Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.БӨХБАТ: “Чингис хаан” тэмцээн 100.000 ам.долларын шагналын сантай


Олон улсын жүдо бөхийн холбооноос календарьчлагдсан төлөвлөгөөний дагуу долдугаар сарын 3-6-нд Буянт-Ухаа спорт цогцолборт “Рио-2016” олимпын эрхийн оноо олгох “Чингис хаан” гран при тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Энэ талаар МЖБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбаттай ярилцлаа.

-Тэмцээний талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?

-Анх 2008 онд Монголд олимпын аварга төрсний дараагаар МЖБХ 2009-2011 оны хооронд нийт дөрвөн удаа “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулсан. Тухайн үед Ази тив дэх анхны нэр хүндтэй тэмцээн болж байлаа. Үүний ачаар Монголд жүдо бөх хөгжих суурь тавигдаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж  эхэлсэн. Тиймээс манай жүдо бөхийн холбооны удирдах зөвлөл, холбооны ерөнхийлөгч Х.Баттулгын шийдвэрээр чанар чансаатай тэмцээн зохион байгуулахаар болсон нь “Чингис хаан” гран при тэмцээн юм. 2012 оноос хойш гурав дахь жилдээ зохион байгуулж байна.

-Энэ удаагийн тэмцээний онцлогийн тухайд юу хэлэх вэ?

-Энэхүү тэмцээн маань Монголын бүх спортын төрлөөс хамгийн томд тооцогддог бас их нэр хүндтэй. Дэлхийн олон орны шигшээ багийн тамирчид  ирж  оролцдогоороо онцлогтой. Мөн  “Рио-2016” олимпын эрхийн оноо олгох чухал хариуцлагатай тэмцээн юм. Нийтдээ 100.000 ам.долларын шагналын сантай. Мөн хийгдэж буй алтан медаль, цом маань гантиг чулуу болон 10 кратын алтны хольцтой гэдгээрээ илүү үнэ цэнэтэй. Тэмцээнийг дэлхийн 180 оронд шууд нэвтрүүлэхээр болсон. Тиймээс пүүс, компаниуд Монголынхоо тамирчдыг дэмжин ажиллахаас гадна өөрсдийн сурталчилгааг бүрэн хийлгэх боломжтой.

-Тэмцээнд хэдэн орны тамирчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байна?
-Урьдчилсан байдлаар Япон, ОХУ, Их Британи, Франц  тэргүүтэй 50 гаруй орны 400 орчим тамирчин, багш, дасгалжуулагч, шүүгч, Олон улсын жүдо бөхийн холбооны төлөөлөгч, зочид ирж оролцоно гэдгээ мэдэгдсэн. Манай улс зохион байгуулагч орон гэдгээрээ давуу эрх эзэмшдэг. Нэг жинд дөрөв буюу нийт 56 тамирчин оролцоно. Тив, дэлхийн олимпод бэлтгэж байгаа гол тамирчдаа оролцуулах юм.

-Тамирчдын бэлтгэл хэр хангагдаж байна вэ?

-Тамирчдын маань нэг хэсэг нь Британийн шигшээ багтай Улаанбаатар хотод 10-аад хоног бэлтгэл хийсэн бол үлдсэн нь Японд Японы их сургуулиудын шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийгээд ирсэн. Одоо харин үлдсэн хоногуудад тамирчдаа “Говь”-ийн амралтад аваачиж бэлтгэл хийлгээд тэндээсээ шууд тэмцээндээ ирэхээр төлөвлөсөн. Тэмцээний дараа Спортын төв ордонд дөрөв хоног олон улсын хамтарсан бэлтгэл хийнэ.

-Шүүгчдийн бүрэлдэхүүнд ямар хүмүүс багтсан байгаа вэ. Мөн манай тамирчид ямар жинд барилдах талаар мэдээлэл өгөөч?

-Олон улсын жүдо бөхийн холбооноос тусгайлан томилогдсон шүүгчид шүүнэ. Харин манай улсаас Ганболдын Нямцогт шүүгч ажиллахаар болсныг хэлэхэд таатай байна. Насны ангиллын хувьд  доод тал нь 16 нас байдаг юм.  Жингийн ангиллыг Олон улсын жүдо бөхийн холбоо баталсан байгаа.  Тамирчид эрэгтэй -60, -66, -73, -81, -90, -100, +100 кг, эмэгтэй -48, -52, -57, -63, -70, -78, +78 кг-д тус тус өрсөлдөнө. 

-Зардлын асуудлаа шийдвэрлэж чадсан уу. Ямар байгууллагууд хамтарч ажиллахаар болсон бэ?


-Тэмцээн эхлэхэд  20 гаруй хоног үлдлээ. Гэвч зардлын 20 хувь нь  л шийдэгдсэн. Улсаас 240 сая төгрөг өгөхөөр баталсан боловч одоогийн байдлаар 80 сая нь л бидэнд ирсэн. Үлдсэн мөнгө нь хэзээ ирэх, хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй байгаа. Мөн тэмцээнтэй холбоотой заал, танхим, бэлтгэл сургалтын асуудал одоог хүртэл бүрэн гүйцэд шийдэгдээгүй л байна. Энэ болгонд бид холбогдох яам, спорт хариуцсан төвүүдэд тэмцээний талаарх санал хүсэлт, шаардлагуудыг байнга тавьж байгаа. МЖБХ-ны  ерөнхийлөгч, УИХ- ын гишүүн Х.Баттулга хувиасаа зохион байгуулалтын зардлыг гаргасан. Урьдчилсан байдлаар бид татварт 100.000 ам.доллар шилжүүлэн төлсөн. Мөн тамирчин бүрийг шинэ өмсгөлтэй болгоно. Бидэнтэй хамтарч ажиллах хувь хүн, албан байгууллагуудыг хайж, дэмжлэг хүсч байна.  Мөн спорт сонирхогч хүүхэд, залуучуудыг ч гэсэн тэмцээнээ өргөнөөр ирж үзэж, Монголынхоо баг тамирчдыг дэмжингээ цагаа сайхан өнгөрүүлээрэй гэж хэлмээр байна. Гурав хоног тэмцээн үзэхэд ердөө л 20000 төгрөг. Тасалбарыг Спортын төв ордон болон Спорт дэлгүүрээс авах боломжтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан