Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гацуурт ордыг гарын аясаар....


Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нэн яаралтай гэж лүндэн буулгаснаар Гацуурт ордын эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэхээр болов. Дөнгөж, энэ сарын 5-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудал хэдий ч өчигдөр УИХ дахь намын бүлгүүд, өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор, энэ долоо хоногийн эцэст УИХ-ын чуулганаар яригдахаар болж байна. Уг нь, Гацууртын алтны ордыг УИХ өнгөрсөн нэгдүгээр сарын 23-ны өдөр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсан. Үндсэндээ, стратегийн гэдэг ангилалд Гацуурт орд багтсанаар Оюутолгой, Тавантолгой зэрэг ордтой нэр хүндийн хувьд эн тэнцэж байгаа хэрэг. Гэхдээ улсад өгөх ашиг нь бусад төслийг бодвол бага байгаа нь Засгийн газар Гацууртыг айлын хүүхэд шиг алаг үзэх шалтгаан болсон байж магадгүй. Үгүй бол хэзээ ч ийм хурдтайгаар ажиллаж байгаагүй Засгийн газар, УИХ энэ ордын хувь заяаг ганцхан долоо хоногийн дотор шийдэх тухай бодол өвөртлөх байсан гэж үү. Улсаасаа хальж хаа байсан Дубайд Оюутолгойн асуудлыг шийдэж, хэдэн жил хөдөлгөж зориглоогүй Тавантолгойн асуудлыг бараг ганцаараа чирсээр УИХ-ын босгонд тулсан Ч.Сайханбилэг сайд уг нь Гацуурт  ордыг халаасны мөнгөтэй адилтгамааргүй юм. Ямартай ч, Засгийн газрын зүгээс өргөн барьсан Гацуурт ордын эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслөөр хоёр асуудлыг яаравчлан шийдэхээр зорьж байгаа юм. Үүнд нь,
1.    Гацууртын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч хамтарсан компанийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг 34 хувиар тогтоохоор
2.    Энэ тогтоолын нэгдүгээр зүйлд заасан төрийн эзэмшлийн хувь, хэмжээг гэрээний нөгөө тал буюу хөрөнгө оруулагч талд шилжүүлэх талаар хэлэлцээ хийж, тохиролцсон тохиолдолд стратегийн ач холбогдол бүхий ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээг зохих журмын дагуу тогтоож, улсын төсөвт төвлөрүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газар (Ч.Сайханбилэг)-т зөвшөөрөхөөр
гэсэн ердөө хоёрхон зүйл багтаж байгаа. Гэхдээ Гацуурт алт, хүдрийн ордоос төр 34 хувийг эзэмших асуудал нь улс төрийн болоод эдийн засгийн гэсэн аль, аль өнцгөөсөө бидэнд ашиггүй байх талтай. Өнгөрсөн жил гэхэд л төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20 хувиар тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн барьж байсан. Тухайн үед УИХ энэ асуудлыг авч хэлэлцээ ч үгүй байдаг. Тиймээс энэ удаад Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог тус ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг “Сентерра гоулд Монголиа” компани Засгийн газартай төрийн эзэмших хувийг 34 хүртэл өсгөөд, УИХ-аар батлуулахаар ярилцсан бололтой юм. Мөн мега төслийн зааалтыг УИХ эсэргүүцэх бүрд тогтоолын төсөл өөрчлөгдөж, манай улсын хүртэх ашиг өсөж байсан тухай УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Тавантолгойн ажлын хэсгийг ахалж байхдаа хэлж байсан удаатай. Тэгвэл Гацуурт орд ч гэсэн энэ жишгээр эргэж буцах бүрдээ улсад өгөх ашгийг нэмж, түүнийгээ хамгийн сайн сонголт мэтээр өрдөж эхэлсэн байна гэвэл буруудахгүй. Одоогоор “Сентерра гоулд Монголиа” компани Мандал нутагт 2300 га газар эзэмшиж байгаа бөгөөд үүний ердөө 62 га-д нь олборлолт явуулна гэж байгаа юм. Компанийнхаа хамгаалалтад авсан энэ бүсэд ойн бүс хүртэл багтдаг. Тиймээс УИХ-ын зарим гишүүд 62 га-д олборлолт явуулах байж яагаад 2300 га газар эзэмшиж байгааг нь асуусан ч тодорхой хариулт сонсоогүй. Команийн зүгээс ч гэсэн барин тавин хариулсаар үсрээд л 303 га талбайд үйл ажиллагаа явуулах боломжтой талаар мэдээлсэн. Гэхдээ УИХ-ын зөвшөөрлөөр арван жилийн турш 2300 га газарт “Сентерра гоулд Монголиа” эзэн суувал, хашаа татаж хамгаалсан газартаа гар хүрэхгүй гэх баталгаа байхгүй. Өмнө нь ч бид энэ бүс нутгийг сэндийчүүлж байсан туршлагатай. Сануулбал, Гацуурт ордын шороон ордыг олборлох явцад 146 га газрын шимт хөрс үгүй болж, өнөөдрийг хүртэл хөрсний давхаргагүй үхмэл газар байсаар байна. Үүнд хэн ч хариуцлага хүлээгээгүй. “Сентерра гоулд Монголиа” ч гэсэн биднээс өмнө энэ хэмжээний газар сүйдчихсэн байсан гэх зайлсхийсэн үгийг УИХ-ын гишүүн Г.Уянга, Х.Болорчулуун нарт хэлж байсан үе хуучраагүй. Одоо тогтоогдоод байгаа 17.1 тонн хүдэр, 50 тонн алтыг газраас доош (гүндээ 1000 метр хүртэл гэж тооцсон) 10 жилийн турш ухаж олборлосны дараа Ноён уул орчим ямар байдалтай байхыг ч төсөөлөхөд бэрх.
Ялангуяа, тэр орчмын оршин суугчид хэрэгсүүр, эртний түүхийг илэрхийлсэн олон олдвортой зэргээр Ноён уулыг тахин шүтдэг учраас олборлолт явуулахыг зөвшөөрдөггүй. Үүнийг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл ард түмнээсээ асууж байж ашиглана гэж хамгаалсан ч өнөөдөр Засгийн газар Гацуурт ордыг эргэлт буцалтгүй эдийн засгийн эргэлтэд оруулах гэж байхад таг чимээгүй л байна. Адаглаад өнөөдрийг хүртэл 10 жил ухсаны дараа улсад орох ашиг эртний олдворуудын үнэтэй дүйх эсэхийг ч судалж үзээгүй байна. Гэтэл есөн жил уурхайн олборлолт, 10 жил үйлдвэрлэл явуулж, 3.361 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, татварын дараах цэвэр ашиг 340.5 тэрбум төгрөг, Монгол Улс 70 орчим  тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэнэ гэдгийг тодорхойлохын тулд Сангийн яам, Хууль зүйн яам, Татварын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Ашигт малтмалын газар гээд олон байгууллага хамтран ажиллаж. Дээрээс нь санхүүгийн зөвлөх үйлчилгээний туслалцаа үзүүлдэг гаднын компаниас хүртэл тусламж гуйсан байх юм.

ТЭГВЭЛ БҮЛГҮҮД 34 ХУВИЙН ТАЛААР ЮУ ГЭВ

Гацуурт ордын эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг Ерөнхий сайд ногоон гэрлээр зүтгүүлсэн учраас УИХ-ын бүлгүүд дээрх тогтоолын төсөлтэй холбоотой асуудлыг хамгийн түрүүнд хэлэлцлээ. Ингээд УИХ дахь Ардчилсан намын бүлэг дэмжинэ гэсэн бол УИХ дахь МАН-ын бүлэг, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг энэ асуудлыг нягтлах шаардлагатай гэж үзлээ.

АН-ын бүлэг: 265.6 сая ам.долларын ашиг олно

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар бүлгийн шийдвэрийг төлөөлж мэдэгдэл хийсэн юм. Тэрээр “Засгийн газар Гацуурт компанитай тохиролцоод 34 хувийг эзэмших шийдвэрт хүрсэн байна. Гэхдээ энэ хувиа ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулж авах шийдвэрт хүрсэн тухай заалт тогтоолын төсөлд байгаа. Ялгаа нь, манай төр 34 хувийг эзэмших юм бол тухайн аж ахуйн нэгжийн шаардлагатай хөрөнгө оруулалтын 34 хувьтай дүйцэхүйц  хэмжээний хөрөнгийг Засгийн газар гаргах шаардлагатай. Үүнийг хийхийн тулд олон ажил явагдах ёстой. Гацууртыг эзэмшиж байгаа компанийн хөрөнгө оруулалтыг дахин тоолох,  үнэлэхээс эхлээд олон ажил хийгдэнэ, тэдгээрт нэлээд цаг хугацаа шаардагдана.  Иймд 34 хувийн эзэмшлээ ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр солих нь цаг хугацааны хувьд ч тэр, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаа тооцсон ч тэр зөв шийдэл болоод байгаа юм” гэсэн юм.
Харин Гацуурт ордыг ашигласнаар төсөл хэрэгжих буюу 10 жилийн хугацаанд нийт борлуулалт 1.769,2 сая ам.доллар, үүнээс авах татвар 265.6 сая ам доллар байх тооцоог Засгийн газар АН-ын бүлэгт гаргаж өгсөн байна. Үүнийг задалж авч үзвэл, ашигт малтмалын нөөц ашигласны татвар 139.4 сая ам.доллар, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр нь 53 сая ам.доллар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 57 сая ам.доллар, суутгал татвар 16.2 сая ам.доллар болж байгаа юм байна. Тиймээс АН-ын бүлэг УИХ-аар Гацуурт ордын эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр дэмжиж кнопдох бололтой.

МАН-ын бүлэг: Яагаад нэн яаралтай оруулж ирсэн бэ 

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа нар мэдээлэл хийсэн юм. Тус бүлэг мөн л нэн яаралтай гэж тодотгосон Гацуурт ордын асуудлыг хамгийн эхэнд хэлэлцэж, Гацуурт ордын эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газар яагаад нэн яаралтайгаар оруулж ирснийг нь Сангийн сайд Р.Жигжидээс асуухаар болсон байна.
Энэ талаар Д.Хаянхярваа гишүүн “Өнгөрсөн баасан гаригт Засгийн газар Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувь байлгах УИХ-ын тогтоолын төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн. МАН-ын бүлгийн хувьд уг тогтоолын төсөлтэй холбогдуулан салбар хариуцсан сайд Р.Жигжидийн байр суурийг сонсож, нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр оруулж ирсэн үндэслэлийг тодруулах үүднээс энэ долоо хоногт хэлэлцэх асуудлаас хойшлуулах шийдэлд хүрсэн” гэсэн юм. Мөн тэрээр "Оюутолгойтой холбоотой асуудал гэрээ, төлөвлөгөө хэлбэрээр нийгэмд яригдаж байгаа ч гэрээ байдлаар Дубайд гарын үсэг зурагджээ гэж ойлгогдож байгаа. Гэтэл “Сентерра гоулд Монголиа” компанитай холбоотой Гацууртын ордын асуудлыг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр оруулж ирлээ. Тавантолгойн асуудал таг чиг. Уул уурхайн томоохон ордуудын зарим нь нэн яаралтай горимоор хэлэлцэгдэхээр, зарим нь УИХ-д танилцуулагдалгүй гарын үсэг зурагдаж байна. Заримыг нь УИХ дээр уячхаад улсын эрх ашигт асар хохиролтой гэсэн тайлбар тавиад байгааг ойлгохгүй байна гэдгээ бүлгийн хуралдаанд олон гишүүн илэрхийлсэн” гэдгийг дамжуулсан юм. Тиймээс тэд эдийн засгийг сайжруулахын төлөө аль алиныг нь зөв талаас нь дэмжиж явуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа юм байна. Тиймээс Засгийн газар, УИХ-ын төвшинд энэ ордуудын талаар нэгдмэл байр суурьтай болж, хамтарч ажиллах ёстой гэж үзээд байна.

“Шударга ёс” эвсэл: Дэмжих боломжгүй

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн бүлэг  Гацууртын ордын эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд, дэмжих боломжгүй гэж үзлээ. Учир нь, Засгийн газар төсөлдөө тус ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээ 34 хүртэл хувь байхаар тусгасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалттай зөрчилдсөн хэрэг болно гэж үзсэн байна. Тиймээс эвслийн бүлэг ажлын хэсэг гаргаж сайн судалж санал дүгнэлт боловсруулж ажиллахаар болсон талаар өчигдөр мэдээлэл өгсөн юм.

Бие даагчид: Эсэргүүцэж байна

УИХ дахь Бие даагчдын зөвлөл Ерөнхий сайдыг Дубайн гэрээнд гарын үсэг зурсан асуудалд хариуцлага хүлээх ёстой гэж үзээд өөрсдийн эгнээнд 10 гаруй УИХ-ын гишүүнийг элсүүлсэн гэж мэдэгдсэн юм. Мөн энэ үеэрээ яаралтайгаар оруулж ирсэн Засгийн газрын Гацуурт ордын эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжих ямар ч боломжгүй гэж  мэдэгдлээ. Тухайлбал, “Гацууртын ордыг ашиглах асуудал энэ хаврын чуулганд байхгүй байсан боловч яаралтай хэлэлцэх асуудал гэж оруулж ирж байна. Ингэхдээ 34 хувийг төр эзэмших үгүй бол 34 хувьтайгаа тэнцэх буюу 1.7 хувийн татвар авах гэж заасан байна. Монголын ард түмэн, нутгийн иргэд Ноён уулаа ухуулахгүй гэж байхад дахин оруулж ирж байгааг эрс эсэргүүцэж байна” гэсэн юм. Мөн энэ талаар УИХ-ын гишүүн Х.Болорчуулуун “Одоогийн Засгийн газар 100 жилийн өмнөх Богд хаант Засаг төрөөс дор байдалтай байна. Тухайн үед үед Ноён уулыг ашиглуулахгүй зогсоож байсан. Учир нь, тухайн үед Ноён уулыг дэлхийн томоохон өв байна гэдгийг тогтоосон юм. Гэтэл өнөө үед гадныханы лоббигоор энэ уулаа ухах гэж байна. Тиймээс бие даагчид үүнийг эрс эсэргүүцнэ” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан