Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүдэр боловсруулах цехийг хүлээн зөвшөөрөе

Т.ЖАНЦАН

Эдийн засгийн уналтаас шалтгаалж  дампуурсан олон үйлдвэр аж ахуйн газрын ажилчид, ган зуданд нэрвэгдсэн малчид, ажилгүйчүүд хүрз, жоотуу барьж байгалийн хишиг горилон амьдралаа залгуулах болсон билээ. Энэ нь  манай улсад нинжа нарын арми хэмээн нэрлэгдсэн бүлэг хүмүүс бий болгоход хүргэсэн. Тэд алт,  жонш, үнэт чулуу олборлож амьдралаа залгуулна.  Тэгэхдээ хүн, амьтан, байгаль орчинд асар их сүйтгэл дагуулсан юм. Тухайлбал, Засгийн газар 2008 онд 127 дугаар тогтоол гаргаж химийн бодисоор бохирдсон газруудыг цэвэрлэсэн. Тухайн үед есөн аймгийн 29 сумын нутагт 198 цэгт мөнгөн ус, цианит натриар бохирдсон 169 мянган тонн хаягдлыг саармагжуулж цэвэрлэсэн байдаг. Зөвхөн Бороо голын орчимд мөнгөн усаар бохирдсон 6960 тонн хөрсийг цэвэрлэж 80 кг мөнгөн ус ялган авчээ. Учир нь алттай хүдэр тээрэмдэх, гар аргаар метал ялган авхад ус зайлшгүй хэрэгтэй. Иймээс худаг, гол устай, гэрэл цахилгаантай суурин газруудад нинжа нар төвлөрч байсан юм.  Төр засгаас нинжа нарын армитай тэмцээд тэднийг өнөө хүртэл тарааж чадаагүй л байгаа. Харин энэ байдлаас гарах  гарц нь Швейцарийн хөгжлийн агентлагын “Бичил уурхай” төсөл болсон. Мөн Ашигт малтмалын тухай хуульд 2009 оны долдугаар сард нэмэлт өөрчлөлт оруулж Бичил уурхай эрхлэхээс бусад тохиолдолд зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, олборлохыг хориглов.

Мөн Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох асуудлыг Засгийн газрын тусгай журмаар зохицуулахаар тусгаж өгчээ. Ингээд Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоол гарч Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам батлагдсан юм. Өөрөөр хэлбэл нинжа нарыг нөхөрлөл байгуулж нэгдсэн зохион байгуулалтад оруулж алттай хүдэр боловсруулах хэд хэдэн цех байгуулсанаар асуудлыг шийдсэн билээ. Үүний нэг нь Баянхонгор аймагт “Хонгорын хүдэр” компанийн “Баруун бүсийн хүдэр баяжуулах цех” юм. Тухайн үед 2006, 2007 онд Баянхонгор аймагт 30 гаруй цэгт химийн бодисоор бохирлогдсон шлам буюу хаягдал бий болсон байжээ.

Энэ хаягдлыг цэвэрлэж нинжа нар “Бичил уурхайчид” болж нөхөрлөл байгуулав. Ингээд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт орших Цагаан цахирын уурхайд “Спейшл майнс” компанийн 30 га талбайд олборлолт хийх зөвшөөрөл авчээ.  Өнөөдөр 30 нөхөрлөлийн 300 гаруй бичил уурхайчид тус хүдэр баяжуулах цехээр үйлчлүүлдэг болжээ. Гэвч тэдэнд нэг том бэрхшээл бий. Учир нь “Хонгорын хүдэр” компанийн “Баруун бүсийн хүдэр баяжуулах цех”-ийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг баталж өгөөгүй байна. Энэ үнэлгээг БОНХЯ баталж өгөөгүй тул аймаг, орон нутгаас байсгээд л хоёр долоо хоног, бүтэн сараар хааж лацдах явдал гардаг аж. Ингэж хааж лацадсан үед бичил уурхайчдын олборлосон хүдэр овоорно.

Аймаг сумын төвийн эдийн засаг цалин буух, бичил уурхайчдын орлого ямар байхаас ихээхэн шалтгаалдаг гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл дэлгүүр хоршооны наймаа нэмэгдэх, зээлүүлсэн мөнгөө цуглуулах гээд ажил ундарна гэсэн үг. Учир иймд нэг хүдэр баяжуулах цехээс маш олон хүний амьдрал, ашиг орлого шалтгаалж буй юм. Нөгөө талаар Ховд, Архангай, Өмнөговь аймгаас бичил уурхайчид энэ цехэд хүдэр боловсруулах гэж авч ирнэ. Хэрэв цех хаагдсан үе таарвал хүлээх эсвэл эргүүлээд аваад явах гээд хүнд байдалд ордог. Иймд “Баруун бүсийн хүдэр баяжуулах цех”-ийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг батлаад өгчихвөл олон асуудлыг нэг мөр шийднэ хэмээн бичил уурхайчид ярьж байлаа. Тухайлбал, нинжа нар нэгдсэн зохион байгуулалтад орж элдэв химийн бодис хэрэглэхгүй,  татвар төлдөг, нөхөн сэргээлт хийдэг болно гэж буй юм. Товчхондоо төр засаг нэгэнт хүчрэхгүй байгаа нинжа нарын асуудлыг  бүрэн шийдвэрлэж хууль ёсны бизнес болгоно гэсэн үг юм.  Уул уурхай хөгжсөн, хөгжүүлж буй бусад улс оронд ч ийм аргаар нинжа нарын асуудлаа шийдсэн туршлага бий. Тус цехээр сард хамгийн багадаа 1000 бичил уурхайчин үйлчлүүлдэг судалгаа бий. Энд нэг бяцхан тооцоо хийж үзье. Нэг бичил уурхайчин 10 гр алт олборловол 600 мянган төгрөгтэй болно. Тэгэхээр сард дунджаар 1000 хүн 600 сая төгрөг орон нутгийн эдийн засгийн эргэлтэд оруулна гэсэн үг. Орон нутагт ийм хэмжээний мөнгө байнга эргэлдэж байвал иргэдийн амьдрал, бизнес өсөн дэвжиж хөгжин цэцэглэх нэг үндэс болох юм. 
 
Уг цех нийт зургаан тээрэмтэй. Хоногт зургаан тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай юм. Хүдэр боловсруулж буй ус нь химийн ямар нэг бохирдол байхгүй, үйлдвэрлэлд хэрэглэж буй усныхаа 70 хувийг эргүүлэн ашиглах технологитой. Энэ цех боловсруулж буй нэг хүдрээс ялган авч буй алтны хэмжээ 70-74 хувьтай байдаг. Иймд  шламд нь тоосонцор ширхэгтэй  25 орчим хувийн алт агуулагдаж буй гэсэн үг. Тэгэхээр нэг тонн шламд 7-10 гр алт бий гэсэн тооцоо гардаг.  Өнгөрсөн онд аймгийн ИТХ-ын шийдвэрээр  тус цехийн шламыг худалджээ. Тэгэхдээ борлуулсан шламын оролгын 50 хувийг аймаг орон нутаг, 30 хувийг нь энэ цехийг үүсгэн байгуулагч “Хонгорын хүдэр” компани, 10 хувийг нь Баян овоо сумын Засаг даргын тамгийн газар, 10 хувийг нь Бичил уурхай эрхлэгчид хувааж авах тогтоол гаргасан аж. Ингээд аймгийн төсөвт шлам борлуулсны орлогоос 1.7 тэрбум төгрөг төвлөрсөн байна. Ингээд бодхоор энэ цех жижиг гэлтгүй  ямар их  ачаа үүрч, орон нутагт оруулж буй хувь нэмэр ямар байгаа нь тодорхой юм.


С.Чинтөгс:  Манай цех өнгөрсөн онд аймгийн төсөвт 1.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн

“Хонгорын хүдэр” хувьцаат компанийн нягтлан бодогч.

-Танай цех аймаг орон нутгийн төсөвт жилд хэдий хэмжээний орлого төвлөрүүлж байна. Хэдэн ажилтантай вэ?
-Манай цех өнгөрсөн онд аймгийн төсөвт 1.2 тэрбум орчим төгрөг төвлөрүүлсэн. Сумын төсөвт 130 сая төгрөгийн татвар төлсөн. Манай цех 30 ажилтантай. Өнгөрсөн онд 11 сая төгрөгийн нийгмийн даатгал төлсөн. Ажилчдын цалинд 37 орчим сая төгрөг олгосон. Энэ он гарснаас хойш бүтэн сар тасралтгүй ажиллаж чадаагүй.  Нэг сард 15 хоног ажиллаж ирсэн.  Өөрөөр хэлбэл тодорхой хүчин зүйлийн улмаас бүрэн ажиллаж чадахгүй байгаа юм.

-Нэг тонн хүдэр боловсруулахад хэдэн төгрөгийн үйлчилгээний хөлс авдаг вэ?
-Бид нэг тонн хүдэр тээрэмдэж алтыг нь ялгаж өгөхөд 130 мянган төгрөгийн үйлчилгээний хөлс авдаг.

Ц.Батбаяр: 860-940 сорьцтой алт ялган авч байна

“Хонгорын хүдэр” хувьцаат компанийн ерөнхий инженер.

-Танай хүдэр боловсруулах цех ямар технологи ашиглаж байна вэ?
-Бичил уурхайчдын авч ирсэн хүдрийг анхан шатны тээрмээр 60 мм болтол бутална.  Дараа нь хүдрийг 0.5 мм болтол нунтаглаж баяжуулахад бэлтгэнэ. Тэгээд сэгсрэх ширээн дээр гүйлгэнэ. Энэ ширээ цагт 100 кг баяжмал боловсруулах хүчин чадалтай. Метал авалт 70-75 хувьтай байгаа. Үүний дараа алттай хүдрээ гүйцээн баяжуулалтад оруулна. Өөрөөр хэлбэл азотын хүчлээр бусад органик болон хүнд бодисийг ялгаж алтыг нь гаргаж авдаг. Ингэж ялгаж авсан алт 860-940 сорьцтой гардаг юм.

-Хаягдал шлам боловсруулдаг ямар ямар технологи байдаг вэ? 
-Шламд тоосонцор ширхэгтэй алт дийлэнх хувийг эзэлдэг. Иймд түүнийг гривтацын  буюу төвөөс зугтах хүчний аргаар ялган авах боломжгүй. Химийн аргаар алтыг нь ялган авдаг. Иймд шламаа химийн бодис ашигладаг үйлдвэрт борлуулж буй юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан