Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орос хүнсийг гар дээрээс борлуулах зөрчил их байна


Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон зэрэг аймгийн хүнсний зах, гудамж талбайд ил задгайгаар хүнсний бүтээгдэхүүн борлуулах болжээ. “Дархан”, “Буян”, “Дархан Олон улсын худалдааны төв” зэрэг томоохон хүнсний захуудын ойр орчмоор тус аймгийн МХЕГ-ын улсын байцаагчид шалгалт хийхэд иргэд ОХУ-аас оруулж ирсэн хүнсний бүтээгдэхүүнээ гар дээрээс борлуулж байгаа зөрчил илэрсэн байна.  
Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бат-Эрдэнэ “Гар дээрээс худалдаа эрхэлж байгаа иргэд хүнсний бүтээгдэхүүнийг гэртээ хадгалдаг. Зарим нь авто машины тээшинд хонуулдаг. Наранд байлгах ёсгүй бүтээгдэхүүнийг гудамжид ил тавьж амархан муутгаж байна” гэлээ.
Ил задгайгаар хүнсний бүтээгдэхүүнийг ингэж худалдаалах нь тухайн бүтээгдэхүүнд өөрчлөлт орж, улмаар хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Хадгалах хугацаа нь 5-6 сар байдаг ч наранд хэт халснаас үүдэж долоо хонохгүй мууддаг аж. Чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээс болж эрүүл мэндээрээ хохирлоо гээд гомдол мэдүүлэхэд хариуцлага хүлээх эзэнгүй гэдгийг анхааруулсан юм.
“ОХУ-аас орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд хуулиараа ил задгай зарагдах ёсгүй. Хил гаалиар ямар нөхцөл байдалтайгаар яаж тээвэрлэж оруулж ирсэн нь мэдэгдэхгүй хүнсний бүтээгдэхүүн ил задгай худалдаалах явдал Дархан-Уул аймагт түгээмэл байгаа” гэж Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Д.Наранцэцэг хэллээ.
Мэргэжлийн хяналтынхны эл байдалтай тэмцэж тухай бүрт нь торгууль тавьж, бараа бүтээгдэхүүнүүдийг хураадаг ч нэг мөр таслан зогсоож хүчрэхгүй байгаагаа учирлаж байна.
Харин гар дээрээс худалдаа хийж буй иргэд “Хүний амьдрал юм чинь одоо яая гэхэв дээ” гэхээс өөрийг хэлсэнгүй. Тэрээр бараа бүтээгдэхүүнээ машиныхаа тээшинд хийж зараад  орой нь гэрийнхээ хөргөгч, хөлдөөгчид хадгаж байгаа гэж тайлбарлав. Хэдий тийм ч халж, хөрөн хадгалалтыг горим алдагдсан бүтээгдэхүүний чанарт өөрчлөлт орсоныг мэргэжлийн хяналтын байцаагч нар шалгаж үзээд тогтоосон.
Хүнсний бүтээгдэхүүнээс гадна архи, согтууруулах ундааг гар дээрээс худалдаалах явдал түгээмэл байгаа аж. ОХУ-аас оруулж ирсэн гарал үүсэл, хаана үйлдвэрлэгдсэн нь  тодорхойгүй гэрийн нөхцөлд хийсэн болохыг лабораторын шинжилгээгээр тогтоожээ. Чанаргүй, баталгаагүй архи уусан иргэн эрүүл мэнд бүү хэл амь насаа алдах эрсдэлтэй юм. Хүнсний чанар аюулгүй байдлын улсын байцаагч Р.Энхсаруул иргэд хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгыг сайтар нягталж, үйлдвэрлэгдсэн огноог сайн харах ёстойг хэлэв. Монгол Улсад олон улсын стандартыг нэвтрүүлсэн томоохон үйлдвэрүүд байгаа учир хэрэглэгчийн эрх ашийг нэн тэргүүнд тавьж, хэдхэн төгрөгийн хямдыг харж гар дээрээс худалдаалж буй чанар, аюулгүй байдлын баталгаагүй хүнс хэрэглэн амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллагынхан анхаарууллаа.

0 Сэтгэгдэл
орос хүнс гэж дэмий донгосч өнчин хүний ноён болж доошоо орж байснаас дээшээ харж томхон сэтгэж ажиллаач худалдан авагч хаанаас юугаа авна та нарт ямар хамаа байнаа айл болгоны хүн болгоны ходоодонд ордогийг хянаж чадах уу өөрсдийнхөө хураасан юмаа идэж уухдаа л анхаардаа хамаатнууд төрлүүд минь
Хамгийн их уншсан