Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛС, МЬЯНМАРЫН ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ УЛСЫН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Тейн Сейн 2015 оны 06 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийв. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Тейн Сейн нар албан ёсны хэлэлцээ хийв.

Хоёр улсын Ерөнхийлөгч нар найрсаг, ойр дотно, нөхөрсөг уур амьсгалд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов.

Төрийн тэргүүн нар сүүлийн жилүүдэд хэрэгжсэн дээд, өндөр хэмжээний айлчлалууд нь хоёр орны ойр дотно хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгчийн анхны түүхэн айлчлал нь хоёр орны болон иргэд хоорондын нөхөрсөг харилцааг цаашид идэвхжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болохыг онцлон тэмдэглэв.

Монголын тал Мьянмар Улсад өрнөж буй өөрчлөлт шинэчлэлийн үйл явц тасралтгүй үргэлжилж, нийгэм, эдийн засгийн хөгжил, үндэсний эв нэгдэл, ардчиллын үйл явцад бодит үр дүн гарч байгааг тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр орон ардчилал, нээлттэй нийгэм, хүний эрхийн үнэт зүйлийн талаар нэгдмэл ойлголттой байдгийг тэмдэглэж, ардчилал, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн талаар гаргаж буй Мьянмар Улсын хүчин чармайлтыг Монголын тал үргэлжлүүлэн дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Хоёр тал Монгол Улсын ардчилсан өөрчлөлт, зах зээлийн эдийн засгийн шилжилтийн үеэр хуримтлуулсан туршлага, сургамжаас хуваалцах замаар хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхээр тохиролцов.

Төрийн тэргүүн нар удахгүй болох бүх нийтийн сонгууль нь Мьянмарын ардчилсан шилжилтийн хувьд түүхэн чухал үйл явдал болохыг тэмдэглэж, ардчилсан сонгууль зохион байгуулах туршлага солилцох, сонгуульд Монгол Улсаас  ажиглагч илгээх талаар хоёр талын холбогдох байгууллагын хооронд хамтран ажиллах асуудлыг хэлэлцэв.

Хоёр улсын Ерөнхийлөгч олон улс, бүс нутгийн тавцанд, тэр дундаа НҮБ, АРФ-ын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахын чухлыг нотлов. Монголын тал Мьянмар Улс 2014 онд АСЕАН-ыг амжилттай даргалсанд баяр хүргэж, АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох, Зүүн Азийн дээд түвшний уулзалтад нэгдэх зэрэг Монгол Улсын хүсэл эрмэлзлийг үргэлжлүүлэн дэмжинэ гэдэгт итгэж байгааг илэрхийлэв.

Мьянмарын тал Монгол Улс АСЕМ-ын 11 дүгээр дээд хэмжээний уулзалтыг 2016 онд зохион байгуулах болсонд баяр хүргэж, АСЕМ-ын зохицуулагч орны хувьд бэлтгэл ажлыг хангахад нягт хамтран ажиллахдаа бэлэн байгааг илэрхийлэв. Мьянмарын тал НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2016-2018 оны сонгууль болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Байнгын бус гишүүний 2023-2024 оны сонгуульд нэр дэвшсэн Монгол Улсыг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Талууд хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, мэдээлэл, мэргэжилтэн солилцох зэргээр бололцоотой бүхий л салбарт хоёр талын харилцааг өргөжүүлэх сонирхолтой байгааг илэрхийлэв. Хоёр тал худалдаа, уул уурхай, аялал жуулчлал, соёл, эдийн засаг зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжтойг тэмдэглэв.

Хоёр тал Монгол, Мьянмар нь байгалийн арвин нөөц баялагтай орнууд гэдгийг онцолж, уул уурхайн салбарт, тухайлбал, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар туршлага солилцох, геологийн хайгуулын чиглэлээр мэргэжилтэн солилцох, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын хүрээнд хамтран ажиллах зэрэг боломжийг эрэлхийлэн ажиллахаар тохиролцов.

Монголын тал эрүүл мэнд, боловсролын салбарт хамтран ажиллах, холбогдох яамд хооронд харилцаа тогтоох, оюутан солилцох, монгол, мьянмар хэл судлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгааг илэрхийлэв.

Хоёр улсын Ерөнхийлөгч нар иргэд хоорондын харилцаа, залуучуудын солилцоогоор дамжуулан хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх талаар санал солилцов.

Төрийн тэргүүн нар 2016 онд Монгол Улс, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиох гэж буйг тэмдэглэж, ойн хүрээнд соёлын арга хэмжээ харилцан зохион байгуулахаар тохиров.

Хоёр улсын Ерөнхийлөгч нар дараах баримт бичигт гарын үсэг зурахад байлцав. Үүнд:

- Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр

- Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын нийслэл Нэйбидо хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурал хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг

- Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг

ГХЯ-ны албан ёсны эх сурвалжаас авав.

0 Сэтгэгдэл
Амжилт цаашдын ажил нь улам урагштай болох болтугай
hehe yadaj l odoo ene ulsiin undesnii televizeer manai ulsiig yrina bizdee ene chin l gadaad ulsad baga ch boltugai ner hundee usguj baigaagiin hereg shuu \ dee
olon ulsiin hariltsaa bidend chuhal shuu
Хамгийн их уншсан