Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Ноён доллар”-ыг газрын тос номхотгох уу

Т.ЖАНЦАН

Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон. Шинэчлээд удаагүй энэ хуульд дахин гар хүрэх болсон шалтгаан нь уламжлалт бус газрын тосны хайгуулын үед өрөмдлөг хийж болох эсэх талаар тусгаагүй байжээ. Ингээд одоо оруулах нэмэлт өөрчлөлтөөр дээрх асуудлыг  тодорхой зааж өгөх аж. Зөвхөн “Шатдаг занарын эрлийн үед өрөмдлөг хийж болно”  хэмээн тусгасан байна. Хэрэв Газрын тосны тухай хуульд гар хүрэхгүй бол уламжлалт бус газрын тосны салбарт хөрөнгө оруулалт орж ирэх нөхцөл нээгдэхгүй. Тухайлбал, одоо мөрдөж буй хуулиар нарийвчилсан эрэл хайгуул хийлгүй зөвхөн таамаг нөөцөд тулгуурлан бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах асуудал үүсчээ. Иймд хөрөнгө оруулагчид эрсдэл өндөр гэрээ хэлцэл хийхээс татгалзах шалтгаан болсон гэдэг. Уламжлалт бус газрын тос гэдэгт шатдаг занар, битум, тослог элс, нүүрсний давхаргын метан хий орно. Газрын тосны хуульд нэмэлт өөрчлөлт орсноор дээрх ашигт малтмалуудын нөөцийг нарийвчлан тогтоож төр хувийн хэвшилтэй харилцан ашигтай гэрээ хэлцэл хийх нөхцөл бүрдэнэ хэмээн Уул уурхайн яамнаас тайлбарлаж буй юм.

Газрын тос гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж байна       

Сүүлийн жилүүдэд газрын тос манай улсын экспортын гол ашигт малтмалын нэг болов. Мөн хөрөнгө оруулалт татах шинэ салбар болоод байгаа. Жишээ нь Засгийн газар Газрын тосны газарт  “Ренова-илч” компанитай хайгуулын “Хар Ус II” талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх саяхан олголоо. Энэ гэрээний дагуу тус компани найман жилийн хугацаанд 53.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх болов.

Үүнээс гадна дээрх хугацаанд 1.5 сая ам.доллар нөхөн сэргээлтэд зарцуулна. Хайгуулын шатанд олборлосон газрын тосоо хуваахдаа манай Засгийн газар 45, гэрээлэгч 55 хувийг хүртэх ажээ. Үүнээс гадна “Петроматад лимитед” компани  “Богд-IV”, “Онги-V” талбайн  газрын тосны хайгуул, судалгааны ажлаа эрчимжүүлэхийн тулд  Их Британийн “British Gas Group”-тэй хамтран ажиллах болсон байна. Иймд Бүтээгдэхүүн хуваах гэрээнийхээ зарим үүргийг    “BG Group”-т шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан билээ. Уг гэрээгээр  28 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ. Энэ онд  13.6 сая ам.доллар, ирэх жил 13 сая ам.доллар хайгуулын ажилд зарцуулах аж. Мөн Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу  1.4 сая ам.доллар Засгийн газарт төлөх юм. Их Британийн “British Gas Group”  судлагдаагүй эрсдэл ихтэй газарт амжилттай хөрөнгө оруулалт хийдгээрээ туршлагатай бөгөөд сүүлийн арав гаруй жилд  ихээхэн нөөцтэй 15 орд илрүүлжээ. Тус компани  байгалийн хийн нөөцөөр дэлхийд тэргүүлэгч, өнөөгийн үнэ цэнээр нийт 45 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, таван тивийн 20 улсад үйл ажиллагаа явуулдаг байна. Мөн БНХАУ-д 2017 оныг дуустал шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэх хамгийн том гэрээлэгч болжээ.  Увс аймгийн Сагил, Түргэн, Тариалан, Өмнөговь, Өлгий, Наранбулаг, Малчин, Завхан, Хяргас, Тэс, Зүүнговь, Баруунтуруун, Давст сумдын нутагт  Газрын тосны хайгуулын “Увс-I” талбай оршдог. Энэ  талбай нийт 19724 ам км  газар нутаг эзэлдэг. Уг талбайд үйл ажиллагаа явуулахаар  “Монголиа Гладвилл Увс Петролиум" компани Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулаад байна.  Эл компанийн 80 хувийг  Хонконгийн “Гладвилл” үлдсэн 20 хувийг нь  “Увс Бадрал” ком­пани хөрөнгө оруулан эзэмш­дэг аж. Хайгуулын ажлын төлөвлөгөөнд тусгас­наар  найман жилийн хуга­цаанд 453 цооног өрөмдөх нь. Ингээд хайгуулын ажилд 827 сая ам.доллар зарцуулна. Мөн  байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээлтэд 31 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөгөө гарчээ. Эндээс газрын тосны салбрын хөрөнгө оруулалт, экспортын орлого жил бүр нэмэгдэж байгаа юм. Нэг ёсондоо газрын тос “ноён доллар”-ыг номхотгох нэг гарц болоод байна.  

Нэг баррель газрын тос 200 ам.долларт хүрнэ

Манай улс шатахууны хэрэгцээгээ импортоор хангаж буй. Гэвч газрын тосны асар их нөөцтэй. Сүүлийн жилүүдэд газрын тосны салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэхээс гадна экспортын орлого нь мөн өсч буй. Гэхдээ дэлхийн эдийн засгийн байдал, зах зээлийн эрэлтээс шалтгаалж ашигт малтмалын үнэ буурч байгаа. Газрын тосны үнэ ч үүнээс гажаагүй.

Тухайлбал, Грекийн Засгийн газар ОУВС-гаас тавьсан шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа. Өөрөөр хэлбэл, төсөвтөө өөрчлөлт оруулж, тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин хөлсийг бууруулахаас татгалзаж буй юм. Ийм нөхцөлд ОУВС  Грект  зээл өгөхөөс татгалзах нь тодорхой.  Хэрэв байдал энэ хэвээр цааш үргэлжилбэл Грек нь 300 тэрбум ам.долларын гадаад өрийн хүүг төлж чадахгүйд хүрч дампуурлаа зарлаж магадгүй. Хэрэв тус улс дампуурвал Европын хэмжээнд газрын тосны эрэлт буурна. Иймд дэлхийн газрын тосны хамгийн том хэрэглэгчийн нэг Европын эрэлт буурч болзошгүй байгаа тул газрын тосны үнэ унаж байна. Энэ долоо хоногийн эхээр АНУ-ын газрын тосны нөөц 1.1 хувиар буурсан нь  үнэд нөлөөлж бага зэрэг өсчээ. Гэвч эргээд буурч буй юм. Одоогийн байдлаар наймдугаар сард  нийлүүлэх “Brent” маркийн газрын тосны үнэ 63 ам.доллар болж 1.8 хувиар буурав. Мөн  “WTI” маркийн газрын тосны үнэ 60  ам.доллараар борлуулагдаж  1.51 хувиар унажээ.  Ийнхүү нэг жилийн дотор нэг баррель газрын тосны үнэ 110 ам.доллараас хоёр дахин буураад байгаа юм. Үнийн энэ бууралтыг  шинжээчид зах зээл эрэлт ба нийлүүлэлтийн шинэ тэнцвэрийг эрэлхийлж байгааг харуулсан үзэгдэл гэж тайлбарлаж байна. Ингээд  шинжээчид ойрын хугацаанд газрын тосны үнэ өсөхгүй гэж дүгнэж байгаа юм. ОПЕК-ийн орнууд хоногт 30 сая баррель газрын тос олборлох квот тогтоосон. Гэвч түүнээ дагалгүй хоногт  31.5 сая барреллийг олборлох болжээ.

Мөн манай хойд хөрш газрын тосны олборлолтоо нэмэгдүүлж тавдугаар сарын байдлаар хоногт 10.708 сая баррелийг олборлон дэлхийд тэргүүлж  АНУ, Саудын Аравийг ардаа орхив. Энэ нь газрын тосноос олох орлого нь үнэ дагаад буурсан тул олборлолт экспортоо нэмэгдүүлэхээс өөр аргагүйд хүрснийг илтгэнэ.  Харин  ирээдүйд 10-20 жилийн дараа огцом өснө гэсэн болгоомжлол  бий. Тухайлбал, "Роснефть"-ийн тэргүүн И.И.Сечин Петербургийн олон улсын эдийн засгийн форум дээр 2035 он гэхэд газрын тосны үнэ нэг баррель нь 170 ам.долларт хүрнэ гэжээ. Тэгвэл ОПЕК-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Абадаллаа аль-Бадри ирэх  3-4 жилд  нэг баррель газрын тосны үнэ  200 ам.доллар болно хэмээн мэдээлэв. Ашигт малтмалын үнийн уналт ч манай улсад хүнд цохилт болоод байгаа. Тухайлбал, газрын тосны үнэ өнгөрсөн оны аравдугаар сараас унаж эхэлсэн явдал нь манай улсыг 19 сая ам.долларын орлого алдахад хүргэсэн. Тэгвэл Сангийн яамны тооцоогоор энэ онд уул уурхайн салбараас 852 тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоо хийсэн. Энэ нь ашигт малтмалын орлого 2008 оны төвшинд хүрч буурна гэсэн үг. Газрын тосноос энэ онд улсын төсөвт  324 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоо хийж байв. Гэвч зах зээлийн нөхцөл байдал, үнийн савалгаанаас шалтгаалж  284 тэрбум төгрөгийн орлого олох тооцоо хийсэн. Цаашид нэг баррель газрын тосны үнэ 60 ам.доллараас өсөхгүй бол дээрх мөнгийг төвлөрүүлж чадахгүйд хүрч магадгүй гэсэн болгоомжлол бий. Гэвч дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ хямдхан байгаа тул импортын татвараар алдсан орлогоо нөхөх боломж бий аж.  Иймд нэг литр шатахууны үнэ хямдрахгүй нь. Энэ бүгдээс үзэхэд газрын тосны үнэ өсч улсын төсөвт орлого нэмэгдэх ч нэг литр шатахууны үнэ бас л монголчуудыг зовоож магадгүй юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан