Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Амгаланбаатар: Алтайчууд монголын алимны хэрэгцээг хангана

Нийслэл хотод Говь-Алтай аймгийн өдрүүд болж, үзэсгэлэн, спорт, урлагийн олон арга хэмжээ болоод өндөрлөж байгаа энэ үеэр Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та сайхан зусч байна уу. Орон нутагт зуншлага  хэр байна вэ. Малчид хаврын их ажил мал төллөлтийн ард гараад байгаа байх?

-Манай нутагт өнгөрсөн зун налгар сайхан болж өнгөрсөн. Бараг намраараа байж байгаад хаврын улиралтай золгосон. Өвлийн тэсгэм хүйтэн болоогүй гэсэн үг. Одоогоор бороо хур элбэгтэй сайхан зуны сар гарч байна. Аймгийн хэмжээнд мал төллөлт сайн байсан. Малын хорогдол бараг гараагүй гэж хэлж болно. Бусад аймгуудад гал, цас гээд байгалийн гамшиг тохиолдож мал төллөлт муу байсан юм билээ.

-Энэ жил аймгийн “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан” болон “Сум хөгжүүлэх сан”-д хэдэн төгрөг төсөвлөгдсөн бэ. Үйлдвэр эрхлэгч нар голдуу ямар төрлийн үйлдвэр эрхлэх сонирхолтой байна вэ?

-Энэ жил “Орон нутгийг хөгжүүлэх сан”-гийн мөнгө нэлээд танагдаж ирсэн. Иймээс ирсэн энэ хэдэг төгрөгөө зөв хуваарилан зарцуулах үүднээс аймгийн ИТХ хяналт тавьж ажиллаж байгаа. Энэ оноос  үйлдвэр эрхлэгчдийг түлхүү дэмжье гэсэн бодлого барьж байна. Ер нь, аймаг орон нутгийг хөгжүүлэхэд үйлдвэр чухал үүрэг гүйцэтгэдэг. Аймагтаа үйлдвэргүй бол нэг тоосгыг Улаанбаатараас авч ирнэ гэвэл хэдэн төгрөг, ямар цаг хугацаа орох билээ. Тиймээс бүсчилсэн хөгжлийг дэмжиж орон нутагтаа үйлдвэрлэлийг дэмжих нь нэн тэргүүний асуудал болоод байна. Манай аймгийн хувьд үйлдвэрлэлийг дэмжихэд 200 сая төгрөг хуваарилаад байгаа. Голдуу мах, сүүний боловсруулах үйлдвэрийг дэмжинэ.

-Энэ жил хийхээр төлөвлөж байгаа томоохон ажлуудын тухай дурьдвал. Одоо дулаарч барилга бүтээн байгуулалтын ажил эхлээд байгаа шүү дээ?

-Энэ жил 1000 айлын орон сууцны дэд бүтцийн асуудлыг бүрэн дуусгана гэсэн төлөвлөгөөтэй. Мөн манай аймаг хоёр талдаа нэлээд урт шороон замтай. Баянхонгор аймаг орох 260 километр шороон зам бий. Энэ жил энэ хоёр замыг эхлүүлэх багаар бодоход 100 километр зам тавих юм. Аймгийн төвд 1000 айлын орон сууцны эхлэл болгож 130 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулахаар ажилдаа шамдан ороод байгаа. Мөн хоёроос дээш үйлдвэрийг дэмжиж ашиглалтад оруулна.

-Орон нутгийн хэмжээнд тулгарч байгаа хүндрэлтэй ямар асуудал байна вэ. Төр засгийн зүгээс ямар дэмжлэг туслалцаа хэрэгтэй байгаа бол?


-Аймгийн хэмжээнд нийт сурагчдын боловсролын түвшин доогуур байна гэсэн судалгаа гарсан. Ялангуяа бага боловсролын хувьд. Иймд бага боловсролын чанарыг дээшлүүлэх хөтөлбөр гаргаад ажиллаж байна. Үүний үр дүнд Говь-Алтай аймгийн хэмжээнд аль ч сумын сургуулийг төгсч байгаа хүүхэд нийслэлд сургууль төгсч байгаа хүүхдүүдийн боловролын түвшинд хүрэх юм. Шинэчилсэн хөтөлбөрийн хүрээнд сумын багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлж хариуцлагыг дээшлүүлэхэд боловсролын түвшин ч дагаад нэмэгдэнэ гэж бодож байна.

-Говь-Алтай аймгийн хувьд усны асуудал хүнд байдаг. Үүнийг хэрхэн шийдэхээр төлөвлөж байгаа вэ. Эхнээс нь шийдээд явж байгаа гэж байсан?


-Монголчууд муу эмнээс сайн ус дээр хэмээн ярьдаг. Иймээс эхний ээлжинд усны асуудлыг шийдье гэсэн. Энэ үүднээс найман аймагт усны шүүлтүүр тавьж өгсөн. Дээр нь ундны усны сав стандарт нийцэхгүй байгаагаас хорт хавдар бүр үргүйдэл хүртэл үүсгэж байна гэсэн судалгааг эрдэмтэд гаргасан юм билээ. Говь-Алтай аймгийн 15 мянган өрхөд эрүүл ахуйн шаардлагад нийцсэн зөвхөн ус хийх зориулалт бүхий савыг орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжилтийг нь гарган нийлүүлэх гэж байна. Ирэх сараас эхлэн айл өрхүүдэд тараана. Ингэснээр тодорхой үр дүн гарна гэж үзсэн. Альваа зүйлийг хийхдээ эх үүсвэр анхдагчаас нь буюу А-гаас нь эхлэнэ гэдэгтэй адил усны савнаас эхэлж иргэдэд цэвэр ус хэрэглүүлэх боломжийг бүрдүүлж өгч байна.

-Аймгийн хэмжээнд ажилгүйдэл хэр байна вэ. Иргэдээ ажилтай орлогтой байлгахын тулд ямар ажил хийхээр төлөвлөж байгаа бол?

-Алтайчуудад алим тарих 50 жилийн туршлага бий. Үүнийг үндэслэн алим тарьж ажлын байр бий  болгож нутгийн иргэдээ ажилтай орлоготой болгох бололцоотой гэж харж байна. Нэг уурхайг 50 жил ашиглалаа гэхэд газар нутгийг сийндийчлээд орхидог. Тэгвэл Алтайд 1954 оноос хойш алим тариад түүнийхээ үр шимийг өнөөг хүртэл хүртээд явж байна. Манай аймаг 15 мянган өрхтэй.  20 мянган га-д алим тарих юм бол нэг өрхөд нэг га-гийн үр шим очвол болно гэж үзэж байгаа. Ингэсэн тохиолдолд нэг өрх жилдээ 20-иос дээш сая төгрөгийн орлоготой болно гэсэн үг. Ингээд орон нутгийнхаа хэрэгцээг хангаад зогсохгүй баруун бүсийнхээ алим хангах төлөвлөгөөтэй. Цаашдаа арван жилийн дараа гэхэд монгол орныг алимаар хангана. Альваа зүйлд гарцыг нь олох хэрэгтэй. Нэгэнт гарцыг нь олсон байхад хийх ажил тодорхой болдог. Орон нутагт ажлын байр цөөн тул ажилгүйдэл өндөр байдаг. Нэг жилийн хугацаанд алимны судагааг хийж үүний дараа 20 мянган га-д алим тарина гээд зүтгэхэд иргэдийн оролцоо нэмэгдэнэ. Алим өөрөө боловсруулахад их амар жимс. Тарьсан алимаараа нухаш, жүүс, сок, компот зэрэг олон бүтээгдэхүүн хийх боломжтой. Энэ бүгдийг дагасан жижиг үйлдвэрүүд бий болох юм.

-Арван жилийн дараах Алтайчуудын ирээдүй ямар байх бол?

-Ер нь айлтайчуудад ирээдүйдээ итгэлтэй болж эхэлж байна. Байнга шахуу асуудал дагуулдаг байсан усны асуудлыг шийдсэн мөн боловсролын тал дээр таван жилийн дараа сумдаа сургууль төгссөн хүүхэд нийслэлд сайн сургуулийн төгссөн хүүхдийн хэмжээний боловсролтой болж төгсөнө. Түүнчлэн аймгийн хэмжээнд алим тарих хөдөлгөөнийг өрнүүлснээр ажлын байр орлогын эх үүсвэртэй болно гэсэн үг. Бас чулуу болон бусад үйлдвэрийг нутагшуулна.
 
-Алтай өдрүүд арга хэмжээг нийслэлд энэ сарын 23-28-нд зохион байгуулсан. Энэ ажлын үр дүн хэрхэн гарч байна вэ. Төсөөлж байсан хэмжээндээ хүрч чадсан уу?

-Нийслэлд амьдарч байгаа Алтай нутгийнхаа иргэдтэй уулзаж тэдний санал бодлыг сонсох  зорилгоор  Алтай өдрүүд арга хэмжээг зохион байгуулсан. Энэ хүрээнд, сдорт, урлаг соёлын төрөл бүрийн арга хэмжээ, Говь-Алтай аймгаас гаралтай бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, “Алтай нутгийн ирээдүй ба шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн гарц” нэртэй эрдэм шинжилгээний баг хурлыг зохион байгууллаа. Энэ ажлын үр болж аймгийн онцлог, түүх соёл ард иргэдийн амьдралыг сурталчилж бизнес эрхлэгчдэд шинэ зах зээл нээгдсэн байх гэж бодож байна.

0 Сэтгэгдэл
Говьалтай аймгийн Засаг дарга сайн боджээ. алим тариад хөгжлийн нэг гарц болгоно гэдэг туйлын зөв. амжилт хүсье. төр засгаар дэмжүүлэх шаардлагатай. тэгэхгүй бол алим тарих бол урт хугацааны ажил. дахин амжилт хүсье
Хамгийн их уншсан