Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Алтангэрэл: Мянганы Сорилын сангийн хоёр дахь тусламжийг аль салбарт үзүүлэх талаар хэлэлцэж байна

Н.БАТ

Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Алтангэрэл бол Монголын ардчилсан холбооны анхдагч гишүүдийн нэг. Монгол Улсад Ардчиллыг хөгжүүлэх үйлсэд 25 жил зүтгэж буй тэрээр өчигдөр МоАХ-ны ХЭГ-ын бааз суурийг бэхжүүлэхэд зориулан 20 ширхэг компьютер бэлэглэсэн юм. Түүний Монголын ардчилалд оруулж буй хувь нэмрийг МоАХ-ноос үнэлж явдгийг МоАХ-ны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа илэрхийлээд “Болор” хүндэтгэлийн медалиар шагнав. Энэ үеэр Элчин сайд Б.Алтангэрэлтэй уулзаж ярилцлаа.

-Монгол АНУ-ын харилцаа сүүлийн жилүүдэд маш эрчимтэй хөгжиж байгаа. Ялангуяа худалдаа эдийн засгийн салбарт. Өнгөр­сөн жилийн сүүлээр Мян­ганы Сорилын сангийн тус­ламжинд ахин хамруулахаар гэрээ байгуулсан. Яг аль сал­барт энэ мөнгийг зарцуулах нь тодорхой болсон уу?
-Монгол АНУ-ын хооронд 1987 онд дипломат харилцаа тогтоосон. 28 жилийн хугацаанд хоёр орны харилцаа, улс төр, соёл урлаг, эдийн засаг, боловсрол, батлан хамгаалах гээд олон салбарт хөгжиж байна. Мэдээж хамгийн чухал нь худалдаа эдийн засгийнх. Энэ чиглэлээр харилцаа хэрхэн бэхжиж байгаа нь сүүлийн долоо найман сард болсон үйл явдлын жишээгээр харагдана. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Монгол Улсыг Мянганы Сорилын сангийн тусламжинд хоёр дахь удаагаа хамруулах гэрээг байгуулсан. Мянганы сорилын сангийн тусламжийн анхны гэрээгээр АНУ нь Монголд 295 сая ам.долларын тусламж үзүүлснийг манайхан мэдэж байгаа. Тэгэхээр хоёр дахь тусламжаар ямар төсөл хэрэгжүүлбэл Монголын цаашдын хөгжилд хэрэгтэй вэ гэдгийг хэлэлцээгээр шийднэ. Хоёрдугаар сараас эхлэн сар бүр хоёр талын төлөөлөгч хэлэлцээгээ хийж байна.  Мөн Мянганы Сорилын сангийн Ерөнхийлөгч Диана Хард өнгөрсөн зургадугаар сард Монголд айлчилсан. Хоёр дахь тусламжийг ямар салбарт үзүүлэх вэ гэдэг хэлэлцээний явцад тодорхой болно. Нөгөө талаар худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хоёр улсын хооронд болдог хурал долоон жил завсарлаад байсныг энэ тавдугаар сард хийлээ.
Дээр нь, Монгол АНУ-ын эдийн Засгийн яриа хэлэлцээр гэдэг зүйлийг анх удаагаа хийсэн. Худалдаа эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхэд энэ бүгд чухал ач холбогдолтой. Өнөөдөр хоёр улсын худалдааны эргэлт 250 сая орчим ам.доллар байна. Цаашид энэ мөнгийг нэмэгдүүлэх бололцоо хоёр талдаа бүрэн бий. Үүн дээр түлхүү анхаарч ажиллаж байгаа. Мөн АНУ-ын хөрөнгө оруулалт маш чухал.

-Аль салбарт хөрөнгө оруулах сонирхол түлхүү байх шиг харагдаж байна?
-Мэдээж, АНУ-ын томоохон компаниуд манайхыг сонирхож байгаа. Уул уурхайн томоохон төслүүд дээр орох сонирхол тэдэнд бий. Харин бидний хувьд зөвхөн том төслүүд, уул уурхайн салбар гэлгүй дэд бүтцийн салбарын төслүүд болон жижиг дунд үйлдвэрийн чиглэлээр АНУ-ын компаниудын хөрөнгийг татах сонирхолтой байгаа.  АНУ-ын “Пибоди”, “Женерел электрик” гээд дэлхийд алдартай компаниудаас гадна дунд болон бага компаниудыг хөрөнгө оруулалтын төсөлд татан оролцуулахад анхаарч ажиллаж байна.

-АНУ-ын зүгээс Монгол Улсад үзүүлсэн буцалтгүй тусламжийн хэмжээг та тодорхойлж хэлээч?
-АНУ өнгөрсөн хугацаанд Монголд 270 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн байдаг.  Дээр нь Мянганы Сорилын сангийн 250 сая ам.долларыг нэмэхээр өнгөрсөн 25 жилд хагас миллиард долларын буцалтгүй тусламж үзүүлсэн байгаа юм.

-Манай зүгээс сүүлийн жилүүдэд буцалтгүй тусламжаас илүүтэйгээр хамтарч ажиллах санал хөрөнгө оруулагчдад тавья гэх болсон. Жишээ нь, өмнө нь монголчуудыг АНУ-ын зүгээс буурай хөгжилтэй орон хэмээн харж байсан бол өнөөдөр арай өөр өнцгөөс харах болсон байх. Тиймээс ч ингэж ярьж эхэлсэн байх?
-Дэлхийн банкнаас  улс орнуудын эдийн засгийн хөгжлийн зэрэглэлийг нь тогтоодог Монгол Улс бол дундаас доош орлоготой орон гэсэн ангилалд багтдаг. Дундаас доош түвшний хөгжилтэй орон гэсэн үг. Буурай хөгжилтэй гэдгээс дээгүүр. Манайхыг жижиг орон, эдийн засаг нь жижиг, хөгжиж байгаа улс гэдгийг тэд ойлгож байгаа нь тодорхой. Гэхдээ бидний хувьд АНУ-тай том, дунд, бага зэрэглэлийн гээд аль ч төсөл дээр ажиллах боломжтой учраас энэ бүхэнд тэдний компаниудыг татан оролцуулахад анхаарч  ажиллаж байна.

-Энхийг сахиулах үйлсэд монголчуудын гүйцэтгэж байгаа үүргийг өндрөөр үнэлдэг. Өнөөдөр хэчнээн монгол цэрэг энхийг сахиулж байгаа билээ?
-Энхийг сахиулах хүчинд манай улсын гүйцэтгэж байгаа үүрэг багасаагүй. Өнөөдөр 800 гаруй цэрэг энхийг сахиулах хүчинд алба хааж байна. Долдугаар сарын сүүлээр хоёр дахь ээлжийн цэрэг солигдох ёстой. Энэ бол Монгол Улсын энхийг сахиулах үйлсэд оруулж байгаа том хувь нэмэр. Нэг хүнд оногдох энхийг сахиулах хүчний тоогоороо Монгол Улс маш дээгүүр явдаг хэвээр байна.

-Та бол Монголын ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг. АНУ бол ардчиллын орон. Тэгэхээр Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэхэд тус улсын оруулж буй хувь нэмрийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Манай ардчилсан хувьсгалыг хамгийн ихээр дэмжигч орон бол АНУ байсан. 1990 оноос л Монголын ардчилсан хувьсгалыг дэмжиж, долдугаар сард нь суурин Элчин сайдаа томилон, наймдугаар сард нь АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер  айлчилсан юм. Бейкер Монголын Ардчиллыг тууштай дэмжинэ гэдгээ тэр үед илэрхийлсэн. Монголын ардчиллыг дэмжиж байгаагаа АНУ-ын Конгрессын дээд доод танхим олон удаа  илэрхийлж байсан. АНУ-ын сенат Монголын ардчиллын 25 жилийн ойг тохиолдуулан  тогтоолын төсөл боловсруулан зургадугаар сарын 1-нээс эхлэн батлуулахаар үе шаттайгаар явж байна. Төлөөлөгчдийн танхим ч мөн ижил 25 жилийн ойд зориулсан тогтоол гаргаад буй. Би энэ тогтоолуудыг батлагдсаны дараа та бүхэнд явуулна.  Тэгэхээр Монголын ардчиллыг АНУ-ын хоёр танхим хоёулаа тогтоолоо гаргаж дэмжиж байна гэдэг ихээхэн ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл.

-Одоогоор АНУ-д Монголын хэчнээн иргэн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй амьдарч байгаа вэ?
-Бүрэн нарийвчилсан тоо байхгүй ч бидний гаргасан баримтаар  25-30 мянган монгол хүн АНУ-д амьдарч байна.  3000 орчим оюутан, ногоон карт аваад хууль ёсоор амьдарч байгаа хүмүүс 2500 орчим, албан ёсны визтэй нь 400 орчим, АНУ-ын иргэн болсон 1600 орчим хүн байна. Үлдсэн нь визийн хугацаа хэтэрсэн хүмүүс байгаа.

-Сүүлийн жилүүдэд манай залуус АНУ-д тэтгэлэгтэй суралцах нь ихэссэн. Тус улсын Засгийн газрын зүгээс тэтгэлэгт болзол зарлахдаа монгол залууст чиглэсэн тусгай хөтөлбөр бий юу?
-Ихэнх оюутан маань өөрсдөө төлбөрөө хийдэг. Үлдсэн хэсэг нь тэтгэлэг авахын тулд оюутны янз бүрийн уралдаан тэмцээнд оролцож, эсвэл сурлагын өндөр амжилт үзүүлээд дараагийн шатны сургалтын тэтгэлэг авдаг. Үндсэндээ манай залуус өөрийнхөө хүч хөдөлмөрөөр тэтгэлэг авч байгаа юм. Түүнээс АНУ-ын Засгийн газрын зүгээс тийм  ч олон тэтгэлэгт хөтөлбөр зарладаггүй. Өнгөрсөн хугацаанд АНУ-ын Засгийн газраас мастер бакалаврт 100 л гаруй тэтгэлэг өгсөн байдаг юм. Монголоос АНУ-ын их дээд сургуульд суралцагчдын тоо өндөр байгаа нь манайхны өөрсдийнх нь ур чадвар, хичээл чармайлттай холбоотой.

-Монголчуудын дунд АНУ-ын Элчин сайдын яамны зүгээс Монголд визийн хатуу журам баримталдаг гэсэн ойлголт байдаг. Энэ талаар танд сонсогдож судалж байсан зүйл бий юу?
-Монголын иргэдэд АНУ-ын Элчин сайдын яамны зүгээс хатуу ханддаг гэсэн ойлголт яагаад ч байж боломгүй зүйл. Виз олгодог нэг л журам хаана  ч мөрдөгддөг. Монголд виз олгодог журам гэж өөр боловсруулаад Хятадад бас өөр гэсэн юм огт байхгүй. Бүх оронд виз олгодог нэг л журам  үйлчилдэг. Сүүлийн хоёр гурван жилийн статистик мэдээнээс харахад  манай иргэдэд АНУ-ын Элчин сайдын яамнаас олгосон татгалзах визний тоо багасч байгаа. Гурван жилийн өмнө виз мэдүүлсэн нийт хүмүүсийн 40 хувьд нь өгч байсан бол өнгөрсөн жил 50 хувьд хүрсэн. Энэ жилийн эхний мэдээгээр визэнд орсон хүмүүсийн 60 хувь авсан байгаа. Өөрийнхөө ойр дотны хүмүүсээс АНУ-ын визэнд ороод татгалзсан хариу авсан гэдгийг сонсчихоод л АНУ-ын Элчин сайдын яам хэцүү гэж ярьж ойлгож болохгүй шүү дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан