаар сарын 01 хооронд техникийн хяналтын үзлэг тооллого хийдэг байлаа. Тэгвэл эдүүгээ жилийн турш  улсын хэмжээнд хөдөлгөөнд оролцож буй авто машины  эрүүл мэндийг үздэг болсон билээ. Ирэх сарын 1 гэхэд авто тээврийн хэрэгсэлийн татвар хураах ажил  дуусна. Үүнтэй холбоотой авто машиныхаа эрүүл мэндийг үзүүлж, оношлуулах жолооч нарын тоо олширдог. Иймд Авто тээврийн үндэсний төвийн дэд дарга Т.Баясгалан, Техникийн хяналт, мэдээллийн технологийн хэлтсийн дарга С.Насанбат сэтгүүлчдийн хамт Баянгол дүүргийн нутагт “Хөсөг трейд” компанийн байранд үйл ажиллагаа явуулж техникийн хяналтын үзлэгийн байр, Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн байр, “Монгол терминал” компаниар орж  ажилтай нь танилцав. Төр засгаас бизнесийн өрсөлдөөнийг дэмжихдээ Аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрлийн тухай хуулиар хувийн компани техникийн хяналтын үзлэг явуулж болно гэж гурван газарт лиценз олгоод нэг жил гаруй хугацаа өнгөрч байна.  Уг нь Авто тээврийн тухай хуульд техникийн хяналтын үзлэг явуулах эрх бүхий байгууллага нь төрийн захиргааны байгууллагын харьяанд байна хэмээн тусгасан байдаг. Иймд зөвхөн Авто тээврийн үндэсний төв л техникийн хяналтын үзлэгийг улсын хэмжээнд явуулах учиртай болж буй юм.  
Төмөр хүлгийнхээ эрүүл мэндийг үзүүлэх гэсэн жолооч нарын цуваа техникийн үзлэг хяналтын төвүүдийг  зорьсоор. Гэвч өдөр өнжин дугаарладаг байсан цаг үе аль хэдийн түүх болон үлджээ. Авто машинаа үзүүлэх гэсэн жолооч нараас хэдий хугацаанд дугаарлан зогсч буйг асуулаа. Тэд  20-30 минут л дугаарлаад авто машинаа үзүүлж байна хэмээн удаан зогсоогүйдээ сэтгэл хангалуун хариу өгч байв.
Сайны хажуугаар саар гэдэг. Энэ жилийн техникийн хяналтын үзлэгийн үеэр нэгэн асуудал дэгдэж байна. Зам тээврийн яамнаас “Монгол терминал”,  “ Нева трейд”, “Доктор авто сүлжээ” компаниудад техникийн үзлэг хяналт хийх эрх олгожээ. Гэтэл   “Монгол терминал”, “Нева трейд” компаниуд Авто тээврийн үндэсний төвтэй хамтран ажиллах гэрээ хийгээгүй байна. Иймд эдгээр компаниудад эрүүл мэндээ үзүүлсэн  авто машины бүртгэл улсын нэгдсэн мэдээллийн санд орохгүй байгаа юм. Тэгэхээр тэдэнд авто машинаа үзүүлж техникийн үзлэгт орсон иргэд  авто машинаа зарсан тохиолдолд нэр шилжүүлэхэд хүндрэл үүсэх болжээ. Өөрөөр хэлбэл авто машинаа Авто тээврийн үндэсний төвийн харьяа техникийн хяналтын үзлэгийн төвд  хандаж дахин үзлэгт орох болоод байгаа юм.  Учир нь хяналтын үзлэгт орсон, бүртгэл нь улсын мэдээллийн санд байршсан авто машиныг нэр шилжүүлэн өгөх журамтай билээ.   “Монгол терминал” компани “Техникийн хяналтын үзлэг энд явагдаж байна” гэж компанийхаа нэрийг  оруулаагүй томоос том хаяг тавьж иргэдийг төөрөгдүүлж байна. Хэдийгээр техникийн хяналтын үзлэг хийх эрхтэй ч мэдээлэл нь улсын бүртгэлийн нэгдсэн санд орохгүй байгаа тул иргэд хохирох нөхцөл бүрдээд байгаа юм.

Үүнээс гадна бас нэг ноцтой зөрчил гарчээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт байрладаг “Монгол терминал” компани суурин тоног төхөөрөмжөөр нийслэлд л техникийн хяналтын үзлэг хийх эрх авсан байна. Гэтэл авсан зөвшөөрлөө хууль бусаар ашиглаж Өмнөговь аймгийн Цогтцэций суманд бүртгэлтэй, тэнд ашиглаж буй   “Хишиг Арвин индустрал” компанийн 50 гаруй тээврийн хэрэгслийг  хяналтын үзлэгт оруулжээ. Авто тээврийн үндэсний төв тус компанийн энэ зөрчлийг шалган баримтжуулж Зам тээврийн яаманд арга хэмжээ авахуулахаар хандаад байна. Уг нь “Монгол терминал” компани Өмнөговь аймагт техникийн хяналтын үзлэг хийх эрхгүй. Тэгээд ч явуулын хяналтын үзлэг хийдэг техник тоног төхөөрөмжгүй аж. Иймд энэ явдалыг тусгай зөвшөөрлөө ашиглаж  хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэмээн үзэж болох юм. Мөн “Нева трейд” компани техникийн “Да хүрээ” захаар явж тэнд зарж буй авто машины  гэрчилгээн дээр техникийн хяналтын үзлэгт оруулсан тэмдэглэгээ дарж өгсөн зөрчил гаргажээ. Энэ нь хувийн компаниуд ашиг орлого олохын тулд юу ч хийхээс сийхгүй байгааг илтгэнэ.   
Эдгээр компани Авто тээврийн үндэсний төвтэй хамтран ажиллах гэрээ хийгээгүй байна. Иймд тэдний техникийн хяналтын үзлэгт хамруулсан авто машиний мэдээлэл мэдээллийн санд байршихгүй байгаа юм. Ингэснээр тухайн авто машиныг худалдсан тохиолдолд нэр шилжүүлэх боломжгүй болж байна. Өөрөөр хэлбэл техникийн хяналтын үзлэгт орох шаардлага тавьж буй юм.  Одоогоор ийм асуудал нэлээд гараад байна. Улсын байцаагчын дүгнэлтийг үндэслэн лицензийг нь гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх, зөрчил нь ноцтой бол үйл ажиллагаа явуулах эрхийг нь хүчингүй болгох учиртай. Одоо Зам тээврийн яамнаас ямар арга хэмжээ авхыг шийдэх юм.

“Доктор авто сервис” компани байнгын үйлчилүүлэгчдээ техникийн хяналтын үзлэгт оруулж байгаа. Энэ компани Авто тээврийн үндэсний төвтэй хамтарч ажиллах гэрээ хийсэн тул тухайн авто машинд хяналтын үзлэг хийсэн мэдээлэл нь мэдээллийн санд орж байгаа ажээ.
Улсын хэмжээнд 700 гаруй мянган авто машин бүртгэлтэй гэдэг.  Өнгөрсөн онд 477 мянган авто машин техникийн үзлэг хяналтад орсон аж.  Гэтэл татварын байгууллагаас татвараа төлсөн гэж гаргаж буй авто машины тоо ч өөр байдаг. Иймд улсын хэмжээнд байгаа авто машины  тоо зөрүүтэй байгаа учраас тээврийн хэрэгслийн бүртгэлийг цэгцлэх ёстой хэмээн Авто тээврийн үндэсний төвөөс үзэж байна.  Нөгөө талаас авто машинд олгох улсын дугаарын нөөц ч  дуусч байгаа гэдэг.
Авто машины бүртгэл зөрүүтэй, тодорхой бус байгаад олон шалтгаантай. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар авто машины бүртгэлийг цэгцлэх хоёр арга бий аж. Эхнийх нь эвдэрсэн, ашиглахгүй байгаа авто машиныг улсын бүртгэлээс хасах юм. Тухайлбал, улсын хилээр унаж гараад зарах явдал нэлээд гардаг. Ингэж зарагдсан авто машиныг улсын бүртгэлээс хасах ёстой. Баян-Өлгий аймгаас Казахстан улс руу гараад зарагдсан 1146  авто машин байгаа аж. Иймд тус аймгаас эдгээр авто машиныг  улсын бүртгэлээс хасуулах хүсэлт Авто тээврийн үндэсний төвд тавиад буй аж. Бас булган, Дархан-Уул аймгаас ч цөөнгүй тонны авто машин улсын бүртгэлээс хасуулах хүсэлт гаргажээ.

Үүнээс гадна иргэд эвдэрсэн авто машинаа улсын бүртгэлээс хасуулалгүй орхидог. Учир нь хасуулах гээд  зохих байгууллагад нь хандвал татвар, хураамж нэхэх, Захиргааны шийтгэл ногдуулж торгуулахаас эмээдэг  байна. Иймд ашиглахгүй, эвдэрсэн авто машинаа бүртгэлээс хасуулах хүсэлт гаргавал өршөөл үзүүлэх санал Авто тээврийн үндэсний төвөөс Засгийн газарт тавьж буй аж. Ингээд бүртгэлээс хасагдсан авто машины улсын дугаарыг хураан авч дахин олгох боломж байгаа юм. Мөн  авто машины бүртгэлийг сайжруулж үнэ зөв гарган цэгцлэх,  улсын дугаарын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд дугаар солих ёстой. Өөрөөр хэлбэл авто машины дугаарыг олон улсын жишигт нийцсэн гурван үсэг, гурван оронтой тоотой дугаараар солих шаардлага бий хэмээн Авто тээврийн үндэсний төвийн мэргэжилтнүүд үзэж байгаа юм. 

0 Сэтгэгдэл
Авто тээвэрын vндэсний тевийн дарга нар нь идэж уудаг менге нь хувийн хэвшилрvv ороод ихэлсэн тул тэд зохиомол мэдээлэл цацаж ихлэх шив хувийн хэвшил биш АТVний тевийн дарга нарыг шалгах хэрэгтэй Аж ахуйн тооцоонд шилжсэн учир хэдэн дарга нар дураараа дуригаж Улсад нэгч тегрег телдеггуйшдээ АТГазар шалгах хэрэгтэй
Хамгийн их уншсан