Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өршөөлийн хууль үйлчилж эхэлсэн. Гэхдээ...

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 31 дэх дугаар өнгөрсөн баасан гарагт хэвлэгдэн гарсан. Тус эмхтгэлд УИХ-ын ээлжит бус чуулганы хугацаанд баталсан хуулиудыг бүрэн эхээр нь нийтэлсэн байна. УИХ-ын тухай хуулиар “Төрийн мэдээлэл” эмхтгэлд хууль бүрэн эхээр нь нийтэлж, хүчин төгөлдөр мөрдөж эхлэх хугацаа Ерөнхийлөгчийн хориг тавьсан хугацаатай давхацвал УИХ хянан хэлэлцэж дуусах хүртэл бүхэлдээ буюу зарим хэсгийн үйлчлэл түр зогсоно гэж заасан. Тэгэхээр УИХ-ын ээлжит бус чуулганаар баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1, 7-р зүйл болон 4.1 дотор байгаа 5-р зүйл буюу 5.1 болон 9.1-д Ерөнхийлөгч хориг тавьсан учраас үйлчлэл түр зогссон гэж үзэх аж.

Энэ талаар УИХ-ын Там­гын газрын Ерөнхий на­рийн бичгийн дарга Б.Болдбаатар ингэж тайлбарлав. “УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31.8-д заасны дагуу УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрсөн бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгож, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэн баталдаг. Тиймээс “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хориг тавьсан зүйл, заалт дээр тайлбартай нийтэлдэг. Хоригийг хүлээж авсан бол өөрчлөлт оруулсан тухай хуулийн заалтыг дахин хэвлэдэг. Зарим хүн буруу ойлгож олон нийтийг төөрөгдөлд оруулж байна” гэсэн юм.

Ерөнхийлөгч Өршөөл үзүүлэх тухай хуульд хэсэгчлэн хориг тавьж буйг өнгөрсөн долоо хоногт Хуулийн бодлогын зөвлөх нь мэдэгдсэн. Түүнээс гадна авлига, албан тушаалын хэргийг өршөөсөн УИХ-ын гишүүдийг эсэргүүцсэн хэсэг залуус өнгөрсөн баасан гарагт жагсаал хийв. Тэд эсэргүүцлийн лоозон барин жагссан бол хоригийг хүлээн авахаа одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Батзандан, М.Батчимэг, С.Бямбацогт, Ц.Нямдорж нар илэрхийлсэн. УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, хориг, Засгийн газрын зургаан сайдын томилгоог хэлэлцэхээ УИХ-ын дарга хэлсэн учраас энэ долоо хоногт тов гарч магадгүй нь. Сайд нарын нэрийг өргөн барихыг хүлээж ээлжит бус чуулганаа зарлаж чадахгүй байгаа.

Ээлжит бус чуулганы хугацаанд хоригийг авч хэлэлцэх бол чуулган эхэлснээс 10 хоногийн дотор тухайн заалт тус бүрт илээр санал хураах хуулийн заалттай. Ямар ч байсан анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль албан ёсоор нийтэд ил боллоо. Гэхдээ гол заалтуудад хориг тавьсан болохоор хууль бараг үйлчлэх  боломжгүй гэж Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр тайлбарласан. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дэх заалтад ямар хэрэг үйлдсэн тохиолдолд өршөөл үзүүлж байгааг тусгасан байна.    

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан