Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Сүхбаатар: Хөгжимчин хүн баяжсан түүх үгүй

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Эстрадын урлаг тэр дундаа үлээвэр хөгжмийн мастеруудаас нэр дурдвал Л.Сүхбаатар гэх нэр эрхгүй дээгүүр бичигдэнэ. “Баянмонгол” чуулга, Улсын филармонид насаараа ажиллаж, 50 гаруй жил саксфон тоглож буй түүнтэй уулзаж ярилцах боломж олдсон юм. Өдгөө Сэлэнгэ аймагт амьдарч буй тэрээр одоо ч хөгжмөө тоглосоор байгаа аж. Түүнтэй эстрадын урлаг болоод жааз хөгжмийн тухай ярилцсанаа хүргэе.

-53 жил гэдэг асар урт хугацаа. Энэ олон жил эстрадын урлагт хүчин зүтгэж буй таныг хэрхэн хөгжимчин болсон тухайгаас тань яриагаа эхлье гэж бодлоо?
-Намайг дөрөвдүгээр ангид байхад буюу 1957 онд Барилгачдын ордны зүүн талд Монголын пионерын ордон бий болоод удаагүй, үлээвэр хөгжмийн анги байгуулахаар сурагчдыг шалгаруулж байсан юм. Би ч багын хөгжим, дуу хуурт дуртай байсныг хэлэх үү гүйж очоод боритон гэдэг үлээвэр хөгжмийн ангид элсэв ээ. Анх очиход Таванцэрэг гэж цэргийн үлээвэр найрал хөгжимчдийн дунд нэртэй, мундаг хүн өөр дээрээ авч байлаа. Тэр хүн л надад хөгжмийн тухай анхан шатны ойлголт, мэдэгдэхүүн олгосон юм. Гэхдээ хамгийн анх барьсан хөгжим маань саксфон биш аманхуур байсан. 1950 оны дунд үеэр санагдаж байна, аманхуур хөгжим Монголд ид орж ирж байсан үе. 10 төгрөг гээд дэлгүүр бүрт зардаг байж билээ. Хүмүүс ч их авна. Хүүхэд залуус, ах эгч нар хаа сайгүй хэд хэдээрээ тойрч суугаад аманхуур тоглодог байв. Би ч гэсэн аманхуур тоглож, хөгжим гэдэг зүйлтэй танилцаж байлаа.

-Ер нь, таныг анх урлаг, уран сайхан руу хөтөлсөн зүйл юу байв?
-Ерөнхийдөө аманхуураас эх авч урлаг, уран сайхны хүн болсон гэж болно. Гэхдээ ээж, өвөө хоёр маань мундаг урлагийн авьяастнууд байсан нь ч нөлөөлсөн. Ээж маань 1939 оны дайн болж байх үеэр Бөмбөгөр ногоон театрт дуучин элсүүлж байгаа сургаар Увс аймгийн Зүүнхангай сумаас ирж шалгуулж байсан юм гэдэг. Улмаар Бөмбөгөр ногоонд дуучнаар орж хэсэг ажилласан даа. Ээжийг Бүтэд, төрсөн дүүг нь Самдан гэдэг юм. Энэ хоёр маань хөдөө байхдаа хээр, хонины бэлчээрт дуулдаг байж л дээ. Тэр үед манай нутгийнхан “Шинэнгээгийн хоёр хүүхдийн дуулахыг сонсч байгаад хөлөө хайруулчихаад ирлээ” гэж орж ирдэг байсан гэдэг.

-Хөлөө хайруулна гэдэг нь..?
-Яахав, идэр өвлийн хүйтэнд хоёр хүүхдийн дуулахыг сонсч суугаад хөлөө хөлдөөх дөхдөг байж л дээ. Тийм л сайхан дуулдаг байсан хэрэг. Харин өвөө маань гайхалтай сайхан исгэрдэг хүн байлаа. Багадаа өвөөг морь услахаар явахад нь исгэрэхийг нь сонсох гэж их ч дагаж явдаг байж. Өвөө морио услахаар ус руу орж ирэхэд ойр орчмын айлаас хүмүүс гарч ирээд гэрийнхээ гадаа сонсоод суучихна. Тийм л гайхалтай исгэрдэг хүн байсан байгаа юм. Би даанч түүнийг нь сурч чадаагүй дээ. Тэдний маань авьяас надад бага ч гэсэн өвлөгдсөн үү, ер нь л багаасаа дуу хуур, бүжиг наадаанд дуртай хүүхэд байлаа.

-Таныг хөгжимчин биш бүжигчин болох гэж байсан тухай сонссон юм байна?
-Тийм тийм.  Анх хөгжимчин биш бүжигчин болъё гэж бодож байсан юм. Төмөр замын соёлын ордон 1956 онд ашиглалтад ороход би дөрөвдүгээр ангийн сурагч байлаа. Тухайн үед ойр зуур бүжиг хийчихдэг байсан болохоор Төмөр замын соёлын ордны ёстой л будаг нь ханхалсан тайзан дээр усан цэргийн бүжиг гэж орос бүжиг хийдэг байв. Төмөр замын 20 дугаар сургуульд долдугаар анги дүүргэсэн болохоор соёлын ордноос нь салдаггүй байсан хэрэг. Би ер нь багадаа тамтаггүй сахилгагүй хүүхэд байлаа. Хэн үймүүлнэ Сүхбаатар, хэн хэрэг тарина Сүхбаатар, цонх хагална, цагдаад баригдана Сүхбаатар. /инээв/ Ямар сайндаа л намайг хурдхан шиг долдугаар ангийг нь төгсгөж барилгын техникумд оруулъя гэж байхав. Тэр үед аль болохгүй бүтэхгүй нөхдийг л барилгын техникумд оруулдаг байж.

-Найм төгсгөдөггүй байсан хэрэг үү?
-Үгүй долоодугаар анги л төгсгөнө. Одоо үед бага ангиас дунд, дундаас ахлах гэж явдаг бол тэр үед долоо юм уу аравдугаар анги л төгсөнө. Сурлага, сахилга муутай мань мэтийг долоо л төгсгөдөг байж. Би ч урлаг уран сайхан гэхээр амиа өгөхөөс буцдаггүй байсан нөхөр барилгын техникумд орохоор болов оо. Тэгэхэд ангийн багш Цэрэнханд маань “Энэ Сүхээ сахилгагүй нь дэндсэн болохоос уг нь урлаг уран сайханд дуртай, их өөриймсөг хүүхэд байгаа юм” гэж билээ. Гэлээ ч би нөгөө дургүйцээд байсан барилгын техникумдаа хүссэн хүсээгүй орсон.  Гэхдээ дургүйд хүчгүй гэгчээр хичээл тасалж явсаар шалгалт өгөх эрхгүй болж хөөгдсөн.

-Хөөгдөөд яав?
-Хөөгдчихөөд Байшин үйлдвэрлэх комбинатын тэнд Барилга угсралтын курст эцэг эхийн шахалтаар элссэн. Тэгэхэд эх оронч Чогдог гэж хүн Байшин үйлдвэрлэх комбинатын дарга байлаа. Би ч дуртай дургүй гурван сар явж байж нөгөөхөө төгслөө. Тэгээд 15 дугаар микрорайоны анхны байшингийн суурийг ухаж байв.

-15 дугаар микрорайон гэж?
-Одоогийн зүүн дөрвөн замын арын саарал угсармалууд шүү дээ. Тэнд суурийн ажлыг нь дуустал ажиллаж байгаад нөгөөх л хөгжмөө хөөгөөд явчихсан. Угтаа эцэг эх барилгын хүн болгох гэж их ч зүтгэсэн дээ. Гэхдээ гэрийнхнээсээ зөрүүдлэн байж хөгжимчин болсноо алдаагүй гэж боддог юм.

-Яг саксфон хөгжмөө барьж авсан үе нь хэзээ байв?
-Нөгөө барилга байшин барьдаг ажлаа хаячихаад сургууль дээрээ иртэл манай ангийнхан пионерын лагерь явах гээд бэлэн болчихож. Би ч машин дээр нь үсрээд гарчихваа. Тэнд угтаа манай 20 дугаар сургуулийн бүх багш нар явж байсан юм. Гэсэн хэдий ч хэн нь ч намайг буу гэж хэлээгүй л дээ. Тэгээд л пионерын лагерьтаа очиж хоёр сар амрангаа нөгөө л хөгжимтэйгөө зууралдаж зууралдаж ирсэн. Гэтэл багш нар намайг буцаагаад есдүгээр ангид авна гэж байна. Би ч сургууль соёлд дургүй хүн гөжүүдлээд хөгжмөө л хөөнө гээд зүтгэчихсэн. Тэгтэл манай нагацын хамаатан Цэвэлмаа гэж гавьяат жүжигчинд “Энэ нөхөр хөгжмөөс салдаггүй юм, чи нэг хөгжим бүжигт оруулна байгаа” гээд ангийн багш намайг тушаачихав. Нөгөө хүн ч намайг авч явж хөгжим бүжигт аваачиж шалгуултал тэнцчихсэн.

-Саксфоноор уу?
-Үгүй, турба буюу нарийн бүрээчний ангид орохоор болсон юм. Угтаа адилхан л гуулин хөгжим л дөө. Тэр хөгжмийг үлээнэ гээд тэнцчихсэн байтал нөгөө хөгжим нь сургуульд байдаггүй ээ. Тэгээд морин хуурын ангид орох уу л гэж байна. Би ч нэг их дуртай биш толгой дохиод тоглож үзүүлтэл Ардын жүжигчин Жамъян гуай “Хүүе, би наад хүүхдийг чинь авъя. Наад хүүхэд чинь хуруу гар нь яг моринд хуурт таарах юм байна” гэв. Тэгээд л морин хуурт орно гэж бүртгүүлчихээд талбай дээр явж байтал нийлж дэггүйтдэг басан нөхөд маань Залуучуудын ордонд гуулин хөгжмийн ангид хүн авч байгаа тухай дуулгасан юм. Яваад очтол үнэхээр хүн элсүүлж байна аа, шалгуултал тэнцчихлээ. Анх намайг шалгаж тэнцүүлсэн хүн бол Чогдов гэж кларнет тоглодог мөн л Монголын сор хөгжимчдийн нэг байлаа. Ингэж л би саксфон гэдэг хөгжимтэй амь амьдралаа холбож өдийг хүртэл 50 гаруй жил тоглож байна даа.

-Та ч мундаг сахилгагүй нөхөр байсан бололтой. Гэвч урлаг хүнийг хүмүүжүүлдэг гэдэг шүү дээ?
-Тийм, урлаг үнэхээр хүмүүжүүлдэг юм билээ. 1962 оны есөн сард анх саксфоноо барьж Түмэнбаяр багшаар хуруу гарын тавилтаа заалгаж арваннэгэн сар гэхэд би чинь ая энэ тэр тоглоод овоо зүгширчихсэн байв. Тэгээд  л жаахан дөр суучихсан нөхөр чинь өмнө нь нийлж сахилгагүйтдэг байсан нөхдүүд дээрээ очиж хайгуулаваа. Таванбуудалд очиж нэг хонолоо, дараа нь Тарвагантахалд очиж мөн нэг хоног хөгжмөө тоглож хонов.

-Тарвагантахал гэдэг нь газрын нэр хэрэг үү?
-Тийм, Тарвагантахал гэж тахалын станц байсан газар л даа. Одоогоор бол вагон депогийн урд талыг хэлж байгаа юм. Дараа нь тэндээсээ гарч Амгаланд очиж нэг хоночихоод иртэл Чогдов багш маань намайг хөөж байна. “Ийм тэнэж явдаг, сахилгагүй хүүхэд надад хэрэггүй, яв чи” гэж байна. Тэгэхээр нь би уйлаад суучихсан. Би угтаа хэний ч өмнө уйлж байгаагүй хүн. Харин Чогдов багшийн өмнө бол уйлсан юмдаг. Өглөө есөн цагт багшийн өрөөнд орсон хүн хөөгдөж гараад үүдэнд нь үд хүртэл уйлсан. Дуртай юмнаасаа салах болсон хүн чинь уйлахаас өөр аргагүй болж байгаа юм. Багш орж гараад л байв. Би ч ихэр татуулаад л суугаад байв. Тэгсэн багш нэг гарч ирэхдээ “Яв, ээж аав хоёрынхоо нэгийг дагуулж ир” гэж байна. Би ч гуяа алгадаад л гүйчихлээ. Ээжийгээ дагуулж ирээд багшид учир начраа хэлээд тэгээд л сургуульдаа үлдсэн дээ.

-“Баянмонгол” чуулгад хэзээ орсон юм бэ?
-1962 онд тэгэж хөөгдөх дөхснөөсөө хойш нөгөө нийлдэг нөхдөөсөө зайгаа барьж хөгжмөө л хөөх болсон. Түүнээс хойш нэг их удалгүй анхны тоглолтоо хийсний дараа Чехээс Янсивачик гэж мундаг багш ирсэн юм. Дараа нь 1966 онд Пол Хамош гэж Унгарын циркийн удирдаач багш ирж надад их ч юм зааж сургасан даа. Би энэ хоёр хүнээс нэлээн юм сурсан. Тэр үед чуулгад 15 хүний бүрэлдэхүүнтэй жааз оркестр байсан юм. Тэнд би 1972 он хүртэл тасралтгүй 10 жил ажилласан. Энэ хооронд голдуу л радиод ажиллаж байлаа. Шууд эфирт хөгжим тоглодог байсан хэрэг. Өдөр нь радиод тоглож байгаад оройдоо чуулгад нийтийн бүжигт очиж тоглоно.

-Таныг мөн Улсын филарамони байгуулагдах анх ажиллаж байсныг мэдэх юм байна?
-1970 онд Германы Вананбергийн оркестр гэж цөөхүүл оркестр манайд ирсэн юм. Тэр нь Германы радио, телевизийн дэргэдэх оркестр гэж явдаг байсан юм л даа. Түүнийг Чимэддорж багш харчихаад телевизийн дэргэд ийм оркестртой болоё гэж Төв хороонд санал оруулсан нь дэмжигдсэн. Тэнд ажиллаж байтал дараа нь улсын филармони, хөгжмийн хүрээлэн бий болох тухай яригдаж бүрэлдэхүүнд нь ямар ямар оркестр байхыг Соёлын яамнаас гаргасан юм. Түүнд нь симфони оркестр, жааз оркестр мөн бит групп буюу нөгөө “Соёл-Эрдэнэ” зэрэг хамтлагийг хэлж байсан хэрэг. Мөн дуучид гээд 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 1972 оны арван сард Улсын филармони гэж нээгдэж байлаа. Тэгээд л яамнаас чуулгад байсан намайг шууд филармони руу шилжүүлэх тушаал цохож тэтгэвэрт гартлаа ажилласан даа.

-Тэтгэвэрт гарснаасаа хойш юу хийж байв?
-Юу эсийг хийхэв. Зүүнхараагийн “Мөнгөнхараа” дуу бүжгийн чуулгад хөгжмийн багшаар томилогдож ирлээ. Тэгтэл сая, нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврийн насныхныг ажлаас нь халлаа л даа. Тэрэнд манай хөгшин бид хоёрын нэр ч орж ажилгүй болсон доо.

-Таныг мөн Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оролцож явсан тухай сонсч байлаа?
-1990 онд биднийг ардчилсан хувьсгалд оролцох гэлээ, эсэргүүнүүдийн гар хөл болох гэлээ гэж намын дарга донгодож байгаад тэр жилийнхээ аравдугаар сард биднийг нэг мөр хомрогоор нь тэтгэвэрт гаргачихсан юм. Яахав, бидний ажил мэргэжил 25-тай тэтгэвэрт гардаг ч ажиллах боломжтой, ёстой л ид хийж бүтээдэг насан дээр маань хөөгөөд гаргачихсан. Хэсэг хийх ажилгүй болчихоод байтал нийгэм ч солигдож нь эхнэр маань Дорноговь аймгийн Ихэт суманд ажиллахаар очиход нь би клубийн эрхлэгчээр хамт очиж байлаа. Хөдөөний клубийн  эрхлэгч гэдэг чинь ажил нь дийлдэхгүй. Ямар сайндаа л би уран сайхны кино гаргах гэж Улаанбаатар руу хоёр жил нааш цааш явж байхав. Тэр үед хальсны кино гэж том дугуй хайрцагтай, дамарт ороосон юм байлаа. Нэг кино гэхэд л найм, есөн хайрцаг болдог байв. Гурван кино гэхээр 30-аад хайрцаг юм үүрээд вагоноор явж Бор-Өндөр дээр бууна даа. Тэндээс “шаахай 72” мотоцикльтой найз маань ирж киногоо ачиж аваад л сум руугаа явна даа. Тэгж хэдэн жил кино гаргаад олсон орлогоороо бас хэдэн хүн цалинжуулж байгаа юм. Механикч, цэвэрлэгч, номын санчаас өгсүүлээд 10-аад хүн цалинжуулна. Дээр нь ашгийнхаа 20 хувийг түрээс гээд өгчихнө. Тэгэхэд манай хүн хурлын дарга хийж байсан юм. Дээгүүр, дарга нар л намайг мөнгө идэж шамшигдуулж байна гэж ярьж байсан юм билээ. Тэгэхээр нь дургүй хүрээд өөрсдөө киногоо гарга гээд клубийнх нь хаалгыг хааж орхиод сургуульд дуу хөгжмийн багшаар очсон доо. Клубийнх нь хаалгыг цоожилж орхисноос хойш хоёр жил ёстой салхи ч оруулаагүй дээ.
Сургуульд багшаар очсоноос хойш хэл амгүй харин ч сайхан байв. Тэгэхэд Ихэт сум Дорноговь аймгийн 27 сумаас урлагийн үзлэгээр 26-д ордог байлаа. Жил бүр “Яргуй” гэж аймгийн хэмжээнд зохиогддог том наадам болдог байлаа. Би ч дуу хөгжмийн багшаар очоод удаагүй байсан болохоор нөгөө 26 дугаар байрыг урагшлуулна гээд үзэж тарсан. Хагас жил бэлдэж бэлдэж хавар нь “Яргуй” наадамд ортол манай сургууль гуравдугаар байрт орсон. Хэчнээн сумын сургууль ч гэлээ урлаг уран сайхны юманд их ч сэтгэл гаргасан шүү. Аймгийн төвөөс бүжгийн багш авчирч бэлдүүлж байлаа. Хөгжмөө өөрөө зааж хүүхдүүдээ дуулуулаад гуравт орсон юм. Тэрний дараа жил сайн бэлдсэний хүчээр нэгдүгээр байрт орсон. Тэгээд байж байтал 1996 онд Баянмонгол чуулгын удирдаач байсан манай Ганбат над руу яриад “Сүхээ чи Эрдэнэтэд хүрээд ир, энд жааз байгуулах гэж байна” гэдэг байгаа. Угтаа би л ил гаргаагүй болохоос Дорноговьд байсан гурван жил надад их хүнд байлаа. Телевизээр манай чуулгынхан гараад ирэхээр хамар шархираад сэтгэл их хөндүүр оргино. Ер нь их санадаг юм билээ. Хамт олноо ч тэр хөгжмөө ч тэр.

-Чуулга байгуулагдаж байсан тэр үед Монголын эстрадын урлаг тэр дундаа үлээвэр, жааз хөгжим өндөр хөгжиж байжээ дээ?
-Тэгэлгүй яахав, одоотой харьцуулах юм биш. Одоо хөгжмийн урлаг тэр үеийнхээс муу байгаа нь фонограмм гэгч юм хамаг юмыг үнэгүйдүүлж байгаагаас болж байгаа хэрэг. Бидний яриад байдаг амьд хөгжим гэж юмыг фонограмм алчихсан байхгүй юу.
Одоо рок поп, эстрадын урлагийн эцэг нь Ухнаа гэж ярих гээд байдаг. Угтаа үгүй юм шүү дээ. Их яривал эцэг нь Хайдав ах, Цогзолмаа багш, Пүрэвдорж гуайгаас эхэлнэ. Мөн жаазын үүсэл гарлыг хөөвөл 1940 оны циркээс эхтэй. Тэр үед эстрадын товчоо гэж байгуулж байсан. Түүнд нь Цогзолмаа багш, Мөрдорж гуай, Гочигсумлаа гуай, зураач Намхайцэрэн, хоёр Лувсанбалдан, Шагдарсүрэн, Дүгэржав тэргүүтэй агуу хүмүүс байсан юм шүү.

-Таныг тамирчин, тэр бүү хэл шайбтай хоккейн мастер гэж сонссон?
-Би хөлбөмбөг, бас хоккей тоглож байсан. Анх Соёл нийгэмлэг гэж байхад долдугаар ангид байлаа. Тэгэхэд бид нэлээн хэдэн жил хөлбөмбөг тоглосон шүү. Дараа нь 1970-1976 оны хооронд шайптай хоккей тоглосон. Харамсалтай нь, 1976 онд тэмцээнд тоглож байхдаа хаалга руу цохисон шайбанд цохиулж үүдэн шүднүүдээ алдчихсан юм. Тэгээд л хөгжимчин хүний гол зэвсэг үүдэн найман шүдээ алдсан даа.

-60-аад жилийн урлаг уран сайхан, спорт хосолсон энэ амьдралаа эргэн харахад юу бодогдох юм?
-Их сонин шүү. Би одоо энэ муу хөгжмөө хэвтэж байсанчиг л дуугаргаж чадна. Амьсгаа хураахаасаа өмнө ч нэг дуугаргаж аваад үхнэ гэж боддог юм.

-ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн тухайгаа яриач?
-ЮНЕСКО-д бүртгүүлдэг чинь 2011 он юм. Цаад гадныхан нь надаас нэг их юм асуугаагүй л дээ. Манай лимбэнийхэн намайг сайн мэддэг болохоор ЮНЕСКО-д бүртгүүлэхээр санал оруулсан юм билээ. Саксфоныг битүү амьсгаагаар 20 минут үлээнэ, тоглоно гэдэг лимбэнээс ч хэцүү. Хэдий нас явсан ч гэлээ яг шалгуулахдаа 20 минут үлээсэн юм. Надаас гадна битүү амьсгаагаар ЮНЕСКО-д бүртгэгдсэн хүний нэг нь тогдгор Галсантогтох, Өмнөговийн гавьяат жүжигчин Батжаргал гэж хүн бий.

-Танд хэвлэж нийтэлсэн, олон нийтэд хүргэсэн цомог эсвэл кассет ч юм уу байдаг уу?
-Уг нь их л бодож явсан юм. 50 гаруй жил хөгжим тоглохдоо тийм юм гаргаж чадсангүй. Ядаж нэг хэдэн ая бичүүлээд цомог болгочихоё гэсэн ч нөгөө л мөнгөний асуудлаас болоод чадсангүй.

-Ер нь, хөгжимчин хүн баяжсан түүх байх юм уу?
-Байхгүй, миний үед л баяжсан юм алга. Харин 1990 оноос хойшхи нь баяжсаан баяжсан. Түүнээс өмнө энэ эрх чөлөөт нийгэм байсан бол магадгүй бидэн шиг баян хүн байхгүй байх байсан болов уу. Тэр үед чинь “Чи тийшээ яв, тийм юм тогло” л гэдэг байлаа. Хэн байх нь хамаагүй тушаал бол тушаал. Угтаа урлагийн хүн гэдэг аливаа юмнаас хараат байж гэмээнэ жинхэнэ уран бүтээл туурвина биз. Гэтэл хуучин цагт бид хагас цэрэгжилтийн байдалтай ажилладаг байлаа. Хэчнээн сайн байгаад цалин л нэмнэ үү гэхээс өөр юмгүй.

-Надад бол одоо ч оройтоогүй мэт санагдаж байна?
-Яахав, нэг цомог гаргая гэхээр студит очиж бичүүлэх хэрэг гарна. Нэг удаагийн бичлэгт ороход чинь 300 мянган төгрөг. Сая л гэхэд чаддаг чаддаггүй нь хамаагүй өчнөөн хүний халчихлаа. Би л гэхэд цалингийн зээлтэй ажилгүй болчихож байгаа юм. Банк надаас сар бүр 200 мянган төгрөг нэхээд байдаг. Тэгэхээр нь би тэтгэврийн зээл авч өнөөхийгөө төлж байгаа юм. Тэгэхээр хэчнээн хүсээд нэг юм бичүүлье гээд болохгүй явсаар өдий хүрч. Яахав, урьд ийш тийш яваад ганц нэг төгрөгөөр тоглоод байдаг байлаа. Одоо ч тийм юмгүй болж дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан