Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Даваажав гэж нэг ийм инженерийг би таних юм

Дархан хотод олонтаа очиж буурчийн газарт нь тухалж байхуйд дулаан тохитой, сайхан халуун устай аятай тохитой байдагсан. Сайхан байгаагаа л гайхахаас биш энэ илч гэрэл, дулаан  хаанаас гардаг билээ, гэрэл дулаан үйлдвэрлэгчид нь хэнсэн билээ гэж бодож байсангүй. Ер хэрэглэгч гэдэг ямагт л ийм байдаг даа. Сайхан, амттай талх байна л гэхээс биш, талхчин нь ямар хүмүүс билээ гэж ямар бодох биш.

Үүн лүгээ Дарханы дулааны цахилгаан станцынхны тухай нэг их санаанд орж байсангүй. Харин саяхнаас хэдэнтээ очихдоо Найрамдлын Дархан хотыг илч гэрлээр хангаж байдаг энэ хамт олны заримтай нь ойртон танилцах завшаан тохиосон юм. Тэдний нэг нь Даваажав гуай.     
Нүдээрээ инээвхийлсэн, буурал суусан энэ эр дуу цөөтэй болохоор эхлээд учирсан хүн их зантай юм уу даа гэмээр, гэсэн атлаа дотносоод ирэхээр Дарханы дулааны цахилгаан станцыхаа тухай, хамт ажиллаж байсан нөхдийнхөө тухай сайхан сайхан дурсамж ярих. Бас ардчилсан хувьсгалын Дарханы анхдагч болж явснаа ярина.

ЗХУ-ын Новосибирск хотын Цахилгаан техникийн дээд сургууль дүүргэсэн залуу инженер Түлш Эрчим хүчний яаманд “Эх орны аль хэрэгцээтэй тэр газар ажиллая” гэж хэлээд Дарханы дулааны цахилгаан станцад гэсэн томилолт өвөрлөн цүнхээ үүрэн ирж байснаас хойш 30 жилийг үдчихээд сууж байгаа нь энэ.
Уг нь хаа тэртээ Хөвсгөл аймгийн хүн чинь нутгаа бараадана, аав ээждээ нэмэр болж есөн дүүгээ тэжээнэ гээд “Хөвсгөл рүү” гэвэл гэх л байсан байх л даа. Эсвэл тэр үеийнхний төв бараадах гэдэг жишгээр “Улаанбаатарт”  гэх ч юм уу.
Ингээд л  байгуулагдаад 20 жилийнхээ нүүр үзэж байсан Дархан ДЦС-ын дулааны хянах хэмжүүр автоматикийн цехийн засварын мастераас ажлаа эхэлж байсан гэдэг.

Үйлдвэрчний хороон дарга болох дөхсөн нь

Даваажав инженерийн нэг чанар нь шинэчлэлийн төлөө тэмцэгч гэж танилууд нь ярих юм билээ. Үнэхээр тэрээр Дарханы цахилгаан станцад ажилд ороод удаагүй байхдаа л ажлын байранд мөнгөн ус ихээр тархаад байх шиг санагдаад хэмжиж судалж эхэлсэн байна. Үнэндээ ч тэр үеийн хэмжих багажууд мөнгөн ус ихтэй, энэ хэрээрээ эрсдэл ихтэй гэж тусгай өрөө тасалгаанд хадгалдаг байсан цаг. Ингээд л залуу инженерийн эхлүүлсэн ажил хүн хүний ам дамжин, дарга нарын чихэнд хүрэхэд “Сүр бадруулан олны сэтгэл санаа үймүүллээ” гэж дургүйхэн байсан гэдэг. Асуудал бүр Мэргэжлээс шатгаалах өвчний диспансерт хүрч мэргэжлийн хүмүүс судлаад, ажиллагсдыг шинжилгээнд хамруулахад нэлээд хүнээс мөнгөн усны хордлого илэрч эмчлүүлсэн гэдэг.

Станц ч ажлын байраа ариутган, хэмжих багажуудыг мөнгөн усгүйгээр солин шинэчилсэн байна. Харин ажиллагсад Даваажав инженерийг  “Бидний төлөө жинхэнэ ажиллаж чадах хүн” хэмээн Үйлдвэрчний хороон дарга болгоно гэсэн санал хүртэл гаргасан ч тэрээр мэргэжилдээ чин үнэнчээр үлдэж, инженерээ хийсэн байна. Үүнийг тэр үеийн ажилчин албан хаагч, ахмадууд өнөө хүртэл дурсан ярих дуртай юм билээ.

Нийгмийг өөрчлөхийн төлөөх шинэчлэл

Тэр үнэхээр нүдэнд дасал болсон хуучныг халах, шинэчлэхийн төлөө төрсөн хүн.
Гадаадад сургууль төгсч, газар газрын хүмүүстэй гахай шувууны мах идэж юм дуулж явсан нь ч нэмэр болсон л байх. 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхээр нэг намын тогтолцоог халах ардчиллын хөдөлгөөнд татагдан орж тэргүүн эгнээнд нь жагсах нь тэр. Гэхдээ тэрээр зүгээр л шүүмжлээд, жагсаад явсангүй. Станцынхаа удирдлагатай хэл амаа ололцоод эдийн засагч Д.Баттулгатай мөр зэрэгцэн тэмцэж эхэлж. Тэр үеийн ардчилагчид зөвхөн байгууллага дээрээ МоАХ-ны салбар байгуулаад зогсоогүй, Дархан хотод ардчиллыг түгээн дэлгэрүүлэх гэж байгууллагаас байгууллага дамжин явган таваргаж ярьж ухуулж, таниулж явж.

Иймдээ ч олны итгэл хүлээж Дархан хотын МоАН, МоАХ-ны даргаар сонгогдон ажиллаж, инженерийн албаа, улстөрийн ажилтай хослуулан юм юм л амжуулж явсан байна. Хотын даргаа МАЗ машины тэвшин дээр гаргаж ирээд үг хэлүүлж хүртэл байсан улс.
Энэ тухайгаа тэрээр бэрхшээл гэхээсээ илүүтэй, хийх л ёстой зүйлээ хийх гэж зүтгэж явсан минь тэр гэж даруухнаар ярьдаг юм.

Үйлдвэрийн дарга, өрхийн тэргүүн

Түүний дараагийн шинэчлэх ажил дахиад л станцынх нь  амьдралтай холбоотой. 1997 онд түүнийг Дарханы дулааны цахилгаан станцын даргаар томилов.

1990-ээд оны эхнээс зөвлөлтийн тусламж тасарч эх орны үйлдвэрүүд хүнд байдалд ороод байсан бол ардчилал зах зээлийг сонгосны буянаар капиталист гэгдэж байсан ХБНГУ –аас урт хугацааны хөнгөлөлтэй зээл авч  бага зэргийн шинэчлэл хийгээд хүнд байдлаас дөнгөж гарч эхэлж байсан цаг. Гэхдээ л өр авлагын сүлжээ нүүрлэчихсэн, ажилчдынхаа цалинг ч хугацаанд нь тавьчихаж чадахгүй байсан нь нэг биш.

Өрхийн тэргүүн, үйлдвэрийн дарга гэдэг тэр олон хүний эцэг шиг л байх ёстой. Ажилтнуудын нийгмийн талаар анхаарах, хамгийн гол нь үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, үйлдвэрээ зах зээлийн харилцаанд бүрэн шилжүүлэх гээд эрс шинэчлэлийн арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байлаа. Даваажав дарга тэр бүхнийг даван туулж эрс зоригтой хэд хэдэн ажил хийсэн нь үр дүнгээ өгч  станцын үр ашиг жилээс жилд нэмэгдэж нэг үгээр хэлэхэд хөл дээрээ босч эхэлсэн гэдэг.
Энэ бүхнийг яаж давж гарсан, хэрхэн шийдвэрлэснээ Даваажав 1994-1995 онд өмнөх удирдлагын хэрэгжүүлсэн Дархан 1,2 төслийн үр дүн, манай хамт олны хичээл зүтгэл, чин сэтгэл  гэж ярьдаг.

Инженерийн шинэ шийдлүүд

Инженерийн хувьд тэрээр 1999 онд оноос хойш зургаан ч ашигтай загвар гаргаж хэрэгжүүлсний  нэг нь “Дулааны цахилгаан станцын техникийн усан хангамжийн сүлжээ” загвар юм. Ерөнхий инженер асан Б.Цагаан, одоогийн ерөнхий инженер Г.Туяахүү нарын хамт энэ ашигтай загварыг гаргаж хэрэгжүүлснээр станцын зардалд 17 хувь  эзэлдэг байсан цэвэр усны зардал өнөөдөр нэг хувь болтол буурч мөнгөөр тооцвол сүүлийн 15 жилд  26,2  тэрбум  төгрөг хэмнэжээ.  Энэ хэмнэлт цахилгаан станц ус хэрэглэж байгаа цаг мөч бүрт цаашид ч гарсаар байна. Зардлыг  энэ хэмжээгээр хэмнэнэ гэдэг бол хэрэглэгчид нийлүүлэх цахилгаан дулааны өөрийн өртөг энэ хэмжээгээр хямдарна гэсэн үг.  Мөн  2000 онд эсрэг даралтын горимоор ажиллаж 8 МВт ачаалал авдаг нэгдүгээр турбиныг  ердийн авлагатай конденсацийн горимд шилжүүлэх санал санаачлага гаргаснаар 12 МВт ачаалал авдаг болсон байна. Энэ шийдлийн үр дүнд цахилгааны борлуулалтын орлого сүүлийн 15 жилд 18,4 тэрбум төгрөгөөр өссөн тооцоо гарч байна.
 Мөн 2007 онд ДХХ-А цехийн даргаар томилогдсоноос хойш БКЗ-75-39ФБ зуухыг компьютерийн хяналт удирдлагын системд шилжүүлэх ажлыг санаачлан чадварлаг баг бүрдүүлж хэрэгжүүлж эхэлснээр одоогийн байдлаар 7 зуух ийм системд шилжээд байна. Тэрээр энэ санаагаа бүр 1987 оны үед дэвшүүлж анхны зураг төслийг нь ч хийж байсан баримт бий. Энэ ажлын үр дүнд зуухны машинчдын ажлын байрны нөхцөл эрс сайжирснаас гадна тоноглолын үйл ажиллагаа, горимд тавих хяналт сайжирч гэмтэл саатлын тоо бууран зардал хэмнэж байна.
Өөрийн санаачилж нэвтрүүлсэн мэргэжлийн бус хүмүүсийн ойлгохооргүй энэ олон шинэ санаа, шийдлээ тэрээр манай хамт олон, хамт ажиллаж байсан инженерүүдийн хамтын бүтээл, шинэ зүйлийг зоригтой сэдэж хэрэгжүүлсний ач гавьяа гэж ярих дуртай.

Сур сур, сурсан дээрээ бас дахин сур

Даваажавын бас нэг шинэчлэгч чанар нь өөрийгөө шинэчилж, ямагт суралцах. Тэртээ 1984 онд ЗХУ-ын Новосибирск хотын Цахилгаан техникийн дээд сургууль дүүргэж байсан бол улсад 30 жил хөдөлмөрлөсөн буурал инженер өнөө ч гэсэн суралцсаар л байна. 1999 онд тэрээр ШУТИС-д цахилгааны инженер мэргэжлээр техникийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Монгол Улсын  Зөвлөх инженерийн зэргийг гурван ч удаа хамгаалсан. 2003-2006 он тэр бас л ШУТИС-ын докторантурт суралцаад амжиж. 1997 оноос хойш тэрээр гадаадын 12 ч оронд явж туршлага судлан, мэргэжил дээшлүүлэх, удирдах ажилтны зэрэг сургалтад суусан байдаг. Дани,Герман, Япон, Сингапур, Австри, Итали, Шевейцари, Чех гээд тив тивийн орноор явж олон хэлийн хүнтэй уулзаж, бидний хэрэглэж байгаагаас илүү өндөр хүчин чадалтай, орчин үеийн станц үйлдвэрүүдээр орж, шинэ шинэ зүйл сонсч үзэж байсан ч  ОХУ-ын Новосибирск хотод өөрийнхөө төгссөн сургуульд очиж мэргэжил дээшлүүлсэн минь  хамгийн сайхан томилолт, сургалт байсан шүү гэж ярина.

Өнөөдөр ч тэрээр Дарханы дулааны цахилгаан станцын Хөгжил төлөвлөлт, хүний нөөцийн хэлтсийн даргын алба хашиж байгаагийн хувьд 50 жилийн түүхтэй энэ станцын иргээдүйг билгийн нүдээр харж бодитой төлөвлөхийн тулд цаг үеэсээ хоцролгүй, орчин үеийн техник технологийн шинэ ололт, дэвшлийн талаар байнга уншиж алиныг нь манайд нэвтрүүлж, хэдийнээс хэрэгжүүлж болох вэ  гэдгийг судлан сонирхсоор сууна. Өдгөө тэрээр Сингапур улсын жишээн дээр компанийн хөгжлийн төгс төгөлдөршлийн загварыг ойрын хугацаанд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Шинэчлэлийг чухам өөрийгөө шинэчлэхээс эхэлдэг гэдэг л энэ буюу.

Ажил болгоныг зэрэг
амжуулах гэдэг


Цахилгаан станц, тэгээд инженерийн ажил гэдэг зүгээр нэг конторт суудаг, цагийн ажил биш. Хэзээ ч, өдөр шөнийн хэдэн цагт ч утас хангинан дуудаж мэднэ. Үүний дээр өмнө өгүүлсэн ардчиллын төлөөх тэмцлийн үеэр ажлынхаа зэрэгцээ тэр бүхнийг амжуулах хэрэгтэй болно.

1990 он. Монгол улсын бүхий л үйлдвэрүүд Зөвлөлт гэдэг угжнаасаа салж хүнд байдалд орсон үе, Улс орон даяар ардчилсан хувьсгал өрнөж эхэлсэн байдаг. Ийм үед Даваажав инженер үндсэн ажлаа хийх, ардчиллын төлөө гүйх гээд бараг л гэрийн бараа харахгүй явсан үе бий. Гэхдээ л аливааг өөрчлөн шинэчлэх гэдэг хүний сэтгэлээс урган гарч, зүтгэлээр бүтдэг болохоор энэ бүхний төлөө Даваажав бүхнийг амжуулан гүйсээр 30 жилийг ардаа орхисон нь энэ.
Ванчигийн Даваажав гэдэг ийм нэгэн инженерийг  би таних юм.
                                   
Сэтгүүлч Х.Өлзийбаяр

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан