Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Отгонбаатар: Төр засаг химийн хорт бодис ашиглах нөхцөл рүү бүү түлхээсэй

Т.ЖАНЦАН

Баянхонгор аймгийн ХАМОДХ төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Отгонбаатартай Бичил уурхайчидын талаар ярилцлаа.

-Хувиараа ашигт малтмал олборлодог иргэ­дийг нэгдсэн зохион байгуу­лалтад оруулах төслийг Швейцарийн хөгжлийн агент­лагаас хэрэгжүүлж буй. Энэ төслийн үр дүн хэрхэн гарч байна. Танай төрийн бус байгууллага хэдэн гишүүнтэй вэ?
-Зуд турхан болж малаа алдсан иргэд байгалийн баялгаа ашиглах болсон. Тэгэхдээ ямар ч зохион байгуулалтгүй алт, жонш олборлож  нинжа гэсэн нэртэй болсон. Иймд 2008 оноос Засгийн газрын тогтоол гарч хувиараа ашигт малтмал олборлогчдыг “Бичил уурхайчин” гэж нэрлээд нэгдсэн зохион байгуулалтад орох эрх зүйн үндэс нээгдсэн юм. Манай төрийн бус байгууллага 2009 онд байгуулагдаж Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Цагаан цахирын алтны үндсэн ордыг ашиглаж байна. Тэгэхдээ бичил уурхай эрхлэгч иргэдийг нөхөрлөлийн журмаар зохион байгуулан ажиллаж буй юм. Ингэснээр эерэг сайн зүйл олон гарч байгаа. Тухайлбал, иргэд тогтвортой ажлын байр, орлоготой болсон. Манай байгууллага анх есөн нөхөрлөлийн 200 гаруй гишүүнтэй байгуулагдсан. Одоо 30 нөхөрлөлийн 300 гаруй гишүүн ажиллаж байна. Тэд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлж байгаа. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлаа ханган ажиллах болсон. Урд нь зохион байгуулалтад ороогүй байхад осол гарах, хүний амь нас үрэгдэх, эрүүл мэндээрээ хохирох явдал их гарч байсан юм. Одоо осол бараг гарахгүй болсон.

-Бичил уурхайчид алтны үндсэн орд ашиглахад ямар ямар бэрхшээл тулгарч байна вэ?
-Манай төрийн бус байгууллагын гишүүд “Хонгорын хүдэр” компанийн “Баруун бүсийн хүдэр баяжуулах цехэд” олборлосон хүдрээ өгч боловсруулж байгаа.  Гэтэл энэ цехийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гаралгүй өнөөг хүрлээ. Энэ үнэлгээ гараагүй болохоор хүдэр боловсруулах цехийн үйл ажиллагааг хаадаг нэг бэрхшээл бий. Хүдэр боловсруулах цех зогслоо л бол бичил уурхайчдаас эхлээд олон хүний аж амьдрал гацаанд ордог юм. Хамгийн том бэрхшээл бол энэ л байна.  Үүнийг төр засаг, БОНХЯ шийдэж өгөөсэй гэж хүсч байна. Хэрэв хүдэр боловсруулах цех ажиллахгүй бол мөнгөн ус ашиглах магадлал өндөр болно. Өөрөөр хэлбэл амьдрахын эрхэнд буруу шийдвэр гаргаж магадгүй хүмүүс бас бий шүү дээ. Энэ цех ажиллаж байгаа тул хувиараа алт олборлогчид хүдэр боловсруулахад санаа зовох зүйлгүй байгаа юм. Өнөөдөр нинжа гэж нэрлэгдсэн бичил уурхайчид мөнгөн уснаас татгалзаад байхад төр засаг химийн хориотой бодис өөрийн эрхгүй хэрэглэх нөхцөл рүү бүү түлхээсэй  гэж бодож байна.  Алтны үндсэн орд ашиглахад зардал нэлээд гардаг. Нэг нөхөрлөл доод тал нь таван гишүүнтэй байх журамтай. Тэд хөрөнгө зардлаа нийлж гаргаад уурхайн цооног гаргадаг. Алтны судлаа олоод цооног гаргасан тохиолдолд үндсэн орд тул олон жил тогтвортой ажилладаг.

-Алтны үндсэн орд ашиглах лицензийн асууд­лаа хэрхэн шийдвэрлэсэн юм бэ?
-“Спейшл майнс” компани Цагаан цахирын алтны үндсэн ордод 1054 га талбай эзэмшдэг. Тэгээд бид 2010 онд “Спейшл майнс” компани, Баян-Овоо сумын засаг захиргаатай гурван талт хэлэлцээр хийж ашиглалтын лицензийн асуудлаа шийдвэрлэсэн. Энэ хэлэлцээрээр тус компани бидэнд 30 га талбайд үйл ажиллагаа явуул гэж олгосон юм. 

-Бичил уурхайчид жилд хэдий хэмжээний орлогтой ажиллаж байна вэ?
-Бид анх “Спейшл майнс” компанитай гэрээ хэлцэл хийж байх үед орон сууц, автомашинтай хүн цөөхөн байсан. Сүүлийн таван жилд тогтвортой ажлын байртай болж амьдрал ахуй дээшилж байна. Урд нь нинжа хэмээн ад үзэгдэж хөөгдөж туугдаад явж байх үеэс эхлээд 10 жил ажиллаж байгаа хүн олон бий. Хүн ажилтай орлоготой л бол амьдрал нь дээшилж нийгэмд эзлэх байр суурь нь бэхжээд явдаг жамтай.

-Аймаг орон нутгийн төсөвт сард хэдий хэмжээний татвар төлж байгаа вэ?
-Бичил уурхай эрхэлж байгаа нэг иргэн сард 53 мянган төгрөгийн татвар төлдөг. Нэг нөхөрлөл таван гишүүнтэй гэж тооцвол сард 250 гаруй мянган төгрөгийн татвар өгнө. Өнгөрсөн онд Баян-Овоо суманд манай бичил уурхайчид 65 сая төгрөгийн татвар төлсөн юм.  2013 онд 75 сая төгрөгийн орлого төвлөрүүлсэн байдаг. Үүнээс гадна Баян-Овоо сумын Засаг даргын тамгийн газарт бүрэн засвар хийсэн, нэг малчин өрхөд өвөлжөө барьж өгсөн. Таван багийн Засаг даргыг мотоцикльтой болгосон. Өрх толгойлсон нэг эмэгтэйг гэр авч өгсөн. Мөн нэг өрхийг малжуулсан. Бид байгалийн хишиг хүртэн амьдарч байгаа тул сум орон нутагт чадах чинээгээр тусалж хөрөнгө оруулалт хийхийг зорьдог.  Үүнээс гадна хүдэр боловсруулах цехэд үлдсэн шламыг борловсруулсан орлогоос аймаг, сум орон нутагт өгсөн. Энэ нь орон нутгийн хөгжилд хувь нэмэр болж байгаа.

-Үндсэн орд ашиглахад тэсэлгээ хийх шаардлагатай. Тэсэлгээ хийх зөвшөөрөл авсан уу?
-Бид тэсэлгээний бодис хадгалах агуулахаа барьсан. Мөн тэсэлгээ хийдэг компанитай гэрээ хийж зөвшөөрөл авахаар зохих яам, тамгийн газруудад хүсэлт гаргасан. Удахгүй шийдэж өгөх байх. Дахин хэлэхэд бичил уурхай эрхлээд  ажлын байртай болж хүмүүсийн амьдрал дээшилж байгаа эерэг үр дүн бий. Үүнийг төр засаг харж мэдэж байгаа хэрнээ хүдэр боловсруулах үйлдвэрийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг шийдвэрлэж өгөхгүй бэрхшээл байна. Нэг ирэхэд хүдэр баяжуулах цехийг хаасан, мөнгө төгрөг нэхсэн дарамт учирдаг. Хэрэв төр засаг энэ дарамттай асуудлаа шийдээд өгчихвөл тэр олон мянган нинжа нар зохион байгуулалттай болж албан ёсны уурхайн хэлбэрт шилжин ажиллана. Тэр хэрээр улсын төсөвт орох орлого, алт олборлолт нэмэгдэх гээд олон сайн үр дагвар гарна гэж бодож байна.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан