Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тосны салбарт Барууны хөрөнгө оруулагчид хүч үзэж эхэллээ


Английн “БИ ЖИ” групп нь байгалийн хийн хайгуул, олборлолт, шингэрүүлсэн хийн нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрдөг. 45 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй, олон улсын эрчим хүчний бизнесийн чиглэлээр таван тивд үл хөдлөх хөрөнгөтэй, 23 улсад үйл ажиллагаа явуулдаг, 70 гаруй үндэстний 5200 ажиллагсадтай. Өнгөрсөн 15 жилд Индонез, Казахстан, Австрали, Их Британи, Египет, Танзани, Боливи, Бразил улсад 500 сая баррелиас их нөөцтэй 15 том ордыг илрүүлсэн. Мөн өнгөрсөн хоёр жилд 17 улсад хайгуулын үйл ажиллагаа явуулахад 1,6-1,8 тэрбум ам.доллар зарцуулсан. Чухам яагаад Английн энэ компанийг онцлон тоо баримт дурдаад байна вэ хэмээн гайхаж байна уу. Учир нь өчигдөр тус компани Газрын тосны газартай фармаутын гэрээг байгуулснаа албан ёсоор баталгаажууллаа.

Газрын тосны хайгуулын Богд IV, Онги V талбайд хамтрахаар байгуулсан фар­маутын гэрээ ёсоор Мон­голд нийт 28 сая ам.долларын хөрөнгө оруулалт нэн тү­рүүнд орж ирнэ. Энэ жил хайгуулд 13,6 саяыг, ирэх жил 13 саяыг зарцуулах гэнэ.  Зөвхөн газрын төлбөрт 1,4 сая ам.доллар Монголд шил­жүүлнэ. Энэ талаар хэзээ ийн тохиролцоонд хүр­чи­хэв ээ хэмээн анзаарч харда­хаас өөр аргагүй. Тэгвэл анх Монгол Улсын Засгийн га­зар энэ талбайд “Сентрал Азиан Петролеум кор­порэйшн лимитэд” компани­тай бүтээгдэхүүн хуваах гэрээг 2009 онд онд байгуулсан юм. Тус компани нь Монголд үйл ажил­лагаа явуулах оператор ком­паниар “Карпкоп Монго­лиа” ХХК-ийг байгуулж гэрээ­гээр хүлээсэн ажлаа эхэлсэн байна. “Карпкоп Монголиа” компани нь 2009-2013 онд газрын тосны хайгуулд 12,9 сая ам.доллар зар­цуулж, хоёр талбайд карота­жийн иж бүрэн судалгаа хийжээ.
Богд IV талбай нь Баян­хонгор, Өвөрхангай, Говь-Алтай аймгийн нутгийг хамарсан 28998,6 км.кв газар, Онги талбайд Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгийн нутгийг хамарсан 21148,7 км.кв хэмжээтэй газар юм. Өнгөрсөн жил чичирхийллийн судалгааны урьдчилсан таамгаар Богд IV талбайд 60-100 сая тонн, Онги V талбайд 22-24 сая баррель газрын тосны нөөц байж болзошгүй гэсэн юм.

Ийн ажил өрнөж байсан ч анхны гэрээ байгуулсан “Сентрал Азиан Петролеум корпорэйшн лимитэд” ком­пани нь Монгол Улсын Газ­рын тосны газарт  2015 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр албан тоотоор Богд IV, Онги V талбайд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх үүргийнхээ 78 хувийг Их Британий “Би Жи” группт шилжүүлэх хүсэлт гаргасан байна. Энэ хүсэлтийн дагуу Засгийн газрын тавдугаар сарын 4-ний өдрийн тогтоо­лоор “Сентрал Азиан Петро­леум корпорэйшн лимитэд” компанийн Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хүлээсэн эрх үүргийг хэсэгчлэн шилжүүлэх эрхийг нь олгожээ.

Ийн дэлхийд алдартай Их Британийн “Би Жи” компани Монголд хөрөнгө оруулагч болсон аж. Бүтээгдэхүүн ху­ваах гэрээ ёсоор газрын тос­ны хайгуулд Монголын Засгийн газраас нэг ч төгрөг зарцуулахгүй. Газрын тос олдлоо, олборлоно гээд ажил эхэлбэл Монголын Засгийн газар 47 хувийг нь авна. Харин олборлох боломжгүй тохиолдолд компани эрсдэлээ үүрэх юм байна. Гэрээнээс харвал төсөл ямар ч байсан Монголд, Монголын Засгийн газарт хохиролгүй наймаа бололтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан