Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Байрны үнэ буурсан гэдэг статистикийн ард...


-Үзэсгэлэнд оролцсон компаниуд орон сууцныхаа ам.метрийн үнийг 1.8-2.5 саяар үнэлжээ-

Л.ХАТАНБААТАР

Манай улс эдийн засаг хямарч байна, хямралтай шүү гэсээр нийтээрээ бүсээ чангалсаар жил гаруй боллоо. Энэхүү хямралын сүүдэрт олон салбар өртсөний нэг нь барилга юм. Нэг хэсэг маш эрчимтэй хөгжиж, хаа сайгүй барилга сүндэрлэж, орон сууцны урт хугацаатай зээлүүд банкууд баруун солгойгүй олгосны ачаар олон айлын зээлтэй ч гэсэн өөрийн гэсэн байртай болж, барилгын салбарынхан ч гайгүй хөрөнгөжсөн. Гэвч 30 хувийг урьчилгаа байрны мөнгөө төлөөд зээлд орох иргэдийн  тоо өдрөөс өдөрт хумигдаж, за зээлд 20 гаруй мянган орон сууц эрэлтээс давж, борлогдох магадлал муутай байна гэсэн статистик гарсан.

 Барилгын салбарынхан хийсэн бүтээснээ тайлагнадаг “Барилга орон сууц-2015” үзэсгэлэн яармаг “Мишээл экспо” төвд өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийлээ.  Хямралтай энэ цаг үед барилгын компаниуд ямар маркетингийн үйл ажиллагаа явуулан, борлуулалт хийж буйг сонирхохоор “Мишээл экспо” төвийг зорилоо. Барилгын хөгжлийн үндэсний төв, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Барилгын инженерүүдийн холбоо зэрэг энэ салбарын бүхий л  төлөөлөл хүрэлцэн ирснээс харвал үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд багагүй ач холбогдол өгч байгааг илтгэнэ. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд 120 гаруй аж ахуй нэгж, байгууллага оролцож байгаа бөгөөд 2016 оны эхэн үеийн орон сууцны өнгө төрх, зах зээлийн үнэ ханшийг тодорхойлох болно гэж зохион байгуулагчдын зүгээс хэлж байв.

Барилгын зөвлөгөө мэдээллийн төвийн менежер, үзэсгэлэнг зохион байгууулах хорооны ажилтан   Д.Цолмонтуяа “Жил бүрийн намар энэ үзэсгэлэнг зохион байгуулдаг. Жил ирэх тутам энэ үзэсгэлэн яармагт оролцох барилгын компанийн тоо, хамрах хүрээ, ач холбогдол өсөн нэмэгдэж байна.
Орон сууцны борлуулалтыг дэмжих, эрэлт нийлүүлэлтийг хангах, хэрэглэгчдэд нэг цэгийн мэдээлэл хүргэх зорилгоор үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг. Аливаа үзэсгэлэн худалдаанд худалдан авалтын гэрээ хийвэл үнийн хямдрал зарладаг.

Энэ үзэсгэлэн худалдаанд иргэд оролцон худалдан авах гэрээ хийснээр хямдралтай үнээр байр сонгох, үнийн хөнгөлөлт эдлэх, цахилгаан бараа, гал тогооны хэрэгсэл сонгох эрх зэрэг давуу талтай” гэв. Тус үзэсгэлэнд оролцох барилгын компанийг ямар шаардлага, шалгуураар сонго­дог вэ? гэхэд “Барилга барих зөвшөө­рөлтэй, бор­луулалт хийх хэм­жээний барилгын 30 хувийн гүйцэтгэлтэй байх зэрэг шаардлага тавьдаг. Мөн хэрэглэгч гараар барьж, нүдээр үзээгүй барилгад шууд захиалга өгөхгүй. Тиймээс  компаниуд унаагаар иргэдэд үйлчлэн барьж буй барилгаа үзүүлж, танилцуулах  боломжтой” гэв.

Үзэсгэлэнг сонирхохоор олон хүн зорьж иржээ. Энэ нь нэг талаар орон сууц ху­дал­дан авах хүсэлтэй иргэд олон байгааг харуулж байв. Нө­гөө талаас бэлэн мөнгөний хомс­дол үүссэн нь барилга, орон сууц борлуулж буй ху­дал­даачдын 100 хувь бэл­нээр төлбөл метр квадрат ту­тамд 300-500 мянган төг­рө­гөөр хямдруулна шүү гэх то­­хиролцооны наймаанаас ха­рагдав. Барилгын компани бүр өөрийн барьж буй орон сууцны макетын том жиж­гээс хамааран харилцан адил­гүй хэмжээний павилон түрээслэжээ. 

“Далай омбо” компанийн “Хан түшээ” хотхон удахгүй Зайсанд сүндэрлэх аж. Орон сууцны нэг метр квадратыг 1.8 сая төгрөгөөр үнэлсэн нь ихээхэн сонирхол татсан юм. Үнийн ийм ханш тогтоосноор Зайсангийн байр нь  метр квадрат нь 2.5 саяас буудаггүй гэсэн ойлголтыг өөрчилжээ гэсэн итгэлээр “Хан түшээ” хотхоны борлуулалт хариуцсан менежер Б.Анхбилэгтэй уулзав.  “Манай хотхон Хан-Уул дүүргийн 11дүгээр хороо буюу Зайсанд байрладаг. 20 блок байр буюу 600 айлын орон сууц босно. Одоогийн байдлаар таван блок байр ашиглалтад ороход бэлэн болоод байна. Хамгийн бага хэмжээтэй гурван өрөө байр 69 метр квадрат бол  том нь болох таван өрөө 157 метр квадрат хүртэл хэмжээтэй. Нэг метр квадрат нь 2.8 сая төгрөгийн үнэтэй. Нэг буюу хоёр давхарт байрлах орон сууцыг   метр квадратыг нь 1.8 саяар үнэлсэн. Зуун хувь бэлнээр төлбөл одоо­гийн байгаа үнээс хоёр сая 450 мянган төгрөг хүр­тэл бууруулна. Эдийн зас­гийн хямралтай үед энэ үзэс­гэлэн яармагийг зохион бай­гуулс­наар борлуултад сайнаар нөлөөл­нө” хэмээн тэрээр хот­хо­ноо танилцууллаа. Зайсанд ам.метр нь 1,8 сая төгрөг гэдгийг эхлээд сонссон хүн шууд л хууртаж болох ч энэ бол дундаж хэрэглэгчид зориулсан орон сууц гэж хэлэх боломжгүй нь илт. Гол нь “Хан түшээ” хотхон нь төвлөрсөн хангамжинд бүрэн хамрагдсан Зайсангийн анхны хороолол болох гэнэ. Энэ тухай Б.Анхбилэг менежер “Зайсанд үйл ажиллагаа явуулдаг барилгын компаниуд нэгдэн “Зайсан дэд бүтэц” гэсэн холбоо байгуулсан. Ерөнхийдөө Зайсангийн зүүн, баруун амаар тойрсон бохирын шугамыг хүлээлгэн өгөхөд бэлэн болсон. Төв магистрал шугам Зайсангийн аманд хүрсэн байгаа. Барил­гын компаниуд энэ шугамнаас салбарлан татах боломж­той болсон. Цэвэр усны шугам мөн Зайсанд ирж байгаа. Усан сан бариад цэвэр усаар хангах ажил дараа жилээс эхлэн хийгдэнэ. Дулааны шугам мөн баруун, зүүн амаар хийгдэж байна. Ингээд 2016 оны сүүл гэхэд дулаан, цэвэр, бохир усны дэд бүтцэд холбогдох юм. Ингэснээр Зайсанд баригдах байрны борлуултад эергээр нөлөөлнө” гэлээ.
Бизнесийн өрсөлдөөний зарчмаар компани бүр өө­рийн барьсан барилга, орон суу­цыг  хамгийн шилдэг хэ­мээн сурталчилж байлаа. Энэ олон сурталчилгааны дунд канад технологоор хаус барьж буй гэх барилгын “Мо­ти­ваци” компанийн пави­лон содон туссан. “Илүү төлөв­лөлт, стрессгүй орчин, цэвэр агаарт нам гүм, төвийн шу­га­манд холбогдсон, бат бөх чанар” уриатайгаар “Буянт-Ухаа вилла” хотхон барьж бай­на гэж захирал П.Баян­мөнх хэллээ. Тэрээр “Хан-Уул дүүргийн 10 дугаар хо­роо буюу Нисэхийн Цагаан хаал­ганы урд талд манай хотхон баригдаж байна. Нэг га орчим талбайтай. Бусад компаниуд энэ хэмжээний газарт 200-300 айл оршин суух  өндөр барилгыг барьдаг. Тэгвэл манайх энэ нам гүм орчинд тохирсон 29 айлын таун хаус барьж байна. Үнийн хувьд канад технологоор барьсан 180 метр квадрат, гурван давхар хаусыг 280 сая төгрөгөөр борлуулна. Санхүүгийн хувьд уян хатан бодлого явуулан байр, машин тэрэг оролцуулахыг зөвшөөрнө” гэв. Хаус худалдан авах хэмжээний мөнгөтэй хүн ховор байгааг анзааран, бараа солилцоогоор худалдан авч болно хэмээн төлбөрийн нөхцлийг зөөллөсөн гэнэ.

 “Эдгээр хаусын угсралтын ажил дуусан, засал чимэглэлээ хийж эхэлсэн. Нэг давхарт зочны өрөө, гал тогоо хамт  байрлана.  Хоёр давхартаа том, жижиг хоёр унтлагын өрөөтэй. Ванны өрөө давхар бүрт байгаа. Таазны өндөр нь  2 метр 85 см. Зоорийн буюу доод давхарт  хоёр машин багтахаар гражтай. Мөн 270 квадрат метр бүхий гурван давхар хаус бий. Нэг давхарт 30  метр квадрат бүхий хоёр автомашины гражтай, 90 метр квадрат бүхий зочны өрөө, гал тогоотой. Хоёр давхарт гурван унтлагын өрөө бий. Өрөө болгон 00-той. Үнэ нь 422 сая төгрөг. Зайсангийн түгжрэлтэй замаар яван, тэрбумын хаус авснаас, хотын төв ороход 20 минут зарцуулах нам гүм газарт байрлах хаусыг хагас тэрбум хүрэхгүй төгрөгөөр худалдан авах боломжийг олгож байна. Хийцийн хувьд Зайсангийн хаустай яг адилхан” хэмээн тэрээр нэмж хэлэв.

Павилон бүрийн үүдэнд очин, байрны үнэ ханш, байршил зэргийг  идэвхтэй асуух нэгэн эрхмээс хаана байрлалтай байр сонирхож байгааг асуухад өөрийгөө Болд хэмээн танилцуулаад “Хувийн унаагүй болохоор хотын төвд ойрхон байршилтай орон сууц сонирхож байна. Байрны үнэ буурлаа л гэдэг надад мэдэгдсэн юм алга. Зээлэнд хамрагдлаа гэхэд насаараа төлөөд барахгүй үнэтэй байх шиг байна” гэж хариулсан юм. Орлого багатай хүн бол нэг насаараа байрны зээл төлөх нь тодорхой.

Тайванийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Кэй энд Ти констракшн” компанийн “Аман хуур 2” хотхон сугалаат худалдаа зохион байгуулсан нь иргэдийн сонирхлыг ихээхэн татаж байв. Энэ талаар тус компанийн Төлөвлөлт, бодлогын хэлтсийн дарга П.Ганхөлөг “Манай “Аман хуур 2” хотхон нь Халдварт өвчин судлалын үндэсний төвийн урд байрладаг. Энэ үеэр гэрээ хийсэн нийт захиалагчдаа 16-20 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байна. Мөн үзэсгэлэнгийн гурван хоногийн хугацаанд гэрээ хийвэл нэмж нэг сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ. Алт, мөнгөн картын эзэн болж, гишүүнчлэлтэй болдог. Гишүүн болж, мөнгөн картны эзэн болсон хүн бүр сугалаанд оролцоно. Нийт 220 айлын орон сууц баригдаж байна. Хоёроос дөрвөн өрөө байрны сонголттой. Ирэх оны долоон сард ашиглалтад орно. Метр квадратын үнэ нь 1.99-2.3 сая төгрөгийн хооронд хэлбэлзэнэ” гэлээ. Эдийн зсгийн хямрал байрны борлуултад нөлөөлж байна уу гэж асуухад “Ер нь манай хөнгөлөлт урамшуулал өндөр болохоор харьцангуй гайгүй. Манай борлуулалт 60 хувьтай байна” гэж хариуллаа.

Уулзсан барилгын ком­па­нийн борлуулагч бүр эдийн засгийн хямралаас болж борлуулалт муудсан гэд­гийг хэлж байсан юм.  Хөн­­гөлөлт, урамшууллыг ихээр үзүүлсэнээр борлуу­лал­таа буу­руу­лахгүй барьж байх  так­тикийг  барилгын сал­ба­рынхан хэрэглэж байгаа бололтой. Үүний тод жишээг “Кэй энд Ти констракшн” компанийн хамт олны зарласан  хөнгөлөлт, урамшууллаас харж болно. Ер нь үзэсгэлэн худалдаанд оролцож буй барилгын ком­па­ниуд нийтээр их бага хэмжээний хөнгөлөлт урам­шуулал үзүүлж байсан явдал юм. Метр квадратын үнэ нь 1.8-3.2 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байв. Байрны үнэ ханш буурч байна, буурлаа л гэдэг.

Гэхдээ гарт баригдаж, нүдэнд харагдахаар хэмжээнд үнэ буурсан нь харагдсангүй.  Харин байрлалаас илүүтэйгээр зэрэглэл, ангиллаас шалт­гаа­лан үнэ нь ихэсч багасч байгаа нь анзаарагдсан. Бурхан хүнийг бүтээсэн, бусдыг нь барилгачид бүтээсэн гэсэн хэлц үг байдаг. Манай барилгачид энэ үгийн үнэнийг  батлах гэж төрөл бүрийн ангиллын барилгыг барьжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан