Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тахарын албанд хандах хүн өсөөд байдаг, гэтэл татан буулгах гээд.....


Шинэчлэлийн Засгийн газрын үед  ихээхэн хэл ам дагуулж байгуулсан алба бол  Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Тахарын ерөнхий газар. Хэд хэдэн хуулийн заалтыг өөрчлөн Цагдаа, тагнуул, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зарим эрх, чиг үүргийг нэгтгэн, нэг газарт хариуцуулсан нь  Тахарын алба. Нэр бүхий улстөрчдийн хүчтэй эсэргүүцлийг сөрөн байж байгуулсан тус алба үйл ажиллагаа явуулж эхэлснээс жил хагас гаруй хугацаа өнгөрчээ. Гэхдээ нийгмийн захиалгаар байгуулсан эсэх нь татварын мөнгөө нэмэрлэгч бидэнд өнгөрсөн хугацаанд төдий л мэдрэгдсэнгүй. Аль эсвэл татан буулгаж, эрх үүргийг нь Цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн  байгууллагад шилжүүлэх  ёстой гэсэн хүмүүсийн байр суурь зөв байсан гэдгийг ч бас нотолсонгүй.  Аливаа байгууллагын ажлын үр дүн гарахад жил хагасын хугацаа хангалтгүй мэт санагдах ч чиг баримжаа нь үндсэндээ мэдэгдэх боломжтой л хугацаа. Өнөөдрийн байдлаар тус алба нь улсын хэмжээнд 500 гаруй албан хаагчийн орон тоотой үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тахарын ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах газраас өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийн, албаны онцлог, ажил үүргийн талаар танилцууллаа.
Тус газрын тасгийн дарга Д.Жанчивдорж “Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль болон Тахарын албаны тухай хууль 2013 оны долдугаар сарын 5-ны өдөр батлагдан 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж байгаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд  бүсчилсэн 10 тойрог, 22 хэсэгт үйл ажиллагаа явуулж байна. Хуульд зааснаар:
-Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах
-Шүүгдэгч, ялтныг хуяглан хүргэх
-Оргон зайлсан ялтныг эрэн сурвалжлах
-Гэрч, хохирогчийг хамгаалах
-Ялтанг гадаад улсад шилжүүлэх, шилжүүлж авах
-Яллагдагч гэрчийг албадан ирүүлэх
-Хуульд заасан бусад гэсэн үндсэн чиг үүрэгтэй.
Тахарын алба нь улсын хэмжээнд 44 шүүхийн байр, 98 шүүхийн танхимд шүүх хуралдааны дэг сахиулж байна” гэлээ.  
Гэрч хохирогчийг хамгаалах газар нь хуульд заасан аюулгүй байдлын, сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээ гэсэн хоёр төрлийн аргаар гэрч, хохирогчийг хамгаалдаг. Ингэхдээ нөхцөл байдлыг  үнэлж  дүгнэн, эрсдлийн түвшинг тодорхойлж, хамгаалалтын аргыг сонгодог гэнэ. Онцгой төрлийн хамгаалалтын арга хэмжээнд нүүлгэн шилжүүлэх, гадаад дүр төрхийг мэс заслын аргаар өөрчлөх ордог. Үүнийг шүүгчийн захирамжаар шийдвэрлэнэ.
Гэрч, хохирогчийг хамгаалах газар нь 2014 онд 34 иргэнийг хамгаалалтад авчээ. 2015 оны эхний хагас жилийн байдлаар 36 иргэнийг хамгаалтад авсан нь цаашдаа хамгаалалтад авах гэрч, хохирогчийн тоо өсч болзошгүйг илтгэнэ. Хамгийн гол нь шүүгч, улсын яллагч буюу прокурор, гэрч, хохирогчдыг өндөр түвшинд хамгаалдаг болжээ. Аюулын эрсдлийн түвшин өндөр хүмүүсийг биечилсэн хамгаалалт буюу бие хамгаалагч томилон хамгаалдаг байна. Эрсдлийн түвшин нь дундаас доогуур нь тогтоогдсон, тухайн хүн өөрөө хүсэх юм бол бугуйн цаг хэлбэрийн GPS төхөөрөмж суулган дэлгэцээр 24 цагийн турш хянадаг. Тухайлбал хамгаалуулагч тухайн товчлуур дээр дөрвөн секунд дарна. Ингэхэд  аюулын SOS дохио хяналтын дэлгэцэнд ирснээр шуурхай бүлэг газар дээр очиж хамгаалах журамтай ажээ. Мөн GPS төхөөрөмж бүхий аппаратыг заналхийлэгчийн хөлд болон далд газар нь салгах ямар ч боломжгүйгээр зүүж өгдөг. Салгах гэж оролдсон тохиолдолд аюулын дохио дэлгэцэнд ирнэ. Заналхийлэгч нь гэрч, хохирогчийн гэр болон ажлын газар бүхий хориглосон бүс рүү ороход  хяналтын дэлгэцэнд аюулын дохио өгдөг аж. Хуяглан хүргэх үйл ажиллагааны машинуудыг маршрутын дагуу, цагийн графикийн хувиараар явж байгаа эсэхийн давхар  GPS төхөөрөмжөөр хянадаг байна. “Дохиоллын аргаар хамгаалах ажлыг нийслэл хотын хэмжээнд хийж байна. Цаашид хөдөө орон нутгаас хүсэлт ирвэл дохиоллоор хамгаалах аппарат, хэрэгсэл хангалттай бий” хэмээн Гэрч, хохирогчийг хамгаалах албаныхан хэлж байлаа.
Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэлд автсан хүмүүс Тахарын албанд ихээр хандах болжээ. Энэ нь тус албыг хохирогч болгоныг хамгаалдаг газар гэсэн буруу ойлголт иргэдийн дунд тархсантай холбоотой гэв. Гэтэл эрүүгийн хэрэг үүсч, цагдаагийн байгууллагаас байцаан шийтгэх ажиллагаа явуулж буй хэргийн гэрч, хохирогчдод Тахарын алба хуулийн дагуу туслалцаа үзүүлэх үүрэгтэй аж. Эрүүгийн хэрэг үүсгээгүй байхад хандсан өргөдөл, гомдлыг холбогдох цагдаагийн газарт нь шилжүүлдэг байна.
“Тахарын албыг татан буулгана гэсэн асуудал ямар шатанд явж байна” гэсэн асуултад Гэрч хохирогчийг хамгаалах газрын дарга И.Даваажамьян “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тухай хуулинд Тахарын албыг нэгж нь байхаар тусгасан хуулийн төсөл явж байгаа. Гэрч, хохирогчийг хамгаалах хууль мөрдөгдөж байгаа цагт аль нэгэн байгууллага энэ үүргийг хэрэгжүүлнэ гэсэн үг. Хууль өөрчлөгдөж, байгууллага татан буугдсан, өөр байгууллагын харьяанд орсон ч бид гэрч, хохирогчийг хамгаалах үндсэн үүргээ хэрэгжүүлээд явна” гэлээ. Ямартай ч хэл ам татлан байж байгуулсан тус газар хуулиар ноогдсон ажил үүргээ гүйцэтгэж байна. Энэ албыг байгуулсан нь зөв, буруу болсон эсэхэд цаг хугацаа, ард түмний дүгнэлт хариулт өгөх биз.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан