Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Түмэндэлгэр: Үндэсний хайлтын систем буюу үндэсний цахим архив зайлшгүй байх ёстой

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Үндэсний үйлдвэрлэл гэж юу вэ. Мэдээж оймс гутлаас эхлээд дотоодод хийгдсэн, монгол хүний гар, ур ухаанаар бүтэж буй зүйлсийг дурдаж болно. “Мондэ” ХХК-ийн захирал Т.Түмэндэлгэртэй уулзаж ярилцахаас өмнө ийм л ерөнхий ойлголтой байв. Гэвч материаллаг үйлдвэрлэлээс гадна биет бус үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, хөгжүүлж чадвал эдийн засагт ихээхэн жин дарах боломжтой аж. Энэ бол интернэт орчин дахь үйлдвэрлэл. Асар хурдацтай даяаршиж буй өнөө үед интернэт хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт өссөөр байгаа нь энэ салбарт өөрсдийн гэсэн орон зай бий болгох цаг ирснийг илтгэж байна. Эл ажлыг эхлүүлж, үндэсний хэмжээний цогц цахим хуудас, хайлтын систем бий болгож буй Т.Түмэндэлгэртэй энэ тухай ярилцлаа.


-Хайлтын системд суурилсан цогц сайт үүсгэх болсон шаардлага юу байв?
-Улс орон болгон өөрийн гэсэн үндэсний хайлтын системтэй байдаг. Хүмүүс асуудаг л даа, ““Гүүгл” байсаар байтал яагаад заавал хайлтын систем хийх болсон юм, “Гүүгл”-ээс дээр байж чадах уу” гэдэг. Угтаа “Гүүгл” манайд ашиглагдаж эхлээд 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд тэд манай бүх мэдээ мэдээллийг татаж авч хуримтлуулж байгаа гэж болно. Өдөрт хэдэн тэрбум хүн ашигладаг “Гүүгл”-ийг бид хараахан гүйцчих боломжгүй ч үндэсний хайлтын системтэй болсноор нэг ёсны цахим архив бий болгож байгаа хэрэг. “Гүүгл”-ээс хэрэгтэй болгоноо хайгаад олчихож байгаа болохоор үндэсний систем хэрэггүй гэх ойлголт байдаг. Магадгүй 50, 100 жилийн дараа нөгөө “Гүүгл”-д хадгалагдаж буй мэдээллийг нарийвчлан хайж олох эсэх нь эргэлзээтэй, тэр ч бүү хэл бидний тухай баримт материалыг буцаагаад бидэнд худалдаж борлуулдаг болохыг ч үгүйсгэхгүй. 100 жилийн дараа хэдэн тэрбум хуудас мэдээлэл агуулагдаж байх учир аль ч талаасаа түвэгтэй л дөө. Тиймээс л үндэсний хайлтын систем зайлшгүй байх хэрэгтэй.

-Үндэсний гэж тодотгохын учир онцлог нь юу вэ?
-Монгол үндэсний хайлтын систем гэхээр их онцлогтой л доо. Учир нь, монгол хэлэнд нэг үг, утга санааг дор хаяж гурван үгээр илэрхийлдэг. Жишээ нь, эхнэр, гэргий, авгай, тогооны хүн гээд тоочоод байвал цөөнгүй. Мэдээж ийм баян тансаг хэл соёлтой учир эх хэлээрээ, үгийн олон утгаар хайдгаараа манай систем “Гүүгл”-ээс илүү. Яахав, илэрцийн хэмжээ хараахан “Гүүгл”-ийн дайд хүрэхгүй байж болно. Ер нь, хайлтын систем гэдэг зүйл 1-2 жил ашиглагдаж байж бүрэн хэрэглээнд нэвтэрдэг.

-Бид “Гүүгл”-ээс зураг дүрс гээд элдвийг хайдгаас энэ тухай бодож үзээгүй юм байна. Мэдээж асар их мэдээлэл агуулж буй архив гэдэг утгаараа ирээдүйд өндөр үнэ хүрч болох талтай. Үүнийг олон улсад зохицуулдаг зүйл бий юу?
-Олон улсад зохицуулах ямар нэг хууль, дүрэм журам байхгүй. Саяхандаа, “Фэйсбүүк” 30 минут хаагдахад юу болсон билээ. Бид “Гүүгл” ашиглаж байна гэдэг гадаад интернэтийн урсгал ашиглаж байгаа хэрэг. ОХУ-аас Хятад руу гарсан интернэтийн асар том шилэн кабель бий. Бид тэр кабелиар дамжуулж гадаадын бүх сайт руу нэвтэрдэг. Ямар нэг байдлаар тэр кабель тасарна эсвэл аль нэг талаас манай ашиглалтыг хаана гээд төсөөл дөө. Гэтэл бид Хятад хилээ хаачихвал яанаа гээд л байдаг. Угтаа энэ интернэт урсгалаа хаачихвал хэрхэх тухай хэн ч бодож үздэггүй. Яагаад гэвэл бидэнд энэ тухай хангалттай мэдлэг мэдэгдэхүүн байхгүй. Интернэт гэдэг юм мөнхөд байх юм шиг сэтгэдэг. Интернэт гэдэг угтаа сүлжээ юм. Энэ явж буй шилэн кабелийг Орос, Хятад хоёр ярьж байгаад ганц унтраалга дарахад манайх гадаад ертөнцөөс 100 хувь тасарна. Тэр үед бид нөгөөх архив, мэдээллээ хаанаас хайх ёстой гэхээр өөрсдийн хайлтын систем буюу үндэсний цахим архиваа ашиглах ёстой. Бид өөрсдийн түүхийг өөрсдөө бичиж, хадгалж авч үлдвэл интернэтийн гадаад урсгалыг хаана уу, байна уу ямар ч ялгаагүй юм.


-Нэг ёсны дархлаа тогтоох гээд байгаа хэрэг?
-Тийм, энэ нь цаашилбал улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой асуудал юм.

-Интернэт ертөнц дэх тусгаар тогтнол?
-Тэгэж ойлгож болно. Интернэт, цахим орон зайг үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой гээд ярихаар хүмүүс гайхаад байдаг. “Nuudel.mn” сайт зөвхөн хайлтын систем биш, нүүдэл мэдээ, нүүдэл лавлах, “youtube”-тэй адил “nuudeltube” гэж бий. Түүнчлэн телевизийн сувгуудыг онлайн хэлбэрээр үзэх боломж олгож байна. Мэдээний сайтаа түшиглэн Засгийн газар руу албан бичиг хүргүүлсэн юм. “Манайх үндэсний хайлтын системд суурилсан мэдээний сайттай боллоо. Засгийн газар, их хурлын мэдээ мэдээллийг түгээж байя, сурвалжлагч оруулах эрх авъя” гэж албан бичиг илгээхдээ үндэсний аюулгүй байдал гэсэн үг оруулчихсан чинь “Энийг чинь шалгана” гэж байгаа юм. Яг үүн шиг бид л мэдэхгүй болохоос үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх маш олон хүчин зүйл байдаг.

-Яахав, бид өдөр шөнө, өглөө оройгүй хэрэглэж байгаа ч интернэтийн аюулгүй байдлын тухай тэр бүр яриад байдаггүй. Аюултай байлаа ч одоо үед амьдралаа интернэтгүй төсөөлөх хүн цөөн болсон байх?
-Ер нь, буу зэвсгээр дэлхийг эзэлдэг үе ард хоцорчихоод байна л даа. Харин урлаг соёл, техник технологиор эдийн засгийн хувьд хараат байдалд оруулж байгаа юм. Ийм байдлаар ядуу буурай орнуудыг эзлэх боломж их гүрнүүдийн гарт байна. Бид л буу зэвсэг, Дэлхийн III дайн гэж бодоод байдаг. Угтаа тийм биш, бид хөгжингүй орнуудын гаргаж буй техник технологиос 100 хувь хамааралтай болчихсон болохоор хүссэн хүсээгүй тэднийг дагахаас өөр аргагүй болсон. Гэхдээ бидэнд тэднээс ялгарах онцлог бий. Би хувьдаа монголчууд хүн төрөлхтнөөс огт өөр, дээд түвшний хүмүүс гэж боддог. Биднийг нүүдлийн соёл иргэншил, мал аж ахуй, нүүдэлчин ахуй өөр болгосон. Одоо ч дэлхий ертөнц дээр үлдсэн цор ганц нүүдлийн соёлт ард түмэн.
Гэтэл дээр дурдсан техник технологийг оруулж ирж буй хүмүүс монгол хөрсөнд, монгол хүнд тохируулахгүйгээр шууд оруулаад ирдэг. Монголчууд төрөлхийн дасан зохицох чадвар сайтай учир нөгөө зүйлд нь төд удалгүй зохицоод явчихдаг. Иймээс л эрчимтэй даяаршиж буй өнөө үед гадны зүйлийг шууд битгий оруулж байгаасай гэж хүсдэг юм. Ядаж л монгол хүний ахуй амьдралд арай ойр байхаар хийх хэрэгтэй. Тэгэлгүй амар хялбар, хөдөлмөр хөнгөвчилсөн, гоё сайхан гээд шууд шахаад байвал нөгөө нүүдэлчин ахуйгаас бид асар хурдтай холдоно. Нэг үгээр бид аажмаар мөхөж байгаа хэрэг.


-Нүүдэл хайлтын систем, нүүдэл мэдээ, лавлах, зарын сайт, “nuudeltube” гээд энэ том апратурын ард том баг ажиллаж байгаа байх?
-Мэдээж, бид анх дөрвүүлээ тойрч суугаад эхлүүлэх гэж үзэж байлаа. Тэгэхэд манай нэг менежер ““Гүүгл” компани хэдэн мянган ажилтантай. Бид дөрөв чадах болов уу” гээд санаа алдаж байсан юм. Бидний хамгийн том давуу тал юу вэ гэхээр энэ бүх цогц системийг хийж хэрэглээнд нэвтрүүлэхэд нэг ч гадны компани, мэргэжилтнээс туслалцаа аваагүй. Хоёрдугаарт, энэ программ хангамж маань апдэйт буюу байнгын сайжруулалт хийж байхыг шаарддаг. Одоогоор 30-аад программист яг энэ систем дээр ажиллаж байна.

-Хайлтын системийн давуу тал юу вэ. Дээрх бүх сайтууд хайлтын системдээ суурилдаг юм билээ?
-Зарим сайтуудаас хайлт хийхэд их түвэгтэй байдаг. Эрж хайсан материал олдохгүй байх нь их. Тиймдээ ч бид “Гүүгл” ашиглаж байгаа гэж ойлгодог. Манай мэдээллийн сайтууд нарийвчилсан хайлт хийх боломж муутай байдаг. Харин нүүдэл системийн хувьд он, сар, жил, өдөр гариг, цаг минут, нэрээр нь гээд бүх талаар нь хайх боломжтой. Чи бид хоёрын энэ ярилцлага 50 жилийн дараа ч байж л байна.

-Хайлтын систем гэдэг утгаараа дотоодын сайтуудтай уялдаа холбоотой ажиллана шүү дээ. Гэвч тэднээс хамтрах нь байхад “Үгүй” гэх нь ч бий байх?
-Ер нь, манай сайтууд мэдээллийн хамгаалалт муутай. Аль нэг сайт руу орж зураг, дүрс, текст гээд бүх л мэдээллийг нь шууд авч ашиглахаар байдаг. Хэрэв тэдгээр сайтууд хамгаалалттай байвал бид хуулах, улмаар хайлтын илэрцэд тухайн мэдээлэл, өгөгдлийг гаргах шаардлагагүй. Гэхдээ манайд хамгаалалт тавьснаараа нөгөө үндэсний архивт мэдээ мэдээллээ байршуулах боломжгүй болж байгаа хэрэг.


-“Nuudel.mn” сайтын бас нэгэн давуу тал нь лавлах систем гэж бодогдсон. Бид лавлах утас гэж тусгай дугаар руу залгаж хаяг байршил, утасны дугаар авдаг бол танайхаас зураг, дүрс бүхий цогц мэдээлэл авах боломжтой юм билээ?
-Тийм, одоогоор манай лавлах системд 30-аад мянган байгууллагын мэдээлэл байршаад байна. Бүх хүн гар утсандаа дата эрхтэй болчихсон энэ үед жирийн иргэн өдөрт дунджаар 2-3 байгууллага, аж ахуй нэгжийн талаар мэдээлэл авах шаардлагатай болдог. Одоо тэгвэл дөрөв, найман оронтой тусгай дугаар руу залгах шаардлагагүй болж байгаа хэрэг. Лавлах системд нэвтэрлээ, тухайн компанийн нэрийг бичлээ бүх л мэдээлэл нь гарч ирнэ. Утас, цахим шуудангийн хаяг, газрын зураг дээр ч байршил нь тогтоогдоно. Үүн дээр нэмж хэлэхэд дээрх 30-аад мянган байгууллага манай системд байршиж буй байгууллагынхаа мэдээллийг өөрсдөд нь шинэчилж байх боломж олгосон. Нэг ёсны вэб сайт доторх бүхэл бүтэн вэб орон зай гаргаж өгч байгаа юм. Ингэснээр тухайн байгууллага вэб ашиглахын тулд жил бүр домэйн нэр, хост авах шаардлагагүй болно.

-Би хувьдаа Монгол дахь интернэтийн шинэ үеийн эхлэл гэж харж байна?
-Би өмнө нь дурдсан даа, орчин үед цахим халдлагууд ихээр хийгдэх болж. Магадгүй дэлхий даяар ямар нэг асуудал үүсэхэд бид өөрсдийгөө болгоод байх тийм л боломж, нөөцтэй байх ёстой. Монгол хүн хараахан “Сони” шиг зурагт, “Эппл” шиг гар утас, компьютер гээд материаллаг зүйл үйлдвэрлэж эхлээгүй байгаа ч программ хангамж талаасаа үндэсний үйлдвэрлэлээ бие даан авч явах чадамжтай болсон. Манайд боловсон хүчнээс аваад бүх талын нөөц, боломж байна шүү дээ. Бидний энэ хийж буй зүйл хэдий гарт баригдахгүй, өмсөхгүй, идэхгүй ч гэлээ үндэсний үйлдвэрлэл юм.

-Интернэтийн хурдаас хамаарч видео үзэхэд гацах тохиолдол их байдаг. Харин “Nuudeltube”-д тийм асуудалгүй юм билээ?
-Тийм, бид “youtube”-ээс видео үзэж, татаж, өөрсдөө хийж ашигладаг. “Nuudeltube” яг л энэ зарчмаар ажиллана. Давуу талын хувьд гацахгүй, бүх зүйл монгол хэлээр. Хараад байхад хэрэглэгчийн тоо өсч буйгаас шалтгаалж гадаадын вэб сайтууд биднээс мөнгө нэхдэг болж байна. Жишээ нь, “Фэйсбүүк” л гэхэд валютаар гүйлгээ хийдэг болж. “Фэйсбүүк”, “Твиттер” шиг зах зээлд ноёрхож монопол болчихвол бүгд л мөнгө нэхнэ.

-Таны ярианаас харахад бид монгол “Гүүгл”, “youtube”-тэй болчихлоо. Магадгүй дийлэнх интернэт хэрэглэгчдийн ашигладаг монгол “Фэйсбүүк”, “Твиттер”-тэй болохгүй гэх газаргүй санагдлаа. Энэ талын боломж ямар байдаг юм бол?
-Бид энэ тухай бодсон, судалсан. Хэзээ бид Монголынхоо хөрсөн дээр буулгаж болох вэ гэдгийг л хүлээж байна. Бидний хувьд хийх ёстой цаг хугацаагаа л хүлээж байна. Гадуур хүмүүс хийгээд байгаа сурагтай. Гэхдээ чамгүй бартаат зам туулах болов уу. Мянга мянган хэрэглэгчийг нэгтгэх систем бий болгож аюулгүй ажиллуулж авч явна гэдэг амаргүй ажил. Тиймээс л бид яарахгүй байна. Хайлтын систем, “nuudeltube”, лавлах системийн хувьд цаг нь болчихсон. Телевизийн сувгууд ч тэр ялгаагүй. Утас тань интернэтэд холбогдсон л бол хаана ч үзэх боломжтой. Яахав, хүчин чадлаа сайн мэдэхгүй байгаа ч бидний тооцоолж буйгаар бүх телевизийн сувгуудыг долоо хоногоор ухраан үзэх боломж бий гэж харж байна. Энэ мэт цахим ертөнцөд өөрсдийн гэсэн орон зайг бий болгох алхмуудыг ар араас  нь хийж л байна. Хэрэглэгч, үзэгч, сонсогчид мөн шийдвэр гаргах түвшний хүмүүс энэ бүхнийг үндэсний үйлдвэрлэл, цаашлаад улсын архив, түүх гэж ойлгож хүлээн авах хэрэгтэй байна даа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан