Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Түвшинжаргал: Хөнгөлөлтийн картыг бусдад дамжуулбал хураагаад ахин олгохгүй


Л.Хатанбаатар

Нийслэлчүүд том оврын автобусаар зорчихдоо карт уншуулдаг болоод 10 гаруй хонож байна. Гэвч үүнийг тойрсон сайн муу асуудал олон гарч буй. Энэ талаар “Улаанбаатар карт” компанийн маркетингийн менежер Ц.Түвшинжаргалаас зарим зүйлийг тодруулав.

-Одоогийн байдлаар нийт хичнээн автобусанд карт уншигч суурилуулсан вэ?
-Нийт 1170 ширхэг автобусанд тавихаас 1100-д нь карт уншигч суурилуулсан. Үлдсэн 70 автобус нь техникийн шаардлага хангахгүй, засвар хийлгэх шаардлагатай учраас суулгах боломжгүй байлаа.

-Карт уншигч суурилуулсан ч  автобусаар иргэд зорчиход ихээхэн хэл ам дагуулж байгаа. Карт авах гэхээр цэг нь хангалттай биш юм. Бэлэн мөнгөний хайрцаг руу  500-гаас дээш төгрөг хийхээр хариулт өгөхгүй байна. Кондукторуудад нь хариулт өгөх бэлэн мөнгө байхгүй гээд?
-Иргэдийн зүгээс гарч байгаа гол шүүмжлэл энэ болоод байгаа. Бэлэн мөнгөөр зорчих шаардлагатай бол бэлэн мөнгөний хайрцагт мөнгө хийгээд зорчих ёстой. Ингэхдээ 500 төгрөг хийх ёстой. Иргэд мэдээлэл муутайгаас болоод бүхэл дэвсгэрт хийх буюу эсвэл задгай мөнгөгүй автобусад орж ирснээс асуудал үүсч байна. Зорчигчдод зөвлөхөд хариулт өгөх боломжгүй учраас заавал задгай мөнгөтэй яваач ээ. Задгай мөнгөтэй явж байхаар картаа худалдаж аваад зорчвол илүү амар. Картны анхны үнэ 3600 төгрөг. Нэг удаа худалдаж аваад хэдэн жил ч ашиглаж болно. Тун удахгүй тарифын өөрчлөлт орох гэж байгаа. Өөрөөр хэлбэл картаар үйлчлүүлбэл 500 төгрөг. Бэлэн мөнгөөр зорчвол арай өндөр байхаар тогтоох гэж байна. Магадгүй 600, 700, 800 төгрөгөөр ч тогтоож магадгүй. Үүнийг нийслэлийн Засаг даргын дэргэдэх нийтийн Тээврийн зөвлөлийн хурлаар шийднэ.

-Оюутнуудад нийтийн тээврийн хэрэгслээр зорчих лимит тогтооно гэсэн. Мөн өндөр настан, тахир дутуу иргэдэд зорчих хязгаар тогтоох уу?
-Оюутнуудад төдий хэмжээний лимит тогтооно гэсэн шийдвэрийг нийслэлийн Тээврийн газраас хүлээж байна. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн картыг 9999 удаа буюу хязгааргүй гэж ойлгож болохоор цэнэглээд өгчихсөн. Одоохондоо лимитгүй дураараа зорчиж байгаа. Удахгүй нийслэлийн Тээврийн газраас манайх руу лимит албан шугамаар ирүүлнэ. Сард хэдий хэмжээний зорчилт хийх тухай. Шийдвэр нь гарчихвал манайх систем дээр тохиргоо хийн бүх картны лимитийг тогтоож өгнө.

-Өндөр настнуудын картаар ээлжилж зорчих тохиолдол гарч байна. Энэ асуудлыг яаж зохицуулах вэ?
-Хөнгөлөлтэй зорчигчийн карт гэдэг нь төрөөс тухайн хүнд мөнгө төлж байгаа хэрэг юм. Тийм учраас хөнгөлөлтэй зорчигчийн картыг бусдад дамжуулахыг хориглож байгаа. Шаардлагатай тохиолдолд картны эзэн мөн эсэхийг хэрэглэгчийн төвөөс тодруулж болно. Хэрвээ холбогдох дүрэм, журмыг зөрчин асуудал гаргавал картаа хураалган, цаашид хөнгөлөлт эдлэх эрхгүй болох магадлалтай учраас журмынхаа дагуу үйлчлүүлэх хэрэгтэй.

-Нийт карт зарах, цэнэглэх хэдэн цэг байгуулагдахаас одоогийн байдлаар хичнээн нь байгуулагдан ажиллаж байна вэ?
-Одоогийн байдаар 280 орчим цэг байгуулсан. Мөн “Шуурхай зар” сонины цэгүүд болон “Well mart” гэсэн сүлжээ дэлгүүрүүд дээр карт зарах, цэнэглэх цэгүүд байгуулж байна.

-Иргэдийн анхаарал татсан өөр нэг асуудал бол 30 минутын дотор тээврийн хэрэгслээ сольж үйлчлүүлбэл хөнгөлөлт эдлэх тухай. Энэ талаар?
-Наймдугаар сарын 15-наас эхэлж гурван зүйлд өөрчлөлт орно. Эхнийх нь үнэ тарифт өөрчлөлт орно.  Нийтийн тээврийн хэрэгслээр зорчиход бэлэн мөнгө төлбөл өндөр, картаар бол бага байхаар зохицуулалт орно. Хоёрдахь нь маршрутын өөрчлөлт орно. Эцэст нь дамжин суултын хөнгөлөлт гэж. Нийслэлийн удирдлагуудын барьж буй урьдчилсан байр сууриар бол ачаалал ихтэй цаг буюу өглөө 7-9 цагийн хооронд, үдээс хойш 17-19 цагийн хооронд зорчих юм бол 30 минутын дотор дамжин суухад нь үнэгүй байхаар зохицуулалт хийж өгөх төлөвтэй байна. Нийтийн тээврийн компаниудтай зөвшилцөн тохирвол энэ сарын 15-наас эхлэн энэ хөнгөлөлт хэрэгжинэ.

-Иргэдийн дунд нэг ийм ойлголт байна. Зорчилтын хол ойроос шалтгаалж картнаас мөнгө хасагдана гэсэн?
-Ийм зүйл байхгүй. Гадаад улс оронд ийм жишиг байдаг болохоор тэгж ойлгож байгаа байх. Хуучин системээр зорчино. Зорчигч суухдаа эхэлж мөнгө төлөөд боллоо. Тухайн нийтийн тээрийн хэрэгсэлд 500 төгрөг төлөөд хотын нэг захаас нөгөөдхүртэл үйлчлүүлж болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан