Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гацаа үүсгэсэн газрын тухай хууль

Б.МЯГМАР

Нийслэлийн гэр хороололд 186 мянган өрх ямар ч зохион байгуулалтгүй, эмх замбараагүй, дэд бүтцийн хүртээмжгүй орчинд амьдарч байна. Мөн “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-ийнхний хийсэн судалгаагаар иргэд өөрсдийн амьдарч байгаа газрынхаа 20-30 хувийг огт ашигладаггүй гэж гарчээ. Уг ашигладаггүй талбайд бохирын хоолой, суваг, нөөцийн амбаар байдаг аж. Иймээс нийслэлээс иргэдээ орон сууцжуулах зорилгоор төрөл бүрийн арга хэмжээ авч байгаа. Үүний үр дүнд иргэн та хашааны газраа орон сууц болгох уу эсвэл таун хаус барьж тохиолог амины орон сууцанд амьдрах уу гэдэг сонголтыг үлдээсэн. Эхлэл болгож  нийслэлийн зургаан дүүргийн найман байршилд газар шинэчлэн зохион байгуулж, амины орон сууцтай болох төсөл хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл уг төслийн талбарт хамрагдаж байгаа иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонссон юм. Тэрээр “Та бүхэн өөрийнхөө, үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхан амьдралын төлөө газар шинэчлэн сайжруулах үйл ажиллагаанд санаачилгатай, идэвхитэй оролцож байгаад таатай байна.

Улаанбаатар хотыг агаар, хөрсний бохирдолгүй, орчны доройтолгүй болгох цорын ганц арга зам бол гэр хорооллыг тохилог орон сууцны хороолол болгох юм. Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулж, иргэдийг амины орон сууцтай болгох амаргүй ажил. Тийм ч учраас уг ажлыг бүү улстөржүүлээрэй гэдгийг дахин хэлмээр байна” гэв.

Мөн тэрээр “Хэдэн жилийн өмнө 100 айлын хашааны газрын ам.метрийг нь 100 мянган төгрөгөөр нэгэн компани худалдаж авч байсан. Гэтэл хашааны газрынх нь үнийг тооцоолоход 35 сая төгрөг болсон. Харин нэг өрөө орон сууцны үнэ 50 сая төгрөг байсан.

Гэсэн ч нөгөө өрх тойлгойлсон бүсгүй 15 сая төгрөг төлж чадахгүй учир хашааны газар ч үгүй орон сууц ч үгүй үлдсэн гашуун сургамж бий.

Иймээс энэ асуудалд болгоомжтой хандахыг иргэдэд сануулсан юм. Түүнчлэн газрын хууль хууль эрхзүйн орчин бүрэлдээгүй байгаа учир энэ мэтээр иргэд хохирох тохиолдол гарч  байгааг хэлсэн.

Харин хотын зүгээс газар шинэчлэн зохион байгуулах төсөлд гэрээний үүргийг биелүүлэхэд хяналт тавих зорилгоор орох гэнэ. Уг төсөлд хамрагдаж байгаа иргэдэд санхүүгийн асуудал бэрхшээл болж байгаа учир иргэд хот, нөхөрлөлүүд гурвалсан гэрээ байгуулан оролцож хяналт тавих юм байна.

Уулзалтын үеэр иргэдийн зүгээс шийдэх хэрэгтэй олон асуудал байгааг хэлж байлаа. Тухайлбал, газар шинэчлэн зохион байгуулах төсөлд хамрагдахад тухайн хашааны газар л үнэд хүрнэ. Түүнээс хашаан дотор баригдсан хоёр, гурван давхар амины орон сууц ямар ч үнэд хүрэхгүй тухай дурдаж байв. Хотын дарга УИХ газрын тухай хууль баталчих юм бол энэ бүх асуудал тодорхой болно гэсэн юм.

Энэ талаар “Дарь эх хотхон” иргэдийн түр зөвлөлийн дарга Х.Алтанхуяг “Манай хотхон 16 га газар 251 нэгж талбарт иргэд сайн дураараа нэгдэн газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагаанд оролцоод явж буй. Өмнөх долоо хоногт хотын дарга Э.Бат-Үүл иргэдтэй уулзсан. Иргэд өөрсдөө зээл аваад амины орон сууц бүхий хороолол босгоно гэж байна. Гэхдээ иргэд дотроо санал зөрөлдөх нь ч бий. Нэг хэсэг нь хотоор бариулья гэж байхад  нөгөө хэсэг нь өөрсдөө орон орон сууц, хаус барина гэсэн. Бидний төслийн хувьд манайх 800 таун хаусыг нам даралтын зуухаар халааж таван давхар орон сууц барихаар төлөвлөж байна. Манай газрын нэг сөрөг тал намаг ихтэй. Гэхдээ үүнийг ЖАЙКА олон улсын байгууллагаас шинжилгээ хийгээд энэ бол асуудал биш шийдэх боломж байгаа гэсэн. Мөн цэцэрлэг, сургууль, эмнэлгийг цогцолбор хэлбэрээр байгуулна. Инженерийн 6.6 километр  шугам сүлжээг Сэлбэ дэд төвөөс татаж өгнө гэсэн” гэв.

Мөн гол нь иргэд хоорондоо тохирох, хувь нийлүүлэхэд маргаан гарч байгаа гэнэ. Энэ нь хууль эрхзүйн орчин байхгүйгээс болсныг мөн хөндөв. Тэгэхээр Газрын тухай хууль нэг хоёр хүний хэрэг биш Монгол Улсын гурван сая иргэнд хамаарах учир хуулиа хурдан батлаач ээ. Газрын хууль гацаа үүсгээд байна шүү гэдгийг хэлж байсан юм. Одоогийн хуулиар бол амины орон сууц, үл хөдлөх хөрөнгийг нь үнэлээд зээл олгож байгаа. Харин газрыг  барьцаалж зээл олгодоггүй учир иргэд УИХ-аас шийдэл хүлээж сууна.

Цайз хотхоны хувьд 175 айл өрх хамрагдаж, нийт 12 га газрыг хамрах аж. Тус хотхоны бусдаас ялгарах тал бол 600 гаруй модтой мөн үерийн ус зайлуулах сувагтай. Хашаандаа худагтай 15 айл байсан. Нийслэлийн төвөөс зургаан километрийн зайтай оршдог гэнэ. Энэ тухай тус хотхоны төлөөлөгч “Манай хотхон дотроо бүлгээр зохион байгуулалт хийсэн. Нэгээс найман бүлэгтэй. 2010 оноос эхлэн бүлгийн зохион байгуулалтаар ажиллаж эхэлсэн. Иргэдтэй уулзахад иргэд дахин төлөвлөлтийн талаар  ямар ч мэдлэггүй байсан. Хоёр өрөө байраар газраа солино гээд энд хэдэн ам.метр талбайтай байх тухай мэдээлэлгүй байлаа. Иймээс энэ бүгдийг иргэдэд таниулж эхэлсэн. Ер нь, хэсэгчилсэн төлөвлөгөө яриад явж байхад хүмүүст танилцуулах мэдээлэх шаардлага  их гарсан. Хотхоны төслөө бид олон талаас нь судалж үзсэн. Бид нарыг гол газраа барьцаалж зээл аваад орон сууцаа барих юм. Ашигтай газрууддаа орон сууц юм уу, таун хаус бариад борлуулна. Сургууль, цэцэрлэгт болон дэд бүтэц татах газраа дундаасаа гаргаж байгаа. Иймээс Газрын тухай хууль батлагдах юм бол зээл  авахад дөхөм болох юм даа” гэв.

Уг төсөлд хамрагдсанаар нийслэлийн зургаан дүүргийн 7241 иргэн хамрагдаж амины орон сууцтай болох юм байна. Мөн “Гэр хорооллын орон сууцжуулах төсөл” –ийн хүрээнд иргэд нэгдэн газраа зөв зохистой төлөвлөж чадвал дээрх ашигладаггүй гэх 20-30 хувийн газраа нэгтгэн нөөцийн газар үүсгээд түүнийгээ дуудлага худалдаагаар зарж үлдсэн газартаа цэгцтэйгээр автомашин, явган хүн зорчих зам тавих, ойр орчмын хүүхэд хөгшид нарлах цэцэрлэг байгуулах боломжтой. Харин энэ үүргийг  нөөц газрыг авсан хүмүүс хариуцах юм. Иргэд өөрсдөө  эвлэлдэн  нэгдээд энэ ажлыг хийж эхлээд байгаа бөгөөд хувийн компанид газраа өгч нэг, хоёр өрөө орон сууц авч байснаас хамаагүй ашигтай гэдгийг мэдэрч эхлээд байгаа гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан