Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Хайдав: Халуун усыг 10-14 хоногийн хугацаанд л хэсэгчилж хязгаарлана

“Улаанбаатар дулааны шугам сүлжээ” компанийн захирал Г.Хайдаваас халуун ус таслах графикийн талаар тодрууллаа.

-Орон сууцны халуун ус хязгаарлаад эхэлсэн. Гэтэл гурван сарын хугацаанд ус тасрах нь гэсэн яриа гараад байгаа. Энэ үнэн үү?

-Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээнд жил бүрийн тавдугаар сарын 15-аас есдүгээр сарын 15 хооронд амжиж их засварын ажил хийдэг. Энэ зун мөн л өнгөрсөн жилүүдийн адил засвар, үйлчилгээ хийнэ. Нийслэлийн нийт шугам сүлжээ 379.5 км. Үүнийг Улаанбаатар хотыг 10 хувааж засварлана. Тэгээд нэг хэсэгт нь 10-14 хоногийн хугацаанд засварын ажил хийх юм. Энэ үед айл өрхийн халуун усыг хязгаарлана. Үүнээс олон хоногоор халуун ус тасрахгүй. Усны хязгаарлалт хийхдээ  Эрчим хүчний яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Орон сууцны удирдах газар, Дулааны сүлжээ, Диспечерийн үндэсний төвийн удирдлага, ерөнхий инженерүүд хамтарч хязгаарлах график гаргаж баталсан. Үүний дагуу халуун ус хязгаарлах юм.

-Одоо хэдэн хэсгийг нь засаад байна вэ?

-Бид гуравдах хэсгийн засварын ажил хийж байна. Засвар хийж шугамыг нь холбосон хэсгийнхээ халуун өгөөд явж байгаа. Ингээд наймдугаар сарын 20 гэхэд бүх засварын дуусах төлөвлөгөө бий.

-Зун болгон л халуун тасалж чирэгдүүлдэг. Шугам сүлжээгээ засаад дуусдаггүй юм байх даа гэж иргэд бухимддаг. Энэ талаар та хариуцсан байгууллагын даргын хувьд ямар бодолтой байна вэ?


 -Ус таслахгүйгээр засвар хийнэ гэж байхгүй. Урсгал засварыг жил бүр хийх учиртай. Үүнээс гадна жилд 10 орчим км шугам шинээр тавьдаг. Манай байгууллага жилд 5-6 тэрбум төгрөгийн хуримтлал үүсгээд шинэ шугам тавьхад зарцуулдаг юм. Ингээд Улаанбаатарын дулааны шугам сүлжээг сольж, шинэчилж л байна. Хэдийгээр дулааны эх үүсвэр нь доголдож төрөл бүрийн хүндрэл учирдаг ч Улаанбаатар хотыг өвөлд  хөлдөөчихлгүй л байгаа. Өвлийн оргил ачааллын үе буюу 12-1 сард 30 хэмийн хүйтэнд айлуудыг дулаанаар таслаагүй. Гэтэл тав зургаан жилийн өмнө сольсон шугам бас элэгдэж мууддаг. Ийм учраас бүгдийг нь солиод нэг хэсэгтээ санаа амар сууна гэж байхгүй юм.
 
-Сүүлийн жилүүдэд барилгын салбар сэргэж энд тэнд л байшин босч байна. Энэ хэмжээгээр дулааны хэрэглээ нэмэгдэнэ гэсэн үг.  Жилд хэдэн барилга шугам сүлжээнд шинээр холбогдож байгаа вэ?

-Жилд 250-300 байшин шугам сүлжээнд шинээр холбогдож байна. Манай улсын дулааны цахилгаан станцуудад сүүлийн 20 гаруй жилд өргөтгөл, шинэчлэлт бараг хийгээгүй. Харин өнгөрсөн онд “ТЭЦ-3”-т 50 мВт хүчин чадалтай өргөтгөл ашиглалтад орлоо. Бас Амаглангийн дулааны станц энэ намраас ажиллаж эхэлнэ. Мөн “ТЭЦ-4”-ын өргөтгөл ашиглалтад орох болсон. Тэгэхээр дулааны эх үүсвэр ямар ч байсан өнөөдрийн хэрэглээг хангах хэмжээнд хүрч байна. Гэвч асуудал эх үүсвэр боломжийн болсноор шийдэгдэхгүй.

-Жишээлбэл ямар ямар асуудал одоо шийдлээ хүлээж байна вэ?


-Шугам сүлжээнд хоёр бэрхшээл бий. Тухайлбал, олон жил болсон шугам муудсан. Учир нь 20-50 жил болж чанар муудаж насжилт өндөр болсон. Ингээд солих шаардлага гарч буй юм. Үүнээс гадна хэрэглээ өсч олон барилга ашиглалтад орохоор нарийн шугамыг өргөнөөр солих болдог. Ийм шалтгааны улмаас засвар үйлчилгээ жил бүр хийхээс өөр аргагүй юм. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан