Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

З.Энхболд:Одоо Оюутолгойн далд уурхайг ашиглах хөрөнгө оруулалтыг Монгол Улс хүлээж байна



Улсын Их Хурлын 2015 оны хаврын чуулган өнөөдөр /2015.07.10/ өндөрлөлөө. Хуралдааны эхэнд баталсан хууль, тогтоолуудын эцсийн найруулгыг сонссоны дараа Улсын Их хурлын дарга З.Энхболд 2015 оны хаврын чуулганыг хааж үг хэллээ.

Өнгөрсөн хугацаанд нэгдсэн хуралдааныг 33 удаа, Байнгын болон дэд хорооны хуралдааныг давхардсан тоогоор 196 удаа хийж, бие даасан хууль 20, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 64, олон улсын гэрээ, конвенци, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 16, хууль, хуулийн хэсэг, зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль 18, Улсын Их Хурлын тогтоол 32, Байнгын хорооны тогтоол 93-ыг тус тус хэлэлцэн баталжээ.

Хаврын чуулганаар Монгол Улсын 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, “Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичиг” болон эдийн засаг, нийгэм, эрх зүйн чиглэлийн томоохон хуулиуд баталсан юм.УИХ-ын чуулганыг хааж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлэв. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганыг хааж  Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг


Өнөөдөр Улсын Их Хурлын 2015 оны хаврын чуулган өндөрлөж байна. Өнгөрсөн хугацаанд нэгдсэн хуралдааныг 33 удаа, Байнгын болон дэд хорооны хуралдааныг давхардсан тоогоор 196 удаа хийж, бие даасан хууль 20, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 64, олон улсын гэрээ, конвенци, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 16, хууль, хуулийн хэсэг, зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль 18, Улсын Их Хурлын тогтоол 32, Байнгын хорооны тогтоол 93-ыг тус тус хэлэлцэж баталлаа.

Хаврын чуулганаар Монгол Улсын 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, “Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичиг” болон эдийн засаг, нийгэм, эрх зүйн чиглэлийн томоохон хуулиуд батлагдлаа.

Төрөөс аж үйлдвэр, эрчим хүчний талаар баримтлах бодлого, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулиудыг шинээр баталж, Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг тодорхойллоо.

Үндэсний үйлдвэр стандартын шаардлага хангасан бараагаар дотоодын хэрэгцээг хангах боломжтой тохиолдолд гадаадын бараа нийлүүлэгчийг тендерт шалгаруулахыг хориглох, эх орондоо үйлдвэрлэж байгаа 370 орчим нэр төрлийн импортын бараанд ногдуулж байсан 5 хувийн гаалийн албан татварыг 20 хүртэл хувиар нэмэгдүүлэх, түүхий болон анхан шатны боловсруулалт хийсэн бүтээгдэхүүнийг гадаадад гаргахад нэмэгдсэн өртгийн албан татвар төлдөг болгох өөрчлөлтийг холбогдох хуулиудад хийж, дотоодын үйлдвэрээс худалдан авах барааны жагсаалтыг батлах, гаалийн албан татварын хувь хэмжээг барааны онцлогийг харгалзан тогтоох эрхийг Засгийн газарт олголоо. Ингэснээр түүхий болон өртөг бага шингэсэн бүтээгдэхүүнийг гадгашаа гаргах урсгалыг хязгаарлаж, дотоодын үйлдвэрлэгчид, иргэдээ дэмжих нөхцөл бүрдэж байна. Түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын 10 саяын босгыг 50 сая төгрөг болгон нэмэгдүүлж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч иргэнд худалдан авалтандаа төлсөн НӨАТ-ын 2 хүртэл хувийг буцаан олгохоор боллоо.

Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлагдсантай холбогдуулан аж ахуйн томоохон нэгжүүдийг хувьчлах явцад хөрөнгийн биржээр хувьчлах ажиллагаанд Засгийн газар онцгой анхаарч холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах хэрэгтэй.

Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль батлагдаж, Улаанбаатар хот архи, тамхи, зочид буудлын жижиглэнгийн болуулалтаас ИТХ-ын тогтоосон хувиар татвар авах хуультай болсноор гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд инженерийн болон нийгмийн дэд бүтэц, орон сууц, нийтээр ашиглах барилга байгууламжыг шинээр байгуулах, орон нутгийн төсвийг бүрдүүлэх, төвлөрлийг сааруулах, орон нутгаас нийслэл хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөнийг эдийн засгийн аргаар хязгаарлах эрх зүйн орчин бүрдэж байна.

”Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоол, “Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай”, “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хууль баталсанаар олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлж, ахмад настны тэтгэврийг урт хугацаанд тогтвортой олгох, тэтгэврийн даатгалд хамрах хүрээг өргөтгөх, төрөөс үзүүлж буй нийгмийн үйлчилгээг хүүхэд бүрт тэгш, хүртээмжтэй хүргэх эрх зүйн зохицуулалтыг хийж чадлаа.

Захиргааны байгууллагын суурь хууль болох Захиргааны ерөнхий хууль, “Нийтийн сонсголын тухай” хуулийг баталсанаар төрийн үйл ажиллагааг нэгдсэн стандарт, жишигт оруулж, ил тод, нээлттэй, хариуцлагатай болгох, төрийн бодлого боловсруулах, хэлэлцэх, шийдвэр гаргах түвшинд иргэд, олон нийтийг өргөнөөр оролцож төрийн бодлого, шийдвэрт саналаа тусгуулах бодит боломжийг нээж өглөө.

Сүүлийн жилүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эдгээдийн буруугаас олон мянган хүн амь насаа алдаж, гэмтэж бэртсэнээс хөдөлмөрийн чадвараа алдаж байна. УИХ “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийг шинэчлэн баталж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 384 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хасах, дээрх үйлдлийг давтан үйлдвэл 384-768 мянган төгрөгөөр торгож, 30 хоног баривчилж, жолооны эрхийг 3 жил хүртэл хугацаагаар хасахаар боллоо. Цаашид шинээр гарах Эрүүгийн хуульд давтан үйлдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэж хорих ялтай болгохоор төлөвлөж байна.

Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөх бүрт бүтцийн өөрчлөлт нэрээр төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлдөг, халдаг буруу жишиг тогтсоноор төрийн албан хаагчдын дархлаа суларч, боловсон хүчний чадавхи доройтож байна. Энэ буруу жишигийг таслан зогсоохын тулд хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ хэлэлцэхээр боллоо.

Эрхэм гишүүд ээ,


Оюутолгойн ордыг ашиглах асуудлаар УИХ холбогдох шийдвэрийг гаргасан. Оюутолгой орд эдийн засгийн эргэлтэд орж, бүтээгдэхүүнээ экспортолж байна. Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн далд уурхайг ашиглах төлөвлөгөөг хөрөнгө оруулагчтай хамтран баталсан нь зах зээлд эерэг дохио өглөө. Одоо Оюутолгойн далд уурхайг ашиглах хөрөнгө оруулалтыг Монгол Улс хүлээж байна.

Тавантолгойн ордыг ашиглах асуудлыг шийдвэрлэхдээ тухайн ордын зах зээлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, “Эрдэнэс-Тавантолгой” компанид хувьцаа эзэмшиж байгаа Монгол Улсын төр болон 1072 ширхэг хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэд, үндэсний аж ахуйн нэгжүүдийн хүртэх эдийн засгийн өгөөжийг хамгийн өндөр хэмжээнд байлгах нь чухал. Тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсны нэг чухал үр дүн нь Монгол Улс, иргэд, үндэсний аж ахуйн нэгж ногдол ашиг хүртэх эдийн засгийн бүтцийг бий болгох явдал юм.

Тиймээс зөвхөн Цанхийн хэсгийг биш, тус ордыг бүхэлд нь дэд бүтцийн хамт цогцоор нь ашиглах асуудлыг шийдвэрлэх нь Монголын эрх ашигтай нийцэж байгаа юм. Тиймээс Тавантолгойн бүлэг ордоос урагшаа болон зүүн чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах хөрөнгө оруулалтын асуудлыг хамтад нь цогцоор шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Ингэснээр тус ордын үнэ цэнэ нэмэгдэж, эдийн засгийн үр өгөөж өндөр байх болно.

Тавантолгойн ордыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран ашиглахаар Засгийн газраас боловсруулсан Хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад дагалдах гэрээ нь Монгол Улсын эрх ашгийг хангаагүй, Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжийг зөрчсөн гэж УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг дүгнэсэн. Энэ үндэслэлээр Засгийн газар төслөө буцаан татсан. Цаашдаа бид уул уурхайн том төслүүдийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран ашиглахдаа Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2-т заасан “... газрын хэвлий түүний баялаг төрийн өмч мөн” гэснийг хатуу мөрдөж ажиллах ёстой. Үндсэн хуулийн энэ заалтын дагуу уул уурхайн том төслийн үр өгөөжийг нэн тэргүүнд ард түмэн хүртдэг байх байх ёстой. Үүнд хяналт тавих нь төрийн үүрэг мөн. Тиймээс Монгол Улсын Их Хурал хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллагын хувьд Тавантолгой зэрэг стратегийн ордыг ашиглахтай холбогдсон гэрээ, хэлэлцээрийг байгуулах явцад Монгол Улсын язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалж хуулийн хүрээнд Засгийн газарт хяналт тавьж ажиллах болно. Засгийн газар Гацууртын ордын асуудлаар УИХ-аас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй.

Миний бие УИХ-ын хаврын чуулганы хугацаанд УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа сургалтын нээлтэд оролцож Сэлэнгэ, Дархан-Уул, Говь-Алтай, Завхан аймгуудад ажиллалаа. Энэ явцад Алтанбулагийн чөлөөт бүс, Дархан хот дахь төмөрлөгийн үйлдвэр, Дархан нэхий, Хөтөлийн цементийн үйлдвэр, Алтай хотод баригдаж буй 1000 айлын орон сууцны хороолол, “Эрүүл ус” орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагаатай танилцсан. Мөн “Чингис”, ”Самурай” бондын санхүүжилтээр хийгдэж буй авто зам, төмөр зам, үйлдвэрлэл, уул уурхай, цахилгаан станц, агаарын тээвэр, дэд бүтэц, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнтэй танилцлаа.

Дээрх бондын хөрөнгөөр өргөтгөсөн, шинээр байгуулсан орчин үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж бүхий үйлдвэр аж ахуйн газрууд дэлхийн жишигт нийцсэн чанар, стандарттай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аймаг, нийслэлийг холбосон болон дотоод сүлжээний авто замын бүтээн байгуулалт эрчимтэй хийгдэж, олон зуун хүнийг ажлын байртай болгож байна. Энэ бол бондын хөрөнгийн нүдэнд харагдаж гарт баригдаж байгаа бодит үр дүн. Эдгээр үйлдвэр, аж ахуйн газруудын зайлшгүй шаардлагатай тохиолдолд тоног төхөөрөмж техник хэрэгслийг татвараас чөлөөлөх, боловсон хүчнийг нь давтан бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх шаардлага байгааг Засгийн газар анхааралдаа авч дэмжиж ажиллах хэрэгтэй.

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэхээр төлөвлөгдсөн ч МАН-ын завсарлагаас болж Өршөөлийн тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиудыг баталж чадсангүй. Түүнчлэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл өргөн баригдаагүй учраас хэлэлцэж амжсангүй.

Эрүүгийн болон Зөрчлийн тухай, Өршөөлийн тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг яаралтай батлах, Ардчилсан Нам, МАН-ын хооронд байгуулсан “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ” цуцлагдаж байгаатай холбогдуулан МАН-ын 6 сайдыг чөлөөлж, шинэ сайдуудыг нөхөн томилох асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 9 дүгээр сард ээлжит бус чуулган зарлаж тусгайлан хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна.

Энэ 7 дугаар сарын 29-нд Монгол Улсад анхны ардчилсан чөлөөт сонгууль явагдсан, 9 дүгээр сард Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсч байгуулагдсаны 25 жилийн түүхт ойг тэмдэглэж, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн гишүүн болон ажиглагч 72 улсын 400 орчим төлөөлөгч оролцсон намрын чуулганыг Монгол Улсад зохион байгуулна. Эдгээр арга хэмжээг зохион байгуулахад эрхэм гишүүдийг идэвхитэй оролцохыг уриалж байна. Иймд гишүүд та бүхэн ажил амралтаа зохицуулахыг сануулж байна.

Эрхэм гишүүд ээ,


Маргааш Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаа эхлэх гэж байна. Наадмын маргааш намар гэдэг. Энэ жил хур бороо бага, хэт халуун болж байгаагаас олон аймаг, сум гандуу байна. Тариа будаа, төмс хүнсний ногооны гарц ч муухан байна. Тийм болохоор төр, засгийн бүх шатны байгууллагын эрх баригчид, монголчууд Та бидэнд өвөлдөө өнөтэй орохын тулд өвөлжилтийн бэлтгэлээ хангах арга хэмжээг эртнээс төлөвлөж, бодитой ажлуудыг хийх шаардлага тулгарч байна.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэн тойрогтоо ажиллах үедээ энэ асуудалд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй.

Монголын нийт ард түмэндээ баярын мэнд дэвшүүлж, аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Та бүхэн сайхан наадаарай.

Улсын Их Хурлын 2015 оны хаврын чуулган өндөрлөснийг мэдэгдье.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан