Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Парламентад суудалтай намууд төсвөөс санхүүжих гэнэ

“МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвсэл 2012 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө “Монголоо аврах таван хувьсгал” хэмээн нэрлэжээ. Товчхондоо, улс төр, шударга ёс, эдийн засаг, нийгэм, оюун санааны хувьсгал гэж ангилсан байх юм. Ингээд “Хүн ард минь нэгдээрэй, Хөх монгол минь сэрээрэй” хэмээн уриагаа дэвшүүлжээ.

Гэхдээ энд бас сонин зорилтууд байна аа. Парламен­тад суудалтай намууд төсвөөс санхүүждэг зарчимд тулгуурлан улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгож, хээл хахууль, авлигын далд уурхайг устгана. Улс төрөөр дамжин хөрөнгөждөг, төрөөс тэрбумтан төрөх гажуудлыг устгана гэжээ. Зөв л дөө, Монгол Улс авлигаас ангижрах цаг болсон. Харин парламентад суудалтай намууд төсвөөс санхүүждэг зарчим баримтлах нь хэр оновчтой юм бол. Иймд улсынхаа төсвийг улс төрийн хүчнүүдээс харамлаад байх чинь. Хүргэж ядаад, аргаа барахдаа бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг танаад байгаа биш бил үү. Гэтэл яагаад намуудын санхүүжилтийг төр даадаг билээ. Энэ бүтэхгүй санаагаа, эргэж нэг харвал дээрсэн. Улс төрийн хүчнүүдиг  санхүүжүүлэхийн оронд нэг ч гэсэн эмнэлэг, сургууль, цэцэрлэг барьсан нь дээр биз.

Мөн парламентын ги­шүүнийг сонгогчдын саналыг үндэслэн Улсын дээд шүүхийн шийдвэрээр эгүүлэн татах тогтолцоог МАХН-МҮАН боловсруулах гэнэ. Тэгэхээр сонгогчид эгүүлэн татах санал өгсний дараа Улсын дээд шүүх хөдлөх ёстой гэсэн үг үү. Уг нь хууль, хяналтын байгууллага нь ард түмнээ хүлээгээд суух биш арай түрүүлж хөдлөх ёстой баймаар. Тэгвэл өнөөдрийнх шиг хууль хяналтын байгууллага нь шалгах ёстой гэж үзээд сонгогчид болохоор өмгөөлж хаацайлаад байвал яах вэ. Н.Энхбаярын хэрэг үүний тод жишээ шүү дээ. Экс Ерөнхийлөгчийг хүмүүс өрөвдсөндөө өмөөрөөд, хууль хяналтынхнаас харамлаад байгаа биз дээ. Гэтэл үнэн хэрэгтээ түүнд хийсэн хэрэг бий. Цаашилбал, МАХН-МҮАН-ын мөрийн хөтөлбөрт Зэвсэгт хүчин хилийн цэргийг бэхжүүлнэ гэжээ. Ардчилсан Солонгос улсын удирдагчаас л ийм үг гардагсан. Яагаад ч юм энэ зорилтыг тайван цагийн монголчууд дэмжих нь юу л бол.

Үүнээс гадна МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл бүхнийг төрд татах нь. Түлш, шатахуун, цахилгаан, эрчим хүч, мах, сүү, гурил, цагаан будааны үнийг төрөөс зохицуулах гэнэ. Бидний мэддэг төрийн зохицуулалт бол үнийн зөрүүг төсвөөс гаргах л арга. Тэгвэл монголчуудын хамгийн их хэрэглэдэг дээрх бүтээгдэхүүнд төр хамаг мөнгөө шавхаад дуусгах вий дээ. Эсвэл улсын мөнгийг зарахгүйгээр хийх өөр гайхамшигтай арга олчихсон юм болов уу. МАХН-МҮАН-ын мөрийн хөтөлбөр угаасаа л яаж гэдэг асуултад хариулаагүй юм билээ. Ингээд зогсохгүй зээлийн хүүгийн дээд хязгаарыг төрөөс хянаж зохицуулна, нефть бүтээгдэхүүний импорт, бөөний худалдааг төрийн мэдэлд авна гэжээ. Төр энэ их ачааллыг даах болов уу, яах бол. Өнөөх л нөхөн төлбөр гэж улсынхаа халаасыг шавхчих магадлалтай.

Дараа нь өрхийн тэр­гүүнүүдтэй төр гэрээ байгуулах юм гэнэ. Хорвоогийн жа­маар өрхийн тэргүүнгүй үлдсэн хүмүүс тэгвэл яах вэ. Монгол хүүхдийг гадаадад үрчлүүлэхийг хориглож, дотооддоо өнчин хүүхэд үрчилж авбал урамшуулал олгох юм байх. Хүүхэд үрчилж авах нь төр оролцох хэрэг биш баймаар. Оролцлоо гэхэд эрсдэл бас байна. Зөвхөн төрөөс урамшуулал авахын тулд хүүхэд үрчилж авдаг цэвдэг сэтгэлтнүүд олон болчих вий. Зөвхөн харийнхан монгол хүүхдэд “хүйтэн” ханддаг юм биш шүү дээ. Энэ мэтээр МАХН-МҮАН-ын мөрийн хөтөлбөрт хар төрүүлэх зүйл цөөнгүй байна. Гэхдээ яаж гэдэг гарцаа, яагаад гэсэн тооцоогоо ганц өгүүлбэрээр ч болов оруулчихвал арай ойлгомжтой болох байж. Гэхдээ тийм зүйл огт алга тэдний мөрийн хөтөлбөрт.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан