Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зээлийн шалгуур өндөрссөн гэдэг үнэн үү

Б.МЯГМАР

Улс орны эдийн засаг хүндхэн байгаа учир банкууд зээлээ хумьж буй талаар иргэд хэлэх болсон. Мөн тэтгэвэр болон халамжийн зээл ч олгохгүй байна хэмээх болов. Иймээс зарим банкаар орж бодит байдалтай танилцлаа. Гэхдээ энэ удаад сэтгүүлчийн үнэмлэхээс татгалзлаа. Би өөрөө ч банкаар үйлчлүүлэгч. Тиймээс зээл хүсэгч үйлчлүүлэгчийн нэгэн адилаар л асууж сураглаж, лавласан юм. Эхлээд 11 дүгээр хорооллын ХААН банкны салбараар орлоо. Тус банкийг Монгол Улсын хамгийн олон харилцагчтай банк гэдэг учир ийн онцоллоо. Зургаагаас долоон теллер иргэдэд үйлчилж байх бөгөөд уртаас урт дараалал үүсчээ. Теллерүүдийн урдаас харсан өрөөнд зээлийн эдийн засагч нар суух бөгөөд үүдэнд нь хүн алга. Үнэхээр  зээл хумигдаж зээл хөөцөлдөх хүн цөөрсөн нь илт байна даа хэмээн бодон дотогш орлоо. Зээлийн дөрвөн эдийн засагч зэрэгцэн сууж иргэдэд хэрэгтэй мэдээллийг өгч, бичиг баримтаа бүрдүүлэхэд нь уриалгахан тусална. Зээлийн эдийн засагч залуу “Манай банк зээлээ хумьсан зүйл байхгүй. Зээл авахаар хандсан хүмүүсээсээ материалыг нь бүрдүүлээд авч байгаа. Зээлийн шалгуур бага зэрэг өндөрссөн. Орон сууцны зээл хамгийн их хүлээлттэй байна. Харин автомашины лизингийн хувьд урьдчилгаа 15 хувийг төлөөд авч болно.

Мөн “Таван богд” ХХК-ийн оруулж ирсэн шинэ машинаас лизингээр  авах бол урьдчилгаагүй зээлээр болно” гэв. “Би уг нь цалингийн зээл бас сонирхож байгаа юм. Гэтэл арилжааны банкууд цалингийн зээлээ хааж эхэлсэн. Учир нь байгууллагууд цалингаа хугацаанд нь тавихгүй байгаа” гэх юм хэмээн лавлахад “Цалин болон халамжийн зээл авахыг хүссэн иргэдийн материалыг бүрдүүлж авч хянаад шалгуураа давж чадах эсэхээс нь шалтгаалан зээл олгох эсэхээ тогтоож байна. Цалингийн зээлийн хувьд хүү нь 1.9 хувь байгаа” гэв.

Харин ипотекийн зээл нэлээд дугаартай байгаа гэсэн. Мөн зээлийн нөхцөлдөө үндсэн зээлээ тэтгэвэрт гарах наснаасаа өмнө төлж дуусгах, хамтран зээл хүсэгч нь тус банкны дансаар цалин авдаг байх ба бизнес эрхэлдэг бол зээлийн төлбөр хийх орлого нь сүүлийн гурван сарын хугацаанд ХААН банкны дансаар дамжсан байх ёстой гэж байв.

Ингээд зээлийн эдийн засагчтай уулзсаны дараа зарим иргэнтэй уулзаж санал бодлыг нь сонсоход өөрийгөө Ц.Лхамсүрэн хэмээн танилцуулсан буурай “Эмээ нь данснаасаа мөнгө авах гээд сууж байна. Сарын өмнө тэтгэврийн зээлээ гурван сараар авсан. Уг нь, жилээр нь авья гэж бодож байсан ч өгөхгүй гэсэн. Хүү маань тэтгэврийн зээлээ жилээр аваад өгчих. Тэгээд сар бүр танд мөнгийг чинь өгч байя. Бөөн авсан мөнгийг чинь машин  худалдаж авахдаа нэмэрлэе  гэж байсан юм. Тэтгэврийн зээл энгийн лизингээс хүү багатай байдаг гэнэ лээ. Уг нь, тэтгэврийн мөнгөө бөөнд нь авчихвал амьдрал ахуйд минь хэрэгтэй байдаг юм. Сар сараар нь авахаар хоолонд өгөөд л дуусдаг. Өмнө нь би дандаа жилээр авдаг байсан. Тэгээд ч сар болгон банк явах гэж настай хүнд хэцүү санагддаг” гэв.
 
Хүлээлт тээсэн зээлүүд ар араасаа хөвөрсөөр  

Ингээд тус банкнаас гарч замын урд эсрэг талд байрлах Төрийн банкны салбараар оров.   ХААН банкийг бодвол дараалал багатай аж. Зээлийн талаар үүдэнд суух харилцааны менежерээс лавлахад “Зээлийн эдийн засагчтай орж уулзаад зээл авч болох эсэх талаар асуу”  гэж зөвлөлөө. Энэ талаар тус салбарын захирал “Төвбанкнаас зээлээ хумь гэсэн бодлого барьж байгаа. Бид Төвбанкнаас ямар чиг өгнө. Түүнийг л хэрэгжүүлнэ. Тэрнээс биш  өөрсдөө дур мэдэн банкны санхүүг зохицуулах эрх байхгүй. Орон сууц болон хэрэглээний, автомашины лизингээ бага зэрэг татаж байгаа. Харин иргэдийн амьдрал ахуйд зайлшгүй хэрэгтэй цалин болон тэтгэврийн зээлийг ямар нэгэн  чирэгдэлгүйгээр олгож байна” хэмээв. Банкуудын зээлийн нөхцөл чангарснаас гадна зээлийг шийдвэрлэх хугацааг сунгасан байна. Тухайлбал, цалингийн болон хадгаламж барьцаалсан зээл ажлын гурав хоногт шийддэг байсан бол энэ удаад багадаа тав, долоо хонож байгаа гэнэ.  Банкууд сар бүрийн эхний долоо хоногт тэтгэвэр, халамжийн мөнгөний зээлийн асуудлыг  шийддэг учир зургадугаар сарын сүүл болсноос дээрх зээл хөөцөлдөж яваа хүн цөөн байлаа.  Зээлээ хумьж байгаа гэх ч бүүр зээл өгөхгүй хэмээн хаалгаа таг хаалгүй ямар ч байсан зээлийн материал бүрдүүлэн авч шалгуурыг нь өндөрсгөжээ. Угаасаа арилжааны банк төлбөрийн чадвартай, сар бүр зээлээ төлж чадах хүнд зээл олгох учиртай. Харин иргэдийн хувьд банкууд зээлээ хумьж эхэлсэн гэдгээ албан ёсоор зарлаагүй ч бүгд зээлийн нөхцөлөө чангатгасан учраас банкны босгон дээр бүдрэх нь ихэссэн бололтой. Дээрх хоёр банкаар ороход зээлийн эдийн засагч нар хүнгүй  байсан юм. Энэ нь банкууд зээлээ хумьсан гэдгийг бататгаж байх шиг.

Зээл гэж ярихад үргэлж хамт яригддаг асуулт бол зээлийн эргэн төлөлт. Банкуудын зээлийн нөхцөл чангарсан ч эргэн төлөлт хэвийн байгаа гэнэ. Хэдийгээр санхүүгийн байдал нь хэцүү байгаа ч ёстой л нэг урд хормойгоороо хойд хормойгоо нөхнө гэгчээр зээлээ төлж  байгаа хүн олон гэдгийг Төрийн банкны 11 дүгээр хорооллын салбарын захирал хэлж байсан. Энэ нь иргэдийн санхүүгийн хариуцлага нэмэгдсэнийг харуулж буй хэрэг биз ээ. Бид зах зээлд шилжсэнээс хойш банктай харилцаж зээл авч сурсан. Үүний хэрээр ч зээлээ эргүүлэн төлдөг болсон. Тэгэхээр арилжааны банкныхан маань санхүүгийн хариуцлага гэдгийг ухамсарлаж байгаа иргэддээ шалгуур босго тавихдаа бас л бодолцож баймаар.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан