Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Чулуунцэцэг: Япон эрдэмтэн манай рашаан сувиллыг дэлхийн өвд оруулж болно гэсэн

А.ЦАГААН

“Шаргалжуут”  рашаан сувиллын захирал С.Чулуунцэцэгтэй ярилцлаа.

-Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Танай сувилалд ирэхэд сайхан орчин хүлээж авлаа. Танай компанийг анх хувьчилж авахад ямар дүр төрхтэй угтаж байсан нь сонин санагдаж байна?
-”Шаргалжуут” рашаан сувилал нь 1954 онд байгуулагдсан түүхтэй. Тэр цагаас хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн. 2006 онд нийтийн дуудлага худалдаагаар хувьчлагдахад манай компани авсан юм. Манайх хуучин “Аварга тосон” групп гэж явдаг байсан. Тухайн үед энэ рашаан сувиллыг авахад их хүнд байсан л даа.  Үйл ажиллагаа нь бараг зогссон, балгас маягтай болсон байж билээ. Жилдээ ганц хоёр мянган хүн авдаг байсан гэсэн. Одоо бол манай сувилал ээлжиндээ зуны улиралд 450 хүн, өвөлдөө 250 хүн хүлээн авч байна. Тэгэхээр жилдээ 70-аад мянган ор хоног хийдэг юм. Эмчилгээ сувилгаагаар долоон мянган хүн хүлээн авдаг. Цөөн хоног ирсэн хүмүүсээ бид аялагч, амрагч гэдэг. Долоон хоногоос дээш хугацаагаар ирсэн хүмүүсээ бид сувилуулагч гэдэг юм. Одоогийн байдлаар 480 амрагчтай байна. Аялагч, амрагч, өдрийн амрагч нар ч бий.

-Ер нь, хэчнээн төрлийн рашаан байдаг юм бол. Рашаануудыг их олон хүн судалж байсан гэдэг юм билээ. Тэр талаар яриач. Манай уншигчдад сонин байх болов уу?
-Шаргалжуутын рашаан гэдэг бол Монгол орны байгалийн эмчилгээний хамгийн том цогцолбор. Шингэн ашигт малтмалын хамгийн том орд. Мөн халуун рашааны хамгийн том орд нь юм. Ер нь манай рашаан сувилал хамгийн хамгийн гэдэг олон үзүүлэлттэй. Хамгийн сонин тогтоцтой ч гэдэг юм уу. Манай улсад 46 халуун рашааны орд байдаг. Үүнээс хамгийн том нь манайх. 10 га газрыг эзэгнэсэн 300 гаруй халуун рашаан булаг 30-96 градустай байдаг юм. Байгалийн жамаар өөрөө ундарна. Хоногт 6-7 сая литр рашаан урсч гол руу нийлж байдаг их том орд л доо. Гэхдээ зүгээр нэг халуун ус биш юм шүү. Эмчилгээний их том ач холбогдол бүхий ховор эд байгаа юм. Анх 1690-ээд оны үед өндөр гэгээн Занабазар, Ламын гэгээн Лувсанданзанжанцан нар хүн ардыг эмчлэн сувилах зорилгоор шинжлэн судалж “Халуун рашааны язгуур таван” зүйл байгааг тогтоосноо Язгуурын үндэс тайлбар зохиолдоо тэмдэглэсэн байдаг юм билээ. Дараагаар нь ламын гэгээний  хоёрдугаар дүр Лувсанванчигбалбарын урилгаар Энэтхэгээс Рихе Азала хэмээх эрдмийн хүнийг урьж авчирсан байдаг. Тэр хүн даян хийн сууж гурван жилийн туршид судалсан гэсэн. Тэрээр “Шаргалжуутын рашаанд орох журам” номыг бичиж түүндээ 64 үндсэн өвчнийг анагаах 108 нэр төрлийн рашаан байна хэмээн тодорхойлсон байдаг. Мөн ламын гэгээний тавдугаар дүр Лувсанпэрэнлэйтогмэд  Лхас Төвдийн газраас Тачин Шаврун гэгээн тэргүүнтэй эмч маарамба, шинжээч хүмүүс ирж бүтэн жил судлаад Усан болорын сургааль судрыг бүтээсэн байдаг юм билээ. Хожим нь 1960-аад оны үед Орос, Монголын эрдэмтэд судалснаар рашаан булгуудын химийн найрлагыг тодорхойлж радон агуулагдаж байгааг тогтоосон. Харин 2007, 2008 онд Герман Монголын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар +90 градусаас дээш хэмийн халуунд амьдрах чадвартай өвчин үүсгэгч нянг эсэргүүцэх антогонист шинжийн термофиль бактерь байгааг тогтоосон байдаг юм.

-Та бас рашаан, булгуудыг судлуулсан гэсэн?
-Бид сүүлийн үед рашаа­ныхаа шинжилгээ, судал­гаанд их анхаарал тавьж хөрөнгө, хүч зарж байгаа. Дэл­хийн анагаахын шинж­лэх ухаанд батлагдсан эм­чил­гээний  бодисууд бай­на уу, үгүй юу гэдгийг үзүүлж харуулах зорилгоор рашаанаа судлуулсан юм. Япон улс хамгийн олон халуун рашаантай гэдгээрээ их алдартай. Тийм болохоор рашаан судлаач эрдэмтэн Мацуда Тоданари гэдэг хүнийг урьж авчраад судалгаа, шинжилгээ хийлгэсэн. Үр дүн нь ч сайн гарсан. Шаргалжуутын бүлэг рашааны  гол ундаргад өндөр агуулгын устөрөгчийн ион байгаа болон тэр нь амархан дэгдэхгүй идэвхтэй хэвээрээ байгааг туршилтаар тогтоосон юм. Мөн ангижрах чадвар өндөр байгааг нь ч  тогтоосон. Шаргалжуутын рашааны анагаан эмчлэх чанар нь 85 хувьтай байгаа нь устөрөгчийн ионы үйлчлэлээр идэвхжсэн хүчилтөрөгчийг устгаж, шохойжилтыг эсэргүүцэх гайхамшигтай чадварын үр дүн гэж бодож байна. Тэгэхээр Шаргалжуутын рашаан нь эдгэршгүй олон төрлийн өвчин эмгэгийг анагаан эдгээж ирсэн увидас нь энэхүү устөрөгчийн ионы үйлчлэл байсан гэж хэлж болох юм. Тэгэхээр манай рашаанууд их ховорт тооцогддог. Тэр япон эрдэмтэн “Энэ газар их ховор газар шиг санагдлаа. Би 7800 рашаанаар явж байсан. Хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн нь танайх байлаа. Дэлхийн өвд оруулж болох юм байна” гэсэн. Тэгэхээр нь бид та ямар үзүүлэлтээр нь дэлхийн өвд оруулж болно гэж үзэж байгаа юм бэ гэхэд бүхэл бүтэн өндөр уулыг ороосон 10 гаруй га талбайг эзэлсэн том орд ховор байдаг юм. Мөн хадан дундаас гардаг рашаан маш ховор. Түүнчлэн бүтэц найрлага нь маш сайн, эмчилгээний ач холбогдол өндөртэй, шинж чанараа удаан хадгалдаг байдлаараа орж болно гэсэн зөвлөгөө өгч байсан.

-Тэр мундаг судлаач хүн зүгээр ч нэг дэлхийн өвд оруулж болно гэж хэлээгүй л болов уу. Ингэхэд та түүний зөвлөгөөг хэрхэн хүлээж авсан бэ. Дэлхийн өвд оруулах талаар?
-Ногоон хөгжлийн яам дээр очсон чинь нэг их тоогоогүй. Ийм рашаан олон байдаг гээд л байсан. Одоо ч гэсэн манай хүмүүс хөөцөлдөж л байна. Юу болохыг нь сайн хэлж мэдэхгүй л байна. Дэлхийн өвд орчихвол хамгаалалтад орчихдог юм шиг байна билээ. Хоёрдугаарт гадаадад их том сурталчилгаа болно шүү дээ. Жуулчдыг татахад тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Хам­гийн гол нь дараагаар нь ухаж төнхөөд байхгүй болохоор их ач холбогдолтой юм уу гэж бодсон. Ийм орд газрыг түшиглэн үйл ажиллагаа явуулж байгаа болохоор манайх аль болох олон хүнд хүртээмжтэй, чанартай үйлчилгээг хүргэхийн төлөө хичээж ажиллаж байна. Дэлхийн жишигт хүргэсэн үйлчилгээ үзүүлнэ гэсэн эрхэм зорилготой ажилладаг.

-Үйлчлүүлэгчидтэй ярил­­­цаж байхад олонх нь л дахин ирсэн хүн байна. Эмчилгээний үр дүнтэй л холбоотой байх, тийм үү?
-Рашаан, эмчилгээнийхээ технологийн хувьд гурваас доошгүй жил ирэх ёстой байдаг юм. Тухайн хүний өвчин нь хүндрээгүй, сэдрээгүй байх юм бол тэр дорхноо л эдгэрдэг. Өвчнийхөө үе шатаас их хамаарна. Мөн тухайн үйлчлүүлэгч эмчилгээнийхээ гамыг маш сайн барих ёстой байдаг л даа.

-Танай сувилал эргэн тойрондоо их анхаарал тавьдаг нь анзаарагдлаа. Мөн шинэ, шинэ тансаг зэрэглэлийн байшинтай ч болж?
-Өнгөрсөн жил эко буудал ашиглалтад оруулсан. Хүн их ирдэг болсон учраас 130 хүний суудалтай ресторан хүртэл барьж ашиглалтад оруулсан байгаа.

-Ер нь нэг дор хэдэн амрагч хүлээн авах чадалтай юм бэ?
-Зундаа 450. Гэрээ нэмбэл 500 болчихдог юм. Люкс ангиллын өрөөнүүд хоёр ор­той. Энгийн өрөөнүүд нь 3-4 ортой. Эко буудал маань 16 өрөөтэй, 32 ортой. Гэр бүлээрээ амрахад их тохиромжтой.

-Үнийн хувьд ямар байгаа вэ. Ямар хүмүүст хөнгөлөлт үзүүлдэг юм бол?
-Хавар, намрын улиралд их хямдралтай үйлчилгээ үзүүлдэг. 30-н хувь хүртэл хямдардаг. Манай монголчууд зундаа үйлчлүүлээд сурчихсан байдаг. Уг нь харшлын гаралтай өвчтэй хүмүүс хавар ирвэл их тохиромжтой байдаг л даа. Гэвч зун л ирээд байдаг юм. Рашаан эмчилгээ өөрийн гэсэн технологитой. Хүмүүс жаахан зөрчих гээд байдаг гэмтэй. Тиймээс хавар намартаа үнээ буулгадаг хэрэг. Манайх таван төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлдэг. Эмчлүүлэх, сувилуулах зорилготой сувилуулагчдыг хүлээн авдаг, гадаад дотоодын жуулчдыг авдаг,  хурал зөвлөлгөөн семинар, хүлээн авалтын үйл ажиллагааг зохион байгуулдаг.  Мөн хамт олон, ах дүү нарын баярыг ч зохион байгуулж байна. Манайх шиг олон эмчилгээг нэг дор хийж өгдөг рашаан сувилал маш ховор. Манай эмч нар их мундаг хүмүүс байдаг юм. Насаараа сэхээн амьдруулах тасгийн зөвлөх, их эмч хийж байсан. Мөн харшлаар дагнасан сайн эмч нар ч байна. Эмч нар маань эмчилгээний тусгай хөтөлбөрүүд зохиодог. Ямар эмчилгээ хавсарч хийх вэ гэдгээ сайн мэддэг. Үе мөчний эмчилгээг их сайн хийдэг. Байгалийн эмчилгээний олон төрөл байдаг учир эмчилгээ нь их хүчтэй хүмүүст ч сайн таардаг юм. Одоо манай үйлчилгээ үзүүлж байгаа төлбөр бол эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт багтсан үнэ нь. Хүмүүс ихэвчлэн даатгалтайгаа ирдэг болохоор хөнгөлөлт эдэлдэг.

-Өвөл үйлчлүүлэгчид авдаг гэсэн. Ямар үйлчилгээ үзүүлдгийг нь сонирхож болох уу?
-Өвлийн эд хүйтэнд манайх шиг дулаахан газар байхгүй л болов уу. Халуун уур савсаад л гол урсана. Цасан дундуур рашаан урсаад л энд тэнд ногоо ургачихсан байдаг. Тэр бүү хэл голын жараахайнууд нь  хүртэл оволзож өгдөг. Халуун хаданд суунгаа халуун рашаанд өндөг чанаж идэж сууна гэдэг үнэхээр сайхан. Ер нь өвөл, зун, намрын цагт манай сувилалд ирвэл үнэхээр гоё шүү.  Хүүхдүүдэд зориулж мөсөн гулгуурын талбай хийж өгдөг. Дэргэд гол урсч байдаг болохоор мөсөн гулгуурын талбай хийхэд ямар ч бэрхшээл гардаггүй. Өвөлдөө үнэхээр үзэсгэлэнтэй сайхан байгалийг мэдэрч болдог гэдгийг ам бардам хэлж чадна.

-Танайд ажиллагсад хо­тоос ирж ээлжээр ажил­ладаг уу эсвэл эндхийн хүмүүс үү?
-Энэ хавийн хүмүүсээс ажилчдаа бүрдүүлдэг. Орон нутгийнхныгаа ажлын байртай болгож, сургаж авч байгаа. Харин эмч, сувилагч нар маань хотынх.  Аль болох чадвартай хүмүүсийг ажиллуулахыг боддог, хичээдэг. Эмч нарын маань хувьд олонх нь тэтгэвэрт гарсан хүмүүс байдаг учир илүү чадамжтай. Тухайн хүнийг гаднаас нь хараад л оношилж чаддаг.

Тэгвэл рашаан таардаг­гүй эмчилгээ гэж байх уу?
-Рашаанд хавдрын өвчлөл бүр нэмэгдэж, хүндэрдэг. Ер нь хавдартай хүмүүст рашааны эмчилгээг хориглодог. Тэжээгддэг гэдэг юм. Мөн халуун рашаан гэмтэл бэртлийг задалдаг гэдэг юм билээ. Ер нь бол дотор эрхтэнд л хамгийн сайн эмчилгээ болдог. Манайд уудаг, ордог бүхий л рашаан бий.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан