Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гурван орны зураачид Манжуурт чууллаа

Н.ТҮВШИНБАТ

Манай “ASSA медиа групп”-ын төлөөлөл “Тахиан дуу гурван улсад сонсогддог” гэх ӨМӨЗО-ы Манжуур хотыг дэлгэр зунаар зориод ирлээ. Өмнө нь редакциараа Манжуурт зочлоход Хятадын Еэвэн сар нь таарч, нутгийн иргэд өмнөд нутгаа зорьсон учраас Манжуур эл хуль угтаж байсан. Гэрэлгүй цонх, хүн цөөтэй гудамжуудыг хараад “энэ хотод хүн ирж суурьшихгүй байгаа юм байх даа” гэсэн бодол төрж байсныг нуух юун. Бид Манжуур хотын төв хэвлэлийн редакцид зочилж, хотын засаг захиргаатай хамтран ажиллах санамж бичиг үйлдэж, харилцан бие биедээ мэдээлэл солилцохоор тохирсон билээ. Бидний гэрээ ёсоор Манжуурт болох гурван улсын үзэсгэлэн сурвалжлах урилга манай редакцид илгээж, томилолтын баг аялалдаа гарлаа.

Дүн өвлөөр очиж байсантай харьцуулбал хүний хөлд дарагдсан энэ хот үнэхээрийн аялал жуулчлалын бүс гэдэг нь зундаа илт. Манжуур хотын Ардын засгийн газрынхны амлаж байсан барааны чанар, үнэ хоёр манай хойд “ах” нарыг татдаг нь тодорхой. Заримдаа ч Хятадын зах хязгаарт яваа гэхээсээ илүүтэй Оросын хотод ирчихэв үү дээ гэмээр. Зочид буудал, дэлгүүр хоршоо, үзвэр үйлчилгээний газар, гудамж талбай гээд хаа сайгүй оросууд. Тэд суурьшсан оросууд биш жуулчид гэнэ. Харин монголчуудын хувьд хаа нэг харагдана. Сүүлийн үед монгол жуулчдын тоо хэд дахин нэмэгдсэн тухай Манжуур хотын Аялал жуулчлалын газрын дарга хэлж байсан. Шууд нислэг долоо хоногт хоёр болсон, дээр нь ОХУ руу визгүй зорчих болсноор галт тэргээр ч  ирэх боломж нээгджээ. Багачуудаас эхлээд бүгд оросоор чөлөөтэй хэл нэвтрэлцэх хятад худалдаачдын амьдрал энд жинхэн өрнөнө. Монголчууд ч хэл нэвтрэлцэхэд амархан.

300 гаруй жилийн түүхтэй манай хотынхон одооноос л “найрсаг” болж жуулчин татах ажилд анхаарч байгаа мэт ярьсаар. Угтаа бол манай улс газраар тэнгэрээр гээд бэлээхэн дэд бүтэц нь байхад хоёр хөршийнхөө жуулчдыг татах боломж нь байна. Өмнөд хойд хил дээрх чөлөөт бүсээ ч хурдан хөгжүүлмээр санагдсан. 2010 оны зургадугаар сараас Манжуур хотыг олон улстай чөлөөтэй харилцах туршилтын бүс хэмээн баталж байсан бол өдгөө их хөлийн газар болон хөгжиж байдаг. Таван жилийн дотор л Манжуур “бүх улсын боловсон хот”, “бүх улсын дууриал хот”, “Хятадын үзэсгэлэнт хот”, “Хятад улсын шилдэг аялал жуулчлалын хот”, “Улсын экологийн дууриал хот” зэрэг олон шагналын эзэн болжээ. Монгол, хятад, хотон, орос гээд 20 гаруй үндэстэнтэй Манжуур өдгөө 300 мянган хүн амтай. Эдийн засгийн хувьд Хятад Оросын хуурай замын тээврийн 60-аас илүү хувь үүгээр дамжин өнгөрдөг. Экспорт импортын бараа эргэлтээс 72 гаруй тэрбум юанийн татвар улсдаа тушаадаг гэх. Манжуураас суралцах юм их болж.

Манжуур нь ОХУ-тай хиллэдэг хуурай газрын хамгийн том боомт, дэд бүтцийн зангилаа. Тийм болохоор сүүлийн жилүүдэд БНХАУ-ын засаг захиргаанаас амралт, аялал жуулчлалын онцгой бүс болгон хөгжүүлэх тал дээр ихээхэн анхаарал, хүч тавьж байгаа аж. Тус хотод жилд тав орчим сая жуулчин ирж, аялал жуулчлалын салбараас долоон тэрбум юанийн орлого олдог гэнэ. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дан ганц дэд бүтэц хангалтгүй ээ. Хамгийн гол нь хүний нүдэнд өртөх бүтээн байгуулалт барилга байгууламж, сэтгэлийг нь эзэмдэх элдэв соёлын арга хэмжээ их чухал. Манжуур хотын засаг захиргаа энэ тал дээр ихээхэн анхаардаг. Өнөө жил гэхэд л есдүгээр сар дуустал элдэв соёлын арга хэмжээ тус хотод үргэлжлэх ажээ. Ингэж л дээр өгүүлсэн жуулчдын тоог өсгөхөөр хичээн ажиллаж буй нь алхам тутамд харагдана.

Өдөртөө 30 гаруй хэмийн халуун байгаа ч хотыг сонирхохоор ирсэн жуулчдад бол асуудал биш бололтой. Хаа сайгүй л хөл дараастай. Жуулчид шарсан мах идэж, шар айраг шимсэн шигээ урлагийн тоглолт үзэж үдшийн сэрүүнд алжаалаа тайлах боломж элбэг. Хөшөөтэй талбай, тав дахь үеийн улсын хаалга, Матрешканы талбайд шөнө дөл болтол хөл хөдөлгөөнтэй. Европ загварын уран барилгын өнгө төрх шингээсэн болохоор оросуудад нутагтаа л байгаа мэт сэтгэгдлийг төрүүлдэг нь бас л нэгэн бизнес ухаан. Дээдсийн спорт гэх гольфийн талбай ч  бий. Хэрэв та Европ маягийн цэцэрлэгт хүрээлэнд зугаалмаар байгаа бол бас бий. Энэ хүрээлэнд ОХУ-ын урлагийн музей ч бий. Ханын уран зургаас эхлээд Оросын соёл урлагийн 2000 гаруй бүтээлтэй. Зүүн Европын алдартай 28 хөшөө дурсгалын багасгасан хувилбар бүхий талбай ч бас жуулчдын очих дуртай газрын нэг.

Түүнээс гадна аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бүс нутгийн хийгээд олон улсын чанартай тэмцээн уралдаанаа брэнд болгох нь чухалыг эндээс үлгэрлэж болно. Тухайлбал, гурван орны аялал жуулчлалын баяр, цас мөсний баяр, гурван орны гоо бүсгүй шалгаруулах тэмцээн, шинжлэх ухаан технологийн үзэсгэлэн гээд нүүр тахлах олон арга хэмжээг уламжлал болгон хэвшжээ. Гурван орны миссын тэмцээн гэхэд 2003 оноос хойш тасралтгүй болж байна. Түүнчлэн Энэ хотод Оросын үндэсний цирк 40 гаруй удаа тоглолтоо хийжээ. Олон улсын хөөмийн тэмцээн, уран сайхны гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг арга хэмжээ их бий.

Өнөө жилээс Хятад, Монгол, ОХУ-ын тосон будгийн зургийн урчуудын үзэсгэлэн зохион байгуулж эхэлжээ. Цаашдаа жил болгон уламжлал болох энэ арга хэмжээ ч удахгүй брэнд болох нь дамжиггүй. Учир нь зөвхөн уран зургийн зах зээлд түшиглэн зураачдын бүтээлээр үзэсгэлэн гаргадаг, худалдаалдаг томоохон цогцолбор төв барихаар тус хотын засаг захиргаа батлаад байгаа гэсэн. Бидний энэ удаагийн Манжуур хотыг зорьсон ажил ч чухамдаа тосон будгийн урчуудын үзэсгэлэн нээлтээ хийж байгаатай холбоотой байсан юм.

Үзэсгэлэнг нээлээ

Гурван улсын соёл, урлагийн харилцаа тэр дундаа зураачдын холбоо харилцааг сайжруулах үүднээс энэ удаад тосон будгийн урчуудыг онцлон үзэсгэлэн зохион байгуулж байгаа гэнэ. Хятад, Орос, Монголын тосон будгийн урчуудын анхдугаар чуулганыг Өвөр монголын утга зохиол, урлагийн холбоо, Манжуур хотын Засгийн ордон хамтран зохион байгуулсан байна. Энгийн нэгэн зургийн үзэсгэлэн мэт боловч цаагуураа өнөөх л аялал жуулчлалтай нягт холбоотой. Улс үндэстнүүдийн онцлог төрхийг шингээсэн энэхүү үзэсгэлэнгийн бүтээлээс Хятад болон Өвөрмонголын уран бүтээлчдийн холбооноос улсдаа нэртэй урлаг судлаач, шүүмжлэгчдийг урьж  шилдгийг шалгаруулсан нь ч энгийн нэг арга хэмжээ биш гэдгийг илтгэнэ.

2-р байрын шагналтнууд

3-р байрын шагналтнууд

Энэ жил хамгийн шилдэг гранпри 1, нэгдүгээр байрт 1, хоёрдугаар байрт 2, гуравдугаар байрт 3-н бүтээл шалгаруулах байсан ч нэгдүгээр байр хийгээд гранпри хүртэх бүтээл байсангүй хэмээн шүүгчид үзэв. Харин хоёр, гуравдугаар байрын шагналын эзэд тодорч, Монголын УЭХ-ны дэд дарга Ц.Цэгмид гуайн торгоны замыг харуулсан бүтээл хоёрдугаар байрт шалгарсан юм.

Гурван орны уран бүтээлчид уулзаж санал бодлоо солилцсон юм

Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцсон БНХАУ-ын Манжуур хотын Ардын Засгийн ордны дарга Ян Бө хэлэхдээ “Дэлхий фашистын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх, олон улсын соёл урлагийн харилцааг хөгжүүлэх, мөн Хятад, Монгол, Оросын эдийн засгийн төв байгуулах төслийг иргэдэд таниулах зорилгоор ӨМӨЗО-ны Утга зохиол урлагийн нэгдсэн холбоо болон Манжуурын Засгийн газраас ийн үзэсгэлэн зохион байгуулж буйд баяртай байна. Урлаг бол сэтгэл санааны ачаалагч, соёл бол ухаан бодлын гүүр юм. Сүүлийн жилүүдэд гурван орны тосон будгийн урлагийн харилцаа хөгжиж зах зээл өргөжиж байна.Тиймээс энэхүү арга хэмжээг бид жил бүр зохион байгуулна.Энэ удаагийн арга хэмжээнд Монгол, ОХУ-ын алдартай урчуудын 100 гаруй гайхалтай бүтээлийг дэлгэж байгаа нь бидний соёл урлагийн харилцаанд өндөр ач холбогдол үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэсэн юм.Монголоос 100 гаруй зураг аваачсан ч 40 гаруйг нь, Оросоос 200 гаруй зураг ирүүлснээс 100 орчмыг нь энэ үзэсгэлэнд дэлгэжээ. Харин нутгийн уран бүтээлчдийн хувьд Өвөрмонголоос 16, Бээжингээс 10 гаруй зураг ирүүлсэн байна.

Хэдий бид хөрш зэргэлдээ амьдарч байгаа ч бидний харилцаа бол тийм ч өргөн  биш байна гэж орон орны уран бүтээлчид ярьж байсан юм. Тийм учраас энэ удаагийн үзэсгэлэнгээр дамжуулж харилцаагаа улам нягт болгох зорилго агуулж байгаагаа ч дурдаж байлаа. Монгол зураачдын үзэсгэлэнд дэлгэсэн торгоны замын сэдэвт зургууд үзэсгэлэнгийн агуулгатайгаа их сайхан нийцсэн тухай тус хотынхон ам сайтай байна.

Монгол, Оросын зураачдын бүтээл чанар чансаа сайн ч үнэ ханш нь бага байдаг болохоор Хятадад нэг их үнэлэгддэггүй тухай ч бас өгүүлж байна билээ. Гэтэл Өвөрмонголын зураачдын зураг Хятадад нэлээд өндөр үнэлэгддэг гэнэ. Тиймээс гурван орны хил нийлсэн энэ газарт Манжуурынхан тосон будгийн нэгэн төв байгуулахаар шийдээд байгаа нь тэр. Тэгснээр урчуудын бүтээлийн үнэлгээ ч дээшлэх талтай аж. Энэ удаагийн үзэсгэлэнгээс нэгдүгээр байрт 300, 2-р байрт 200, 3-т 100 мянган юанийн шагналтай байсан. Энэ нь Хятадын тосон будгийн уралдааны хамгийн өндөр шагналын сантай урладаан болоод байгаа аж. “Шагналын сан өндөр байгаа болохоор гурван улсын зураачдын анхаарлыг татах байхаа” гэж зохион байгуулагчид ярьж байсан юм.


Б.Төмөрбаатар: Үзэсгэлэн зохион байгуулахад улс орноороо нийлж оролцдог юм байна

Үзэсгэлэнгийн үеэр Монголын урчуудын эвлэлийн хорооны дарга Б.Төмөрбаатарын сэтгэгдлийг сонслоо.

-Монголын урчуудын эвлэлийн хороо гадаадад үзэсгэлэн гаргах, уран бүтээлч солилцох гээд олон ажил хийдэг. Хятад улстай хэр ойр ажилладаг вэ?
-Бид гадаадын бүтээлчидтэй хамтарч үзэсгэлэн өөрийн оронд гаргахаас гадна бусад олон оронд гаргадаг. Тэр дундаа Хятад улстай өнгөрсөн жилээс эхлээд маш олон арга хэмжээ зохион байгуулж байна. Тухайлбал Хөх хот, Баяннуур, Ордос зэрэг хотод үзэсгэлэн гаргаад байгаа. Өнөөдөр энд анх удаагаа гурван улсын зураачдын чуулга уулзалтад оролцож байна. Уулзалтаас харахад улс улсын шилдэг бүтээлчид ирж оролцжээ. Энэ үзэсгэлэн цаашид жил болгон болж байхаар товлогдлоо. Тиймээс дараа дараагийн жилд улам идэвхтэй оролцох санаатай байна. Бид энд торгоны зам, хамтын ялалт гэсэн хоёр тусдаа үзэсгэлэнгээр оролцож байна.

-Дараа жил оролцох уран бүтээлчиддээ юу захимаар байна?
-Энэ жил сэдэвийн дагуу зураачдынхаа бүтээлийг оролцуулсан юм. Дараа жилийн сэдэв ямар байх нь тухайн үед нь шийдэгдэх байх. Саяхан манай ахмад зураачид Өвөрмонголын Баяннуурт торгоны зам гэсэн сэдэвтэй үзэсгэлэнд оролцсон бүтээлүүдээ энд дэлгээд байгаа.

-Энэ удаагийн үзэсгэлэнгээс төрсөн сэтгэгдлээсээ хуваалцаач. Зохион байгуулалт хэр болж байна вэ?
-Ер нь бол үзэсгэлэн зохион байгуулахад улс орноороо нийлж оролцдог юм байна гэдэг нь харагдлаа. Тухайлбал энд зөвхөн урлагийн байгууллага нь биш Өвөрмонголын, Манжуурын Ардын засгийн газраас нь олон дарга нар ирж, их ач холбогдол өгч тусалж дэмждэг юм байна. Манай Улаанбаатар хотод ийм үзэсгэлэн зохион байгуулбал яам тамгын газааас эхлээд бүгд л дэмжиж оролцвол зүгээр юм байна аа л гэж хэлмээр байна. Энэ нь эргээд урлагаар дамжиж улс орноо сурталчлах, аялал жуулчлал хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болдог нь ажиглагдлаа. Сая үзэсгэлэнгийн бүтээлүүдээс шалгаруулахад их өндөр шагналтай нь бас харагдлаа. Энэ нь эргээд уран бүтээлчдийг татах сайхан нөхцөл бүрдүүлж байна. Манжуурынхан өөрсдөө анх удаа зохион байгуулж байгаа болохоор туршлагагүйтэж байна л гэж байна. Гэхдээ бидний хувьд маш өндөр түвшинд зохион байгуулж байгаа нь харагдлаа.

-Энэ үзэсгэлэнгийн зургуудаас Бээжинд  дэлгэнэ гэсэн?
-Тийм ээ. Ирэх есдүгээр сарын 3-нд гурван орны Ерөнхийлөгч Бээжинд уулзах юм. Тэр үеэр Хамтын ялалт гэсэн дайны сэдэвтэй үзэсгэлэн тэнд олны хүртээл болно. Сая энд ирсэн манай бүтээлүүдийн тал нь л тавигдсан бол Бээжинд бүх бүтээл маань олны хүртээл болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан