Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улс төрд эргэн ирсэн ч бүтэлгүйтсэн улстөрчид

Италийн “Мафийн тэргүүн” Сильвио Берлускони

Итали Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан Сильвио Берлускони төрийн мөнгийг хувьдаа завшсан, албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан зэрэг хэд хэдэн үндэслэлээр буруутгагдаж, дөрвөн жилийн хорих ял авч байсан улстөрч. Мөн түүнийг яллах шүүх хурлаас өмнө хавтаст хэрэгт нь “татварын залилангийн зөрчил” гэх зүйл анги нэмэгдсэнээр анхан болон давж заалдах шатны шүүх түүнийг 76 настайд нь дөрвөн жилийн хорих ялаар шийтгэж, 13 сая ам.долларын торгууль төлөх үндэслэлтэй гэж үзсэн байна.   

Ингэж яллуулсан Италийн анхны төрийн тэргүүн асан Сильвио тухайн үед улс төрд эргэн ирэхээ мэдэгдэж “шүүх засаглалд шинэчлэл хэрэгтэй” гэж шүүмжилж байжээ. Ингээд ялын хугацаа дууссаны дараа тэрээр улс төрд эргэн ирэх гарц байгаа эсэхийг судалж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэв­шинэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна. 

Ингээд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд шаардлагатай бүх зүйлээ бэлтгэж, нэр дэвшихийн өмнөхөн тус улсын шүүхээс түүнд “улс төрд орох боломжгүй” хэмээн мэдэгдэж холбогдох хуулийн заалтыг танилцуулсан байна. Тэрээр ингэж улс төрийн хоригт орсны дараа өөрийгөө цагаатгах гэж оролдсон ч удаа дараалан бүтэлгүйтэж байсан юм. Мөн энэ талаар “Надад тохиолдсон зүйлийг бусад хүмүүст тохиолдуулахгүйн тулд шүүх системийг, Италийг шинэчлэх цаг иржээ” хэмээн хэлж байсан удаатай. Байнга өөрийгөө өмөөрч байдаг тэрээр “Би улс төрийн золиос болсон” гэж үздэг ч тухайн үеийн сөрөг хүчин болоод Италийн эрх баригчид түүнийг эрс үгүйсгэж байсан юм. Италийн Засгийн газар төсвийн хатуу бодлого явуулахад хойрго хандаж байгаа үед “Playboy” Ерөнхий сайдтай холбоотой янз бүрийн хэл ам, дуулиан шуугиан нэрмээс болж байгаа талаар Италийн хэвлэлүүд онцолсоор байсан ч Сильвио Берлускони улс төрд нэр хүндтэй хэвээр байсан юм.

Мөн Грек, Итали, Испани зэрэг улсын эдийн засаг хүнд байх үед “Италийн Засгийн газар шинэчлэлт хийхгүй байна, Ерөнхийлөгч юу болж байгааг огт мэдэхгүй байна” гэж сөрөг хүчний хүчтэй байр суурь илэрхийлж байсан нь түүнийг дэмжигчдийн саналыг өсгөсөн гэж судлаачид үздэг байна. Харин тус улсын хэвлэлийнхэн “Ял авч байсан төрийн дээд албан тушаалтан ямар шалтгаантай улс төрд эргэн ирж байгаа” талаарх сэдвийг ихэнхдээ хөндөх болжээ.


Зүүнийг ч, барууныг дэмждэггүй  Эхуд Олмерт

Израилийг чиглүүлж яваа галт тэрэгний толгой бол одоогийн Ерөнхий сайд Б.Нетаняху. Тэр бол өнөө цагийн Израилийн нүүр царай. Харин түүнтэй өрсөлдөх хүчтэй цорын ганц хүн болох Эхуд Олмерт авлига, хээл хахуулийн хэргээр шалгагдаж байгаа хүчтэй улс төрчийн нэг. Өөрийн хэргийг цэгцэлсний дараа Эхуд Олмерт улс төрд эргэн ирэлт хийж, Б.Нетаняхутай өрсөлдөх боломжтой болсон юм. Уулзалтын үеэр тамхи баагуулж, зочид төлөөлөгчийн дэргэд этгээд бие авч явдаг хатуу удирдагчийн нэг Эхуд Олмертоос Ерөнхий сайд Б.Нетаняху айдаг. Өрсөлдөхөөс айдаг. Өмнө нь Эхуд Ерөнхий сайдын албыг хашиж байсан туршлагатай нэгэн бөгөөд Израилийг дайнгүй байлгах цорын ганц улс төрчдийн нэгээр нэрлэгддэг.

Барууны орнуудад итгэл хүлээлгээд байдаггүй түүний хувьд зүүнийг ч дэмждэггүй. Гагцхүү улсынхаа ирээдүйг л бодолцдог нэгэн. Мөн түүнийг эдийн засагт анхаарал хандуулж, аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байсан талаар хэвлэлүүд онцолдог. Гэвч түүнийг Ерөнхий сайд байх үеийн бүрдүүлсэн баг бүтэлгүйтэж, авлигатай холбоотой хэрэгт унасан нь дахин улс төрд ороход хамгийн том саад болж байгаа юм. Палестинтай нарийн нягт холбоотой байхыг эрмэлзэж, энх тайван байдлыг тогтоохын тулд ажиллаж байсан хашир Ерөнхий сайдуудын нэг тэрээр хамгийн сүүлд “Би эргэн ирлээ Бенжамин хөгшөөн!. Надад орон зай хэрэггүй. Би ерөнхий сайдын төлөө өрсөлдөнө” хэмээн одоогийн Ерөнхий сайдыг айлгаж байсан удаатай.

Өдгөө Израилийн улс төрд орон зайгүй болсон Эхуд Олмерт шашин шүтлэг гэхээс илүүтэй хүний хөгжлийн асуудлаар ярих дуртай. Хамгийн сүүлийн Ерөнхий сайдын сонгуульд нэр дэвшсэн бол ялалт байгуулах нь тодорхой байсан бөгөөд улс төрийн түүхэнд эргэн ирэлт хийсэн хүчирхэг хүмүүсийн нэг болох байсан юм. Гэвч түүнийг нэр дэвших яриа гармагц сөрөг хүчний Б.Нетаняху Ерөнхий сайдын сонгуулийг хугацаанаас өмнө явуулах шийдвэрийг гэнэт гарган, Ерөнхий сайдын хугацаагаа сунгаж чадсан юм. Ингээд л Эхуд Олмертийн эргэн ирэлт бүтэлгүйтсэн.


Шри Ланкийн “экс” эргэлт хийсэн нь

Шри Ланка Улсын Ерөнхийлөгч асан Махинда Ражапакса Үндэсний бүх нийтийн санал хураалтаар Ерөнхий сайдын албан тушаалд эргэн ирж байгаад дэлхий нийт нэгэнт цагт анхаарлаа хандуулж байсан. Парламентын судалгаагаар экс Ерөнхийлөгчид итгэл хүлээлгэх санал хураалт нь түүний улс төрд эргэн ирэх сүүлчийн дайралт бас найдвар байсан гэж мэдээлсэн. Товчхондоо, “Ард түмэн түүнд итгэж байсан учраас улс төрд эргэн ирсэн” гэх ойлголтыг тухайн үед гаргаж байсан юм. Шри Ланка Улсын улс төрд түүнд орон зай байсан учраас Ерөнхийлөгч хийж чадах зүйлийнхээ төлөө эргэн ирэлт хийх шийдвэр гаргасан нь мөн л тухайн үед сөрөг хүчнийхэн болон бие даагчдын эсэргүүцэлтэй тулгарч байжээ.

Өмнө нь Махинда Ражапакса Ерөнхийлөгч байх хугацаандаа Үндсэн хуульд гурван удаа сонгогдох эрхтэй хуулийн төслийг парламентаар батлуулж чадсан нь өөрийнхөө улс төрийн карерыг бодож байсан зүйл байжээ. Хамгийн сүүлд тэрээр 2009 онд иргэний дайнд цэг тавьж, сөрөг хүчийг буулган авч байсан түүхтэй. Түүнийг Ерөнхийлөгч байх хугацаанд гадаад хөрөнгө оруулалт урьд өмнө нь байгаагүй хэмжээнд хүрч зөвхөн БНХАУ-ын хөрөнгө оруулалт таван тэрбум ам.долларт хүрчээ. Мөн эдийн засгийн тогтвортой өсөлтийн эхлэл, суурийг тавьж байсан талаар тус улсын хэвлэлүүд онцолдог.


Хамгийн “азгүй” эргэн ирэлт хийсэн удирдагч

Арабын хувьсгал газар авснаар тус улсын иргэд өөрсдийн гэсэн эрх чөлөөг эдлэх таатай боломж гарч ирсэн байдаг. Гэвч зарим улс оронд хувьсгал нь жинхэнэ муу “Төрийн эргэлт” болж олон сая хүн амиа алдаж байв. Тухайлбал, Египетын хувьсгалаар Мусульман ахан дүүс хөдөлгөөний тэргүүн улсынхаа эрх мэдлийг гартаа атгаж эхэлсэн нь аажмаар нуран унасан байдаг. Өмнөх төрийн тэргүүнийг газар доор ортол муулж, ял оноож, улс төрийн эргэлт хийж чадсан Мусульман ахан дүүс хөдөлгөөнийхөн дотроосоо Ерөнхийлөгчийн шалгаруулж, томилсон юм.
Ингээд Ерөнхийлөгчөөр томилогдсон Мухаммед Мурси шинэ хууль дүрэм баталж, Шүүхийн зөвлөл, Үндсэн хуулийн цэц зэрэг Төрийн дээд удирдлагуудад тунхаг бичиг тараан сүр хүчээ бадрааж эхэлсэн юм. Тэрээр гаргасан хуулиудаа батлуулахын тулд бүгдийг эхнээс нь шат дараалалтай хийж, өөрийнхөө гаргасан шийдвэр, хуулийг өөрчлөх эрх хэнд ч байхгүй гэсэн утгатай зарлиг гаргасан нь түүний уналтын эхлэлийг тавьжээ. Иргэдийн дунд “Нэг дарангуйлагчийн араас бас нэг дарангуйлагч гарч ирлээ” гэсэн яриа газар авч улс төрийн эргэлт хийсэн Мурсигийн үйлдэл бүр буруу болж эхэлсэн байна. Түүнийг эсэргүүцэж байгаа хүмүүсийг хүчээр тараах, төрийн төмөр нүүрийг эрх чөлөө хүсэж Арабын Хувьсгалд нэгдсэн ард түмний итгэлийн эсрэг чиглүүлжээ.

Ингэснээр жагсаал ээлж дараалан гарч, төрийн эрх мэдлийн хугацаа богино болсоор байв. Ерөнхийлөгч болсон Мурси жагсаалыг хүчээр тараах, тэдний эсрэг шаардлагатай тохиолдол гал нээх тушаал гаргасан нь цаазаар авах ялын эхлэл болж байсан байна. Хожим тус улсын шүүх түүнд бүх насаар нь хорих ял оноож, Мусульман ахан дүүс хөдөлгөөнийхөн Египетийн Төрөөс “арчигдаж” эхлэв.
Бүх насаараа хоригдох ял авсан “азгүй” Ерөнхийлөгч  Мухаммед Мурси ийнхүү жагсаал хийсэн улсуудад хорсон, давж заалдах шатны шүүхээр орсон боловч ялыг нь хэвээр үлдээжээ. Ерөнхийлөгч Мухаммед Мурсигийн гаргасан зарлигийн дагуу түүний шийдвэрийг Египтийн ямар ч байгууллага цуцлах эрхгүй болох, мөн шинэ үндсэн хууль бичих ажлыг түргэвчлүүлэхээр шийдвэрлэж,  үндсэн хууль боловсруулж байгаа Ассамблейг тараахыг парламентын дээд танхим болон шүүхийн эрх баригчдад хориглох шийдвэр нь түүнийг үхэл рүү нь түлхэжээ.


“Аймхай” Ерөнхийлөгч

Дэлхийн хамгийн их анхаарлыг татаж байгаа улс бол Украин. Крымын хойгийг ОХУ-д алдсан, Европын холбоонд нэгдсэн, Засаг төр өөрчлөгдөж солигдсон зэрэг ойрын хоёр жилийн хугацаанд тус улсын хувь заяа орвонгоороо эргэсэн. Ерөнхийлөгч нь ОХУ-руу зугтаасан, шоронд ял эдэлж байсан хүмүүс эрх чөлөөтэй болж, төрийн өмчид компаниуд хувьчлагдаж, ард иргэд ядуурсан. Ийм л дүр зургийг экс Ерөнхийлөгч Виктор Янукович үлдээжээ. ОХУ-д хорогдож байгаа түүнийг Украинд “босуул” хэмээн зарлаж, бүх насаар хорих, цаазаар авах ял оноож магадгүй гэсэн мэдээлэл цацагдаж байсан удаатай. ОХУ-тай байгалийн хийн гэрээг хийж, улсын эдийн засгийг уналтад оруулсан, хувьдаа их хэмжээний мөнгө авсан, улсаасаа урвасан, төрийн үйл хэргийг цалгардуулсан, Ерөнхийлөгчийн тангаргаа зөрчсөн зэрэг Виктор Януковичийг дахин хэзээ ч Украинд хөлд тавихгүй болтол нөхцөл байдал хүндэрсэн.

Донецск болон Луганск муж ОХУ-ын талд байлдаж байгаа. НАТО болон АНУ-ын хүчнийхэн Украиныг цэргийн баазаа болгоход ойрхон байна. ХБНГУ, Европын холбоо ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч байна. Дэлхийн улс төр, хүч хоёр хуваагдаж дайны байдалд шилжсэн ийм л байдалтай байгаа нь үнэн. Энэ бүхнийг Украины экс Ерөнхийлөгч Виктор Янукович хийсэн гэж үү. Тэр зүгээр л ОХУ-ын иргэншил авч “цагаач” болсон. Улс төрд эргэн ирэх бүх нүх, боломжийг Порошенкогийн тал хаасан. Януковичийг эх орондоо ирэхийг хүлээж суугаа. Харин ОХУ, АНУ, ХБНГУ болон барууны холбоотнуудад Украин бол зүгээр л “газар зүйн золиос орон” болж хувирч байгааг олон улсын тоймчид цохон тэмдэглэсээр байгаа юм. 

Хэвлэлүүд түүнд “аймхай Ерөнхийлөгч” гэсэн хоч өгсөн. Учир нь тэрээ ОХУ-д байхдаа ийнхүү ярьжээ. Тэрээр “Эх орондоо буцаж очихыг маш их хүсч байна. Мөн ард иргэдээ хууль зүйгүй тогтолцооноос хамгаалахыг хүсч байна. Харин яагаад би эх орондоо очихгүй байна гэвэл миний амь насанд заналхийлж байгаа учраас”  хэмээн өгүүлжээ. Түүнд одоо сонголт байхгүй. Эх орондоо эргэн ирэх нүүр байхгүй. Магадгүй түүнд зориулан эрх баригчид урхи бэлдсэн байхыг үгүйсгэхгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан