Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Вексель яасан бэ

Н.БАТ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны наймдугаар сарын 4-ний хуралдаанаас  Монгол Улсын төсвийн 2008-2014 оны хөрөнгө оруулалтад тусган бүрэн хэрэгжүүлж дууссан гэрээний үлдэгдэл санхүүжилт бүхий векселиэр / өрийн бичиг/ санхүүжүүлэх төсөл арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн байдлыг шалгах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Ингэснээр Засгийн газраас 200 гаруй тэрбум төгрөгийн вексельд санхүүжилт гаргахгүй байхыг Засгийн газарт үүрэгдэж, мөнгөө гар дээрээ авна гэсэн итгэл найдвар тээж явсан олон аж ахуйн нэгжийг хүндхэн байдалд нь хэвээр үлдээгээд буй. Төсвийн байнгын хороон дарга Б.Болор сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ “ Шалгалт хийснээр санхүүжилт гаргахгүй гэсэн үг биш. Харин ажлын тав хоногийн дотор багтаан нягталж, аж ахуйн нэгжүүдийг хохиролгүй болгох тал дээр ажиллана” хэмээн амласан.

Гэвч аж ахуйн нэгжүүдийн хувьд түүний энэ үгэнд үл итгэж буйгаа илэрхийлсээр байлаа. Учир нь “Зөвхөн нэг төсөл дээр УИХ ажлын хэсэг байгуулаад эцсийн дүгнэлт гаргахын тулд маш их цаг хугацаа зарцуулдаг. Харин бид хэчнээн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн билээ. Зөвхөн энэ удаад 81 аж ахуйн нэгжийн төсөл хөтөлбөрийн мөнгө олгогдохоор бичигдээд байсан. Тэгэхээр нэг төсөл дээр хэдий хэмжээний хугацаа зарцуулахыг мэдэж байна уу. Бид энэ хугацаанд чинь банкныхаа хүүг ч дийлэхээ болилоо. Одоо төрөөс авах мөнгө маань банкныхаа хүү зээлэнд ч хүрэхгүй боллоо” гэж зарим нь  хэвлэлийнхэнд хандаж байсан. УИХ-ын Төсвийн байнгын хорооноос энэ асуудлыг ажлын тав хоногт зохицуулна хэмээн амлаад байсан ч одоогоор тав байтугай 10 хоног өнгөрлөө.

Цаг хугацаатай хамт аж ахуйн нэгжүүдийн өр зээл ч өссөөр байна. Вексельтэй холбоотой гомдол гаргагсад ядаж хариугаа хүлээж баймаар. Гэтэл ажлын хэсгийнхэн энэ арав хоногийн хугацаанд юу хийж, хаана ямар шалгалт хийснээ нэг ч тайлагнасангүй. Ядаж аж ахуйн нэгжүүдийг гомдолгүй болгоно гэж амласныхаа дагуу хэвлэлийнхэнд тодорхой мэдээлэл цаг тухайд нь өгөөд явбал араасаа хардлага дагуулахгүй амар баймаар.

Уг нь УИХ Засгийн газарт төрийн захиалгаар 2012-2014 онд ажлаа хийж дуусгасан аж ахуйн нэгжүүдийн өрийг барагдуулахыг энэ оны эхээр даалгасан. Үүнтэй холбоотойгоор 200 гаруй тэрбумын вексель гаргахыг ч зөвшөөрсөн. Гэвч харамсалтай нь энэ өдрөөс хойш өвөл, хавар, зун, намар гээд дөрвөн улирал ээлжлэн өнгөрч, аж ахуйн нэгжүүд сайд дарга нарын үүд сахин шогшсоор.
2012 оны сонгуулиас хойшхи Засгийн газруудын нэг авууштай тал нь “Баялаг үйлдвэрлэгчдээ, үндэсний үйлдвэрээ дэмжих” бодлого гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Үндэсний үйлдвэрүүдийг дэмжсэн хэд хэдэн томоохон шийдвэр Н.Алтанхуягийн болоод Ч.Сайханбилэгийн Засгийн газраас гарсан.

Үндэсний үйлдвэрүүд ялангуяа манай барилгын салбарынхан өнөөдөр маш хурдацтай хөгжиж, дотоодынхоо бүтээн байгуулалтын ажлыг гаргаахгүй байгаа нь үнэн. Харамсалтай нь төрдөө “хулхидуулчихаад” хийсэн ажлынхаа хөлсийг хүртэж чадахгүй байна. Төр мөнгөгүй байгааг ойлгоорой, удахгүй шийднэ гэсэн үгийг төрийн сайдаас сонсчихоод ажилчиддаа сайд тэгж байна лээ, удахгүй мөнгийг чинь өгнө гэж.... хэмээн амлаж суугаа захирал хэд байгаа бол.

2008 оноос хойш Төсвийн тухай хуульд тусгагдсан ч бүрэн санхүүжигдээгүй гэрээний үлдэгдэл төлбөр бүхий 235 төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг УИХ-ын тогтоолоор вексель буюу өрийн бичгээр санхүүжүүлээд байгаа.

Үнэндээ хэрвээ аж ахуйн нэгжүүд төрөөр ажлаа хийлгэчихээд мөнгийг нь өгөөгүй иймэрхүү асуудал гурав, дөрөв, таван жил дамнаад байгаа бол аль хэдийнэ шүүх цагдаагийн байгууллагад шилжчихсэн. Юуны тулд гэрээ байгуулдаг билээ. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд төр өөрөө шийдвэрлээд өгдөг механизм нь шүүх, шүүхийн шийдвэр биелүүлэх алба байлтай. Тэгвэл төрд хулхидуулсан тохиолдолд яах вэ?

Төрийн нэрийн өмнөөс гэх шүүхийн байгууллага төрийг шүүх эрхтэй л байх ёстой. Өнөөдөр аж ахуйн нэгжүүдийн хувьд яам тамгын газруудтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа улсын комисст хүлээлгэн өгсөн даруйд тухайн ондоо багтааж санхүүжилтээ авна гэж гэж цагаан цаасан дээр хараар бичүүлсэн ч энэ бол зүгээр л бичиг төдий болоод өнгөрч буй юм.

Мөнгийг нь аваагүй байж яах гэж ажлыг нь хийсэн юм бэ гэж асуух хүн зөндөө л байх. Тэгвэл “Би  хийхгүй бол өөр хэн нэгэн хийнэ. Би хэдэн арван хүний ар гэр амьдралыг хариуцаж яваа хүн. Энэ ажлыг дуусгавал овоо хэдэн төгрөг орж ирээд цаашдаа компани амьдрах итгэлтэй болно” гэсэн бодлоор ажиллаж байгаа залуус нэг биш байгаа юм. Төсвийн байнгын хорооны тогтоол гарсны маргааш нь л Увс аймгаас “Ус-Эрдэнэ” гэх компанийн удирдлагууд ирж ямар хүнд байдалд ороод буйгаа илэрхийлсэн. Санхүүгийн хувьд бүрэн уналтад орж, олон хүн ажлын байргүй болохдоо туллаа. Улс орны эдийн засаг хүнд байгааг мэдэж байна. Гэхдээ биднийг төр өөрөө татаж унагаад байна” хэмээж байсан. Тэднээс ямар нэгэн нааштай мэдээлэл дуулдсан эсэхийг лавлахад “Харамсалтай нь өнөөдрийг хүртэл ямар ч ор сураггүй байна. Бид Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн шийдвэрийг хүлээж л сууна. Арав гаруй хоночихлоо. Иймэрхүү байдлаараа биднийг дампуурал руу түлхэж байна” гэсэн юм. Харин Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор хөдөө яваа бол ажлын хэсэг ч сураг ажиггүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан