Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Чинзориг сайд БНСУ-д илгээх ажиллах хүчний тоог нэмэх санал тавилаа

Монгол Улсын Хөдөлмөрийн сайд С.Чинзориг БНСУ-д ажлын айлчлал хийж байна. Айлчлалынхаа хүрээнд С.Чинзориг тус улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ли Ки Квантай уулзалт хийж хоёр улсын хөдөлмөрийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцохын зэрэгцээ Монголын Засгийн газраас хөдөлмөрийн салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцууллаа.

Энэ айлчлалын үеэр хоёр улсын Хөдөлмөрийн яам хооронд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч гаргах асуудлыг зохицуулах Харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн байгуулсан юм. Уг санамж бичгийг Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам /хуучин нэрээр/, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хооронд анх 2006 онд байгуулсан бөгөөд үүнээс хойш 2008, 2011, 2013 онд тус тус шинэчлэн байгуулж байжээ. Нийт 17 зүйл, 83 заалттайгаар хэрэгжүүлсэн Санамж бичгийг шинэчилснээр хөдөлмөрийн гэрээний хугацаанд ажлын байрандаа тогтвортой ажилласан иргэний ур чадварыг үнэлэн баталгаажуулж ур чадвар, туршлагаа ашиглан эх орондоо хөдөлмөр эрхлэх, жижиг дунд үйлдвэр байгуулах боломжийг бүрдүүлж байгааг талууд онцоллоо.
Энэ оны зургадугаар сарын 20-ны байдлаар БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр нийт 8193 хүн ажиллаж байгаа бөгөөд 2015 оны эхнээс 713 хүн явсан байна.

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр Хөдөлмөрийн сайд С.Чинзориг хэлсэн үгэндээ хоёр улсын Засгийн газар нь хоёр орны нийгэм, эдийн засгийн харилцан ашигтай найрамдалт харилцааг бэхжүүлэх  олон ажлыг хэрэгжүүлж ирсний нэг нь БНСУ-ын “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны хүрээнд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичиг юм гэдгийг онцлоод “Санамж бичгээр эрх тэгш бөгөөд харилцан ашигтай байх зарчмыг хүндэтгэн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн болон хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх хүрээнд хамтран ажиллаж, Монгол Улсын иргэдийг БНСУ-д гэрээгээр хөдөлмөр эрхлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн байгуулснаар ажилтан илгээх болон хүлээн авах хүрээнд дагаж мөрдөх заалтуудыг тодорхой болгож, Солонгост монгол ажилтныг илгээх үйл явцын ил тод байдлыг хангаж, үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг дурдахад таатай байна” хэмээжээ. Мөн сайд БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ли Ки Квантай хийсэн уулзалтынхаа үеэр Монголоос хөдөлмөрийн гэрээгээр илгээх ажиллах хүчний тоог нэмэгдүүлэх санал тавьжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан