Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бидний мэддэггүй Эрдэнэт үйлдвэр

Хүн бүр л Эрдэнэт үйлд­вэрийг  “Монгол Улсаа тэжээж буй саалийн ганц үнээ. Улсад тат­вар төлөлтөөрөө  нэгт би­чигдэнэ”  гэж л ярьдаг. Би ч бас ингэж  ойлгодог төдий л  нэгэн.

Гэхдээ саяхны нэг өдөр тус үйлдвэрийн бүсэд  нэвтэрч ‘жинхэнэ үнэнг’ олж мэдсэнээ сийрүүлэх хүртлээ энэ их айлын тухай дэндүү бага,  бүр огт мэддэггүй явснаа  анзаар­лаа.  Ингээд  уншигч танд эх орны маань хөрсөн доорх баял­гийн  нэгээхэн хэсэг “Эр­дэ­нэс­тэй ууланд”  анх удаа зочил­сон тэмдэглэлээ хүргэхээр  шийдлээ.

Үйлдвэрийн тухай надад тайлбарлаж  өгөх сайн хөтөч  олсонд дотроо ихэд талархаж явлаа.

Түүнийг  Б.Сэргэлэн гэдэг. Тус үйлдвэрт  19 дэх  жилээ  ажиллаж яваа үйлдвэрлэлийн хэлтсийн инженер.  “Дулааны инженер мэргэжлээр их сургууль төгсч ирсэн жилдээ үнс зөөгчөөр ажилд орж байлаа” хэмээн бидний яриа эхэлсэн юм. Үйлдвэрт сургуулиа төгсөөд шинээр ирсэн хэн бүхэн ийнхүү жинхэнэ ажилчнаас ажлын гараагаа эхлүүлж, цаашид өөрийн чадлаар дээш ахицгаадаг ‘’ зарчим’‘ бий. Түүний ээж аав энэ үйлдвэрийн ууган ажилчин  байсан бөгөөд  эдүгээ хүүгээ үе залгамжлан үйлд­­­­вэртээ ажиллахыг харж гавьяаныхаа амралтыг эдлэж  суугаа буурлууд ажээ. Ийнхүү ярилцсаар бид ил уурхайг зорилоо .  

Анх Чехословак улсын тусламжтайгаар Эрдэнэтийн овооны зэс–молибдений орд газрын хайгуулын ажил 1964-1968 онд амжилттай явагджээ.  Хүдрийн ил  уурхай 1978 оны аравдугаар сарын нэгэнд ашиглалтад орсноос  хойш   2014 онд 26,1 сая тонн  хүдэр боловсруулах хүртлээ өсөн дэвжсэн хэмээн  үйлдвэрийнхээ түүхийг товчхон танилцуулав.

 Надад түүнээс асуух тун олон зүйл байлаа. Хүний гараар эвлүүлэн засч янзалсан мэт харагдах тогтоцтой чулуу, шороон овоонуудаас эхлээд  чухам ямар дамжлагаар  явсаар эцсийн бүтээгдэхүүн экспортод гарахад бэлэн болдог  нь  мэргэжлийн тэдэнд бол энгийн ч  бидэнд сонирхолтой учраас  хармаар байгаагаа ч  нууж чадсангүй. 

...Ил уурхай дээр  ярилцах зуурт  ойр орчмыг харж зогссон надад “хөтөч” инженер газраас  алтан шаргал судал бүхий гялалзсан саарал чулуу авч харуулаад: “Бидний олборлолт хийгээд байгаа баяжмал бүхий чулуу чинь энэ шүү дээ” гэлээ. Энэ нутгийн  чулуу бүх эрдэнэс  байхдаа хэмээн  чулууг атгаж  зог­сохдоо  өөрийн эрхгүй бодлоо.

Ингээд бид  хамгийн чухал бүтээн байгуулалт болж буй хэсэг  буюу баяжуулах үйлдвэрийн өөрөө нунтаглах хэсгийн хүдэр боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх өргөтгөлийн ажил  дээр ирлээ.  Эрдэнэт үйлдвэр анх 1978 онд ашиглалтад орсноос хойш хүчин чадлаа шат дараатайгаар нэмэгдүүлсээр иржээ. Өргөтгөл  хэдхэн  хоногийн дараа ашиг­лал­тад орохоор зэхэж буй  гэнэ.
Тус бүтээн байгуулалтын үр дүнд  Хүдэр боловсруулах хүчин чадал жилд зургаан сая тонноор нэмэгдэх бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн хүдэр боловсруулалт 32 сая тоннд хүрнэ. 2011 оноос хойш шат дараатай хийгдсэн  төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 168 сая ам.доллар. Төслөөс гарах эдийн засгийн  үр ашиг нь  жилд 32,9 сая доллар бөгөөд нийт хөрөнгө оруулалтаа дөрвөн жил хоёр сарын дотор нөхөх урьдчилсан тооцоо гарчээ.  Мэдээж  шинэ бүтээн байгуулалтыг дагаад хүний нөөц, техник технологийн шинэчлэл  цаашлаад улсад төлөх татвар ч нэмэгдэнэ.

Барилгын ажлын гүйцэт­гэ­лийг тендер зарлан шалга­руулсны дагуу нийт 10 гаруй тус­лан гүйцэтгэгч компани хамт­ран жил гаруй хугацаанд ийнхүү хийгээд дуусч байгаа юм байна.

Үйлдвэрийнхээ үе үеийн түүхэн гэрч болж яваа болов уу гэмээр ахимаг насны  дарга  бүтээн байгуулалтаа нэг бүрчлэн тайлбарлахын хажуугаар  үйлдвэрийн  шат дамжлага бүхий төмөр эд ангийг гараараа илж, барьж заримыг нь бүр өргөх мэт үзүүлэн залуу нас сэтгэл зүрхээ зориулсан Эрдэнэт үйлдвэртээ бас ажилдаа ямархан хайртайг илтгэх мэт.  Тэрээр тэтгэвэртээ гарсан ч энэхүү бүтээн байгуулалтад дахин уригдан ирж үнэт зөвлөгөөгөө өгч ажиллаж байгаа ажээ. Саяхан манай үйлдвэрээс тэтгэвэрт гарсан 1000 ахмад ажилчин цугларч үнэтэй зөвлөгөө дурсамжаа хуваалцсан гэсэн түүний яриаг сонсоод үйлдвэрийн ажилчдын ахмад болон залуу үеийн эргэх холбоо ямар их чухлыг олж харсан байгууллагын удирдлагуудад талархмаар санагдана.

“Хөтөч” инженер маань засвар механикийн заводад очъё гэснээр бид цааш хөдөллөө.  Тус цех рүү явах замдаа үйлдвэрт хэрэглэгдэж буй техникүүдийг засварлах газар гэсэн шууд ойлголт толгойд бууж байсан ч газар дээрээ огт өөр байлаа.  Минийхээр  жинхэнэ “Машин үйлдвэрлэл” энд явагддаг аж.  Бид үндэсний үйлдвэрлэл гэхээр гэрийн бүрээс, гутал, модон эдлэл гээд л  Монгол хүн өөрийн гараар бүтээж байгаа зүйлүүдээ тоочдог.  Магадгүй  би заримыг нь  орхигдуулж нэрлэж байгаа л байх. Гэвч яг ийнхүү ган төмөр  хайлуулж  металл боловсруулан техник тоног төхөөрөмж хийж байгаа тухай сонсоод,  харж байгаа маань анхных.  Гэтэл үйлдвэр анх байгуулагдсаны дараахан буюу анхны суурь машинуудыг 1977 оноос эхлэн суурилуулж, 1978 оны долдугаар сард  анхны металл боловсруулах ажил­­лагаа эхэлжээ. Тус  за­вод нь компанийнхаа тоног төхөөрөмжид урсгал ба их засвар хийж, тоног тө­хөө­­рөмжөө резинэн ба корундаар хуяглах, металл хийж, стандартын бус  тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл бэлтгэх ган ширэм өнгөт металл хайлан цутгах гэсэн үндсэн үүрэгтэй.  Энгийн  үгээр л бодоход үйлдвэрийнхээ техник тоног төхөөрөмжөө засварлах гэж  гаднаас  шинэ сэлбэг  авалгүй өөрсдөө үйлдвэрлэдэг гэсэн үг. Мэдээж  тэр хэрээр  импортоор  ирэх сэлбэгийн үнэ хэмнэгдэнэ гэсэн үг. Жилдээ 10.000 нэр төр­­лийн  40 гаруй тэрбум  төг­­рөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж.  

Цаашлаад Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын машин механизмд засвар үйлчилгээ үзүүлж, засч сэлбэхээс гадна эд ангийг нь  шинээр үйллдвэрлэн нийлүүлэх, мөн шинээр боловсон хүчин бэлтгэхэд нь ч тусалж эхэлсэн гэнэ. Эдгээр комданиудын тоонд Оюутолгой ч орж байгаа  юм байна. Жинэхэнэ галын урсгал  энд л урсаж байхыг,  УАЗ 469 машин бүхлээрээ багтдаг аварга том хутгагч эксковаторын шанага хийгдэж байгааг нүдээрээ харж, баяжуулах хэсэгт хэрэглэгддэг хамгийн чухал эд анги болох  насосыг монгол ухаанаараа хийж оюуны өмчийн эрхийн бичиг нэгэнтээ авах гэж буйг  чихээрээ сонслоо.   Ажилчдад нэн түрүүн ХАБ буюу хөдөлмөрийн аюулгүй байдал хамгаас чухал мөрдөгддөг нь алхам бүрт мэдрэгдэж , цэвэр цэмцгэр байдал бүр хэвшмэл болсон газар байлаа .

Ийнхүү   Эрдэнэт  үйлдвэрийн нэгээхэн хэсэгтэй хугас өдөр танилцсан аялал маань өндөрлөлөө.

Зөвхөн уул уурхайн баялагаа ашиглан сайхан амьдрах боломж хязгаарлагдмал гэж ярьдаг бас тийм  гэж зөвшөөрдөг хэсэг ч байдаг. Гэхдээ Уул уурхайн баялгаа бүгд зөв зохистой  ашиглаж  биесээ  хэмлэж өрсөлдөх биш дэмжиж хамтдаа хөгжвөл улсдаа ч ард түмэндээ ч хэрхэн “саалиа “ өгч болохын үлгэр жишээг  харуулж буй  уул уурхайн салбар  яахын аргагүй Эрдэнэт үйлдвэр гэдэгтэй маргах хүн гарахгүй биз.

Нүүрс олборлодог олон  компани биесээсээ өрсөх гэж өрсөлдсөөр бүгд зах зээлээ алдсан  гэдгийг бид сонсч л байна. Харин Эрдэнэт үйлдвэ­рийнхэн  Оюутолгой бол бид­­ний өрсөлдөгч биш. Бид хамт­даа урагшлах ёстой гэж харж байна хэмээсэн нь магад энэ хамгийн зөв хандлага ч байж болох. Яг өнөөдрийн хувьд Эрдэнэт үйлдвэр шиг сүүлийн  хоёр жилд нийт 982,8 тэрбум буюу 2013 онд 520 тэрбум, 2014 онд 462 тэрбум төгрөгийг улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлж, нийт орлогынхоо 40 хувийг татварт төлчихсөн дайны ямар ч газар  алга. Хамтдаа хөгждөг зэрэгцээд  урагшладаг бол Монгол Улсад маань хичнээн тулхтай байх билээ. Танилцах “аяллын“ эхэнд алгандаа атгасан чулуугаа хөлөртөл атгасаар би тус үйлдвэрээс гарлаа. Эрдэнэстэй уулын үйлдвэрийн тухай бага болов ч мэдэж авсандаа ихэд баяртай байлаа.   Бороо орж зуны эхэн сарын  хөх ногооны униар татна.  Аяллын хөтөч хийж ихийг хэлж өгсөн инженерийнхээ зөвлөснөөр тэд­­ний бас нэгэн  шинэхэн бү­­тээн байгуулалт үйлдвэрээс Эрдэ­нэт хотын төв хүртэл таван км гаруй үргэлжлэх “Эрүүл мэн­дийн зам ”-аар   төв рүү алхлаа.  Бид “Эрдэнэт” үйлдвэрийн тухай зөвхөн цаг үеийн үйл явдлын болоод  дасал болсон уурхай белазны  дүрс бүхий  телевизийн  мэдээг хааяа харж  заримдаа анзаарах ч үгүй өнгөрсөөр уджээ.  

Улс эх орныхоо  зүрхэн тушаа  бүхий  л  эрч хүчээрээ цохилж яваа  Эрдэнэт  үйлдвэрт амьдралын минь нэг өдөр ийнхүү өнгөрлөө. Харин та Эрдэнэт үйлдвэрийн тухай хэр мэдэх вэ!

О. Гэрэл

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан