Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Чалко” компанийн өрийг дөрвөн сарын дотор барагдуулах боломжтой”


Тавантолгойн хөрөнгө оруулалтын төслийг УИХ-аар хэлэлцэх найдлага бараг л тасарч байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн бариад (дөрөвдүгээр сарын 23-нд) бараг хоёр сар орчим болж байгаа юм. Энэ тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг дүгнэх ажлын хэсгийг Л.Эрдэнэчимэг гишүүн ахалж, үндсэндээ дэмжихгүй гэдэг байр суурьтай байгаагаа дуулгасан. Ингээд өнгөрсөн долоо хоногт ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-д танилцуулах байсан ч гэрээний англи хэл дээрх хувилбарыг монгол хэл дээрх гэрээтэй тулгаж, шалгаж байгаа учраас УИХ-д хэзээ танилцуулах нь тодорхойгүй болсон юм. Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өөрсдийн зүгээс шаардлагатай гэсэн бүх бичиг баримтыг нь гаргаж өгсөн учраас Засгийн газрын зүгээс дээрх тогтоолын төслийг гацааж байгаа зүйл байхгүй гэж өчигдөр мэдэгдсэн юм. Юутай ч, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай ам нээснээс хойш энэ гэрээг магтан дуулах хүн цөөрсөөр байна. Тухайлбал, тогтоолын төслийг өргөн барьснаас хойш иргэдийн “Эрдэнэс Тавантолгой” компаниас эзэмшдэг 1072 хувьцааг гэрээнд тусгаагүй, гэрээ хэд, хэдэн хууль, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг зөрчсөн, Хөрөнгө оруулагч тал Техник эдийн засгийг үндэслэлд хүссэнээрээ нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой зэргийг ажлын хэсэг олж мэдээд байгаа юм. Гэвч, Тавантолгойн ордын ордыг ашиглах сонирхолтой байгаа Хятадын төрийн өмчийн “Энержи Ресурс” компани Монголын ард түмний эзэмшиж байгаа 1072 хувьцааг өөрсдөд хамаагүй мэтээр ярьж байгаа юм.
Үүнээс гадна өдгөө Тавантолгойн ордод ажиллаж буй төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийг алдагдалтай ажилладаг, өрөндөө баригдсан зэргээр буруутгах нь ихсэж байна. Үүний хариуд тус компанийн ажилчид үйлдвэрчний эвлэл байгуулан өөрсдийн байр суурийг тухай бүрд нь илэрхийлж байсан билээ. Тэгвэл өчигдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэл хэвлэлийн хурал зарлаж, зарим мэдээллийг өглөө. Тэд улс төрчдийн амлалтаас үүдэн “Эрдэнэс Тавантолгой” компани 350 сая ам.долларын өртэйгөөр ажлаа эхлүүлсэн ч богино хугацаанд амжилттай ажиллаж чадсан гэж байгаа юм.
Тэгвэл Уул уурхайн яам “Эрдэнэс Тавантолгой” компанийг “Чалко”-д 140 орчим сая төгрөгийн өртэй гэдгийг баталдаг. Гэхдээ өнгөрсөн онд тус компани 28.5 тэрбум төгрөгийн, 2013 онд 28.8 тэрбум төгрөгийн ашиг олсон тайлангаа дэлгэн үзүүлсэн. Харин 140 орчим сая ам.долларын өрн нь өнгөрсөн сонгуулийн үеэр “Хүний хөгжид сан”-д 416 тэрбум төгрөгийг бүрдүүлэхийн тулд Хятадын “Чалко” компаниас зээлсэн 350 сая ам.долларын үлдэгдэл юм. Мөн тус компани тухайн үед арилжааны банкуудаас нэмж 90 сая ам.долларын зээл авч, 416 тэрбум төгрөгийг бүрдүүлсэн байдаг. Товчхондоо, тэднийг алдагдалтай ажилладаг, өртэй зэргээр харлуулж байгаа нь үнэндээ сонгуулийн сурталчилгааны үр дүнд бий болсон улс төрчдийн яахаас буцахгүй амлалтын уршиг юм.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайн ээлжийн мастер инженер Б.Түмэндэлгэр:

“Компанитай холбоотой хэдэн бодит мэдээллийг хүргэе. Яагаад гэвэл, сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай компанийг харлуулах гэсэн оролдлого маш их явсан. Тухайлбал, хамгийн ихээр “Чалко”-д өртэй, өрөө дийлэхгүй дампуурах гэж байна зэргээр маш их ярьсан. Бодит нөхцөл байдал дээр бол асуудал арай өөр. Манай компани бусад аж ахуйн нэгжүүд шиг үйл ажиллагаагаа 0 болон 1-ээс эхлүүлж чадаагүй. Хасах 350 сая ам.долларын өртэйгөөр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өнөөдөр өрний нь тодорхой хэмжээг төлсөөр 140 сая ам.долларын өрийн үлдэгдэлтэй байгаа. Үүнийг манай үйлдвэрчний эвлэл уул уурхайн салбарт тийм ч том тоо биш гэж бодож байгаа. Бид дотооддоо тооцоо хийж үзсэн. Ингээд эрчимтэй ажиллавал үлдээд байгаа өрийг дөрвөн сарын дотор барагдуулах боломжтой гэсэн тооцоо гаргаад байна. Өнөөдрийн байдлаар уурхайн складад 2.1 сая тонн нүүрс байна. Энэ нь шууд экспортод гаргахад бэлэн нүүрс гэсэн үг. Нэмээд уурхай дээр хоёр сая тонн нүүрс байна. Нийтдээ дөрвөн сая тонн нүүрсийг боруулж чадвал 142 сая ам.долларын өрийг дарна. Өнгөрсөн онд манай компанийн хувьд хамгийн ачаалалтай үе байсан. Өөрөөр хэлбэл бид өдөрт 635 машин нүүрс ачиж, 63500 тонн нүүрс гаргасан. Энэ нь нэг сардаа 1.8 сая тонн нүүрс борлуулах хүчин чадалтай гэдгийг илтгэж байгаа юм. Манай компани нүүрс борлуулж, өр дарахын хажуугаар татвар төлөлтөөрөө “Эрдэнэт” үйлдвэрийн араас орсон гэж хэлж болохоор байна. 2013 онд гэхэд л нийт 40 тэрбум, 2014 онд 56 тэрбум төгрөгийг бид улсад төвлөрүүлсэн. Одоогийн байдлаар 107 тэрбум төгрөгийн татварын илүү төлөлттэй яваа. Үүгээр тооцвол, “Эрдэнэт” үйлдвэрийн араас явж байна гэсэн үг. Гэтэл ийм амжилттай ажиллаж байгаа компанийг муу, муухайн жишээ болгон ярьж байгаад уурхайч бид харамсаж байна”.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайн ээлжийн мастер Г.Дэлгэрбаяр:

““Эрдэнэс Тавантолгой” бол төрийн өмчит компани. Монголын ард түмэн энэ компаниас 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг. Мөн энэ компани Тавантолгойн ордын нийт баялаг нөөцийн 94 орчим хувийг эзэмшдэг. Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний цаана цэвэр хувьчлал, хувьд шилжих, хувь хүмүүс үүнийг 60 жилээр ашиглах нөхцөлийг л бүрдүүлж өгсөн байгаа. Төрийн өмчит компани үйл ажиллагаа явуулснаар энэ орлого ард түмэнд, төр засагт үлдэж байна л гэсэн үг. Гэтэл Тавантолгойн хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны гэрээн дээр зөвхөн Цанхийн хэсэг л гэж тодотгосон байна лээ. Цанхийн хэсэг дээр “Эрдэнэс Тавантолгой” компани үйл ажиллагаа явуулдаг. Гэрээнд, энэ хэсэгт 30, 30 жилээр сунгах нөхцөлтэйгээр олборлолт явуулах талаар тусгасан байсан. Гэвч, Тавантолгойн ордын хамгийн чухал хэсэг болох Бор тээгийг Цанхийн хэсгийн лицензийн талбайд оруулсан байна. Үүнийгээ хөрөнгө оруулалтын гэрээндээ тусгаагүй. Мэргэшсэн геологчдын судалгаагаар бол Бор тээгийн зүүн болон хойд хэсгээс нийт 728 орчим сая тонн нүүрс олборлох боломжтой байдаг. Тэгэхээр, үндсэндээ энэ бол хулгай хийх гэж байна л гэсэн үг. Төр муу менежер гэж ард түмний сэтгэлгээг муйхруулж, төрийн өмчийг хувьд шилжүүлж авах гэж байна. Одоогийн жишгээрээ ажиллавал иргэдийн эзэмшиж байгаа 1072 хувьцааны ашгийг авах бүрэн боломж бий. Харин хууль эрхзүйн орчинг УИХ-аас тогтвортой болгож өгөх хэрэгтэй. Хүрэлбаатар, Содбаатар, Нямдорж, Энхтүвшин, Оюунгэрэл гишүүн мөн “Энержи Ресурс”-ээс хувьцаа эзэмшигч алдарт Энх-Амгалан гишүүн, Хянхярваа, Батболд гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Очирбат гуай нарын байр суурь тодорхой байгаа. Ард түмнээсээ битгий урваач ээ, гэж хэлмээр байна тэдэнд. Тавантолгойн орд бол төрийн өмч шүү. Газрын доох баялаг бол ард түмний өмч гээд Үндсэн хуульд хүртэл заасан байдаг. Бид хэн нэгний бизнесмэний ажлыг хийж байна гэсэн сэтгэлээр хэзээ ч ажлаа хийж байгаагүй шүү”.

“Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ:

“Бид анх уурхайн ажлаа улс төрийн шийдвэр гаргагчдын амлалтаас бий болсон 350 сая ам.долларын өртэй эхлүүлсэн. Ийм нөхцөлд манай компанийн удирдлага өнөөгийн төвшинд уурхайн үйлдвэрлэлээ сайн зохион байгуулж байгааг яагаад буруутгаад, бидний ололт амжилтыг үл тоон, гүтгэн доромжлогчдыг өөгшүүлэн толгойг нь илж байгааг юу гэж ойлгох вэ. Төрийн өмчит компани ашиггүй ажилладаг гэсэн гүтгэлэгтэй манай хамт олон эвлэрэхгүй. “Энежри Ресурс” Ажилчдадаа ажлын мал мэт ханддаг. Мэдээж сайн хооллодог. Ил далд аргаар ялгавартайгаар хөдөлмөрийг нь шударга бус үнэлдэг. Ховоор ажлаа явуулдаг. Хоригдол мэт харьцдаг. Хөдөлмөрийн маш их дарамттай. Ажилгүйдлийг бизнесийн хямд орчин гэж үнэлдэг. Инженер техникийн ажилчдын мэдлэг боловсролыг зөв үнэлж ашиглаагүйгээс “Баруун наран”-ы уурхайг худалдан авч, 500 сая ам.долларын алдагдалд орсон” гэж ярилаа. Мөн “Манай үйлдвэрчний эвлэлээс нийгмийн шинэчлэлийг хөдөлмөрийн харилцаагаар хийх нь зөв гэсэн байр суурьтай байсан. Одооч бодлогоо өөрчлөөгүй. Бид анхнаасаа л хувьсгалын онолыг баримтлагчид. Өнөөдөр монголын нийгэмд бидэнтэй үзэл бодол, санаа нэгтэй хүмүүс олон байгаа гэдэгт итгэж байгаа учир нэгдэн нийлэхийг уриалж байна. Уул уурхайд ажиллагчид хамгийн түрүүнд нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэж байна.

0 Сэтгэгдэл
ЯМАРЧ ТЭНЭГҮҮДИЙГ ЯРИЛЦЛАГАД ОРУУЛААД БАЙНА ДАА. ХА ХА ХА
Хамгийн их уншсан