Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Оюунцэцэг: Найрагчийн шүлэг чиний зүрх сэтгэлээр дамжин бас нэгэн шинэ бүтээл болон төрөх ёстой

Н.УУГАНБАЯР

“Үүлэн бор”, “Орос ардын үлгэрүүд” гээд хүүхэдтэй айл бүрт байсан хамгийн гоё, хамгийн амттай номуудыг өнөөдөр та зарим номын дэлгүүрт байгааг ажигласан байх. Уолт Диснейн “Үзэсгэлэнт бүсгүй Мангас хоёр” хүүхэлдэйн киноны эхийг бид орчуулагчийн ачаар л “Орос үлгэрүүд”-ээс  “Ув улаахан цэцэг” гэж уншчихаад хар санаат хоёр эгчийг нь үзэн ядаж, үлгэртээ итгэж, түүндээ дурлаж байлаа. Оросын энэ гайхамшигт үлгэрүүдийг бидэнд нүдэнд буутал хүргэсэн хүн бол “Радуга” хэвлэлийн газар орчуулагчаар ажиллаж байсан Ж.Оюунцэцэг.
 Ж.Оюунцэцэг эгч маань олон жил Орост дараа нь АНУ-д амьдарч байгаа эх оронтойгоо үргэлж зүрх сэтгэл нь холбоотой байж, монголынхоо хүүхэд залууст дэлхийн уран зохиол яруу найргийг хүргэхийн төлөө өөрийн оюуныг шавхсаар буй билээ. Тэрээр энэ оны эхээр “Америкийн яруу найраг” бүтээлээрээ орчуулгын төрөлд “Алтан өд”-ийн эзэн болсон юм. Ингээд түүнтэй ярилцсанаа танд хүргэе.

-Уг нь эхлээд яруу найраг утга зохиолоос асуултаа эхэлмээр байвч, холоос ирсэн хүнээс үг сонс гэдэг болохоор Монгол маань, Улаанбаатар маань хөгжиж байна уу гэдэг асуултаас эхэлье. Болох уу?
-Тэгэлгүй яахав. Өөрчлөгдөлгүй яахав, өөрчлөгдөж байна. Өмнө нь Орост амьдарч байгаад ирэхээр Улаанбаатар маань Оросын жижигхэн хот шиг л санагддаг байсан бол өнөөдөр арай өөр харагддаг болж. Гэхдээ л нэгдсэн төлөвлөлт, журам байхгүй, хүн бүр, дор бүрээ өөрийн хүссэнээр л барилга байгууламжаа бариад байгаа юм шиг санагдлаа. Эмх цэгцгүй. Ядаж л  гудамжнууд маань нэгэн жигд тодорхой хаяггүйгээс дайснаа эрсэн ч олохын аргагүй болчихож. Уг нь хүүхэд хоолоо зөв идэж сурдаг шиг л анхнаас нь зөв төлөвлөж, хөгжих ёстой байсан юм. Заримдаа машиныхаа замаас ч өргөн зүлэг ногоо тарьсан мөртлөө заримд нь огт алга. Яг үнэндээ гудамжаар зорчих хүмүүсийнхээ ая тухыг юун түрүүнд бодож байх хэрэгтэй. Дарга нар маань дэлхийн өчнөөн улсаар л явж байгаа байлгүй дээ. Гэтэл ядаж цаг агаартаа тохирсон модоо олоод тарихаа мэдэхгүй байна гэж бодохгүй л юм.  Зуны хоёр гуравхан сардаа баахан мөнгө зараад мөнгө урссан насгүй зүйл л хийгээд байх юм. Удаан ч гэсэн урт настай зүйл хийхээ юун түрүүнд бодмоор юм. Ялангуяа инженерийн байгууламжийн хувьд шүү дээ.Манайх шиг жижигхэн оронд их олон орны нэрэмжит гудамж байгуулаад байх нь зөв биш л болов уу. Мөнгөгүйдээ л иймэрхүү байдалд ордог байх л даа.

-Таныг гадаадад ажиллаж амьдарч байгааг мэддэг ч үргэлж монголтойгоо холбоотой байж, бас шинэ ирэх бүртээ монголын уншигчиддаа шинэ бүтээлүүдээр бэлэг барьж байдагт гүн талархдаг шүү. Та бол А.Пушкин, Анна Ахматова, Марина Цветаева, Е.Евтушенко, Аллан По гэх зэрэг олон гайхамшигтай дахин давтагдашгүй тэр л хүмүүсийн агуу бүтээлүүдийг Монголын уншигчдадаа хүргэсэн.  Тэгэхээр дэлхийд үнэлэгдсэн агуу хүмүүсийн гайхамшигтай өнгө төрхийг эвдэлгүй уншигчдад хүргэхийн тулд хамгийн түрүүнд юунд нь анхаарал хандуулдаг юм бэ?
-Яруу найргийг орчуулах гэдэг амаргүй ажилд дурлаад олон жил болсон ч гавьтай юм хийж чадаагүй л байна. Тэгэхээр энэ их хэцүү, тун ярвигтай ажил гэдэг нь ойлгомжтой байгаа биз. Хэрвээ орчуулах гэдэг амархан байсан бол  хэл ус мэддэг хэн хүнгүй л хийчихгүй юу?  Энэ ажилд хамгийн түрүүнд дурлах, хайрлах, дараа нь уучлаарай эвгүй үг хэлчихье, үхэр мал мэт зүтгэх ёстой гэж би боддог юм. Бүтээлийг нь барьж аваад  орчуулья гэж шийдвэл би эхлээд тэр найрагчийнхаа тухай боддог. Энэ шүлгийг бичихдээ юу бодож, яажшуухан эхэлж, санаа сэтгэл нь хэрхэн догдолж, эсвэл гуниглаж байсан бол уу гэх мэт... Тэгж өөртөө нэг зураг гаргаж авдаг. Уншихад чамд сайхан санагдаад л орчуулах гээд байгаа юм чинь сэтгэлд нэг зураглал бууна даа. Тэр зургаа л алдахгүй мэдэрч, үг хэллэгийг нь үнэн зөвөөс гадна, ямар өнгө аясаар хэлж вэ гэдгийг  тунгаах хэрэгтэй. Үгнүүд чинь хойд урдахтайгаа нийлээд ямар өнгө гаргаж байна, дээр нь, мэдээж утга санаагаа бүрэн гаргах гээд маш олон талаас нь хэд дахин уншиж өөрийн болгох хэрэгтэй. Тэгээд тэр найрагчийн шүлэг чиний зүрх сэтгэлээр дамжин гарахдаа бас нэгэн шинэ бүтээл болох ёстой. Яруу найргийн орчуулгад, ер нь ямар ч орчуулгад чи хэрвээ ойлгохгүй бол ойлготлоо дахин дахин уншиж, эх хэлтэй хүнээс асууж лавлаж маш хянамгай хандах нь чухал. Хэзээ ч гүжирдэж болохгүй. Ер нь усанд сэлж байгаа юм шиг бүхий л мэдрэхүйгээ ажиллуулах хэрэгтэй дээ.
Яруу найраг нь нэг үйл явдлаар өөр нэг утга санааг давхар гаргасан байдаг болохоор хэлсэн үг болгон нь сольж болшгүй нягт уялдаатай байдаг. Үүнийг л их анхаарах хэрэгтэй. Жишээлэхэд ,сарнай цэцэг гэсэн  үг байлаа гэхэд тэр цэцгээр  юуг илэрхийлэх гэсэн байна, үнэрийг нь үү,өргөстэйг нь үү, эсвэл зүгээр л өнгөний тухай хэлэх гээд байна уу, үүнийг л их анзаарах, утгынх нь үзүүрийг л олж атгах чухал. Яруу найргийн орчуулга бол тархины уран нугаралт юм.

-Манай уншигчид, миний үеийнхэн ялангуяа таныг “Орос ардын үлгэрүүд”,  “Үүлэн бор”-оор хамгийн сайн танина. “Үүлэн бор” бол олон хүүхдийг уран зохиолд дурлах шимтэн унших эхлэл болсон гайхалтай бүтээл гэж би хувьдаа боддог юм. Энэ номын үнэ цэнэ одоо ч хуучраагүй байна. Гэтэл өнөөдрийн хүүхдийн зохиол, үлгэрийн номуудыг харж байхад учир дутагдалтай зүйл наад захын бидэнд ч их харагдах юм. Хэдийгээр өнөөдрийн хүүхдүүд ном уншихаа больжээ гэх ч энэ нь номын орчуулгатай бас холбоотой байх. Тэгэхээр өнөөдрийн орчуулгын зохиолуудыг та ер нь харж байгаа л байх. Энэ талаар санал бодлоо хуваалцаач?
-За баярлалаа. Үйлээ үзсэн  “ҮҮЛЭН БОР” - ыг минь хүүхдүүдэд уран зохиолд дурлах,шимтэн унших эхлэлийг тавьж өгсөн гайхалтай бүтээл гэж сайхан хэллээ.Энэ номын үнэ цэнэ хэзээ ч хуучрахгүй л дээ. Ард түмний агуу бүтээл, тэр дундаа олон  зуун жилээр шалгагдсан агуулга, санаа, дүрслэл дээр нь  хэл найруулга нь нарийн цагаан гурил болтлоо шигшигдсэн бүтээл юм чинь юу ч гэж үнэ цэнээ алдахав дээ.
Өнөөдрийн хүүхдүүд ном уншихаа больжээ гэх ойлголт нь орчуулгатай тийм ч их холбоотой биш байхаа. Эцэг эхчүүд хүүхэддээ багаас нь үлгэр домог уншиж өгөөд унтуулдаг байсан бол, хүүхдүүд ямар ч байсан номыг гартаа бариад л байдаг юм. Бас сургалтын системтэй орчин тойрон, номын бодлоготой холбоотой шүү. Боловсролын буюу номын бодлого гэдэг улсын мэдэлд байх хамгийн чухал асуудал. Хүнсний бодлоготой яг адилхан. Хүүхдүүдийн гэдсийг цатгаад, тархийг нь өлсгөж болохгүй. Эрүүл хүнс шиг, саруул сайхан, сайн зохиол ном бидэнд ус агаар мэт хэрэгтэй. Тархи хэзээ ч өлсөж болохгүй, тэгвэл хүн гэдэг амьтан зэрлэгшээд, хаана л бол хаан тамхи татаад, худлаа яриад, зодоон цохион хийгээд, хүнийг гүтгээд, доромжлоод.... унана шүү дээ. Сонгодог зохиолчдыг орчуулж байна уу, сонгодог бишийг орчуулж байна уу гэдгээс биш сайн , үнэхээр  сэтгэл зүрхийг сэргээсэн зохиол л олж орчуулахыг хичээх юм даа.  Өнөөдрийн энэ их номын далай, их яруу найргийн үер дундаас нэг цэвэр тунгалаг гол горхи тасдан авч эх  монгол хэлний санд дусал болгон оруулах гэдэг үнэхээр самбаатай хүний ажил. Би хувьдаа он цаг дамжин шалгарсан, хэзээ ч хуучирдаггүйгээр нь ардын аман зохиол,үлгэр домгийг барьж авдаг. Тэгээд багаасаа шүлэг найрагт дуртай, толгой холбодгийн ачаар, заримдаа ч нэлээд олон юмыг толгой холбож нүүр тахлах юм даа. Гэхдээ би хэзээ ч гүжирдэж,  мөр сүүл тааруулах гэж үг нэмж, Есениний мэдэхгүй,бичээгүйг монгол илэрхийлэл чихэж оруулдаггүй л дээ.

-Уран зохиол орчуулна гэдэг тухайн орчуулагчаас үгийн хийгээд утга уянгын нарийн мэдрэмж шаардана. Ялангуяа яруу найраг бол тэр л гайхамшигт үгийг хүний зүрхэнд хүртэл оносон үгээр нь буулгана гэдэг амаргүй даваа. Таны хувьд сонгодгуудыг буулгахдаа хэр эмээдэг вэ?
-Би шүлэг орчуулдаг болохоороо өөрийгөө,орчуулагч-яруу найрагч гэдэг юм. Энэ нь яруу найргийн орчуулагч гэсэн утгыг илэрхийлнэ гэж мунхаглан бодно оо. Гэхдээ өөрөө хааяа хааяа шүлэг бичнэ.  Сая ирээд, МИНИЙ ЕРТӨНЦ гэдэг шүлгийн номоо хэвлүүллээ. Энд би урьд бичсэн шүлгүүдээсээ засч шинэчлээд, дээр нь Америкт бичсэн шүлгүүдээ орууллаа. 

-Тиймээ, та бол орчуулагчаас гадна яруу найрагч. Таны “Орчлонгийн сайхан хүүхнүүд” дууг мэдэхгүй хүн цөөн. Хоёулаа яруу найргийн тухай заавал хөндөх хэрэгтэй байх. Алтан үеийнхний шил дарж гарч ирсэн та бүхний хувьд тэднээс суралцаж, тэднээс сонссон зүйл ихтэй. Энэ нь ч зохиол бүтээлд тань тусгалаа олдог байх. Та анх хэрхэн утга зохиолтой холбогдсон юм бэ?
-“Монте Кристо гүн”-г уншаад  өлсөж үхсэн аавыг нь бодоод уйлаад л, “Хүрэн морь”-ийг цээжлээд л , хөөрхий өнчин хүүг өрөвдөөд, шаналаад, “Би Монгол хүн”-ийг Аргалын утаа бургилсан гээд алдаа мадаггүй дуржигнуулаад л, өөрөө хэдэн мөр бичээд л, Зохиолчдын хороо гэдэг том байгууллага байдгийг мэдэх ч үгүй байж. “Утга зохиол” сонинд шүлгээ аваачиж өгөөд, “Таны шинэ танил” буланд нь “Ээжийн охин байлаа, Эх орны охин боллоо гэсэн шүү” ... санаатай тавхан шүлгээ гаргангуутаа л хөөрч баярласан хүн автобусанд суугаад  л явж байсан хүмүүс хараад ч байх шиг санагдаад л. Бүүр гайхаад намайг шүлэг зохиодог гэж мэдчихсэн юм болов уу гэсэн тэнэгхэн бодол төртөл, кондуктор эгч мөнгөө өгөөч,чамайг хараагүй хэн байгаа юм, цаашаа хараад суухдаа яадаг юм гэж цочоож байж билээ.
Тэгээд л ганц уншдаг  “Утга зохиол урлаг” сонин бол Монголын зохиолчдын эвлэлийн ганц хэвлэл гэдгийг аажимдаа мэдэж, тэр хороо гэдэг цэмцийсэн байгууллагаар очдог ордог болсон доо. Миний тийнхүү тэр том байгууллагын хаалга үүдийг татаж байхад аз минь таарч их Б.Явуухулан Яруу найргийн секцийн эрхлэгч байсан юм.
Анхны номоо багшдаа үзүүлж,  дорнын их найрагчийн зааж хэлснээр, Долгорын Нямаа найрагчаар өмнөх үг бичүүлээд  “Цэцгийн дэлбээ”  нэртэйгээр жижигхэн номоо 1978 онд гаргаж байлаа даа. За ер нь бусдын л адил.

-Монголын утга зохиолд бүсгүйчүүд маань их том орон зайд оршин байдаг. Ялангуяа таны үеийнхэн. Тэгэхээр бүсгүй хүн яруу найрагч байна гэдэг... гээд үргэлжлүүлээд манай уншигчдад ярьж өгөөч?
-Монголын уран зохиолд бүсгүйчүүд томоохон орон зай эзэлж байна гэдэг манай улс хэдий ядуу зүдүүхэн, сахилга бат, зохион байгуулалт муутай байвч хүн чанар, эмэгтэйчүүдээ хүндлэх талаар тун сайн, ер нь хүүхнүүд нийгэмд дээгүүр үүрэгтэй байгаагийн илрэл байх. “Бүсгүй хүн яруу найрагч байна гэдэг Бүлтгэр үр нь сүүгүй уйлж ч мэднэ”... за тэгээд юу юу билээ дээ, нэлээн л хэцүү байдаг тухай манай С.Оюуны нэг шүлэг байдаг юм. Би үг үгээр нь санахгүй байна. Их хөөрхөн шүлэг байдаг юм.  Олон сайхан найрагч ээжүүд  байх тусмаа сайхан биз дээ.

-Би яруу найрагч, зохиолч хүмүүс их нутаг амьтай байдаг гэж боддог юм. Таны хувьд бараг 30-аад жил нутгаасаа гадна ажиллаж амьдарч явна. Москвагийн их сургуульд багшилснаас эхлээд өнөөдөр ч гадаадад  амьдарч байгаа. Гэхдээ нутаг гүйдэг морь шиг жилд заавал ирж байгаа сонсогдох юм. Нутгаа их санах уу. Ирэх болгонд тань Монгол улс нүдэнд тань хэрхэн буудаг вэ?
-Яруу найрагчид мэдээж их нутаг амьтай байдаг. Харин би бүү мэд дээ, ямар гээч зураг заяатай хүн юм бэ?  МУИС – ийн гуравдугаар курсэд байхдаа л ангийнхаа орос залуутай  саймшраад хоёулаа дөрөвдүгээр курсэд байхдаа “Хуримын ордон”-д очиж гэрлэлтээ батлуулсан юм. 1977 оны тавдугаар сар шүү.  38 жил өнгөрчээ. Би 1978 онд Их сургуулиа төгсөөд нөхрийнхөө нутаг Москвад суурьшаад хорин найман жилийн дараа 2006 онд Америк руу том охин руугаа явсан даа. Ер нь, би амьдралынхаа эхний 27 жил Монголдоо, дараагийн 28 жил Москвад, тэгээд сүүлийн есөн жил Америкт амьдарч байгаа хүн юм байна. Гэхдээ нэг онцлог нь жил болгон Монголдоо ирсээр байгаа шүү. Ирэх болгонд сайхан даа, миний нутаг. Нөгөө “Эргүүлж мөлжихөд  хүзүү сайхан, Эргэж уулзахад ээж сайхан” гэдэг дээ.

-Монголынхоо уншигчдад гадаадын уран зохиолыг хүргэхээс гадна Монголын яруу найрагчид хийгээд зохиолчдын бүтээлийг гадаадын уншигчдад хүргэх талаар та ямар бодолтой байдаг вэ. Би магадгүй таны орчуулж гадаадын уншигчдад хүргэсэн зохиолуудыг сайн мэдэхгүй байж магадгүй?
-Монголынхоо зохиолч, яруу найрагчдын бүтээлийг гадаадын уншигчдад хүргэх  талаар бол би юу ч хийж чадахгүй хүн шүү дээ.Яагаад гэвэл, миний хагас дутуу мэддэг орос,англи хэл маань хоёулаа миний сурсан хэл, эх хэл биш.  Хүн эх хэл рүүгээ л орчуулдаг гэж би боддог. Буруу ч байж  магадгүй. Алив нэг хэлийг сураад тэр хэл рүүгээ орчуулж байгаа хүн зөндөө л байдаг. Гэхдээ л жинхэнэ сайн орчуулгыг хүн эх хэл рүүгээ л хийнэ дээ. Манай Монголын уран зохиолыг гадаадын уншигчдад хүргэх, монгол хэлийг гадаадынхан сайн сураад орчуулаад эхлэх тэр цаг үе ойрхон байгаа гэж бодож байна. Бид Пушкиныг, Эдгар Аллен По –г  мэддэг шиг манай  их Д.Нацагдоржийг, Б.Явуухуланг  өөр улс орны уншигчид эх хэл дээрээ унших цаг гарцаагүй ирнэ дээ. Орос хэл дээр Монголын уран зохиолын цуврал ботиуд хэвлэгдсэн л дээ, социализмын үед. Гэхдээ оросын уншигчид манай Монголын утга зохиолыг бараг мэдэхгүй гэхэд хилсдэхгүй. Энд орчуулгын асуудал байна уу, өөр асуудал байна уу? Бодох л хэрэгтэй.

-Гадаадад амьдарч байгаа монголчуудынхаа талаар ямар бодолтой явдаг вэ. Ахмад хүний хувьд хэлмээр, хажуунаас нь хатгамаар зүйл багагүй ажиглагддаг уу?
-Гадаадад амьдарч байгаа монголчуудын ихэнх нь суралцаж сурч,ажиллаж сурч, хэд хэдэн хэл дээр сэтгэж сурч л байна. Энэ бол баялаг. Хүний хүнийг ойлгоно гэдэг  тэр хүний ухаан нээгдэж байна гэсэн үг. Түүгээр ч барахгүй өөр улсын хэл соёл, дадал туршлага,эрдэм мэдлэгийн их далайгаас хувингийнхаа хэрээр хутгаад авч байна гэдэг бахархууштай. Сайхан амьдарч ,үр хүүхдээ боловсролтой болгож байна. Гэхдээ олон дотор сайнтай муутай. Ганц хоёр залхуучууд, тун амар хялбар аргаар мөнгө олчих санаатай, ямар нэг сүлжээ мүлжээнд ороод л нутаг нэгтнээ дуудаад л хуурчих гээд байх улс байнаа байна. Гадаад явбал л сайхан амьдарна гэж сэтгэж болохгүй. Эндээ хөлөө олоогүй хүн гадаадад хөлөө олно гэдэг хэцүү шүү дээ. Гэхдээ мэдээж сайхан амьдарч байгаа залуус олон байна. Өөрийн гэсэн зорилготой залуус  ч бий. Зөвхөн үр хүүхдийнхээ төлөө ажиллаж байгаа нь ч байна, сайхан авьяас мэдлэгээ ашиглаад АНУ-ын иргэнээс ч дутахгүй амьдардаг хүн ч байна.

-Би таниас орчуулгын тухай орчуулагчийн тухай сурах бичиг болчихмоор тийм ном гараасай гэж хүсч байна?
-Москвад “Радуга” хэвлэлийн газар ажиллаж байхдаа нэг ном орчуулаад л дуусангуутаа аваачиж өгчихөөд ахиад нэгийг аваад гардаг байсан шиг өнөөдөр ажиллаж чадахгүй байна. Гэхдээ тухайн үед суусан дадлаараа өдөрт заавал өөртөө ялангуяа дуртай энэ ажилдаа цаг зав гаргаад л байна. Мэдээж өдөр бүр 4-5 хуудас орчуулж чадахгүй байгаа ч тал хуудас ч болтугай орчуулдаг. Санаа бол их байна аа. Яруу найргийн чухам юуг орчуулж болохгүй вэ гэсэн ном бичих санаатай, санаагаа тэмдэглээд баримтаа цуглуулаад л байна. Хоёр  жилийн дараа л гарах байх.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан