Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Энхжаргал: манай иргэдийн зүгээс визийн зөрчил гаргах нь эрс багассан

Л.ХАТАНБААТАР

БНСУ нь гадаадын хэд хэдэн улсаас хямд ажиллах хүчийг өөрийн иргэдийн тэр болгон ажилладаггүй буюу ажиллахыг хүсдэггүй ажлын байранд зуучилдаг. Манай улс Солонгост ажиллах хүч импортлогч орны тоонд багтаж, залуусаа илгээсээр 10 гаран жилийг үджээ. Энэ жил тус улсад ажиллах хүч илгээхээр Засгийн газар хоорондын гэрээ байгуулаад байгаа. Хөдөлмөр эрхлэлт судалгаа мэдээллийн үндэсний төвийн Ажиллах хүч илгээх хэлтсийн мэргэжилтэн С.Энхжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ жил ямар шалгуур хан­гасан  хичнээн залууг  БНСУ-д хөдөлмөрийн гэрээ­гээр  ажиллуулахаар илгээх вэ?
-Солонгос хэлний зохих мэдлэгтэй, 18-39 насны иргэдийг бүртгэлд хамруулсан. Хөдөлмөрийн гэрээгээр явж буй иргэд нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдана. Хоёр шатны эрүүл мэндийн үзлэгээр элэгний В, С вирус, тэмбүү, дархлал олдмол дутлын хам шинж, сүрьеэгийн зэрэг шинжилгээ хийж, эрүүл гарсан тохиолдолд Солонгос улс руу явах эрх нээгдэнэ. Энэ онд 6000 орчим хүн бүртгэсэн. Эдгээр бүртгүүлсэн иргэдээс хичнээн хүнийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулахаа Солонгосын тал шийднэ. Бүртгүүлсэн 6000 орчим  хүн бүгд гэрээгээр ажиллана гэж ойлгож болохгүй. Энэ жил эдийн засгийн хямралаас шалтгаалж гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэд ихэссэн. Өнгөрсөн жил хичнээн бүртгүүлээч гэсэн ч оочергүй байдаг байсан. Бүртгүүлсэн хүмүүс наймдугаар сарын 12-ноос эхлэн шалгалтаа өгч эхэлнэ.

-БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ир­гэд нийгмийн даатгалын шимт­гэлээ хэрхэн яаж төлөх вэ. Мөн Солонгост ямар төрлийн даатгалд хамрагддаг бэ?
-Солонгос Улсад хөдөл­мөрийн гэрээгээр ажиллахаар явах иргэн нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулдаг. Энд байгуулсан гэрээний дагуу тэндээ сар болгон цалингаасаа 40 мянган вонныг Монгол  Улсын Нийгмийн даатгалын төлөөлөгчийн газрын санд төлнө. Ингэснээр тухайн иргэний ажилласан жил нь тасралтгүй тооцогдоно гэсэн үг. Солонгосын нийгмийн даатгалд ч хамрагдаж болно. Хөдөлмөрийн гэрээгээр ажилахаар явах иргэдэд сургалт зохион байгуулж, нийгмийн даатгалд хамрагдахын ач холбогдлыг сурталчлан таниулж байгаа. Мөн хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэд Солонгост очоод Ёожүгийн сургалтын төв дээр дараах дөрвөн төрлийн даатгалд даатгуулна. Гэнэтийн ослын даатгалыг 30 мянган вонноор ажилчин өөрөө даатгуулна. Эх орондоо буцах зардлын, эрүүл мэндийн, баталгаат даатгалыг үйлдвэрийн эзэн даатгуулна. Ингэснээр үйлдвэрийн осол болоход эрүүл мэндэд учирсан хохирлын үнэлгээний  дагуу даатгалын сангаас мөнгө авах эрх үүсэх юм.

-Солонгост гэрээгээр ажиллаж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах манай улсын төлөөлөгчийн газар гэж байдаг. Эрх нь зөрчигдсөн иргэдэд хэрхэн туслалцаа үзүүлдэг вэ?
-Манай төлөөлөгчийн газрын нэг цэгийн үйлчилгээний төв  Сөүл хотод байдаг. Гэнэтийн осол, ар гэрт гачигдал гарах, Солонгосын ажил олгогч эзэд хөдөлмөрийн гэрээг зөрчих зэрэг асуудлаар өөрийн орны иргэдэд хууль эрх зүйн туслалцаа үзүүлдэг. Мөн хууль бусаар оршин суугаа иргэд ч зөвлөгөө, мэдээлэл авах бүрэн боломжтой.

-Хөдөлмөрийн гэрээгээр явсан иргэдийн дунд  хууль зөрчих, харлах тохиолдол хэр их гардаг бэ?
-Солонгосын цагаачлалын албанд энэ тоо, мэдээлэл байдаг. Харласан буюу хууль бусаар амьдарч байгаа иргэдийн нарийвчласан тоо манайд байхгүй. Сүүлийн жилүүдэд манай иргэдийн зүгээс харлах буюу визний зөрчил гаргах явдал эрс багассан.

-Хөдөлмөрийн гэрээгээр нийт хэдэн жилийн хугацаанд ажиллах боломжтой вэ. Энэ та­лаар тодорхой хэлж өгнө үү?
-Эхлээд гурван жил ажил­лана. Дахин Солонгост нэг жил 10 сараар гэрээг сунгана. Нийтдээ дөрвөн жил 10 сар ажиллах юм. Ингээд энэ хугацааг дуусган эх орондоо ирнэ. Тухайн иргэн дахин Солонгост хөдөлмөрийн гэрээгээр ажиллахыг хүсвэл тусгай бүртгэлд хамрагдан, зургаан сарын дараа  ажиллах эрх нь үүсдэг.

-Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэд тухайн улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж ажлын гараагаа эхлэх нь ойлгомжтой. Солонгосын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хэд вэ?
-Солонгосын хөдөлмөрийн хуулиар жил болгон цалингийн доод хэмжээ шинэчлэгддэг. Энэ жилийн хувьд цалингийн доод хэмжээ нэг сая 177 мянган вонн байгаа. Гэрээгээр явж буй иргэд үүнээс доош цалин авахгүй. Илүү цагаар ажилласан тохиолдолд мэдээж цалин нэмэгдэнэ.

-Маргааш (өнөөдөр) Со­лонгост ажиллах иргэдийг бүрт­гэнэ. Үүнд ямар болзол хан­гасан хүмүүс бүртгүүлэх вэ?
-Өмнө нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа ирсэн, визийн зөрчилгүй хүмүүсийг Солонгосын тал санал болгосны дагуу хийх тусгай бүртгэл юм. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээгээр хоёр дахь удаа Солонгост ажиллана гэж ойлгож болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан