Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ш.Гунгаадорж: Халх голыг XXI зуунд задлах Монголын үүц гэдэг юм

Н.БАТ

Монголын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай байгааг хэн хүнгүй мэдэрч эхэллээ. Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ унаж, эрэлт багасах тусам Монголын эдийн засаг уруудан доройтож, энд тэндгүй хямралын тухай шуугиж байна. Гэтэл монголчууд бид мал аж ахуй эрхэлдэг нүүдэлчин түмэн гэдгээрээ бахархан ярихаас цаашгүй байна. Үнэндээ бидэнд малаас гаралтай түүхий эд, ноос, ноолуур, мах махан бүтээгдэхүүнээрээ экспорт хийх бүрэн боломж бий. Гагцхүү төрөөс зохицуулах нэгдсэн бодлогогүйн улмаас малаас гаралтай түүхий эд ялангуяа махны экспорт хийх боломжоо ашиглаж чадахгүй л байна. Газар тариалангийн хувьд ч ийм боломж бий. Гэхдээ олон улсын зах зээл гэдэг нь хаашаа чиглэвэл илүү үр дүнтэй вэ гэдгээ л тодорхойлох. Европ руу гэхээр тийм ч амар зүйл биш. Хил залгаа ОХУ, Казахстан гээд энэ зах зээлд өрсөлдөгч том улсууд баруун талд бий. Харин зүүн зүгт томоохон зах зээл хангалттай бий. Урд хөршөөс эхлээд Солонгос, Япон гээд л экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдгийг шүтээд байгаа хөгжилтэй орнууд ч гар сунган хүлээж байна. Харин бид тэдний шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлж чадах уу. Үүний тулд юу хийх хэрэгтэй вэ. Өнгөрсөн мягмар гарагт УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хурлаар төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай болон “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг оруулж байнгын хорооны гишүүд хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн юм. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж гуайтай ярилцлаа.

-Монгол Улсын эдийн засагт хөдөө аж ахуйн салбар маань ямар үүрэгтэй байсан, өнөөдөр ямар үүрэгтэй байгаа талаар яриагаа эхэлье. Та хоёр ч удаа энэ салбарын сайдаар сонгогдож ажиллаж байсан хүн учраас энэ талаар хамгийн оновчтой хариулт өгнө гэдэгт итгэлтэй байна?
-Саяхан “Үнэн” сонин дээр хөдөөгийн бодлого гэсэн асуудлаар би нийтлэл бичсэн. Тавдугаар сарын 6-нд гарсан байгаа. Энэ нийтлэлдээ гол зангилаа асуудлыг тодорхой бичсэн. Мэдээж уул уурхай, эрчим хүч улс орны тэргүүлэх салбар мөн. Үүнийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ Монгол Улс хөдөө аж ахуйгүйгээр хөгжих боломжгүй. Ялангуяа мал аж ахуйгүй бол явахгүй. 1990 оноос малыг хувьд өгсөн. Энэ бол мэдээж зөв бодлого байсан. Хэдэн мянган жил хувьд нь байсан малаа малчид өөрт нь өглөө гэхээр их дуртай авсан. Гэтэл төр үндсэндээ энэ үеэс эхлээд л мал аж ахуйгаа малчдад даатгаад орхичихсон. Тэр орчинд нь малчид зах зээлээ хэрхэн бүрдүүлэх вэ, бараа таваараа хэрхэн борлуулах вэ, нийгмийн асуудлаа хэрхэн шийдэх вэ гэдэг нь тодорхойгүй орхигдсон. Өөрөөр хэлбэл, зах зээлийн орчныг хөдөөд бүрдүүлэх асуудлыг 1990 оноос хойш огт хөндөөгүй. Хөдөөгийн бодлого, хөдөөгийн хөгжлийн бодлого гэдэг асуудал үндсэндээ орхигдож, уул уурхай руу л анхаарал хандуулж бүүр хоёр толгойтой ноцолдсоор байгаад мөлжиж ч чадалгүй мэрсээр өнгөрлөө. Тэгвэл хөдөө аж ахуйгаа анхаараад, үйлдвэрлэлээ хөгжүүлээд,  арьс ширээ боловсруулаад, бүтээгдэхүүн хийгээд, махаа экспортод гаргаад хөдөөгийн цогц бодлого явуулсан бол өнөөдөр манай улсын эдийн засаг хойд хормойгоо авч урд хормойгоо нөхсөн энэ байдалд хүрэхгүй байсан. Энэ бол төр засгийн алдаатай бодлогын үр дүн. Хөдөөгөө анхаараагүй учраас  л хөдөөгийнхөн нийслэлд олноор ирлээ. Мал, газраа хувьчилчихаад хөдөөд бодлого явуулаагүй учраас хөдөөний хүмүүс чинь аргагүйн эрхэнд хот хүрээ чиглэж, хотоо ч хүндрүүлээд, хөдөөгөө хоосруулсан. Энэ байдал одоо ч үргэлжилсээр байна. Хөдөөгийн хөгжлийн бодлого гэсэн шинэ концевци гаргаж ирэхгүйгээр, Монголын эдийн засаг ганцхан уул уурхай дээр тогтоод хөгжинө гэхэд хэцүү.

-Төрөөс хөдөө аж ахуйд  баримтлах бодлогоо шинэ­чилж, ХААЯ-наас УИХ-д өргөн бариад байгаа. УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хурлаар Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай болон “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг оруулж байнгын хорооны гишүүд хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн. Үүнийг та хэрхэн харж байгаа вэ?
-2003 онд хөдөө аж ахуйд төрөөс баримтлах бодлогыг батлаж байсан юм. Би тэр үед УИХ-ын байнгын хорооны даргаар ажиллаж байлаа. Тухайн үед нэлээн хэлэлцэж байж батлагдсан чамбай бодлого. Тэгвэл энэ жил 2015 он, улс орны бодлого өөр боллоо. Тиймээс нэгдүгээрт, 2003 онд батлагдсан бодлогын баримт бичгийн маань хугацаа нь дууссан, хоёрдугаарт, шинэчилсэн суурь  дээр энэ бодлогыг боловс­руулах хэрэгтэй болс­ныг ярьсаар, бодлогоо шинээр боловсруулах тухай жил гаруй ярьж байгаад саяхан байнгын хороогоор хэлэлцэж, дэмжлээ. Хүнс хөдөө аж ахуйн яаман дээр бараг жил гаруй ярьсан, би ч гэсэн санал бодлоо оруулсан. Яах аргагүй байх ёстой бодлого. Төрийн ерөнхий бодлого гарч байж, үүнийг хэрэгжүүлэх яам нь шинэчилсэн хөтөлбөрөө гаргана. Энэ бодлогод хүнс хөдөө аж ахуйг ойрын арван жилд хөгжүүлэх үндсэн чиг баримжааг л гаргаж өгч байгаа юм. Хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуйг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг асуудал тодорхой орж буй юм. Мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дотоодынхоо хэрэгцээг хангах, гадаадад зартай брэнд бүтээгдэхүүн болгож гаргах гэх мэт.  Монгол бол мах экспортлох боломжтой улс. Тийм учраас эрчимжсэн бэлчээрийн мал аж ахуйгаа экспортын чиглэлээр эрчимтэй хөгжүүлэх нь энэ бодлогын нэг гол цөм нь. Энэ бол зөв. Бодлогоо хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг арга замыг бодлого нь тодорхой болсны дараа Засгийн газар яам хэрэгжүүлэхээр явна. Бодлогын ерөнхий шугам нь их зөв гэж бодсон. Хүнс хөдөө аж ахуйн аюулгүй байдал, эдийн засагт эзлэх байр суурийг бэхжүүлэх, хөдөөгийн хөгжлийн талаасаа олон асуудал орсон зөв бодлого болсон гэж бодож байгаа. Мэдээж засч тайлбарлах асуудал гарах байх. Гэхдээ УИХ-ын эрхэм гишүүд маань энэ бодлогыг батална гэж бодож байна.

-Түрүүн та эрчимжсэн мал аж ахуйн тухай ярьсан. Халх голд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх талаар та өөрийн бодлоо бидэнтэй хуваалцаач?
-Монгол Улсын мал аж ахуйн 90 гаруй хувь нь бэлчээрийнх. Тэгэ­хээр эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлнэ гээд бэлчээ­рийнхийг хумина гэсэн үг биш. Нэгдүгээрт, бэлчээрийн мал аж ахуйгаа ч эрчимжүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх ёстой. Эрчимжсэн гэдэг чинь тэжээдэг мал гэсэн үг биш. Бэлчээрийн мал аж ахуйгаа эрчимжүүлэх хэрэгтэй. Үржил угсааг нь сайжруулах, малаа эрүүлжүүлэх гэх мэтээр. Нөгөө талд нь байгаль цаг уурын нөхцөл сайтай бэлчээр ус ихтэй төвийн болон газар тариалангийн бүсэд жинхэнэ эрчимжсэн аж ахуй гэдэг өндөр ашиг шимтэй мал үржүүлэх. Эдгээр бүсэд бэлчээрийн биш эрчимжсэн мал аж ахуйтай газар тариалангаа хослуулж хөгжүүлэх хэрэгтэй. Нөгөө талаасаа манай томоохон бүс нутгууд, жишээ нь халх голын бүс байна. Эрт үеэс л Халх голыг XXI зуунд задлах Монголын үүц гэдэг байсан юм. Энэ газар нутаг гэдэг тэр аяараа Монгол Улсын хөдөө аж ахуйн хөгжлийн том ирээдүй. Үүнийг хэрхэн эзэмших вэ гэдэг судалгаа бүүр 1980-аад оноос хийгдсэн. Эрчимжсэн мал аж ахуй, мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, усалгаатай газар тариаланг хөгжүүлэх гээд. Миний байр суурь бол Халх голыг эрчимжсэн  бүс болгож, аажим үе шаттайгаар хөгжүүлэх хэрэгтэй. Хамгийн эхлээд дан экспортын чиглэлийн махны үйлдвэрлэл эрхлэх, махны аж ахуйг хөгжүүлэх хэрэгтэй. Тэнд нь бааз суурь ч бий. Халх голын улаан үхэр, эрдэнэцагааны илүү нугаламтай барга хонь гэх мэтээр бий үүлдэр угсааны мал байгаа. Нэг үгээр хэлбэл эрчимжсэн мал аж ахуйн бүс болгож ашиглах ёстой. Мэдээж, үр тариа тарих сонирхолтой хүмүүс бий байх. Гэхдээ энэ бүс нь хөрсний хувьд их эмзэг. Зөвхөн усалгаатай тарьж байж, ногоо тариа нь ургана. Хөрс нь хамаагүй ашиглавал ахин ашиглах ямар ч боломжгүй болох эрсдэлтэй.  Эхний хэсэгт нь эрчимжсэн мал ахуйгаа байгуулаад тэднийгээ тэжээлээр хангах тэжээлийн аж ахуй эрхлээд мах үйлдвэрлэх чиглэлээрээ тэжээлийн бааз суурь байгуулах хэрэгтэй.

-Халх голд чөлөөт бүс байгуулах асуудал 1980-аад оноос яригдаж байсан гэх юм билээ?
-Ер нь, Халх голын бүсийг  бүрэн эзэмших судалгаа гэж хийгдсэн. 1970-1980-аад онд Казахстантай хамтраад манай холбогдох байгууллагууд энэ бүсийг хэрхэн ашиглах вэ гэж судалж үзсэн. 273 мянган га газар илрүүлээд Халх голын бүсийг иж бүрэн эрчимжүүлэх, ялангуяа эрчимтэй мал аж ахуйн чиглэлээр эзэмших талаар судалж байсан. Мөн үр тарианы үйлдвэр хөгжүүлэхээр 40 мянган гатай Сангийн аж ахуй байгуулахаар төлөвлөж байлаа. Тэнд том эрдэм шинжилгээний станц 30-аад жил ажилласан. Үндсэндээ Халх голын бүсэд малаа хэрхэн эрчимжүүлж, тариа хэрхэн тарьж болох вэ гэдгийг судалчихсан юм шүү дээ. Халх голын туршилтын станц гэдэг чинь 30-аад жил ажилласан, сангийн аж ахуй нь 10 гаруй жил ажилласан. Тэнд туршилтг судалгаа нь хийгдсэн. Одоо бол зохион байгуулах ажлаа л хурдан хийх хэрэгтэй. Юу тарьж болох уу, ямар мал үржүүлж болох вэ гэдгийг судалсан гэсэн үг. Чөлөөт бүсийн хуулинд Халх гол гэж нэр заагаагүй ч эрчимтэй бүсийг  чөлөөт бүс байдлаар ашиглах тухай заалт бий. Хуулийн хүрээнд Халх голын бүсийг тусгай бүс болгоод ашиглах бүрэн бололцоотой. Чөлөөт бүс гэхээр л наана, цаанаасаа  чөлөөтэй орж гараад, хятадууд орж ирээд газар эзэмшинэ гэсэн юм байхгүй. Манай монголчууд л тэр бүс дээрээ л дүрэм журмаа тогтоогоод цаашаа борлуулах  зах зээл нь  харин чөлөөтэй байх ёстой. Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг гэдэг зарчмаар л явж, манайхан тэр чөлөөт бүсээ эзэмшээд бүтээгдэхүүнээ гадаад зах зээл дээр өндөр үнээр хэрхэн борлуулах вэ гэдэг асуудал дээр гадаад талтайгаа хамтарч ажилладаг байх хэрэгтэй.

-Чөлөөт бүс байгуулчих­вал эрүүл ахуйн хувьд санаа зовох шаардлагагүй болно гэдэг. Ер нь, чөлөөт бүсийн давуу талыг та хэрхэн тодорхойлох вэ?
-Чөлөөт бүс гэдэг чинь нэгдүгээрт, зүгээр нэг шилжиж байдаг газар биш. Энэ чинь өөрийн гэсэн хуультай. Манайх шиг малын өвчин гарч байдаг газарт чөлөөт бүс чухал. Чөлөөт бүсд нь олон улсын стандарт хангасан хяналттай байдаг учраас дэлхийн зах зээлд мах гаргахад баталгаа нотолгоотой гэдэг талаасаа давуу. Хоёрдугаарт тэнд үйл ажиллагаа явуулах нь дэг журам, хуулиараа зохицуулагддаг учраас дээд зэргийн сахилгатай. Дэлхийн улс орнуудад үнэлэгдэх, итгэмжлэгдэх талаасаа давуу юм шүү. Чөлөөт бүс болоод муу тал нь гэж би лав олж харахгүй байна.

-Халх голд чөлөөт бүс байгууллаа гэхэд усны асуудлыг хэрхэн шийдвэл зүгээр вэ?
-Усны асуудлыг шийднэ гэдэг нь хамгийн хэцүү. Судалгаа их хийх хэрэгтэй. Халх гол, Буйр нуур гэж бий. Өөр усны эх үүсвэр байхгүй. Тэгэхээр тэр судалгаа усны нөөц хэчнээн га газрыг услах боломжтой вэ. Тэр усны нөөцөө хадгалаад жилд хэдэн га газарт хэчнээн хэмжээний ургамал тарих боломжтой вэ гэдгийг судлах хэрэгтэй. Маш их хэмжээний газрыг усжуулах бололцоо байхгүй. Өмнө нь 40 мянган га-тай аж ахуй байгуулахад 400 га-г нь усалж болох юм гэж гарч байсан. Буйр нуурын эрэг дээр туршилтын станцад 200 га газарт төрөл бүрийн ургамал тарьж байсан. Услалтын жижиг системтэй байсан. Гэхдээ тэнд усны нөөц хүрэхгүй гээд сангийн аж ахуй байгуулаагүй юм. Тиймээс чөлөөт бүсэд газар тариалан эрхлэхээсээ өмнө усны нөөцийг маш нарийн тодорхойлж, тогтоож байж л асуудлаа эцэслэх хэрэгтэй. Түүнээс Буйр нуур байгаа гэж асудалд хандаж болохгүй. Би бол эрчимжсэн мал ахуй л  хөгжүүлэх хэрэгтэй гээд байгаа юм. Малын тэжээлийг бол усалгаагүй ч тарьж болдог. Тийм учраас усалгаа гэдгийг таваарын улаанбуудай дээр яриад байгаа юм. Улаанбуудайгаа төвийнхөө  бүсэд л тарьж, гадагшаа гаргахаа ярих хэрэгтэй. Харин Халхголын бүсэд мах, ноос, ноолуур, арьс, ширээ боловсруулж, гадагш гаргах хэрэгтэй.

-Гадаад зах зээлийн хувьд Халх гол хамгийн бололцоотой хувилбар гэж бас үзэж байгаа?
-Тэгэлгүй яахав. Хамгийн бололцоотой нь Халх гол. Цаашаа Хойд Солонгосын боомт байна. Хамгийн хямд тээврийн зардалтайгаар мах ноос ноолууран бүтээгдэхүүнээ гадагшаа гаргах боломжтой.
Ер нь их гамтай, судалгаа сайтайгаар Халх голын бүсэд хөдөө аж ахуйн эрчимжсэн бүсээ төсөл төлөвлөгөө сайн боловсруулж, судалгаа сайтай байгуулах хэрэгтэй. Энэ чинь Халх голыг 5-10 жилд чөлөөт бүс болгочих ажил биш. 21 дүгээр зууны үүц шүү дээ. Хэрвээ чөлөөт бүс болгоод хөгжүүлчихвэл уул уурхайн бүс болгож ухуулахгүй байх ч боломжтой. Өөрөөр хэлбэл ядаж ч Халх голын сав газар уул уурхайгаас ангид байна гэсэн үг.

0 Сэтгэгдэл
наадхиа тэр юм ойлгодоггүй шуналын туламнууддаа сайн ойлгуулаад ард түмэндээ сайн гэгч зарлаад мэдүүлээд өгөөч ӨВӨӨ МИНЬ
Хамгийн их уншсан