Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Батболд: Иргэд жил бүр 25 тэрбум төгрөг хэмнэх боломжтой болсон

“Чингис” бондын санхүүжилтээр хэрэгжсэн “Гудамж” төслийн үр дүнгийн талаар тус төслийн нэгжийн захирал, доктор Б.Батболдтой ярилцлаа.

-“Гудамж” төсөл өнгөрсөн хугацаанд ямар хэмжээний бүтээн байгуулалт өрнүүлсэн бэ?
- Манай төсөл өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд нийслэл хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлж, нэвтрүүлэх чадварыг нэмэг­дүү­лэх зорилгоор хамгийн ачаалал ихтэй 24 уулзварыг шинэчилж, хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болголоо. Мөн найман байршилд нийтдээ 21.42 км авто зам өргөтгөсөн. Тухайлбал, Чингисийн өргөн чөлөөний 2.2 км авто зам өмнө нь ямар их түгжирдэг байсан, одоо ямар болсныг замын хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүс сайн мэднэ. Хотын зүүн хойд хэсэг Ботаник-Шар хад чиглэлд 6.6 км шинэ зам барих ажлыг эхлүүлж, 2.36 км авто зам ашиглалтад оруулсан. “Цэцэг” төвийн уулзвар буюу Энхтайваны өргөн чөлөөний замыг Сөүлийн гудамжтай холбосон цоо шинэ гудамж, уулзвар бий болголоо. Төрийн тусгай хамгаалалтын газрын хашааг чөлөөлж хийсэн энэ ажил хот төлөвлөлт, авто замын торон сүлжээ бий болгох шинэ, содон жишиг болсон. Ихээхэн түгжрэл үүсгэдэг байсан III, IV хорооллын Ахуйн үйлчилгээний уулзварыг (Энэбиш агсны хөшөөтэй) маш сайн төлөвлөлттэйгээр дэд бүтэцтэй нь шинэчлэн бүтээн байгуулсан. Энэ мэтчилэн авто замын сүлжээг шаардлагатай чиглэлүүдэд хөгжүүлж, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлсэн. Эдгээр ажил бол “Хотын төв” дэд төслийн хүрээнд хэрэг­жүүлсэн бүтээн байгуулалт.

Мөн “Гэр хороолол” дэд төслийн хүрээнд Гандангийн дэнжийн гэр хорооллыг дэд бүтцээр хангах ажлыг амжилттай эхлүүлсэн. Энэ хэсэгт нийт 31 гудамжийг авто болон явган зам, бетон суурь бүхий нэг загварын хашаатай болгож, бүх айлыг инженерийн шугам сүлжээнд холбохоор төлөвлөсөн. Одоо­гийн байдлаар гурван гудамж­ны дэд бүтцийн барилгын ажлыг гүйцэтгээд байна. “Хурдны зам” дэд төслийн хүрээнд Туулын 35 км, Сэлбийн 26 км, нийт 61 км хурдны замын зураг төсөл, байгаль орчны үнэлгээ, ТЭЗҮ боловсруулсан. Манай төсөл 2013 онд Хүй долоон худаг дахь “Монгол наадам” цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг бас гүйцэтгэсэн. 

-Орон нутагт хэрэгжиж байгаа “Гудамж” төслийн явц ямар байгаа вэ?
-Засгийн газраас 2014 оны гуравдугаар сарын 21-нд 96 тоот тогтоол гаргаж “Гудамж” төслийг орон нутагт хэрэгжүүлж, аймгийн төвүүдийн дэд бүтцийг хөгжүүлэхээр шийдвэрлэсэн. Эхний ээлжинд хангайн болон баруун, зүүн бүсийн гурван аймагт төсөл хэрэгжүүлэхээр болж Архангай аймгийн төвд нийт 8.1 км авто зам, 3.25 км дугуйн зам шинээр барьж, долоон уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил гүйцэтгэж, ашиглалтад оруулсан. Мөн Увс аймгийн төвд 11.15 км авто зам, 10 уулзвар өргөтгөн шинэчлэхээр төлөвлөснөөс 3.2 км авто зам, дөрвөн уулз­варын ажил нь дуусч, үлдсэн ажил үргэлжилж байна. Хэнтий аймагт 12.3 км авто зам, гурван уулзвар өргөтгөн шинэч­лэх ажлын зураг төсөл хийлээ. Энэ мэтчилэн аймгийн төвүүдийн дэд бүтцийг одооноос алсын хараатай зөв хөгжүүлэх судалгаа төлөвлөлтийн ажлууд хийж байсан. Гэтэл улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан орон нутаг дахь ажлууд одоогоор үргэлжлэх боломжгүй болоод байгаа.

-Бондын хөрөнгөөс санхүүжүүлсэн энэ төслөөс ямар үр дүн гарч байгааг тооцож үзсэн үү?
-Манай төслийн эдийн засагчид МУИС-ийн мэргэжлийн багш нартай хамтран бидний хэрэгжүүлсэн төсөл тус бүр дээр эдийн засгийн үр өгөөжийн тооцооллыг хийсэн. Нийт 24 уулзварыг хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болгож, өргөтгөн шинэчилсний үр дүнд иргэд жил бүр 25.3 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэсэн тооцоо гарч байна. Өөрөөр хэлбэл, авто замын сүлжээний буруу зохион байгуулалт, түгжрэлээс шалтгаалан энэ хэмжээний мөнгийг иргэд маань үргүй зарж, салхинд хийсгэдэг байсан гэсэн үг. Эдгээр нь шатахууны зардал, тээврийн хэрэгслийн элэгдэл хорогдол, цаг хугацаа, эрүүл мэндийн гэх мэт олон хүчин зүйлээр илэрхийлэгддэг. Хот төлөвлөлт эдийн засаг хоёр нягт уялдаатай байдгийг харуулж байгаа хэрэг. Мөн Замын цагдаагийн байгууллагын гаргасан судалгаагаар авто ослын тоо жилийн хугацаанд 21.2 хувиар буурч, ослоос шалтгаалан гарах байсан 159 сая төгрөг хэмнэсэн гэсэн тооцоолол байдаг. Ер нь хоёр жилийн өмнө манай нийслэл хотын авто замын нөхцөл байдал маш хүнд байсан. Иргэдийн стресс бухимдал ихсэж, зам дээрээ зодолддог, нэг нэгнийхээ машин эд хөрөнгөд халддаг, хэцүүхэн дүр зураг өдөр бүр харагддаг байлаа шүү дээ. Одоо байдал харьцангуй өөр болж байна.Өнгөрсөн жил олон улсын SICA агентлагаас олон нийтийн дунд явуулсан судалгаанд оролцогчдын ихэнх нь “Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн төслүүдээс хамгийн амжилттай, үр дүнтэй нь “Гудамж” төслийн бүтээн байгуулалт” гэж хариулсан нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн том илэрхийлэл. Мөн Нийслэл хотоос энэ онд иргэдийн дунд санал асуулгын судалгаа явуулахад Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн хамгийн үр дүнтэй бүтээн байгуулалтын ажлаар манай “Гудамж” төслийг нэрлэсэн.

-“Гудамж” төсөл цаашид ямар ажлууд төлөвлөж байгаа вэ?
-Төсөл одоо Нийслэлийн Засаг даргын харьяалалд үйл ажиллагаагаа явуулж байна. Хот байгуулалтад “Гудамж” гэсэн гол ойлголт бий. Гудамж үзэмжтэй байвал хот өнгө үзэмжтэй байна. Хэрэв гудамжийг орон сууцтай зүйрлэвэл хотод амьдарч буй хүмүүсийн “Зочны өрөө” гэсэн үг. Энэ зочны өрөө нь  нийт иргэдийн хэрэгцээ шаардлага, орон зайд тохирсон байх ёстой. Хүмүүсийн тав тухтай амьдрах орчин болох “Гудамж”-ийг байгуулж чадах эсэх нь тухайн хотын санаачилга, гол нь санхүүгийн чадавхиас хамаарна. Хот бол бидний амьдарч байга гэр орон шүү дээ. Гэр орондоо бага санаа тавьдаг, хангалттай мөнгө зарцуулж чаддаггүй бол ямар байх нь ойлгомжтой. Ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн бараг байхгүй, энхэл донхолтой зам, явган зам нь сайн тавигдаагүй зэрэг асуудлууд одоогийн манай хот байгуулалтад ихээр тохиолддог. “Гудамж” гэдэг ойлголтод авто зам, явган зам, тэдгээрийн гэрэлтүүлэг, гэрлэн дохио, гудамжны хаягжилт, дулаан, цэвэр бохир ус, цахилгаан, харилцаа холбооны газар дээрх болон доорхи дэд бүтцийн шугамууд, дээр нь дугуйн зам, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан дэд бүтэц, ногоон байгууламж гээд олон зүйл багтдаг. Энэ бүхнийг нийслэл хотынхоо ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан зөв бүтээн байгуулахын төлөө ажиллаж байна.

Энэ онд манай төслийн хүрээнд шинээр хийгдэх ажлын хөрөнгө оруулалтыг  УИХ-аас төсөвт суулгаагүй тул 2015 онд зөвхөн он дамжсан бүтээн байгуулалтын ажлаас өөр ажил хийгдэхгүй байдалд хүрээд байна. Гэсэн хэдий ч манай төслийн хамт олон хот байгуулалтын Тhink-Tank байгууллага болохынхоо хувьд нэлээд шинэ төсөл хөтөлбөр боловсруулж, нийслэл­тэй­гээ хамтарч ажил­лахаар төлөвлөсөн.  Эхний ээлжинд Монголд анх удаа “Авто­машингүй Гудамж” төслийг санал болгож, Нийслэлийн Засаг даргаас өндөр дэмжлэг авсан. Одоогийн байдлаар дахин төлөвлөлтийн ажлын зургийг эхлүүлж бусад судалгааны ажлуудыг явуулж байна. Хэрвээ бид энэ төслийг цогцоор нь бүтээн байгуулж чадвал нийслэл хотод маань гадаад дотоодын жуулчид олноор ирнэ. Түүнчлэн иргэд тав тухтай ажиллаж амьдрах хамгийн таатай, орчин үeийн гудамжтай болгох боломж бүрдэнэ. Мөн үүнийг дагаад олон арван ажлын байр бий болгож, бизнeсийг дэмжиж, хотын болон улсын эдийн засагт шууд эeрэг нөлөө үзүүлэх томоохон үр дүнтэй төсөл болно гэдэгт бүрэн итгэлтэй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан