Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН, АН-тай байгуулсан гэрээгээ цуцлахад бэлэн гэж мэдэгдэв

АН-ын Гүйцэтгэх зөвлөл болон УИХ дахь АН-ын бүлгээс МАН-тай Засгийн газарт хамтран ажиллах гэрээг цуцлах шийдвэр өнгөрсөн долоо хоногт гаргасан билээ. Энэ асуудлаар өчигдөр Ерөнхийлөгч хоёр намын удирдлагуудтай уулзаж ярилцсан. АН-ын шийдвэр тодорхой гэдгийг намын дарга нь тайлбарласан бол МАН-ын шийдвэр эцэслэгдээгүй байсан. Тус намын удирдлагууд Ерөнхий сайдтай уулзаж ярилцсаны дараа  шийдвэрээ гаргана гэж байсан юм. Тэгвэл өчигдөр хамтарсан засгаас гаргах Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл, Улсын Их хурал дахь Ардчилсан намын бүлгийн улс төрийн шийдвэрийг Монгол Ардын намын бүлэг болон Удирдах зөвлөл хэлэлцэж, байр сууриа нэгтгэж, мэдэгдэл гаргажээ.
МАН-ын мэдэгдэлд,Монгол Ардын нам Ардчилсан намтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээг зөвхөн нэг талын үзэмжээр дүгнэх бус, бодитойгоор дүгнэж цуцлахад бэлэн байна.
2014 оны арваннэгдүгээр сард Ардчилсан намын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаанд оролцож, Засгийн газарт хамтрах санал тавьж, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд Монгол Ардын намд захидал илгээж, хамтарч ажиллахыг урьсан билээ. Энэ саналыг үндэслэн" Монгол Ардын намын Бага хурал хуралдаж, засагт хамтрах улс төрийн шийдвэр гаргаж, хамтарсан Засгийн газар хагас жил гаруй хугацаанд ажиллаж байна.

Харамсалтай нь, энэ богино хугацааны дараа Ардчилсан нам, түүний Гүйцэтгэх дээд байгууллага нь Монголын төрийг тогтворгүй болгож, улсын эрх ашгийг уландаа гишгэсэн шийдвэрийг дангаараа гаргалаа.Байгаль дэлхий ган гачигтай, эдийн засаг хямралтай, ялангуяа орон нутагт ард иргэдийн амьдрал хүндхэн байгаа, улсын баяр наадам ойртсон энэ үед ийм шийдвэр гаргасан нь цаг хугацааны хувьд төдийлөн оновчтой бус юм. Ардчилсан нам улс орон, ард түмний нийтлэг эрх ашиг, нийгэм улс төрийн тогтвортой байдлыг умартан, намынхаа-фракцуудын явцуу сонирхолд хөтлөгдсөн шийдвэрийг дангаараа гаргасан нь тун болчимгүй алхам боллоо гэж Монгол Ардын нам үзэж байна. Нэгэнт хамтрагч Ардчилсан нам улс төрийн шийдвэрээ гаргасан тул Монгол Ардын нам албан тушаалтай зууралдахгүй болохоо албан ёсоор мэдэгдэж байна.Өнөөгийн хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль тогтоомжийн дагуу Ч.Сайханбилэг нь Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Ардын намаас томилогдон ажиллаж байгаа сайд нарын асуудлыг өөрөө биечлэн Улсын Их хуралд өргөн мэдүүлж шийдүүлэх ёстой. Монгол Ардын нам засагт хамтрахдаа улс орны эдийн засгийг өөд нь татах талаар дорвитой ажлуудыг санаачлан хэрэгжүүлж, тодорхой үр  дүнд хүрсэн билээ. Хамтарч ажиллахдаа бид “ханцуй дотроо наймаалцахгүй, алдаа дутагдлыг хаацайлахгүй" гэсэн зарчмыг баримталж, ард түмэн, улс орны ашиг сонирхол, хөгжил дэвшилд харшлах хууль бус, хуудуутай аливаа асуудалд шүүмжлэлтэй хандаж ирсэн. Бидний энэ зарчмын байр суурийг Ардчилсан нам улс төрийн агуулгаар мушгин тайлбарлаж, бүхий л ажилд “чөдөр тушаа’’ болж байна гэж үзэж байгааг эрс няцааж байна.

Монгол Ардын нам Үндсэн хууль, Сонгуулийн хууль, Улс төрийн намын тухай хуулиудыг шинэчлэн батлуулах, улс орны эдийн засаг, ард түмний амьдралд өгөөжтэй Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон төслүүдийг хөдөлгөх зарчмын байр суурьтай байгаа. Харамсалтай нь, бидний бодож төлөвлөсөн хэмжээнд эдгээр ажил урагшилж чадаагүй нь Ардчилсан нам, Улсын Их хурал дахь АН-ын бүлэг, холбогдох хууль, төслийн ажлын хэсгүүдийг ахалсан АН-ын гишүүд болон тус нам доторх фракцуудын зөрчилдөөнтэй  салшгүй холбоотой.Тавантолгой, Оюутолгой төслүүд Ардчилсан намын фракц хоорондын өрсөлдөөн тэмцэлдээнээс болж зогссон, Сонгуулийн хуулинд “саналыг гараар тоолж баталгаажуулна", “намын нэрсийн жагсаалтаар сонгогддог байдлыг багасгана” зэрэг олон өөрчлөлтүүдийг оруулж 2015 оны долдугаар сарын 1 гэхэд батална гэсэн тохиролцоо тус намын явцуу сонирхлын улмаас биелэгдээгүй, эдийн засгийг хямралт байдлаас гаргах тусгай төлөвлөгөөг баталж хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр болгож ажиллана  гэсэн заалтыг АН-ын бүлэг хэрэгжүүлэх шаардлагагүй гэж үзсэн зэрэг олон жишээ нь аль  нам нь хамтын гэрээгээ биелүүлэхгүй төрийн ажлыг гацааж буй тодорхой баримтууд юм.

Орон нутгийн төвшинд ч хамтран ажиллах талаар тохирсон зүйлс хэрэгжээгүйн нэг жишээ нь энэ оны дөрөвдүгээр сарын 22-нд Говьсүмбэр аймагт болсон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуульд үнэмлэхүй ялсан Монгол Ардын Намын гишүүд ИТХ-даа орж, бүрэн эрхээ хэрэгжүүлж чадалгүй өнөөдрийг хүрсэн нь Ардчилсан нам хуулийг гууль болж, төрийн ажилд чөдөр тушаа болж байгаагийн тодорхой жишээ юм гэжээ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан