Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Цолмон: Спорт хүнд ах зах гэдгийг ойлгуулж өгдөг

Олон улсын таеквондогийн Азийн аварга, хар бүс, хоёр дантай спортын мастер Н.Цолмонтой ярилцлаа.

-Медалийнхаа тоог нэгээр нэмсэнд тань баяр хүргэе. Өөрийгөө манай уншигчдад товчхон танилцуулаач?
-Баярлалаа. Намайг Насанбаярын Цолмон гэдэг. Би Улаанбаатар их сургуулийн оюутан. “Төгс эр зориг” клубийн тамирчин.

-“Говийн цом” тэмцээний талаар мэдээлэл өгөхгүй юу. Юугаараа онцлог болов?
-Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Монголын таеквондогийн холбоо, Цагдаагийн ерөнхий газар, Дайчин ёл холбоо, Чоно клуб хамтран зохион байгуулсан “Говийн цом” 2015  анхдугаар тэмцээнд оролцоод ирлээ.  Нийт 10 клубийн 100 гаруй тамирчин хүч үзсэн. Тэмцээн багийн, хувийн, сүүдэр тулаан гэсэн гурван төрлөөр зохиогдсон. Манай клуб багийн тулаанаар гуравдугаар байрт шалгарсан байгаа. Мөн тамирчид өсвөрийн долоон жин, насанд хүрэгчдийн хоёр жинд өрсөлдсөн.  Миний хувьд насанд хүрэгчдийн  71 кг-ын жинд тулалдсан. Уг нь, энэ тэмцээнийг Олон улсын хэмжээний том тэмцээн болгон зохион байгуулах гэж байсан юм билээ. Орос, Хятадын олон баг тамирчид мэдүүлгээ ирүүлсэн боловч цаг нь тулаад ирж амжаагүй гэсэн. Гэхдээ анхных гэхэд зохион байгуулалт сайн болсон. Надад медалийнх нь хэлбэр хийц их таалагдсан.

-Ингэхэд спортын гараагаа хэрхэн эхлүүлж байсан бэ?
-Намайг жаахан байхад аав, ээж хоёр маань энэ спортод хөтлөн оруулсан. Би багадаа их хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байсан. Зодоонтой кино, боксын тэмцээн үзээд л ийм мундаг болно доо гэж боддог байлаа. Тэр сонирхлын маань дагуу, мөн эрэгтэй хүүхэд биеэ хамгаалах чадвартай, бие бялдрын хөгжил сайн байх хэрэгтэй гээд ээж, аав маань  энэ спортоор хичээллүүлсэн байх. Манай гэр бүл намайг тэмцээнд ороход хамгийн их дэмжиж, урам зориг өгдөг. Байгаа бүхий л зүйлээ надад зориулдаг. Яг хажууд байнга дагаад явахгүй ч гэсэн сэтгэл санаа бүх зүйлээрээ л хамт байдаг даа.  

-Өмнө нь ямар амжилтууд гаргаж байв. Энэ спортоор хичээллэхийн давуу тал юу вэ?
-Би таеквондогийн спортоор 2006 оноос эхлэн хичээллэсэн. Кикбоксын улсын хоёр удаагийн, олон улсын таеквондогийн таван удаагийн аварга. Мөн Азийн аварга зэрэг шагнал авч байсан. Ер нь, тулааны  спортоор хичээллэсэн хүн төлөв даруу, гадны халдлагаас биеэ хамгаалах чадвартай болдог. Гадна, дотны олон тэмцээн уралдаанд оролцдог учир газар үзэж нүд тайлахын зэрэгцээ бие дааж сурдаг. Мөн спорт хүнд тэсвэр хатуужил, их зах гэдгийг ойлгуулж өгдөг юм болов уу. Ялангуяа хүүхэд байхаасаа эхлэн спортоор хичээллэвэл давуу тал нь илүү их мэдрэгдэх байх. Манай клубт гэхэд л хамгийн доод тал нь зургаан настай бяцхан тамирчин бий.

-Сайн тамирчин сайн багшийн гараас гардаг. Ингэхэд хэн багшийн шавь билээ?
-Би хар бүс, дөрвөн дантай, олон улсын хэмжээний мастер, гавьяат тамирчин Н.Баярмөнх дасгалжуулагч, багшийнхаа дор 11 дэх жилдээ хичээллэж байна. Манай багш дэлхийн аваргын алтан медаль, дэлхийн хошой хүрэл медаль, дэлхийн цомын хүрэл медальтай. Надаас өөр маш олон мундаг шавь нар багшаас минь төрөн гарсан. Багш маань надад өөрийн мэддэг чаддаг бүхий л зүйлийг зааж сургаж, зөвлөдөг. Спортод гэлтгүй амьдрал дээр түшиг тулгуур болсон сайхан хүн бий. Бараг л дотны найз шиг минь байдаг багшдаа баярлаж явдаг шүү гэдгээ хэлмээр байна.

-Таны бодлоор тэмцээнд амжилт гаргахад нөлөөлдөг  хамгийн чухал зүйл юу вэ?
-Миний хувьд тухайн хүний хүсэл мөрөөдөл, тэмүүлэл, өмнөө тавьсан зорилго хамгийн чухал гэж боддог. Хүн хүсэл мөрөөдөлдөө үнэнч байж түүнийхээ төлөө хичээл зүтгэл гаргаснаар ямар ч амжилтад хүрч чадна. Тамирчин хүний хувьд бол амжилтад хүрэх гол суурь нь бэлтгэл сургуулилт, сэтгэл санааны байдал юм. Тэмцээний бэлтгэл сайн байвал мэдээж өөртөө итгэлтэй, тайван байна. “Энхийн цагт хөлс их гаргавал, дайны цагт цус бага урсана” гэдэг шүү дээ. Мөн байгаа газраа дасан зохицож, бодлоо цэгцлэх нь амжилт гаргахад их нөлөөлдөг.

-Олон улсын таеквондо нь олимпын төрлөөсөө юугаараа ялгаатай юм бэ?
-Миний хичээллэдэг төрөл нь олон улсын таеквондо. Олимпын бус төрөл гэж явдаг. Хойд Солонгосоос гаралтай. Хойд Солонгосын цэргийн тулаан гэгддэг юм билээ. Тулаанд гар, хөл хослон оролцдог учир миний хувьд нөгөө төрлөөсөө илүү сонирхолтой санагддаг.

-Энэ спортод аль улсын тамирчид ноёлж байх юм?
-Үндэсний спорт гэдэг утгаараа БНСАУ тэргүүлдэг. ОХУ-ын тамирчид мөн тулааны төрлөөр сайн. Харин хатуу биет хугалах төрлөөр Монголын тамирчид дэлхийд дээгүүр байр эзэлдэг гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

-Мэдээж улсынхаа нэрийг дэлхийд гаргасан сайн тамирчин болохыг хүсч байгаа байх. Хамгийн ойрын зорилго тань?
-Тэгэлгүй яахав. Тамирчин хүнд хүрч болох ямар оргил цэг байна тэнд хүрэхийг л хүсч байна даа. Харин одоо бол 2017 оны  Дэлхийн аварга болно гэсэн зорилготой байгаа.

-Тамирчин хүнд тохиолддог нэг бэрхшээл бол санхүүгийн асуудал байдаг. Таны хувьд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?
-Мэдээж ихэнх тамирчдад маш том хүндрэл бол зардлын асуудал. Тамирчдыг байнга ивээн тэтгэх хувь хүн, албан байгууллага ховор байдаг.  Миний хувьд гадагшаа тэмцээнд явахаар болбол ивээн тэтгэгчээ өөрөө хайж олдог. Медаль, шагналуудаа бариад л хүмүүстэй уулзаад явна шүү дээ. Уг нь, холбооны зүгээс эсвэл төр засгаас улсынхаа нэрийг гаргаж байгаа тамирчдаа жаахан дэмжээд өгвөл зүгээр л байна.

0 Сэтгэгдэл
amjilt husiy!
Хамгийн их уншсан