Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зайсангийн иргэд компаниудтай “тулалдсаар” байна

Л.ХАТАНБААТАР

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нэгдүгээр хэсэг “Дүнжингарав”-ын нэгийн 52 тоотод оршин суух иргэн В.Сарантуяа нь дүүргийн ИТХ-д өргөдөл гаргаснаар уг газрын маргаан эхэлжээ. “Мухар улиас”  компани  2012 онд БОЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны дарга А.Намхай гэдэг хүнээс арван жилийн хугацаатай газар эзэмших зөвшөөрөл авсан байна. Ингээд зөвшөөрөл  авсан газар дээрээ  хашаа хатгана гэжээ. Энэ зөвшөөрөл бүхий газар нь 11 дүгээр хорооны нэгдүгээр хэсгийн иргэдийн амьдардаг газартай давхацсанаас  маргаан дэгдэв. Тус компанийнхан  уржигдар ирж иргэдтэй хашааг нь буулгана, буулгахгүй гэж маргалдаж, сүүлдээ багахан хэмжээний мөргөлдөөнд хүрэх дөхжээ. Байдал хурцадсан үед  дуудлагаар дүүргийн Цагдаагийн албан хаагчид ирж иргэдийг  тараасан байна.

“Мухар улиас” компани нь дүүрэгт бүртгэлгүй, газрын татвар төлөөгүй зэрэг зөрчилтэй учраас Хан-Уул дүүргийн Засаг дарга гурвалсан гэрээнд гарын үсэг зураагүй байна. Хууль, холбогдох журмаар иргэн, компани, дүүргийн удирдлага хамтран гурвалсан  гэрээ байгуулж, гарын үсэг зурсанаар аливаа бүтээн байгуулалтын ажил эхлэх ёстой. Гарын үсэг зураагүй, гэрээ хүчин төгөлдөр болоогүй үед иргэдтэй яагаад газрын маргаан үүсгэж байгааг сурвалжлахаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороог зорилоо. Тус дүүргийн 11 дүгээр хорооны нэгдүгээр хэсэг нь хуучнаар Ясны сүрьеэгийн байшин байрлах, замын баруун талын ам аж. Биднийг очиход 10 гаруй оршин суугч замын хашлаган дээр суусан харагдана. Бүгд бухимдалтай байв. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нэгдүгээр хэсгийн иргэн Ш.Нямсүрэн “БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол А/235 гэсэн захирамж гаргасан. Он удаан жил амьдарсан уугуул иргэдэд газрыг давуу эрхтэйгээр олгоно гэсэн юм. Энэ бол зөвхөн сонгуулийн шоу төдий болоод өнгөрсөн. Эхлээд 27 өрхөд, дараа нь 160 өрхөд нэмж олгосон. Энэ 11 дүгээр хороонд 702 өрх амьдардаг. Ингээд 702 өрхөөс 187-д нь газар  эзэмших гэрчилгээ олгож, сонгуулийн шоу хийж байна. Ингэснээр Зайсангийн бүх иргэн газраа хувьчилж авсан гэсэн мэдээллийг улс орон даяар тараалаа. Нэгдүгээр хэсгийн иргэд бол жинхэнэ Зайсангийн уугуул оршин суугч юм. Би 57 настай, энд төрж өссөн. Хамгийн ахмад нь 92 настай хүн биш” гэв. Мөн тэрээр яагаад ийм маргаантай асуудал үүсэв гэдгийг “Иргэдэд газрыг нь олгоогүйгээс болсон. Мөн иргэдийг ялгаварлан гадуурхаад байна. Манай нэгдүгээр хэсгээс нэг ч өрх газар эзэмших гэрчилгээ аваагүй. Учир нь энэ хэсэгт сул газар их. Муугаар бодоход ашиг хонжоо олох гэж байна. Байгаль орчин хариуцсан шинэ сайд томилогдох бол­гонд кадастр хийлгэдэг.Та нарын кадастрыг Байгаль орч­ны яамны нэгдсэн санд байр­шууллаа л гэдэг” гэв.  Тус хэсэгт 191 өрх амьдардгаас 60 хувь нь өрх толгойлсон эмэг­тэй. Эрчүүд цөөхөн болохоор элэг барьж байна гэж хэсгийн оршин суугчид харууссан өнгөөр  хэлж байлаа.

Уг газрын маргаанд дүүргийн баримталж буй байр суурийн талаар Хан-Уул дүүргийн Иргэний оролцоо зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Хандсүрэн “ИТХ-ын байр суурь иргэдийнхээ талд байгаа. Энэ “Мухар улиас” олон зөрчилтэй компани. Дүүргийн зүгээс гэрээнд гарын үсэг зураагүй. Иргэдэд газрын гэрчилгээг олгох талаас нь хөөцөлдөнө. Сайд солигдож, бичиг баримт гарсан дээр л тоглолт хийж, иргэдийн бухимдал үүсгэж байна” гэлээ. Мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс маргалдагч эсрэг талын байр суурийг сонсох гэсэн боловч “Мухар улиас” компанитай холбогдох утас ч олдсонгүй. Мөн газрын зөвшөөрөл олгосон гэх БОНХАЖ-ын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны дарга нь ээлжийн амралтаа авсан байв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан