Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

З.Баянсэлэнгэ: АТГ цаашдаа Засгийн газрын харьяанд байх хэрэгтэй болов уу

Б.ШИРНЭН

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн өргөн барьсан Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа билээ. Шалтгаан нь, Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас хуулийн төсөлтэй холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-д бичиг хүргүүлж, тус зөвлөлийн хурлаар хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн юм. Гэхдээ ҮАБЗ нь УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхэд халдах, түүнийг зогсоох эрх зүйн зохицуулалт байхгүй гэж хууль санаачлагч үзэж байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ ч гэсэн хууль санаалчагчаас дутуугүй АТГ-ын дээрх үйлдлийг буруутгаж, тус газартай холбоотой хэд, хэдэн баримт дэлгэнэ гэсэн юм. Бид энэ талаар түүнээс тодруулаа.

-АТГ-ын мөрдөн шалгах эрхийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд шилжүүлэх тухай хуулийн төслийг УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг болон АН-ын бүлэг дэмжиж байгаагаа мэдэгдсэн. Хуулийн төслийн талаар гишүүнийхээ хувьд ямар бодолтой байгаа вэ?
-Ганцхан “Шударга ёс”, АН-ын бүлэг гэлтгүй, МАН-ын бүлгийн зарим гишүүн дээрх хуулийн төслийг дэмжиж байгаа. Н.Алтанхуяг гишүүний өргөн барьсан хуулийн төсөл УИХ-ын гишүүдийн хувийн үзэмжээр шийдэх асуудал яавч биш. Тодорхой тогтолцоо, эрх мэдэлтэй холбоотой асуудал учраас нухацтай хандах ёстой. Тиймээс би хуулийн төсөлтэй танилцаж, зарим зүйлийг нь судалсан. 2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр баталсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Улсын ерөнхий прокурор (УЕП)-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны харьяаллын гэмт хэргүүд АТГ-ын мөрдөн шалгах хэргийн харьяалалд, ахуйн чанартай гэмт хэрэг нь Цагдаагийн байгууллагын харьяалалд шилжсэн байдаг. Ингэж, УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны мөрдөн шалгах үйл ажиллагааг нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэстэй нэгтгэхдээ тухайн үед цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан албан тушаалын хэргүүдийг давхар АТГ-т шүилжүүлсэн нь өөрөө хамгийн том алдаа болсон гэж дүгнэж байгаа. Уг нь, АТГ улсын хэмжээнд авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах зэрэг үндсэн үзэл баримтлалтайгаар байгуулагдаж байсан. Мэдээж, авлига өгөх, авах зэрэг авлигатай холбоотой хэрэг зөрчлийг шалгана. Гэвч сүүлдээ хүрээгээ  тэлж, албан тушаалтнуудын хэргийг авлигатай холбон шалгадаг болсон. Товчхондоо, албан тушаалаа ашигласан гэдэг нэр томъёоны цаана юуг ч хийж болно. Үүнээс улбаалж хүний эрхийн асуудал хүртэл хөндөгдөж байгаа юм. Гэтэл албан тушаалын хэрэг бүр авлигатай холбоотой биш шүү дээ. Тиймээс УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг сэргээн байгуулаад, албан тушаалын хэргээ шалгадаг, АТГ нь урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх ажлаа гүйцэт­гэдэг байя л гэж байгаа юм. Мэдээж, АТГ-т авлига өгсөн, зуучилсан хэргийг шалгах эрх нь хуулийн дагуу үлдэнэ.

-АТГ-ыг өөрчлөн бай­гуу­лах, татан буулгах асуудлыг ҮАБЗ-ийн зөв­лөм­­жийг үндэслэн УИХ шийд­вэрлэнэ гэсэн хуулийн заалт байдаг. Үүний дагуу хуу­лийн төслийг Хууль зүйн байнгын хороо дэм­жиж, УИХ-ын чуулган руу оруулсан ч ҮАБЗ-ийн хур­лаар хэлэлцэх хэрэгтэй гээд татаад авчихсан. Энэ болоод өнгөрсөн процессын талаар юу хэлэх вэ?
-АТГ араа шүдгүй, хийх ажилгүй боллоо гээд нөхөртөө хаягдсан хүүхэн шиг ҮАБЗ рүү гүйж очоод, бичиг хүргүүлчихэж байна. Энэ бол утгагүй зүйл. Албан тушаалын хэргийг шалгаж байх үед авлигатай холбогдвол тухайн хэргийг харьяаллын дагуу мэдээж АТГ руу шилжүүлнэ. Энэ уг нь болдог л зүйл шүү дээ, маргаад байх шаардлагагүй. Өөр, өөрийнхөө чиглэлээр үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой. Одоо ҮАБЗ ямар нэг шийдвэр гаргавал, хуулийн төслийг хэлэлцүүлгийн шатанд оруулна гэсэн хүлээлтийн байдалтай болчихлоо. Тиймээс би эсрэг байр суурь илэрхийлж байгаа. Өнөөдөр нийгэм, эдийн засагт хүндрэлтэй олон суудал байна. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт болоод Тавантолгой зэрэг ҮАБЗ-өөр хэлэлцэгдэх ёстой олон асуудал бий. Гэтэл байгууллагын эрх мэдлийн асуудлыг багасгах юм уу, ихэсгэхэд ҮАБЗ хуралдаж байгаа нь хачирхалтай байна. ҮАБЗ УИХ-д чиглэл өгөхгүй шүү дээ. Зөвлөмж л өгнө. АТГ-ыг араа шүдтэй нь байлга гэдэг зөвлөмжийг бид хүлээгээд суугаад байгаа юм уу. Яагаад УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд энэ асуудлаа хэлэлцээд дэгийнхээ дагуу явж болдоггүй юм. Яагаад АТГ-ын дарга нь сандчиж гүйгээд ҮАБЗ-д бичиг өгөөд байгааг гайхаж байна. Дэгийнхээ дагуу асуудлаа хэлэлцээд явах ёстой. Өнөөдөр Хуульзүйн байнгын хороонд 40 гаруй чухал асуудал хүлээгдэж байна. Хаврын чуулган завсарлахад хоёр долоо хоног хүрэхгүй хугацаа үлдсэн байхад нэг байгууллагатай холбоотой асуудлыг ҮАБЗ хэлэлцэж, гацааж болохгүй. 

-Та яагаад гацаах болсон гэж бодож байна?
-Эрх мэдлээ зузаатгах эсвэл эрх мэдэл нь хумигдаад ирэхээр асуудлыг гацаадаг болов уу. АТГ-т дургүйдээ эсвэл АТГ-ыг алга болгох гэсэндээ хуулийн төслийг дэмжээд байгаа хэрэг биш. Үндсэн чиг үүргээ л хэрэгжүүл гэж байгаа юм. АТГ авлигынхаа хэргийг шалгаад, соён гэгээрүүлэх ажлаа хийгээд явахад тэд ажилгүй болчихгүй шүү дээ. УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба байхдаа прокурор, шүүгч нарын хэргийг шийдүүлсэн хэрэг цөөн байдаг байсан бол АТГ-т эрх мэдэл шилжсэнээр олон хүнийг шалгаж байгаа гэж ярьж байна. Нэг талаасаа тийм байж магадгүй. Нөгөө талаасаа АТГ ард түмнийг гэсгээх 15 толгойтой атгаалжийн хар мангас болчихлоо. Албан тушаалтныг онилдог байсан бол одоо жирийн бизнесмэнийг хүртэл овоо хараандаа авдаг болчихлоо гэдгийг ард түмэн мэдэж байгаа. Одоо бүр АТГ Төрийн албаны зөвлөлийн ажлыг хүртэл хийдэг болсон.

-Сайдын томилгоо зэр­гийг ярьж байна уу?
-Зарим сайдын томил­гооны асуудлыг ганцхан минутад шийдэж байна. Ашиг сонирхлын зөрчилгүй эсэхийг нь шууд гаргаад өгдөг. Зармыг нь ажлын 15 хоног гээд хүлээлгээд суулгачихдаг. Нийгэмд, жинхэнэ хуулиа хэрэгжүүлж байна уу, аль нэг нам, хэн нэг улс төрчийн гар хөл болж байгаа юм  биш биз гэсэн хардлага хүртэл бий болсон. АТГ ер нь, Засгийн газраас хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг, хууль хэрэгжүүлэх байгууллага шүү дээ. Харин хууль хэрэгжүүлэх эрх нь Засгийн газарт байдаг. Хэрэгжилтийг нь УИХ хянадаг. Тиймээс АТГ-ыг УИХ-ын дэргэдэх бус Засгийн газрын харьяанд өгч, хяналтыг нь УИХ тавьбал зөв голдиролдоо орох байх гэж бодож байна. Тэгвэл АТГ-ын үйл ажиллагаа ч илүү нээлттэй, ил тод болох байх.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан