Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Энхцэцэг: Улаанбурхны эсрэг дархлаажуулалтын хугацааг сунгасан

Эрүүл мэндийн цаг үеийн тулгамдсан асуудлын талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын халдварт өвчний тандалт, урьдчилан сэргийлэлт хариуцсан мэргэжилтэн Ж.Энхцэцэгтэй ярилцлаа.

-Улаанбурхан өвчний вакцинжуулалт дууссан уу. Нийт хэдэн хүүхдийг хамруулсан бэ?

-Улаанбурхан өвчин дэлгэрээд  байгаатай холбогдуулан, энэ өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын аяныг 2015 оны тавдугаар сарын 15-25-ны  өдрүүдэд зохион байгуулсан. Энэ аянд нэгээс таван насны хүүхдүүд маш их идэвхтэй хамрагдсан. Цэцэрлэгүүд зохион байгуулалттай арга хэмжээ авч, хүүхдүүдээ оролцуулсан. Мөн эцэг эхчүүд ч хүүхдээ вакцинд хамруулах талаар  идэвх зүтгэл гаргасан. Эрүүл мэнд, спортын яамнаас дархлаажуулалтын хугацааг  зургадугаар сарын 5-ныг хүртэл сунган хамрагдаагүй хүүхдүүдийг оролцуулахаар болсон.

-Улаанбурхан өвчнөөр өвчилсөн хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулахгүй байгаа гэж сонссон. Ер нь, ямар хүүхдүүдийг хамруулахгүй байгаа вэ?

-Улаанбурхан, улаануудын, гахайн хавдар зэрэг вакциныг хүүхдэд товлолоор хийдэг. Товлолоор хийж байгаа улаанбурханы вакцин, нэмэлтээр хийгдэж байгаа вакцин хоёрын хооронд нэг сарын зай байна. Гэтэл тавдугаар сарын 15-нд вакцин хийж эхлэхээр дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ны хооронд товлолд орсон хүүхдүүдийн вакцин хойшлогдоно. Хоёрдугаарт улаанбурхан өвчнөөр өвчилсөн хүүхдүүдэд вакцин хийгдэхгүй. Зургадугаар сарын 15-наас эхлэн дараагийн вакцинжуулалтын ажил явагдана. Энэ вакцинжуулалтаар дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ны хооронд улаанбурхан, улаануудын товлолын вакцинд орсон хүүхдүүд, улаанбурханы нэмэлт вакцинд хамрагдана. Мөн гадаадад явсан, шилжилт хөдөлгөөн хийсэн, халдварт өвчнөөр өвдсөн бол хийх вакциныг нэг сарын хугацаатай хойшлуулдаг.  Дээрх  шалтгаанаар дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүд зургадугаар сарын 15-наас хойш орж эхэлнэ. Тиймээс өнөөдрийн байдлаар хамрагдсан хүүхдийн талаар нэгдсэн тоо гаргах боломжгүй. Бидний тооцоолсноор вакцин хийлгэвэл зохих хүүхдийн 90 орчим хувь нь хамрагдсан.

-Энэ вакцин хүүхдүүдэд зарим нэг сөрөг нөлөө үзүүлж байна гэсэн яриа байна. Вакцинаас болж байна уу эсвэл өөр гадны нөлөө байна уу?

-Вакцин хийх эсрэг заалт гэж байдаг. Өөрөөр хэлбэл улаанбурханы вакцины эсрэг заалт нь бөөрний дутагдалд орсон болон цусны өвчтэй, төв мэдрэлийн системийн хүнд өвчтэй, улаанбурханы вакцины найрлагад орсон бодисод харшилтай хүүхэдэд хийхгүй гэсэн заалтаа нэгдүгээрт мөрдөнө. Хоёрдугаарт вакцин тус бүр өөрийн гэсэн заавар журамтай. Жишээ нь,  улаанбурханы өвчний вакцин нэгээс хоёр хувьд нь тууралт өгч болно. Тав хүртэл хувьд нь хүүхэд халуурах, хэсэг газар улайлт өгнө гэж заавар дээрээ байдаг. Ер нь улаанбурханы вакцинд эрүүл хүүхэд орох ёстой. Ханиад нь нууц хугацаанд байсан хүүхдэд хийвэл ханиад нь сэдрээд , улмаар халуурч эдгэрэх явц уддаг. Үүнийг эцэг эхчүүд вакцинаас боллоо гэж  бодно. Мөн нэгээс хоёр хувьд нь  тууралт өгөх, тав хүртэлх хувь нь халуурч, бие нь эвгүйцэх шинж гарч болно. Үүнийг бас хүмүүс вакцинаас боллоо гэж бодож болно. Энэ шинж тэмдэг хоёроос гурав хоногийн дараа арилах ёстой. Эдгээр шинж тэмдэгийг зааглаж, ялгах нь чухал. Эмч энэ талаар зөвлөгөө өгч, хүүхдийн үзлэгийг маш нарийн хийх ёстой.

-Гадаа дулаарснаас  хүүхдийн гэдэс өвтгөдөг, халууруулдаг ханиад гараад байна. Ийм ханиад хүрсэн хүүхдийн эцэг эхчүүдэд юу гэж зөвлөх бэ?

-Ханиад дотроо маш олон төрөл байдаг. Ямар вирусээс үүсгэгдсэнээс болоод янз бүр. Адено вирусээр үүсгэгдсэн ханиад, хүүхдийн нүд улайлгана. Энтеро вирусээр үүсгэгдсэн ханиадад хүүхэд суулгадаг. Аль үүсгэгч нь илүү давамгай байна гэдгээс болно. Үүний зэрэгцээ дулааны улирал эхлэхэд гарын ариун цэвэр, хоол хүнснээс хамааралтай суулгалт өвчин эхэлдэг. Зургадугаар сарын 1  хүртэл ханиадны мэдээлэл дүүргүүдээс авдаг. Зургадугаар сарын 1-нээс хойш гэдэсний халдварын суулгалтын мэдээг авч эхэлдэг. Энэ долоо хоногийн мэдээгээр амбулаторын нийт үзлэгийн 2.7 хувийг ханиад буюу томуу эзэлж байна. Өнгөрсөн долоо хоногтой харьцуулбал нэлээд буурсан үзүүлэлт юм. Хүүхэд нь ханиаж, суулгуулаад байгаа эцэг эхчүүдэд хэлэхэд нэгдүгээрт эмчид хандах, хоёрдугаарт эмчид хандах хүртлээ шингэн зүйл сайн уулгаж, шингэн алдахаас сэргийлэх хэрэгтэй.

-БНСУ-д “Корона” вирус гарч хүмүүс нас барсан тохиолдол гарсан. Хоёр  орны харилцаа нээлттэй болсон үед  манай улсад орж ирэхгүй гэсэн баталгаа алга. Энэ тал дээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна уу?

-Энэ вирус нь амьсгалын замаар халдварлагддаг, ханиадтай төстэй өвчин. Хоруу чанар ихтэй учраас нас баралт өндөр байдаг. Бага насны хүүхдэд хатгаагаар илрэн хүндрэх аюултай учраас урьдчилан сэргийлэх ажлыг хийх нь чухал. Арабын орнуудад их гардаг.  Зөөвөрлөгдөн орж ирэх боломжтой. Ийм тохиолдолд шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчинтэй тэмцэх Эрүүл мэндийн сайдын 73 дугаар тушаал байдаг. Энэ тушаалын дагуу ажиллаж хариу арга хэмжээ авна. “Корона” вирусээс хэрхэн сэргийлэх талаар ард иргэдэд зориулсан зөвлөмжийг Эрүүл мэнд спортын яамны болон нийслэлийн Эрүүл мэндийн газрын сайтад бичиж тавьсан байгаа. Мөн харьяа дүүрэг болон эрүүл мэндийн нэгдлүүдэд бичгээр тараасан. Эрүүл мэнд спортын яамны Шуурхай удирдлагын төвд өдөр болгон энэ вирусын талаар мэдээлэл ирж байгаа. Жишээ нь,  өчигдөр (уржигдар) ирсэн мэдээлэлд БНСУ-д лабораторын шинжилгээгээр 25 хүн энэ вирусын халдвар авсан нь батлагдаж, хоёр хүн нас барсан гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан