Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Арева Майнс” уран ашиглах бэлтгэлдээ оржээ

Өнөөдөр дэлхий дахинд тулгамдаад буй уур амьсгалын дулаарал, агаарын бохирдол, эрчим хүчний өртөг зэрэг хүчин зүйлийн улмаас цөмийн эрчим хүчнийг энх тайвны зорилгоор ашиглах явдал үргэлжилсээр байгаа төдийгүй түүний хэрэглээ цаашид ч нэмэгдэх хандлагатай байна.

Манай улсын хувьд цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах хууль эрхзүйн орчин бүрдсэн бөгөөд зөвхөн шар нунтгийн хэмжээнд боловсруулахаар төрөөс баримтлах бодлого, холбогдох хууль тогтоомжуудад заасан байдаг.

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагааг геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцахаар зохицуулагдсан. Үүний дагуу хамтарсан компани байгуулах, цацраг идэвхт ашигт малтмал эрэх хайх, ашиглах эрхийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох ажлууд хийгдэж байна.

Тухайлбал, Засгийн газрын энэ оны 5 дугаар сарын 19-ний ээлжит бус хуралдаанаар “Мон-Атом” төрийн өмчит ХХК, Бүгд найрамдах Чех улсын “Ураниум индастри” ХК-тай хамтран “Мон-Чех Ураниум” ХХК  байгуулах асуудлыг хэлэлцэн дэмжсэн. Гэрээ ёсоор хамтарсан компанийн 51 хувийг Монголын тал эзэмших юм. "Мон-Атом” төрийн өмчит ХХК, Бүгд найрамдах Чех улсын “Ураниум индастри” ХК-иуд цацраг идэвхт ашигт малтмалын геологи хайгуулын салбарт хамтран ажиллахаар тохиролцжээ.

Мөн Францын хөрөнгө оруулалттай Кожеговь ХХК-нд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд орших Дулаан-Уул, Зөөвч овоогийн ордуудад цацраг идэвхт ашигт малтмал ашиглах ашиглалтын тусгай зөвшөөрлийг олголоо. Цөмийн энергийн газар татан буугдсанаар дээрх тусгай зөвшөөрлийн хүсэлтийг Ашигт малтмалын газар хүлээн авч шийдвэрлэсэн. Ингэснээс Монголын “Мон-Атом”, Францын “Арева”, Японы “Мицубиши” зэрэг компаниудын оролцоо бүхий “Арева Майнс” хамтарсан компанийг байгуулж ашиглалтын үйл ажиллагаа явуулах бэлтгэл эхэлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан