Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Халсан эдийн засаг халаасаа сэгсэрсан иргэд

Эдийн засгийн хямрал намжиж эхэлсэн гэх боловч евро бүсийн өрийн хямрал сэдэрч санхүү болон түүхий эдийн зах зээлийг савлуулсаар. Энэ нөхцөл байдлын улмаас дэлхийн эдийн засаг дахин хямрах уу, сэргэх зүгт эргэх үү гэдэг нь тодорхойгүй байна. Үүнийг дагаад Монголын эдийн засаг ч эрсдэлтэй тулах, хэвийн байдлаа хадгалж үлдэх эсэх нь бас л эргэлзээтэй. Манай улсын гол орлого уул уурхайн түүхий эд. Тэр дундаа зэс, нүүрс, жонш, төмрийн хүдэр зэргийн борлуулалтаас шалтгаалдаг. Гэтэл хямралын нөлөөгөөр уул уурхайн түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд тогтвортой бус байна. Шинжээчид хямралын нөлөөгөөр үйлдвэрлэл буурч буй тул зэс болон бусад түүхий эдийн үнэ хямдарна. Харин алт, мөнгөний үнэ өсөх график заана хэмээн дүгнэж байгаа. Сүүлийн хоёр, гурван жил зэсийн үнэ огцом өссөн, нүүрсний экспортын ханш нь ч нэмэгдсэн тул эдийн засаг гэрлийн хурдаар дээшилсэн билээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил эдийн засаг 17.8 хувиар өсөхөд нүүрс, зэсийн баяжмалын борлуулалт нөлөөлсөн.Сангийн яамны тайланд “Нэг хүнд ногдох ДНБ 3000 ам.долларт хүрсэн. Гадаад худалдааны бараа эргэлт хоёр дахин нэмэгдлээ. Гадаад валютын нөөц 2008 оныхоос дөрөв дахин өссөн” гэж дурджээ. Уул уурхайн экспорт нэмэгдээгүй байхад орлого зарлагаа тэрбум, тэрбум мөнгөн дүнгээр ярьдаг байлаа.
Харин одоо их наяд, их наядаар ярих болов. Гэвч бодит байдалд иргэдийн амьдрал дээшилж сэргэсэн зүйл алга. Үүнийг эдийн засагчид баялгийн хувиарлалт шог, орлогоо үйлдвэрлэлд бус бэлнээр тараахад зарцуулж буй тул ажлын байр нэмэгдэхгүй, иргэдийн амьжиргаа сайжрахгүй байна хэмээн тайлбарладаг.

Эдийн засаг халж, инфляц өсч иргэдийн халаасан дахь мөнгийг хумсалсаар.  Сүүлийн жилүүдэд инфляц 13 хувиас буусангүй. Өнөөгийн байдлаар төв банкны тооцоогоор инфляц 16 хувьтай байгаа. Харин Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газраас гаргасан судалгаагаар 20 хувьтай гарсан аж. Өнгөцхөн жишээ татвал 100 төгрөг тутмын 16-20 нь салхинд хийсдэг гэсэн үг. Инфляц ингэж өндөр авсан гол шалтгаан нь зах зээл дэх бэлэн мөнгөний илүүдэл хэмээн эдийн засагчид тодорхойлж буй.

Монголбанкны эдийн засагчид иргэдэд бэлэн мөнгө тарааж байгаа тул зардлын инфляц хөөрөгдөх боллоо. Нөгөө талаар, төсвийн байгууллагын албан хаагчдын цалин нэмэгдэж буй. Ирэх аравдугаар сард 23 хувиар нэмэх шийдвэр гарсан нь инфляцад бас нөлөөлөх нь. Уг нь улсын төсвийг хэт тэлэхгүй байхыг анхааруулсаар ирсэн.

Манай эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт зургаан их наяд төгрөг давсан тооцоо бий. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд нэг их наяд 500 тэрбум төгрөг “Хүний хөгжил сан”-гаар дамжуулж иргэдэд тараажээ. Одоо нэг сая төгрөг тараагаад эхэлчихэв. Монголбанк инфляцыг 10 хувь болон түүнээс доош байлгах зорилт тавьж байгаа. Гэвч зарим эдийн засагч ирэх онд инфляцын өндөр төвшин хадгалагдана хэмээдэг. Мөн 13 хувьтай байх таамаглал ч бий.

Манай гадаад валютын нөөц эдүгээ 2.6 тэрбум ам.долларт хүрсэн гэдэг. Ирэх онд эдийн засгийн өсөлт 15  хувиас буурахгүй гэсэн таамаглалыг Сангийн яамнаас хийсэн. Гэтэл асар их мөнгөн урсгал манайд орж ирж байгаа ч гадаад худалдааны алдагдал дагаж өссөөр.  Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар экспорт 11 хувиар өссөн байхад импорт 31 хувиар нэмэгдсэн судалгаа бий. Уг нь, улс орны экспорт, импортын харьцаа адил төвшинд эсвэл  ойролцоо байх учиртай.
Гэтэл манайх дэндүү их зөрүүтэй байгааг дээрх жишээ харуулж юм. 2008 оны эдийн засгийн хямралаас хойш манай гадаад худалдааны бараа эргэлт 11.3 тэрбум ам.долларт хүрэв. Харин алдагдал нь 1.7 тэрбум ам.доллар болжээ. Хэрэв энэ янзаараа байвал гадаад худалдааны алдагдал жил бүр өсч мөнгөн дүн нь ч нэмэгдсээр байх бололтой.

Монголын эдийн засгийн өнөөгийн амьдралын нэгээхэн хэсэг нь  ийм л байна. Хэрэв шинжээчдийн таамаглал биелж, уул уурхайн түүхий эдийн үнэ хямдарвал манай эдийн засаг сульдаж, ханшийн уналтыг дагаад уруудах магадлал тун өндөр байна.

Т.ЖАНЦАН

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан