Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мэдсээр байж гамшигт өртдөг зуршил

Монгол Улс байгалийн жамаар бус бодит хүний нөлөөгөөр энэ хоёр гамшигт жилийн жилд өртсөөр л байна.

Малын халдварт өвчин, ой, хээрийн түймэр гэж умартаж үл болох энэ хоёр аюулыг мэдсээр байж байнга өртсөөр бүр зуршил болж жилээс жилд давтагдах болжээ. Энэ бүхэн том сануулга өгдөг ч  дараа жил нь төр засаг маань ихэд цочирдож дахиад л амь нас, мал сүрэг, эд хөрөнгөөрөө, харамсал, хөлс, нулимсаараа унтраадаг. Ингэж бид ойрын арван жилдээ үзээгүй гамшигтай анх учирч буй мэт цочирдон гай зовлонд автдаг болж дээ. Өмнө нь жил дараалан гарч байсан эл гамшиг энэ  жил бас  л гарах ёстой юм шиг дахин давтагдав. Жилийн эхнээс гарсан эдгээр аюул  өмнөхөөс ч улам нэмэгдэж өнөөг хүртэл үргэлжилж буйг бодоход сульдсан эдийн засгийг маань улам доройтуулах бас нэг нэрмээс болох нь дамжиггүй. Яагаад гэвэл үхсэн малын төлбөр, тарилгын үнэ, гэр орон, мал хуй, өвс тэжээл, шатсан айл өрх, эрүүл ахуй, ажлын зардалд өмнөх жилүүдэд хичнээн их мөнгө төлж, ямар гай, зовлон дагуулсныг төр засаг мартаагүй байх. Дээр нь олон жилийн хөдөлмөр зүтгэлээр өнгөрсөн зуунд дарж авсан улаан бурхан өвчин хүн амын дунд тархаж эхлэв.

Бид энэ бүхнээс сургамж авахгүй хэвээрээ, гарсных нь дараа л “Одоо яадаг билээ” хэмээн хөдөөд гал унтраах, гартаа барих хэрэгслэлийг нь онгоцоор зөөж, машин тэрэг олгож, вакцины эрэлд улс дамжин гардаг болсоор олон жилийн нүүр үзсэн ч байдал өөрчлөгдсөнгүй. Зөвхөн нэг удаагийн онгоцны зардал л гэхэд хэдэн арван саяар  тооцдог шүү дээ.

Галын аюулгүй байдлын, Гамшгаас хамгаалах, Дайчлагын хуулиуд нь үйлчилдэггүй. Цэрэг цагдаагаа дайчилж чаддаггүй. Одоо эдгээр хуулиудаа засах шинэчлэх тухай ярьж, аюул гамшгийн улаан гал дундаас Батлан хамгаалахын дарга нараасаа цэрэг дайчлах зөвшөөрөл хүсч, тэд дээш нь танилцуулах гэх мэтээр зовлонгоо тоочдог. Урд өмнө нь харсаар, мэдсээр байж энэ бүхнээ хариуцаж, хууль журмаа засч залруулж, шинэчилж байсангүй л дээ дарга нар маань.

Орон нутагт энэ хоёр гамшгаас сэргийлэх ажил, сургалт нүд хуурсан байдалтай, хариуцлагын болон сайн дурын үйл ажиллагааны хөшүүрэг, эрх зүйн зохицуулалт огт байхгүй. Жил бүр байнга давтагддаг энэ хоёр аюул гамшгийн хэмжээнд хүрч, олон айл өрхийг амь зуулгын эх үүсвэрээс нь салган, улсад нөр их хохирол учруулсаар буй дор даруйхан хохирлыг нь төсвийн  хөрөнгөөр аргацаан хэл амнаас салж, хариуцлага тооцох эзэнгүй болгохоос өөр урдчилан сэргийлэх талаар бодлого зохицуулалтын ажил хийгдэхгүй байсаар.

Өнөөдөр бид ихэнхдээ хүний хариуцлагаас үүдэлтэй энэ хоёр гамшгаас үүдсэн хохирлоо тооцож байна. Өртсөн нутаг оронд иргэд албан байгууллагуудаас тусламжийн аян, улсын нөөцөөс мөнгө хөрөнгө, эд бараа  фондоос өвс тэжээл, гэр орон ер нь байгаа бүхнээ л гаргаж байна. 2007 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан түймрийг унтраахаар МИ-8 нисдэг тэргээр явсан ОБЕГ-ын хорь гаруй аврагч осолдож ихэнх нь газар дээрээ нас барсан. Ерөө сумын Засаг дарга нь түймэр унтрааж яваад нас барсан. Иймэрхүү үзэгдэл давтагдсаар л байгаа нь бид энэ бүхнээс сургамж аваагүйн илрэл юм. Өнөөдөр Мандал сум дахиад л  түймэрт өртөөд байна.

Наяад оны дундуур |1986 билүү| Дорнод аймагт хээрийн түймэр гарч, Хөлөнбуйр сумын иргэд гэр орон мал ахуйтайгаа түймэрт өртсөн ноцтой аюул болсон.  Төрөөс асар их зардлаар айл болгонд гэр, бүрэн тавилгатай нь олгож байлаа. Үүний дараа ТВ-гээр түймэр амжилттай унтрааж иргэдэд учирсан хохирлыг барагдуулсан тухай гаргаж шатаж хав хар болсон хөдөө талаар дүүрэн цав цагаан гэрүүд ярайж байсан нь тун содон харагдаж билээ. Би тэр үед тохиолдлоор түүгээр явж байгаад ийм айлтай таарсан юм.

Гэрийн эзэгтэй барга авгай түймэрт хуйхлагдсан гэзгээ алчуураар боож, гутлынхаа хайлж ханзарсан улыг төмөр утсаар багласан хэвээр биднийг хэдэн хүүхдийнхээ хамт гаднаа угтав. Гэрт нь ороход хаяанд нь түймэрт өртөж бүүрэг, гөлөм нь хайлсан эмээл, айргийн хөхүүр, модон хөнөг зэргийг овоолж тавьснаас хиншүү хярвас ханхалсан ч ширээн дээр нь халуун сав, орны толгойд оёдлын машин, эрээн авдар дээр нь богино долгионы ВЭБ радио бүгд шинэхэн байж билээ. Мэдээж бүх мал нь түймэрт өртсөн тул хар цай чанаж аяны биднийг байгаа бүхнээрээ л цайлсан.

Энэ авгайн нөхөр нь түймрээс малаа гаргах гэсээр чадсангүй хамт осолдсон тул бэлэвсэрч үлдсэн байв. Гэсэн  ч тэрээр “Төр засагтаа их баярлалаа, бор гэртэй байснаа бодвол цоо шинэ сайхан цагаан гэртэй боллоо” гээд нулимс унагаж байсан даа зайлуул. Харин аж амьдралынх нь цорын ганц эх үүсвэр болсон малынхаа хашааг хураасан тул гадаа нь хав хар, хов хоосон. Бид аяны хүнс, байгаа бүхнээ өгөөд цааш хөдөлсөн. Ийм л байдаг юм билээ их түймрийн дараа.
Энэ бүгд хариуцлагагүй, хэнэггүй байсныхаа төлөө бидний төлж буй үнэ цэнэ, хэн ч бай биднээс, бидний улсаас гарч буй гарз. Ус даяар дүүрэн байгаа хариуцлагагүйг аль аль талдаа зөвхөн өөрсдийгөө өмгөөлж тайлбар тавихаас  цаашгүй, бусдын гар хардаг ийм л цомхон гарцтай билүү. Бүхэл бүтэн улс орноороо ийм байдалд жил дараалан орж буй учир шалтгаан нь чухам юунд байгаа юм  гээд бодвоос төрийн албаны томилгоо нь намынх болж, иргэдийн хариуцлага сул буйд л буугаад байдаг. Төр засаг мэргэжлийн боловсон хүчнээ зөв томилж чадаагүйгээс эдгээр аюулаас урьдчилан сэргийлэх шинжлэх ухаанч хандлага, эдийн засгийн боломж хүч, хөрөнгө, хууль эрх зүйн зохицуулалт, төрийн болон орон нутгийн удирдлагуудын түвшинд хариуцлагын тогтолцоо бүрдсэн гэхэд эргэлзэх сэтгэгдэл төрүүлж байгаа юм. Энд орон нутгийн байгууллага, иргэд өөрсдөө онцгой анхаарч, хариуцлага ярих цаг ч болсон гэж бодном. 

Айлаас эрэхээр авдраа уудал ...гэж. Шүлхийн вакциныг дотооддоо үйлдвэрлэж болох байсан уу? Болох л байсаан. Манай хэсэг эрдэмтэд энэ талаар судалгаа хийж шүлхийн вакцин дотооддоо үйлдвэрлэн хэрэгцээгээ бүрэн хангаад гадаадад гаргах боломжтой техникжсэн лаборатор байгуулах төсөл боловсруулан хэрэгжүүлэхэд шаардлагатай 2 тэрбум төгрөгийн хөрөнгө төрөөсөө хүсч олон жил хөөцөлдсөн боловч олдоогүй хэмээн ярьцгааж  байлаа. Сүүлийн жилүүдэд шүлхий өвчнөөр үхсэн малын төлбөр болон гадаадаас оруулсан вакцины үнэд 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан гэдэг баримт байдаг. Хэрэв тэр төслийг дэмжсэн бол ийм их зардал гаргахгүй, ядаж л гадаадаас бусдын аманд багтсан үнээр вакцин авах гэж гуйж явахгүй биз. Төрийн түшээдэд бусдаас хараат байх сонирхол байхгүй л байлтай. Хэдэн зуун сая төгрөгөөр ОХУ-аас авчирсан 500 мянган ширхэг вакцин хугацаа нь хэтэрсэн, Хятад улсаас оруулсан 1,6 тонн шүлхийн вакцин хөлдсөн... гээд л бөөн шуугиан болсныг ҮХАА-н яам залруулж тайлбар хийж байсныг санаж байна. Бид өөрсдөө үйлвэрлэвэл ядаж хугацааг нь мэдэж, хөлдөөхгүй байж чадах байлгүй дээ. Өнөөдөр Ховд аймагт гарсан шүлхий өвчин, төв, зүүн аймгуудад гарсан түймэрт мэдээж дахиад л хөрөнгө мөнгө гаргах болно. Орон нутгийн төсөвт энэ бүхнээс урдчилан сэргийлэх зардал байх ёстой юу, эсвэл тэр нь аюул эхлээгүй байхад дуусчихдаг юм уу.

Үйлдвэрлэлд нэвтрэхгүй байгаа шинэ бүтээл, нээлт бүрийн цаана улс орон хөгжил дэвшилд хүрэх асар их оюуны боломж, эдийн засгийн нөөцөө алдаж, эрдэмтдийн он жилээр зүтгэсэн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаа нь зөвхөн төрийн санхүүгийн боломжоос бус гэхэд хилсдэхгүй байх. Энэ асуудлыг эх оронч сэтгэлээр харж, мал эрүүлжүүлэх, галын аюулаас урьдчилан сэргийлэх бодлогоо эрдэм шинжилгээний байгууллагын судалгааг үндэслэн зохион байгуулж, материаллаг бааз суурь бий болгох шаардлагатай болжээ. Өнөөдөр хөгжиж буй улс орнууд шинэ зүйл санаачлан дэлхийн хэмжээнд гаргах тухай өрсөлдөж байхад бид санаачилсан шинэлэг зүйлээ дотооддоо ч хэрэгжүүлж чадахгүй байна.

Шинэ санаачлага, нээлт бол байгаль орчинд асар хор хөнөөлтөй уул уурхайн ашгаас огт өөр, ухаалаг, авсаар, хэрэглээний хөнгөн хялбар чанар агуулсан, чанарын өндөр түвшинд шинэ технологиор буй болдог, хүний оюуны чадавхын барагдашгүй нөөц юм. Иймээс оюунлаг, шинэ зүйлийг сэдэж, нэг ч гэсэн шинэ юм өөрсдөө хийхийг бодлогынхоо түвшинд байлгамаар байгаа юм. Саяхан монгол эрдэмтэн бүсгүй малын эмчилгээний болон тэжээлэг чанараараа дэлхийд өрсөлдөхүйц тэжээл боловсруулах шинэ технологи нээсэн байна. Түүний энэ тэжээл нь хямд төсөр |царвангаас гаргасан| малын чанар сайжруулахаас гадна эрүүлжүүлэх ач холбогдолтой чухал тан болох аж. Харин түүнийгээ үйлдвэрлэлд нэвтрүүлж, зохиогчийн эрхээ хамгаалах талаар санааширч, санхүүгийн боломж хомс буйгаа ТВ-д өгсөн ярилцагадаа дурдаж байлаа. Эрдэмтдийн маань шинэ бүтээл, нээлтүүд үйлдвэрлэлд нэвтрэх нь тун ховор тул замынхаа хагаст он жилээр гацсаар хоосон цаас болж үлддэг нь нууц биш.

Өнөөдөр монгол эрдэмтэд өөрсдийн шинэ бүтээлээ сурталчлан Дэлхийн оюуны өмчийн байгууллагын шагнал хүртэж тус байгууллагын дээд удирдлага манайд айлчилж энэ асуудлаар төрийн бодлого идэвхжиж байна. Бар болохын тулд бамбар болох хэрэгтэй, брэнд бүтээхийн тулд хийж сурах хэрэгтэй. Бар болдоггүй, брэнд бүтээдэггүй юмаа гэхэд ядаж өдөр тутмын өргөн хэрэглээний зүйлээ өөрсдөө үйлдвэрлэхийг хичээе. Иймээс бид бүтээлч, шинэ нээлт, санаачлагуудыг дэмжихэд чиглэсэн төрийн бодлогоо эрчимжүүлж энэ чиглэлээр зуршуулах хэрэгтэй байна. Хүүхдээсээ “Өнөөдөр ямар дүн авав? асуултаа “Өнөөдөр шинэ юм юу сурав” гэж өөрчлөн тэдэндээ бүтээлч хүн болох урам нэмж, шинийг санаачилж бүтээхэд хорхойсдог болгоцгооё.

Хэдэн жилийн өмнө монгол хуврага, цахар гэвш Лувсанчүлтэмийн |1740-1810|  мэндэлсний ойг тэмдэглэж, түүний монгол түмнийхээ эрүүл энхийн төлөө хийж бүтээсэн үйл хэргийг нь эрхэмлэн, эрдэм шинжилгээний хурал хийж, эрдэмтэд илтгэл тавьж байсныг би санаж байна. Тэртээ арваннайм, есдүгээр зуунд амьдарч байсан энэ оточ лам, анх салхин цэцгийн тарилга нээчихсэн байжээ. Тэр цагт Монголд зохиогчийн эрх хамгаалах хууль, ажил эрхлэх байгууллага байгаагүй тул даруй арав гаруй жилийн дараа Английн эрдэмтэн Женр үхрийн гуурнаас салхин цэцгийн вакцин гарган авч зохиогчийн эрхээ хамгаалснаар эзнээ олоогүй эрхийг нь азтай англи эр шүүрэн авч ийнхүү энэ тарилгын анхдагч болсон байдаг. Женр дэлхийд гарч буй хэдэн зуун саяар тоологдох салхин цэцгийн тарилга бүрээс зохиогчийн хувиа хүртэн насны эцэст үр хүүхдүүддээ өвлүүлсэн буй заа.

Лувсанчүлтэм гэвшийн зохиогчийн эрхийг нь хамгаалж чадсан бол өдгөө гарч буй тэрбумаар тоологдох тарилгаас мөнгө авч болох л байсан. Хожим өдөр энэ бүхнийг эргэн санахад харамсалтай ч эцэст нь эрэгцүүлэхэд манай ардын уламжлалт анагаах ухааны хөгжил, монгол хүний оюуны цар хүрээ тэртээ Лувсанчүлтэм |1740-1810| гэвшийн үед ямар түвшинд байсны бодит жишээ энэ юм.
Дашрамд АНУ-д болсон нэгэн үйл явдлын тухай хэвлэлээс үзсэнээ уншигч танаа хүргэе.
Украины Харьковын ВУЗ төгссөн инженер Алексей Северинский тэртээ 1978 онд АНУ-д цагаачлан иржээ. Тэрээр амьдын диваажингаар төсөөлсөн Америкт ирсэн ч ажил олсонгүй тул гэртээ эхнэртээ үглүүлэн суухдаа хийсэн нэг зүйл нь түүний гэр бүлийг баячуудын эгнээнд оруулсан гэдэг.

Северинский 1994 онд бензин, цахилгаан аль, алинаар нь ажиллах боломжтой автомашины хөдөлгүүр санаачилсан боловч үйлдвэрлэх газар олдоогүй тул зөвхөн зохиогчийн эрхээ хамгаалаад л орхисон байна. Үүний дараа эл хөдөлгүүрийг японы Тоёота компанийн инженерүүд санаачлан АНУ болон гадаад орнуудад гаргадаг суудлын олон автомашинд, ялангуяа Тоёота Приус автомашинд тавьсан нь үр дүнтэй болж, шатахуун бага хэрэглэх, байгаль орчны нөхцлөөрөө хэрэглэгчдийн анхааралд өртжээ. А.Северинский болон түүний өмгөөлөгч нар энэ тухай мэдэж АНУ-ын Холбооны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргав. Шүүх түүний гомдлыг хүлээн авч Тоёота компани, АНУ-д худалдсан ийм төрлийн автомашин бүрээс 25 ам. доллар Северинскийд төлж байхаар шийдвэрлэсэн боловч тэрээр үүнийг зөвшөөрсөнгүй, автомашин бүрээс 98 ам доллар нэхэмжлэн Олон улсын худалдааны төв комисст давж заалдсаар байлаа.
Жилийн дараа шүүх хурал болохын өмнөхөн Тоёота компани уг мөнгийг төлөхөөр шийдсэн тул Северинский өргөдлөө буцааж авсан байна. Тэрээр зохиогчийн эрхийн гэрээ дуусах 2019 он хүртэл сар бүр 1,4 сая ам доллар Тоёота компаниас авахаар болжээ. Зөвхөн энэ 2010 оны эхний зургаан сард АНУ-д нийт 15 мянган гибрид автомашин зарагдсан ба үүнээс хойш хоёр дахин өссөн тухай мэдээллийн хэрэгслээр дурьдаж байсан. Ингэж Северинский шинэ нээлтээ  мөнгө болгож чаджээ. Өнөөдөр тоёота камри, сивик, лексус зэрэг бусад олон автомашинд иймэрхүү хөдөлгүүр тавигдаж улмаар дэлхийн даяар нэвтэрчээ. Тэр дунд замын хөдөлгөөний баруун гарын дүрэмтэй Монгол улсад буруу талдаа жолоотой ийм Приус автомашиныг өргөн хэрэглэж байгаа. Зохиогчийн эрхийг дэлхийн улс оронд ингэж хамгаалдаг юм байна.

Манайд ч гэсэн эрдэмтэд монгол инженерүүдийн шинээр санаачилсан, эрчим хүч хэрэглэгчдэд хүргэх замд алддаг трансформаторын болон шугамын алдагдлыг багасгах, эрчим хүчний эх үүсвэрийн олон хувилбар, ашигтай санаачлага байдаг юм билээ.  Хэрэв бид энэ бүхнийг нэвтрүүлж чадвал, байнга алдагдалтай ажиллаж хэвшсэн зардлаа нөхөж салбарынхаа ачааллыг ядаж жижиг хэрэглэгчдийн түвшинд нь хөнгөлж болох бус уу. Одоо эрчим хүчнийхэн  алдагдлаа үнэ тарифаа нэмэгдүүлэх замаар нөхөх болж байна.

Бид өөрсдөө бүтээх боломжтой ч жил бүр эрчим хүч, шатахуун, мал эрүүлжүүлэх болон бага насны хүүхдүүдээ ханиад томуу бусад халдварт өвчнөөс хамгаалах тарилга гадаадаас авдаг. Гэсэн ч эдгээр халдварт өвчин байнга гарч, хорио цээр тавих, жинхэнэ эсэх нь үл мэдэгдэх вакцин байж болох тохиолдол бүрд ч төсвөөсөө асар их мөнгө зарцуулсаар байгаа. Вакцин олдмогц иргэд хүүхдүүддээ улсын эмнэлэгт тарилга хийлгэх гэж хороо хориноороо дугаарлан эцэг эхчүүд бүтэн өдрийн ажлаа алддаг.

Аймгуудад өмнө гарсан шүлхий өвчний өртөг, жил бүрийн гал түймрийн  уршиг өнөөг хүртэл арилаагүй байна. Өнөөдөр урьдчилан сэргийлэх тарилга өндөр үнэтэй, эмнэлгийн үйлчилгээ хүрэлцээгүй, ядуу дорой байдлаас иргэд, нялхас олноор эндэж байна. Үүн дээр галын аюул, авто зам, барилгад гарч буй осол болон уул уурхайн үйл ажиллагааны улмаас хордсон газар орон, мал энэ бүхнийг нэмбэл ардчилсан Монгол оронд хүний амь нас, ам зуулгын маань гол хэрэглүүр болсон мал сүрэг өндөр эрсдэлд өртөж үй олноор үхэж үрэгдэх нь ердийн үзэгдэл боллоо.

Бид мэдсээр байж гарч болзошгүй аюулын өмнө санаачлага, зохион байгуулалтгүй, алийн болгон гар хумхин суух вэ дээ. Өөрсдөө санаачилж бүтээх, урьдчилан харах үүрэгтэй, дарга нар нь ажил үүргээ хариуцан учирч болзошгүй гамшгийн өмнө бэлтгэлтэй байж, орон нутагтаа эрхэлсэн ажилдаа эзэн нь болмоор юм. Энэ бол Та бүхний анхнаасаа амлан тангараг өргөж төрд орсон боловч одоогоор сайн санахгүй байгаа ажил хариуцах, бодит ойлголт, жинхэнэ хийх ёстой үүрэгт ажил юм шүү дээ ноёд минь. Зохион байгуулж, хариуцах ёстой үүргээ гүйцэтгэснийхээ төлөө мэдээллийн хэрэгслээр талархал бичүүлээд байх нь ч зохимжгүй. Харин ажил үүргээ умартаж орхигдуулсан тохиолдолд төрийн өмнө хариуцлага хүлээж байх учиртай юм.  Нээлттэй нийгэмд ийм л зарчим үйлчилдэг.

Юм хийх бүтээх хүсэлтэй, мэдлэг, чадвартай хүмүүсээ дэмжих төрийн бодлогоо эрчимжүүлэх хэрэгтэй болжээ. Бүхнийг бид өөрсдөө хийх боломжгүй бол ядаж нэгийг нь ч гэсэн өөрсдөө хийж, болзошгүй аюулын өмнө дороо суурьтай, дотроо ухаантай байцгаая. Тэр тусмаа вакцин валютаар авч, галын гарз амь зуулгын  өртгөөс давж байгаа  өнөө үед. Ингэж нуршихын учир гэвээс ирэх жил шүлхий, түймэр хоёр эргээд ирэхэд иргэд, орон нутгийн болон онцгой байдлын дарга нар маань  бүү цочирдоосой гэсэн дээ л тэр юм шүү.

Н.Бадарч

0 Сэтгэгдэл
jam yum shig dasal bolgoj
Хамгийн их уншсан