Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Ганчимэг: Би аз жаргалтай хүмүүст зориулж бүтээл урлах дуртай

Аз жаргал гэж юу вэ гэсэн асуултанд хүн бүр өөр өөрийнхөөрөө хариулдаг. Үр хүүхэд хамгийн эхэнд дараа нь дуртай ажлаа хийх, сайн ханьтай байх, мөнгөтэй байх гээд л хүний амьдралын хэв маяг, ертөнцийг үзэх үзлээс шалтгаалж өөр өөр.

Тэгвэл таны амьдралын хамгийн аз жаргалтай мөч гэхээр үр хүүхэдтэй болох хурим гэдэг үгс юун түрүүнд орж ирдэг. Сүүлийн жилүүдэд залуус маань сонгодог барууны стилиэр хурим хийдэг болжээ. Тансаг хуримын гоёл, гэрч залуус, хуримын зураг гээд л...
Энэ чухал гоёлын нэг бол сүйт бүсгүйн гарын цэцэг. Хамгийн аз жаргалтай өдөр, хамгийн аз жаргалтай хүний гарт байдаг энэ гоёл тансаг чамин ганц хувь байвал үнэхээр гоё биз.
Манай сэтгүүлийн зочноор энэ тансаг зүйлийг урлагч Ц.Ганчимэг уригдлаа. Өөрийнхөө хоббиг бусдад баяр баясгалан бэлэглэхэд зориулж байгаа Ц.Ганчимэг бүсгүй маань хуримын цэцгийг бусад гоёлтой нь ч зөвхөн ганц хувь урладаг. Түүний ертөнцийг хамтдаа сонирхоё.

-Сүйт бүсгүйн цэцэг цэвэр ариун, ёс суртахуунт байдал, цагаан хайрыг бэлгэдэн цагаан өнгөтэй байдаг гэж би уншиж байсан юм. Чиний бүтээлээс харахад янз бүрийн л өнгөтэй байх юм. Заавал цагаан өнгө гэдэггүй бололтой?
-Сүүлийн үеийн хуримын чиг хандлагыг харж байхад барууны ялангуяа америк стилийг илүү барьж хийдэг болсон учраас сүйт бүсгүй маань хуримын баглаа цэцгийнхээ өнгийг өөрөө сонгодог. Тэгэхээр өөрсдийнхөө  хүссэн өнгөөр л хийлгэж байна гэсэн үг. Сүйт бүсгүйн гарт барьдаг цэцгийн бэлгэдэл бол хуримын өдөр сүйт залуу хайртай хүндээ хорвоогийн хамгийн гоё цэцгийг авч очдог ёстой. Харин манай охидууд өөрсдөө л цэцгээ өнгөө сонгодог. Ихэвчлэн сарнай хийлгэдэг.

-Сүйт бүсгүйн цэцэг чинь өөр нэг бүсгүйд бас аз жаргал бэлэглэхээр илгээгддэг. Тэгэхээр туузаар хийлгэсэн цэцэг нь очиж буй бүсгүйд ч дурсгалтай сайхан юм?
-Дурсгалтай байлгүй яахав. Гэхдээ зарим сүйт бүсгүй маань сэтгэл шингээж, зөвхөн өөртөө зориулж хийлгэсэн цэцгээ хадгалж үлдээд, өөр цэцэг ч шидэх нь бий. Цэцэг шидэх нь сүйт бүсгүй найзууддаа аз жаргалаасаа хуваалцаж байгаагийн нэг илэрхийлэл учраас  заавал өөрийнхөө цэцгийг шидэх ч албагүй л дээ.

-Туузан цэцгийг одоогоор чамаас өөр хүн тэр бүр хийгээд байдаггүй байх аа. Их нарийн чимхлүүр ажиллагаатай харагддаг. Материалын олдоцын хувьд гайгүй юу?
-Хүн ганцхан өдөр л хурим хийдэг. Тэр өдөр хамгийн аз жаргалтай өдөр нь байдаг.  Хамгийн жаргалтай, хамгийн сайхан хүмүүс тэр өдрийн эзэд байдаг. Би энэ өдөрт, тэр хүмүүст зориулж бүтээл хийх дуртай. Туузаар, хиймэл цэцгээр сүйт бүсгүйн гарын цэцгийг хийж болно. Тууз мэдээж илүү үнэтэй, нарийн чимхлүүр ажиллагаатай. Туузан цэцэг бол манайд одоо л хийгдэж байгаа гоёл. Сүүлийн хоёр жил би хийсэн. Хийх материалын хувьд гайгүй. Эхлээд жаахан хэцүү байсан ч одоо гарт орчихож. Бүх бэлдэц материалаа өөрөө л хайж, олж, бас заримыг нь хийж туршиж үзэж байгаа.

-Тууз өөрөө торгоны нэг хэлбэр. Тансаг эдлэлд ордог биз?
-Тууз анх 13 дугаар зуунд Хятадад буй болжээ. Ингээд Европ руу борлуулж, зөвхөн хааны угсааныхны хэрэглээнд, тэр тусмаа эрчүүдийн хэрэглээнд зориулагдах болсон гэдэг. Үндсэндээ тансаг  эдлэл. Торгоны нэг хэлбэр гэж ч хэлж болно. Гэхдээ орчин үед бол торгон, нейлонтой гээд янз бүрийн материалан тууз байгаа.

 -Чи ямар мэргэжилтэй хүн бэ. Одоо сонирхлынхоо дагуу гэртээ л ажиллаж байна уу?
-Миний мэргэжил маань уг нь орос, англи техникийн хэлний орчуулагч. Гэхдээ мэргэжлээрээ бараг ажиллаагүй. Онцгой байдлын албанд 10 жил ажилласан. Тэгээд л сонирхлоо хөөгөөд ажлаасаа гарчихсан. Сүүлийн хоёр жилийг сонирхлоо л хөгжүүлэхэд зарцуулж байна.

-Чиний багш YOUTUBE, борлуулагч чинь фейсбүүк юмаа даа?
-Тиймээ, youtube, google гээд багш байна. Орос, англи хэлнээс чөлөөтэй ойлгодог болохоор оросын болоод барууны бичлэгүүдийг их үзнэ. Заримдаа гүүглийн орчуулгыг ашиглана аа, ашиглана. Эхлээд захиалга авна, мөнгө олно гэж төсөөлж ч байсангүй. Хуримын чимэглэл, чамин нандин зүйлс хийе гээд өөрөө сонирхож судлаад хийж эхэлсэн чинь үйлчлүүлэгчид аяндаа захиалга өгөөд эхэлсэн. Ер нь ийм зүйлсийг би хийж байгаа, би эхлээд хийсэн шүү гэсэн хүслээ л хөгжүүлээд байгаа хүн дээ.

-Сүүлийн үед  hand made буюу гар урлалын бүтээлүүдэд хүмүүс илүү нүд “унагаж”, бас чадах ядахаараа л оролддог болж.
-Тиймээ, гар урлал гэдэг чинь бас тухайн хийж байгаа хүний хамгийн дуртай зүйл нь учраас илүү сэтгэл шингэсэн сайн бүтээл болдог. Хүмүүс энийг л авдаг юм чинь гэсэн сэтгэлээр мөнгө хөөж, олон тоогоор үйлдвэрлэдэггүй. Ганц л хувийг хийдэг болохоор илүү үнэ цэнэтэй байдаг. Дуртай зүйлээ хийж буй хүн чинь маш их зүйл уншиж, судалж, туршиж байж тэр бүтээлийг гаргадаг юм шүү дээ. Ихэвчлэн гэртээ сууж байгаа ээжүүд тэтгэвэрт гарсан хүмүүс хийдэг. Хүний ажил амьдрал тэгшрээд ирэхээр зав их гардаг юм байна. Тэгэхээр би ер нь юунд дуртай хүн бэ, юу хийж чадах вэ гээд хайж эхэлдэг. Hand made гэдэг чинь тухайн хүний хоббигоос төрж буй бүтээл. Гэхдээ ахиад нэг зүйл хийхийн тулд, материалынхаа үнийг олохын тулд зарах хэрэгтэй болно. Өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй болно. Нэг хүнд нэг л зүйлийг хийж өгнө. Дахиж давтаж хийж өгөхгүй ч гэдэг юм уу. Ингээд л цаашаа хөгжөөд явдаг.

-Хуримын зүйлс тансаг чамин гэдэг утгаараа үнийн хувьд өндөр гардаг уу?
-Хуримын зүйлс маань бага зэрэг үнэтэй л гардаг. Гэхдээ гаднаас авснаас харьцангуй хямд. Миний хийж байгаа туузан цэцгийг гаднаас захиалбал 240 еврогоос дээш үнээр л  авах шаардлагатай болно. Би 200 мянган төгрөг дотор л хийдэг. Дунджаар 150 мянган төгрөг.

-Тэгвэл онлайнаар захиалга авч үзэв үү. Гаднаас захиалга авах боломж байгаа юм байна?
-Одоохондоо гаднаас захиалга авсан юм алга. Гэхдээ таньдаг хүнээр дамжуулж миний хийсэн нэг бүтээл гадагшаа бэлгэнд явсан тохиолдол бий. Мэдээж бололгүй яахав. Одоохондоо эндээ захиалгаа авч, хийхэд миний хүчин чадал хүрэлцэж байна.

-Нэг цэцэг урлахад хэд хоног зарцуулдаг вэ. Ер нь хэд хоногийн өмнө захиалгаа өгөх үү?
-Амархан цэцэгтэй загварыг гурав хоног хийдэг. Ажиллагаа ихтэй бол долоо хононо. Давхар сүйт залуугийн энгэрийн гоёл, гэрч охидын гарын гоёл, цэцэг цацах бяцхан гүнжийн гоёл, бөгжний дэр, хундага гээд л хослуулах зүйлсээ давхар захиалбал илүү их  цаг хугацаа зарцуулна. Багадаа сарын өмнө захиалгаа өгөх хэрэгтэй.

-Үнэхээр цогцоор нь хийлгэвэл илүү гоё, өнгө үзэмжтэй болох байх л даа?
-Айл айлын амьдрал наанатай цаанатай, хөрөнгө мөнгө нь харилцан адилгүй ч хурим бол ганцхан хувь гэдгээрээ бүхий л сэтгэл зүрхээ гаргаж, өөрийгөө, зочдоо хүндэлж бэлтгэж чадвал илүү мартагдашгүй сайхан болдог. Хуримандаа зүрх сэтгэлээ зориулан бэлтгэж байгаа залуус андашгүй байдаг юм. Тэдний захиалсан зүйлс ч илүү гоё болоод байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр залуус маань хуримыг ганцхан өдөр болоод өнгөрөх зүйл юм чинь гэж саналгүй маш сайхан сэтгэлээ гаргаж, өөрийгөө хүндэлж бэлтгэх хэрэгтэй.

-Made in Mongolia гээд л үзэсгэлэн гардаг. Гэхдээ энэ үеэр ихэвчлэн л арьс шир ноос ноолууран бүтээгдэхүүн харагддаг л даа. Та бүхний зүгээс яагаад оролцдоггүй юм бэ?
-Өөрөө өөрийнхөө сонирхлоор хийдэг хүмүүс олон байгаа ч гарч байгаа бүтээл нь цөөхөн болохоор тэр бүр танигддаггүй байх. Бид оролцож болох л байх. Гэхдээ наадам угтсан үзэсгэлэнд хуримын цэцэг тавихаар хүмүүс сонирхох нь юу л бол. Өөрийн гэсэн урлантай болчихвол үзэсгэлэнд тавьж худалдах хэмжээний бүтээл хийх байх. Одоогоор ганцаараа хийж байгаа учраас яг үнэндээ зав ч гарахгүй юм.

-Та нарын хийж байгаа зүйлс, бас та бүхний хүч хөдөлмөр олон бүсгүйчүүдэд үлгэр дууриал болж байгаа?
-Би хийж үзье дээ гэж бодсон бол хийж байж л санаа амардаг. Хамгийн гол нь охидуудад маань их үлгэр дууриал болдог юм байна. Манай хоёр охин зэрэгцээд л би нэг юм харсан, ингэж хийж болох юм шиг байна гээд л оролдоод байдаг болчихсон. Сурчихсан юм хэзээ нэгэн цагт хэрэг болдог л юм. Завгүй хүн бол ийм ажил хийхгүй л дээ. Завтай хүн хүссэн хүсээгүй л хийнэ.  Юухан хээхэн оёж шидчихдэг байна гэдэг чинь ер нь амьжиргааны асуудал. Харин гар урлалаар бүтээл хийнэ гэдэг өөр асуудал шүү. Нөгөө талаар энэ бол хэмнэлт. 6000 төгрөгөөр метр даавуу аваад охиндоо хоёр ширхэг өмд оёх уу эсвэл 12000-18000 төгрөгөөр нэг өмд авах уу. Материал олдохгүйн зовлон алга. Өнөөдөр энд олдохгүй юмаа маргааш онлайнаар захиалаад авчихаж болно. Зарим зүйл хийхэд шаардлагатай багажнууд байдаг ч ихэвчлэн гараар л хийгддэг ажил шүү дээ.

-Нэгэнт чамайг өнөөдөр хүмүүс мэддэг, чамд ханддаг болчихож. Тэгэхээр урлантай больё, зарим бүтээлээ олон тоогоор үйлдвэрлэе гэж бодож л байгаа байх?
-Урлантай больё гэхээр бас хүлээгдэх асуудлууд байна аа. Урлантай болохоор тодорхой хэмжээний сургалт явуулах хэрэгтэй болно. Гэтэл эхлээд би өөрөө мастерийн хэмжээнд хүрэх хэрэгтэй. Сургалт сураглаж байгаа хүмүүс ч зөндөө л байна. Заримдаа хэлж өгсөнгүй гээд янз бүрээр загнана аа. Зарим зүйл дээр нууцлал байх хэрэгтэй.  Нэгэнт миний бизнес болж байгаа учраас. Сүүлийн үед өөрийнхөө бүтээлүүд дээр заавал шошго хадаж байгаа. Яг хэдэн бүтээл хийсэн бэ гэдгээ тооцож үзсэнгүй ээ. Намар өвөлдөө  харьцангуй гайгүй байтал хавраас хойш охидын гоёл, төрсөн өдрийн хувцас, тэгээд хуримын захиалга гээд ямар ч завгүй байлаа. Ноднин намар хуримын бүх л чимэглэл дангаараа хийж үзсэн. Ер нь захиалга ихтэй л болоод байгаа.

-Би чиний фейсбүүкээс охидын үсний хавчаар хийснийг харсан л даа. Ээжүүд бол мэднэ дээ. Багагүй мөнгө зарцуулдаг зүйл бол боолт хавчаар . Бид ихэвчлэн Солонгосын боолт гээд л авдаг. Тэгэхээр чиний хийсэн хавчаар үнийн хувьд өрсөлдөх чадвартай байж чадах уу. Эсвэл материал гар ажиллагаанаас хамаараад адил үнэтэй гарч байна уу?
-Анх намайг хийж байхад ийм боолт хийдэг хүн цөөхөн байсан. Харин одоо бол олон бүсгүй хийж байна. Гол нь чанарын хувьд л ялгарч байгаа байх. Минийх арай үнэтэй гардаг юм. Загвар материал сонголтын хувьд өөр байгааг хүмүүс хараад мэднэ дээ. Америк, Солонгост бол энэ жижиг хавчаарыг ихэвчлэн гэрийн эзэгтэй нар хийдэг. Зарим нь бүүр брэнд болчихсон байдаг. Загвар нь ч янз бүр. Хавчаарыг удаан хийгээд судлаад байхаар хүүхдийн нас, бас орчноос шалтгаалж материалаа сонгох шаардлагатай. Жишээ нь гурваас доош насны хүүхэд төмөртэй хавчаар зүүдэггүй юм шүү. Нэг нь 3000-5000 төгрөг гэж байгаа ч нэг удаа авахад л 20-30 мянган төгрөг ийм жижиг зүйлст зарлагдчихдаг учраас ээжүүд маань хийгээд сурчихад гэмгүй л дээ. Гарын доорх юмаа ашиглаад хүүхдээ гоёно гэдэг ээж хүний нэг авьяас.

-Гэхдээ гарын ур, мэдрэмж заавал хэрэгтэй л юм?
-Тиймээ мэдрэмж, ур бас өнгөний дүрэм гэж бий. Хүнд зориулж хийж байгаа юм чинь судалгаа, мэдлэг чухал гэж би боддог.

0 Сэтгэгдэл
Mini naiz mundag yumaa baharhaj bn ouytan baikhiin yumand ikh adtai ohin baisan.Mundag busguid bolon naizdaa oshoo ikh amjilt husie!
Ёстой мундаг бүсгүй байна.Амжилт
Монголчуудын хурим уламжлалт ёс заншилаа дагах ёстой. Түүнээс биш барууныхан энэ тэр бидэнд хамаагүй. Гэрч залуус, хүүхнүүд хэнд хэрэгтэй юм бэ.Монголыг Монголоор нь байлгая залуус аа...
би хамгийн аз жаргалтай сайхан амьдарч яваа хүн амьдрах сайхан сайхан амьдрах бүүр сайхан
Хамгийн их уншсан